Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Оюутолгойн өгөөжийг ард иргэдийн амьжиргаанд аваачиж тусгах институци бол загвар ёсоороо Төр



Оюутолгой тойрсон асуудлын эргэн тойронд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI)-гийн захирал, доктор Б.Түвшинтөгстэй MMJ-ийн Н.Ариунтуяа ярилцлаа. Тус хүрээлэн 2012 онд “Оюутолгой” төслийн үр өгөөжийн тооцооллыг хийж байсан юм.


“Оюутолгой” Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа нь хүн бүрт ойлгомжтой байна. Харин бүрэн чадлаараа ажиллахад одоогийн нөлөөлөл ямар болж хувирах бол?
2012 онд бидний хийсэн судалгаагаар гарсан нөлөөлөл одоо өөрчлөгдсөн байх учиртай. Бид шинэ тоон мэдээлэлд үндэслэн тооцооллоо шинэчлээгүй учраас өмнөх шиг шууд нөлөөлөл тэд, шууд бус нөлөөлөл тэд. Тиймээс нийт эдийн засгийн талаарх төсөөлөл ийм болно гэж тодорхой хэлж чадахгүй нь. Үйлдвэрлэлийг нь өнөөдрийн түвшнээр баримжаалахад алтыг оруулахгүйгээр “Оюутолгой” төслийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл Эрдэнэттэй дүйцэхүйц байгаа. 2025 он гэхэд зөвхөн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өнөөдрийнхөөс 4 дахин өснө гэдэг төсөөллөө тус компани зарласан. Алтны үйлдвэрлэл өнөөдрийнхөөс 2,5 дахин өндөр болно гэдгийг бас зарласан. Тэгэхээр улс орны нийгэм эдийн засаг, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл цаашид ч өсөх нь харагдаж байна.

Үйлдвэрлэл 4 дахин өснө, дагаад эдийн засагт тэр хэмжээгээр нөлөөлнө гэхээр нийгэмд асар өндөр хүлээлт үүсчихдэг. Гол нь тэр өсөлт хэр тогтвортой үргэлжлэх бол? 2025 оноос оргил олборлолт буурч эхэлнэ гэж ойлгосон. Агуулгын хувьд ч мөн адил.

2012 онд “Оюутолгой”-гоос бидэнд өгсөн төсөөллөөр бол хоёрдугаар шат дууссанаас хойш үйлдвэрлэл нь нэлээд тогтвортой явахаар байсан. Хүдрийн агуулгаас болж үйлдвэрлэл буурах эрсдэл байгаа. Гэхдээ огцом доошоо унахгүй болов уу.

Далд уурхайн бүтээн байгуулалтыг дагасан эдийн засгийн идэвхжил, өөрөөр хэлбэл М.Энхсайхан сайдын яриад байдаг хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө бүтээн байгуулалт дууссаны дараа өөрчлөгдөж таарна. Бүтээн байгуулалтын үе, бүрэн хүчин чадлаар ажиллах үеийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг харьцуулах боломжтой юу? Харьцуулбал яаж харагдах бол?         
2012 онд эдийн засгийн идэвхжил маш том сэдэв болж байсан. Төслийн барилга угсралтын ажил дөнгөж эхлэн, тоног төхөөрөмжүүдээ оруулж ирж, хятад ажилчид 10 мянгаар орж ирж байлаа. Одоо бол тэр үе шиг идэвхжил бий болохгүй. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар үе шатанд нэгдүгээр үе шат шигээ бусад салбарт нөлөөлөх нөлөөлөл нь бага. Өмнөх шиг дэд бүтцийг өөр рүүгээ татдаг, олон хүнийг ажлын байраар хангадаг, хөрөнгө оруулалт огцом өсдөг нөлөөлөл багассан. 2025 онд бүрэн хүчин чадалдаа хүрсний дараа одоогийн энэ дам нөлөө улам л багасна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ төслийн үржүүлэгчийн нөлөө буурна. Учир нь уул уурхайн салбар нь өөрөө капитал их эрчимтэй ашигладаг, ажлын байр төдийлөн ихээр бий болгодоггүй онцлогтой.

Тэгэхээр ирээдүйдээ “Оюутолгой” төслийн дам нөлөөлөл гол нь төсөвт төвлөрүүлэх орлогоор нь дамжин гарна гэсэн үг.
Бүтээн байгуулалт дагасан ажлын байруудаа оруулаад Оюутолгойд одоо 14 мянган хүн ажиллаж байна гээд байгаа шүү дээ?

“Оюутолгой”-д бэлтгэн нийлүүлэгч компа­ниудад ажилладаг хүмүүсийг оруулаад тэгж тооцсон юм болов уу. Ер нь бол энэ тоог баталгаажуулах судалгааг нарийн хийх ёстой байх. Судалгаа багатай тоо нийгэм дэх хүлээлтийг улам л нэмэгдүүлээд байх эрсдэлтэй.

“Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том төслийг дагасан эдийн засгийн өсөлт нийт иