Геополитикийн хүчний тэнцвэр: Өөрчлөлт

2018-07-17 11:57


The Mongolian Mining Journal /005.2018/


Б.Төгсбилэгт

Бид маш сонирхолтой цаг үед амьдарч байна гэсэн өгүүлбэр энд тэндгүй томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлчдийн өгүүлэлд дурдагдаж байна. Сүүлийн үед дэлхийн геополитикийн хүрээнд өрнөж буй үйл явцаас ийн хэлэхийн учир улам тодорхой харагдах болов. АНУ-ын Ерөнхийлөгчөөр хийх үйлдлийг нь урьдчилан таамаглахад нэн түвэгтэй нэгэн гарч ирээд байгаа бол Хятадын дарга Си Жинпиний бүрэн эрхийн хугацаа хязгааргүй байж болохоор үндсэн хуулийнх нь өөрчлөлтөөр тогтлоо. Энэ зуур Хятадын дэлхийд эзлэх нөлөө улам хүрээгээ тэлж байгаа бол эсрэгээрээ АНУ-ын дэлхийн тавцанд тэргүүлэгчийн дүр төрх сүр жавхаагаа улам бүр гээсээр байна. Нөгөө талд ОХУ-ын нэр хүнд 2014 онд Украйны Крымийг бүрэлдэхүүндээ оруулснаас хойш олон улсын тавцанд ихээхэн унаад байгаа ч тус улсын цэрэг зэвсгийн хүч урьд хожид байгаагүйгээр хүчирхэгжив.

Путин Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож, дэргэдээ Д.Медведевийг авлаа. Хэзээд бие биеэ үздэггүй хоёр Солонгос өөр хоорондоо зөөлөн харцаар харж, Төрийн тэргүүн нар нь уулзалт хийж дэлхийг гайхашруулав. Хамгийн сонирхолтой нь Хойд Солонгосын цөмийн тоглолт харьцангуй намдах тал руугаа эргэлээ. Гэсэн ч тэгтлээ их итгэж найдах хэрэггүйг шинжээчид сануулж байна.

Европын холбоо Их Британийн өрх тусгаарлалтын дараах нөхцөл байдалд бэлэн үү гэсэн асуулт хариулт хүлээсэн хэвээр. Энэ дунд оны эхэнд хэний ч таамаглаагүй байсан зүйл өнгөрсөн гуравдугаар сараас өрнөх болсон нь яах аргагүй их гүрнүүдийн хоорондын худалдааны дайн болж таарсан юм. Худалдааны дайн яг ч эхэлчихээгүй ч эдийн засгийн шинжээчид Америк, Хятад улсын хооронд үүсч болзошгүй энэ дайны хөлд дэлхийн эдийн засаг үрэгдэх вий гэдгээс эмээж байна. Одоо үйл явцын талаар тус тусад нь авч үзье.

“Эмх замбараагүй” Трамп Америкийг дахин агуу болгож чадаагүй л явна

Олон нийт, ялангуяа Америкийн ард иргэд нэрт бизнесмэн ерөнхийлөгчдөө сэтгэл хангалуун биш явсаар жил гаруйн хугацааг элээв. Трампад дэлхий нийт ч тийм таатай хандахгүй байгаа. Гэхдээ түүнд энэ нь онцын чухал биш. Тэрбээр АНУ-д аль хэр ашигтай вэ гэсэн ганцхан асуултаар ажилладаг. Олон жил мөрдөгдсөөр ирсэн дүрэм журамд тэрээр ёжтойхон инээмсэглэн цэг тавьдаг арга барилтай.

Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг бүрмөсөн цуцлуулах гэснийг Канад, Мексик аргадан байж дахин хэлэлцүүлэхээр өнгөрсөн оноос шат дараатай уулзалтууд эхлүүлээд байна. Трамп бол нэрт бизнесмен, уран илтгэгч, өөр олон чадвар түүнд бий. Гэхдээ сайн улстөрч байхад тохиромжтой хүн мөн эсэх, бүр тэр ч байтугай эрүүл ухамсартай хүн мөн эсэх тухайд олон хүн эргэлздэг. Асуудлын гол нь компанийг бизнесийн зарчмаар удирдах, хүмүүсийн өмнө гайхалтай урнаар илтгэхээс огт өөр зүйлтэй орооцолдоод байгаагаа  Трамп сайтар ойлгох хэрэгтэй болоод байгаа юм. Трамп төрийн тэргүүн болмогцоо цагаачлалын асуудлаар оролдож эхэлсэн, Обамагийн эхлүүлсэн бүхнийг өөрчлөхийг хүссэн, бүр хамгийн аймшигтай нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилготой Парисын гэрээнээс АНУ-ыг гаргаж дөнгөсөн. Тэр маш олон санаанд оромгүй зүйлсийг хийсэн.

Гэхдээ хамгийн сүүлийн цочроо өгсөн үйлдэл нь худалдааны тарифын асуудал байв. Энэ алхам нь түүний сонгуульд өрсөлдөхдөө ашигласан “Би Америкийг дахин агуу болгоно” гэсэн алдарт урианд нь биелэлт авчирна гэж тэр бодож байгаа. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард ард түмэндээ ган, хөнгөн цагааны үйлдвэрүүд үүд хаалга барьж байна. Олон хүн ажилгүй болж байна. Иймд бид хөнгөн цагааны импортын бүтээгдэхүүнд 10%, ган бүтээгдэхүүнд 25%-ийн татвар ногдуулж байгаа хэмээн зарласан. Трамп хөрш орнууд болон холбоотон орнуудад тодорхой хөнгөлөлт үзүүлэхээ амласан. Харин Хятад энэ дунд багтаагүй нь гайхаад байх зүйл биш.

03/01-нд Трамп үндэс­ний аюулгүй байд­лыг хамгаалахтай холбоо­тойгоор импортын хөн­гөн цагаанд 10%, ган бүтээгдэхүүнд 25%-ийн татвар ногдуулахаа зарласан

03/22 -Энэхүү шийдвэрээ албан ёсоор баталснаар маргаашаас нь энэ шийдвэр хэрэгжиж эхэлсэн

04/03 Трамп залгуулаад тус улсын компаниудын оюуны өмчийг хулгайлж буйтай холбоотойгоор Хятад улсын импортын бүтээгдэхүүн, тодруулбал 50 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд 25%-ийн татвар ногдуулахаар төлөвлөснөө зарласан. Энэ дунд 1300 төрлийн бараа багтсан бөгөөд машин тоног төхөөрөмж бүгд орсон юм. Энэ зуур АНУ-ын хэвлэлүүдээр Трампын алхам аль хэдийнэ оройтсон. Хятад бие даан технологио хөгжүүлэх замдаа орсон гэдэг байр суурийг хүчтэй илэрхийлсэн юм. Харин АНУ-ын компаниуд дэлхийн үйлдвэрлэлийн тогтсон хэв маягийг Трамп алдагдуулах вий гэдгээс илүү их айж байна. Хэрэв Трампын бодлого бодитоор хэрэгжвэл АНУ-ын иргэд илүү үнэтэй бараа  худалдаж авна.

04/06-нд Трамп дахин Хятадын 100 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулах арга хэмжээг авч үзэх болно гэдгээ мэдэгдэж “бэлэг барьсан”. Түүний эдгээр мэдэгдэл  дэлхийн хувьцааны зах зээлд багагүй уналт дагуулсан юм. Мэдээж энэ дунд АНУ-ын Катерпиллар зэрэг томоохон компаниудын хувьцааны ханш нэлээд доошилсон.

АНУ 2020 оны эцэс гэхэд Хятадтай хийх худалдааны алдагдлыг 200 тэрбум доллараар бууруулах шаардлага тавьж буй. Өнгөрсөн онд АНУ-ын дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хийсэн худалдааны алдагдал 375 тэрбум ам.долларт хүрчээ.


Америк мөн Хятадын технологийн салбар дахь оюуны өмчийг булаах асуудалд цэг тавихыг хүсч байгаа. Хятад АНУ-ын оюуны өмчийг хулгайлж буй нь тус улсад жил бүр 225-600 тэрбум долларын хохирол учруулж байна гэж Засгийн газар нь тооцоолжээ.


Трамп энэ бүх шаардлагыг 1974 онд батлагдсан Худалдааны тухай хуулийн 301 дэх хэсэгт үндэслэжээ.

04/02-Хятад энэ бүхнийг зүгээр хараад суугаагүй. Энэ өдөр тус улс АНУ-ын хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн зарим бүтээгдэхүүнд 15-25%-ийн татвар ногдуулахаа мэдэгдэв. Энэ нь үндсэндээ АНУ-ын фермерчдийг чиглэсэн бөгөөд жилд 3 тэрбум ам.долларын бараанд тариф ногдуулах тооцоо гарсан нь Трампад хэтэрхий жижиг хариу барилаа гэж шинжээчид дүгнэв.

04/04-Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнийг онилж байгаа нь нэгэнт тодорхой болсон тул яг ижил хариу барих бодлогын хүрээнд АНУ-ын 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25%-ийн татвар ногдуулахаар болов. Энэ дунд 106 бүтээгдэхүүн багтсан бөгөөд машин, нисэх онгоц, шар буурцаг, химийн бүтээгдэхүүн оров.
Хятад АНУ-ыг ямар ч ширүүн алхам хийсэн буулт хийхгүй гэсэн бодлого баримталж байна. Хятад дотоодын зах зээлд гадаадын компаниудыг нэвтрэх боломжийг илүү нээлттэй болгож буй нь угаас төлөвлөгөөнд нь байсан зүйл гэж тайлбарлаж байгаа. Тус улсын хувьд гадаад зах зээлд илүү нээлттэй байх бодлого баримталж буй нь хамгийн сүүлд автомашин үйлдвэрлэлийн салбарыг нээлттэй болгоно гэдгээ зарласнаас харагдаж байгаа юм. Түүхий эдийн худалдаа, санхүүгийн зах зээлийг нээлттэй болгох ажлыг тус улс аль хэдийнэ хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Тавдугаар сараас эхлэн АНУ, Хятадын санхүүгийн акулууд багтсан төлөөллүүд хоёр ч удаа уулзалт хийгээд байна. Стивен Мнучингээр ахлуулсан эхний уулзалт АНУ-ын талд харьцангуй ашигтайгаар эргэсэн гэж шинжээчид тайлбарлаж байгаа бол хоёр дахь уулзалтаас ямар үр дүн гарахыг шинжээчид анхааралтай ажиглаж байна.

Үнэндээ Трамп өнгөрсөн нэгдүгээр сард нарны хавтан, угаалгын машины импортод татвар ногдуулж эхэлсэн. Түүний хувьд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр гадаадын бараанд импортын өндөр татвар ногдуулна гэж амлаж байснаас үзэхэд одоогийн бодлого нь гайхаад байх зүйл биш юм. Хэдийгээр түүнийг худалдааны болзошгүй дайн эхлүүлж байгааг олон шинжээч шүүмжилж байгаа ч Трамп энэ дайнд ялна гэдэгтээ эргэлзэхгүй байна.

Трампын бодлогын ард юу нуугдаж байна вэ гэдэг их сонин асуулт. Трамп Сангийн сайдаар Стивен Мнучинийг томилсон. Энэ хүн бол Голдман Сакс банкны төлөөлөл. Өөрөөр хэлбэл Трамп үнэхээр АНУ дотооддоо технологио үйлдвэрлэдэг болохыг хүсэв үү, эсвэл өөр зорилго үүнд нуугдаж байв уу гэдэг нь ихээхэн сонирхол татна. АНУ бол дэлхийн хоёр дахь томоохон оффшор бүс гэдгийг саяхан Блүмбэрг нийтэлжээ. Угтаа дэлхийн хамгийн том оффшор бүс ч гэж хэлж болохоор байгаа юм. Невада, Өмнөд Дакота, Флорида муж нь татваргүй бүс гэж ойлгож болно. Тарифын хатуу бодлого явуулж, компаниудыг үйлдвэрээ АНУ-д байгуулахыг үүрэгдэж эхэлснээр асар их мөнгө АНУ-ын оффшор бүсэд татагдан орж ирнэ. Гэхдээ Трамп яг ингэнэ гэж хэлээгүй. Харин дотоодын аж үйлдвэрийг хамгаалахын тулд гэж өөрийн алхмыг тайлбарласан.

Үнэн хэрэгтээ АНУ дахь үйлдвэрлэл эдийн засгийн хувьд хэрэгжиж чадах уу гэдэг нь эдийн засагчдын эргэлзээг ихээхэн төрүүлж байгаа юм. Европ дахь гангийн үйлдвэрүүд аль хэдийнэ Хятадтай өрсөлдөх боломжгүй болоод удаж байна. Тэнд гагцхүү тусгай, өндөр зэрэглэлийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх байдлаар л тэсч үлдэх үйл явц өрнөж байгаа нь үнэн. Ийм нөхцөлд Трампын бодлого мөнгө татахын хувьд зөв төдийгүй биеллээ олж болох ч аж үйлдвэрийг дотооддоо цэцэглүүлэх амлалт нь харин хэрэгжихгүй байж мэдэхээр байгаа юм.

Нөгөө талаас Трампын нүүдлийг арай өөрөөр харж бас болно. Яг үнэндээ Трампын хөнгөн цагаан, ган бүтээгдэхүүний тариф гэдэг нь зөвхөн эхний нүүдэл байсан гэж хэлж болно. Цаад санаа нь технологийн салбарыг  тэрээр хамгаалж үлдэхийг хүсч байна. Үүний тод жишээ нь саяхан Хятад улс чип үйлдвэрлэлийн томоохон компанийг худалдаж авах хэлцэлд Трамп шууд хориг тавьсан билээ. Гэхдээ Хятад улс технологийн чиглэлд тэргүүлэгч болох замдаа хэдийнэ орчихсон байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл Трампын үйлдэл зөв байж болох ч хэтэрхий оройтсон алхам болсон байж мэднэ.
Хятад өнөөдөр бүх зүйлийг үйлдвэрлэж, басхүү дэлхийн хамгийн том зах зээл болсноороо тоглоомын дүрмийг гайхалтайгаар удирддаг болох замдаа ороод байна. Тус улс ерээд оны өмнөх Хятад нэгэнт байхаа больсон билээ.

Хятад инновациар тэргүүлнэ

Си Жинпин одоо урьд өмнөхөөсөө илүү сүрлэг харагдаж байгаа нь Хятадын цаашдын хүчирхэгжилтийг улам тодорхой харуулж байна. Түүнд  хугацаанд хязгаарлагдахгүй Хятадыг засаглах боломжийг 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар олгосон нь тус улсын бодлого Си Жинпиний удирдлага дор тогтвортой хадгалагдахыг илтгэж байна. Хүнд аж үйлдвэр ноёлсон бохирдол ихтэй эдийн засгийг тэрээр ногоон болгохыг эртнээс зорьж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний нийт хөрөнгө оруулалтын тал хувь нь тус улсаас эх үүсвэртэй байна. Энэ нь одоо шинэ содон зүйл биш болсон.

Илүү шинэ хандлага гэвэл Хятад шинэ технологиор дэлхийд тэргүүлэгчийн байр сууринд очихыг зорьж байгаа. Гар утас, компьютер, цахилгаан машины чиглэлд тус улс гайхалтай өсч хөгжиж байна. Хиймэл оюун ухааны чиглэлд 2025 он гэхэд тэргүүлэх улс болно гэдгээ албан ёсоор зарлаад байгаа. Камераар зүс царай таних чиглэлд тус улсын хөгжүүлж буй хиймэл оюун ухааны технологи гойд сайн үзүүлэлттэй байна. Цаашлаад тус улс биотехнологийн чиглэлд тэргүүлэхийг зорьж байна. Эдгээр нь дэлхийн технологийн хамгийн чухалд тооцогдох салбар юм.

Өөрөөр хэлбэл, Хятад зөвхөн үйлдвэрлээд, хямдаар нийлүүлдэг бааз биш, инноваци буюу шинэ технологийн хөгжүүлэлтэд тэргүүлэгч болохоор ажиллаж байна. Хятад өнөөдөр АНУ, Барууны орнууд, Япон, Солонгостой инновациар эн тэнцэхгүй ч хамгийн том зах зээлтэйн хувьд илүү өргөн боломж бий. Европын холбоо, АНУ тус улсыг оюуны өмчийг дээрэмдэж буйд буруутгадаг. Хятад дотоодод нь үйлдвэрээ нээж буй гадаадын компаниудыг үндэсний компаниудтай нь хамтрахыг үүрэгдэж, улмаар ноу-хаугаа дэлгэхийг шаарддаг. Энэ нь үнэн хэрэгтээ Хятад оюуны өмчийг дээрэмдэж буй хэрэг гэж шинжээчид шүүмжилдэг. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “Азийн Давос” гэгддэг Boao эдийн засгийн чуулганы үеэр Си Жинпин дарга технологийн оюуны өмчийг дээдэлж, хамгаалж ажиллана гэдгээ мэдэгдээд байна. Хятадын гарт шинэ технологийн охь шим төвлөрвөл тус улс бодит утгаараа дэлхийн нэгдүгээр гүрэн болно.

Нөгөө талаар Хятадын эдийн засаг, аж үйлдвэрийн шинэчлэлт, тэлэлтийн бодлого маш хүчтэй өрнөж байна. Хятадын энэхүү бодлого Торгоны зам, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон бусад маш олон арга хэрэгслээр хэрэгжиж байгаа билээ. Хятадын бодлого дэндүү гэмээр хүчтэй өрнөж байна.

Мэдээж цэрэг зэвсгийн хүчээр Хятад АНУ-ыг гүйцэх болоогүй. Хятадын батлан хамгаалахын салбарын төсөв 2017 онд 150 тэрбум ам.доллар байсан нь АНУ-ын дараа орох хамгийн том үзүүлэлт юм. Манай хойд хөрш ОХУ-ын батлан хамгаалах салбарын төсөв өмнөх онд 61 тэрбум ам.доллараар хэмжигдэж дэлхийн дөрөв дэх том төсвөөр тэмдэглэгджээ. Оросын батлан хамгаалахын төсөв АНУ, Хятадынхаас жижиг ч гэлээ зэр зэвсэг нь асар хүчтэй.


хүчирхэгжин буй Орос улс

Оросын ард түмэн Путинд дахин итгэл хүлээлгэлээ. Путины нулимс өмнөх сонгуулийн үеэр цийлэгнэж байсан бол энэ удаад тэгсэнгүй. Нүсэр дайллага цайллага ч болсонгүй. түүний  санааг зовоох асуудал энэ цаг үед дэндүү олон байна. Орос улс хэт их баяр хийж найрлахаас зайлсхийн, илүү ажил хэрэгч байхыг эрмэлзэж байгаа нь илт. Түүхийн үүднээс авч үзвэл Орос улс яг одоо хэзээ ч байгаагүйгээр хүчирхэгжиж байгаа. Нөгөөтэйгүүр АНУ, Европын холбоо тус улсад эдийн засгийн хориг тавиад хэдэн жилийн нүүрийг үзсэн ч олигтой үр дүнд хүрсэнгүй. Путины удирдлага дор ОХУ гудайх шинжгүй урагшилсаар байна. Түүний хувьд Ерөнхийлөгч байх сүүлийн хугацаа   гэдгээ сайтар ухамсарлаж буй нь дамжиггүй. Нөгөө талаар Путин 2024 он хүртэл Орос орныг удирдахаар болсон нь ихээхэн хүлээлт үүсгээд байна. Тэрээр анх гарч ирэхдээ иргэдийнхээ амьдралыг мэдэгдэхүйц дээшлүүлнэ гэж амласан ч өнөө хэр амьдрал нь санасан хэмжээнд сайжраагүйг оросууд мэднэ. Гэвч яг ийм эгзэгтэй цаг үед Оросыг Путин л удирдах ёстойг оросууд сайтар ойлгож байна. Путин энэ удаад эрүүл мэндийн салбарыг өөд нь татаж, ядууралтай эрчимтэй тэмцэнэ гэж амлалаа. Путин Орос орны газрын тос, байгалийн хийн салбарыг эмх цэгцэнд оруулж, улсынхаа батлан хамгаалах салбарыг бэхжүүлсэн гавьяатайг оросууд сайн мэднэ.

Ердөө өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөхөн Путин Орос улс зэр зэвсгийн хувьд хэр хүчирхэг болсныг хэд хэдэн шинэ зэвсгээр дэлгэрэнгүй танилцуулсан юм. Энэ дунд Сармат тив алгасагч пуужингийн систем, газар усны ямар ч саадыг гайхалтайгаар туулах чадвартай цөмийн хөдөлгүүрт далавчгүй пуужин зэрэг нь гойд анхаарал татсан юм. Хүчирхэг гүрнүүдийн пуужингийн дайралтаас хамгаалах ямар ч шийдэл эдгээр зэвсгийг үл зогсоож чадах ажээ. Путины энэ танилцуулга угтаа АНУ-ын омголон занг дарах зорилготой байсан юм. Путин хий хоосон зүйл яриагүйгээ тодорхой харуулсан. Гэхдээ Путин энэхүү зэвсгийг зарлах үедээ энэ нь дэлхийн зэвсгийн холбогдох хэлэлцээрүүдийн хүрээнд бүтээгдсэн төдийгүй зөвхөн дэлхийн энх тайвныг баталгаажуулсан хэрэг гэдгийг тодотгож байсан юм. Харин уг мэдээллийг олон улсын сонин хэвлэлүүдээр АНУ-д томоохон сануулга өгч, зэвсгийн шинэ өрсөлдөөнийг бий болголоо гэж бичсэн нь гайхах зүйл биш. Зэвсгийн шинжээчдийн хувьд зарим нь хэрэв ОХУ энэхүү зэвсгийг хийж чадсан нь үнэн бол АНУ үүнийг гүйцэж түрүүлэх, үүнийг давах ямар ч оролдлого хийх шаардлагагүй. Зөвхөн энхийн яриа хэлэлцээр хийх нь л хамгийн үр дүнтэй арга болно. АНУ-ын ямар ч зэвсэг энэ төрлийн пуужинг зогсоож чадахгүй гэж тайлбарлаж байгаа юм. Тэгвэл зарим шинжээчид энэ төрлийн зэвсэглэл нь ОХУ-ын хувьд хэрэгжихэд эрт төдийгүй үнэн эсэхэд эргэлзэж байна гэсэн билээ.

ОХУ-ын тухайд АНУ-аас зэвсэглэлийн хувьд хол илүү яваагаа ингэж нотолсны дараахан Трамп хэрэв зэвсэглэлээр хөөцөлдмөөр байвал манайх л ялах болно гэсэн утгатай жиргээг твиттер хуудасдаа нийтэлсэн. Гэхдээ Трампын хувьд үнэхээр бодит үнэнийг хэлсэн үү, эсвэл зүгээр л хамаа намбаагүй жиргэдэг зан нь хөдөлсөнийх үү гэдэг нь сонин. Трампын хувьд ОХУ-тай хэрхэн харилцах нь тун амаргүй байх нь ойлгомжтой. Бас болоогүй сонгуулийн кампанит ажилдаа Оросын туслалцааг авсан гэсэн хардлага АНУ-ын нийгэмд түгээд байгаа нь түүний нэр хүндийг улам бууруулж байгаа билээ. Иймд үед тэр Оростой нааштай харилцах алхам хийхэд тун ч хүнд байх нь тодорхой. Гэхдээ АНУ, Оросын харилцаанд саад болж буй нэг зүйл бол яах аргагүй Сири билээ.



Сири  дэх сонирхол
 
Сирийн хувьд Орос, АНУ-ын ашиг сонирхлын тулаан өрнөдөг гол нутаг. Сирийн Засгийн газрыг ОХУ дэмжиж байгаа бол АНУ Сирийн ард иргэдийг хамгаалах нэрийдлээр одоогийн Зас­гийн газрыг түлхэн унагахыг чармайж байна. 2011 оноос эхтэй Засгийн газрынхаа эсрэг хийсэн тайван жагсаал нь зэвсэгт мөргөлдөөн болон хурцадсаар аймшигт иргэний дайн болж хувирсан билээ. Энэ хугацаанд Сирийн иргэдийн тал нь орон гэрээ орхиход хүрч, 5.5 сая хүн эх орноосоо дүрвээд байна. Мөн 500 мянга орчим хүн амь үрэгдсэн гэх тооцоо бий. Сирийн Засгийн газрын эсрэг ард иргэдийг нь байлдаанд сургаж, зэвсгээр хангах ажилд АНУ тусалж байгаад ихээхэн шүүмжлэлтэй хандах шинжээчид байхад нөгөө талд ОХУ иргэдийнхээ эсрэг буй Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг өмгөөлж хамгаалж, дэмжсээр байна гэх шүүмжлэл энд тэндгүй цуурайтаж байна.

Тиймээс ОХУ, АНУ-ын хувьд хэн нь илүү вэ гэдгээ харуулах өрсөлдөөний талбар Сири болчихоод буй бөгөөд энэ бүс нутаг дахь нөлөөгөө алдаж болохгүйгээ хэн хэн нь сайтар ойлгож байгаа юм. Хоёр улсын Сири дэх сонирхлыг байгалийн хийн хоолойноос болсон гэж үзэх судлаачид байдаг. Учир нь Сирийн нутгаар дайруулан хийн хоолой барьж байгуулан Европын зах зээлд гарвал ОХУ-ын экспортын зах зээлийг бууруулж, шахаж гаргах боломжтой ажээ. Анх 2009 онд Катар улс Саудын Араб, Йордан, Сири, Туркийн нутгаар дайруулан хийн хоолой тавих төсөл санал болгосон ч Башар үүнээс татгалзсан. Дараа нь Иран улс Ирак, Сири, Газар дундын тэнгисээр дамжуулан Европын зах зээлд хүрэх хийн хоолой байгуулах төсөл санал болгоход Башар зөвшөөрчээ. Нэг саналыг үл зөвшөөрч, нөгөөг нь дэмжихэд Оросын нөлөө их байсан гэж үздэг. Уг нь энэ төслийн хоолойг 2016 онд ашиглалтад оруулах байсан ч Арабын хавар, иргэний дайн зэрэг нь энэ ажлыг хялбархан замхруулж орхисон юм. Европын холбоо угтаа ОХУ-аас эрчим хүчний хэт хараат байхыг хүсдэггүй. Нөгөө талд ОХУ-ын гадаад валютын урсгалын талаас илүүг нь газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт бүрдүүлдэг.

Үүний зэрэгцээ Сирид томоохон нэг дайн гэхээсээ илүү асар олон ашиг сонирхлын зөрчлөөс үүдсэн дайн тулаан болж байна гэвэл зохино. Сирид орших Исламын улс бүлэглэлийн хүч нэг үеэ бодвол нэлээд сулраад байгаа ч бүрэн тайвшрахад дэндүү эрт байгаа юм.

Чухамдаа Сири нь стратегийн хувьд маш чухал байршилтай болохыг газрын зургаас харж болно. Сирид дайныг зогсооход хүндрэлтэй байгаа бас нэг зүйл нь химийн зэвсгийн дайралт гэж хэлж болно. Энгийн иргэдийг үй олноор нь хөнөөсөн химийн зэвсгийн дайралт олон давтамжтай болж буй нь Сирийн Засгийн газрын нэр хүндийг шалбаагтай хутгаж амжаад байгаа бөгөөд үүнд АНУ-ын тал Сирийн Засгийн газрыг шууд буруутгадаг. Гэвч Сирийн Засгийн газар ийм зэвсэг хэрэглээгүйгээ албан ёсоор мэдэгддэг билээ. ОХУ-ын зүгээс ч Сирид болж буй химийн зэвсгийн дайралт нь манай эсрэг явуулж буй зохион байгуулалттай ажиллагаа гэдгийг мэдэгддэг.

Гэвч Сириэс дутахааргүй, бүр үүнээс ч илүү ярвигтай нөхцөл байдал авчирч буй нэгэн улс бол Хойд Солонгос, түүний удирдагч Ким Жон Ун билээ.



Хойд Солонгосын тактик

Хойд Солонгосын хувьд цөмийн хөтөлбөрөөсөө болж эдийн засгийн хориг тавиулан, том шийтгэл амсаж байгаа ч үйл явдлын өрнөл эсрэгээрээ болж байна. Кимийг хориг огтхон ч айлгасангүй. 2011 оноос улсаа удирдах болсон түүний удирдлага дор тус улс тив алгасагч баллистик пуужингийн туршилтаа өнгөрсөн оны эхнээс авахуулан олонтаа хийсэн. Туршилт эхлэхэд Трамп Хойд Солонгосын зэвсгийн чадамжийг хоцрогдсон хэмээн дутуу үнэлж байсан юм. Гэвч үнэхээр тив алгасагч пуужинтай болсноо Хойд Солонгос баталсан нь үйл явдлын өрнөлийг эрс өөрчилж, Трамп ч аягүйцэх шинжтэй болсон билээ. Ким дэлхийн анхаарлыг өөртөө татаж чадсан. Түүний үгийг дэлхий сонсдог бас анхаардаг болсон.

АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн  уулзалт удахгүй болох найдвар бүрдээд байгаа нь Кимийн ааш илүү засрах шинжтэй болох нь уу гэх хүлээлтийг ажиглагчдын дунд үүсгээд байгаа юм.  Энэ уулзалт Сингапурт ирэх зургадугаар сарын 12-нд болох төлөвтэй байгаа бөгөөд Солонгосын хойгт энх тайван тогтох эерэг уур амьсгал наашилж буйн дохио болов. Яг одоо Хойд Солонгосын тактик хэрхэн эргэсэн нь ихээхэн сонирхол татаж байна. Энэ уулзалт болох тухай мэдээлэгдэхээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 20-нд Хойд Солонгос тив алгасагч баллистик пуужин болон цөмийн туршилтын ажиллагаагаа бүрэн зогсоож буйгаа дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарлаад байна. Улмаар мөн сарын 27-нд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзалт хийсэн. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийх уулзалтын оршил байсан гэж шинжээчид тайлбарлаж байгаа.

Одоо АНУ-тай нааштай хэлэлцээрт орж чадвал тус улсад тавьсан НҮБ-ын хоригийг цуцлах хүлээлт байна. Хойд Солонгосын хувьд цаашид энэ хэвээр гөжүүдлэн үргэлжилбэл эдийн засгийн ноцтой хүндрэлд орох эрсдэлтэй байгаа нь Кимийг ийнхүү огт өөр бодлого явуулахад хүргэсэн байж болох юм. Шинжээчдийн зарим нь түүний байр суурийг ердөө хугацаа хожих алхам байж мэднэ гэж сэрдэж байна. Учир нь Хойд Солонгосын хувьд 2007 онд пуужингийн туршилтын баазаа хааж байгаад дахин сэргээж байсан туршлагатай юм. Пуужингийн цэгийг хааж болдог мөн дахиад нээж болдог гэдгийг шинжээчид анхааруулж байна. Хойд Солонгосын удирдагчийн ааш уулзалтыг цуцалж мэдэх авч Трамп уулзалт болно гэсэн найдлага тавьсаар буйгаа тавдугаар сарын 16-нд илэрхийлээд амжсан.
Хэрэв Хойд Солонгосын эдийн засгийн хориг цуцлагдвал Хятад улс тус улсаас импортлох түүхий эдийн худалдаагаа аль болох нэмэгдүүлж мэдэх юм.

Британигүй Европын холбоо

Европын холбооны хувьд Брексит буюу Британийн өрх тусгаарлалттай холбоотойгоор томоохон сорилт тулгарч байгаа. Их Британийн хувьд тус холбооноос гарах нь ихээхэн хүнд байх болно гэдгийг шинжээчид таамаглаж байна. Ирэх 2020 оны гуравдугаар сард Брексит эцэслэгдэх товтой байгаа юм. Энэ үйл явцад Британи Европын холбоонд багагүй хэмжээний мөнгө төлөх тооцоо бий. Учир нь Европын холбооны төсөв   7 жилээр батлагддаг бөгөөд хамгийн сүүлд 2014 онд шинэ төсвийг баталсан. Өөрөөр хэлбэл, 2020 оноор дуусгавар болох төсөвт хэр их хөрөнгө зарцуулахаар Их Британи үүрэг хариуцлага хүлээсэн, түүний хэрээр төлөвлөсөн санхүүжилтийг гаргаж өгнө гэсэн үг. Энэ дүн нарийн тодорхой гараагүй байгаа ч шинжээчид 40 тэрбум евро байх болов уу гэж таамаглаж байна. Дээр нь Умард Ирландын хил, тус холбооны улсуудад амьдарч буй Британи иргэдийн асуудлыг хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх ажил бий.

Бас нэг том ажил нь Европын холбоотой Чөлөөт худалдааны гэрээ байгуулах ажил. Яг одоо Их Британийн Ерөнхий Сайд Тереза Мэйн толгойг гашилгасан асуудал тун их бий. Түүний хувьд 2016 оны бүх нийтийн санал асуулгаар Брексит дэмжих үед угтаа үүний эсрэг үзэл бодолтой байсан хүн. Гэвч нэгэнт олонх иргэдийнхээ саналыг хүлээн зөвшөөрч, тэр зүгт ажиллахаас өөр аргагүйгээ илэрхийлсэн. Их Британи Европын холбооноос гарсны дараа тус холбоо ч тэр, өрх тусгаарласан Британи ч тэр нэг хэсэгтээ таагүй мэдрэмж амсах нь гарцаагүй. Гэхдээ энэ нь эцэстээ тус холбооны бат бэх байдлыг сайжруулна гэж үзэх шинжээчдийн тайлбар түгээмэл байна. Яг Брексит болох уу, эсвэл Британи холбоондоо хэвээр үлдэхээр шийдвэрээ өөрчлөх үү гэсэн асуулт ч бас хөндөгдөж байна. Британи бол дэлхийн санхүүгийн томоохон төвүүдийн нэг гэдгээрээ Брексит нь дэлхийн эдийн засгийн хувьд маш чухал үйл явц юм. Брексит тохиовол Британийн холбоонд оруулдаг олон тэрбум еврогийн санхүүжилтийн орон зай сул үлдэнэ. Франц, Германы хувьд холбоог илүү хүчирхэг болгох арга ухааныг олох томоохон ажилд ханцуй шамлан орно. 

Энд үндсэндээ Иран болон бусад Ойрхи Дорнод болон Африкийн орнуудын хэт үндсэрхэг байдал зэрэг маш олон асуудал хөндөгдөлгүй орхигдсон байгаа. Гол зүйл гэвэл дэлхийн тогтсон дүрэм өөрчлөгдөж, голлох улс орнууд хэт үндсэрхэг тоглолтууд хийж, геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлж буй нь таамаглахад түвэгтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Энэхүү үйл явц нь жижиг буурай орнуудад хамгийн эмзэгээр тусах нь тодорхой. Томоохон улс гүрнүүдийн хоорондын нэгэнт тогтсон харилцаанд өөрчлөлт гарахад  цаг хугацаа шаардаж  байна. Японы хувьд батлан хамгаалахын салбартаа онцгой анхаарал хандуулах болсон. Дэлхийн геополитикийн эрсдэлүүд нэгэнт хоорондоо экосистем мэт холбогдсон дэлхийн эдийн засгийн эрчмийг хялбархан сулруулж дөнгөнө. Үүний зэрэгцээ дэлхийн тогтвортой байдлыг алдагдуулж, замбараагүй байдал ч авчирч мэднэ. Энэ дунд жижиг буурай орнууд хамгийн хүнд нөхцөл байдлыг амсах нь тодорхой билээ.



Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 18 цаг 54 минутад
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний арван сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум ам.долларт хүрч 7.1%-иар өсчээ. Үүнд экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 5.1 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 9.8%, импорт 3.9%-иар тус тус өслөө. Гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 394.9 сая ам.доллараар нэмэгджээ.
  • Уржигдар 13 цаг 32 минутад
    Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
  • Уржигдар 11 цаг 29 минутад
    МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
  • 2019-11-14 11:27
    Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
  • 2019-11-13 17:11
    2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.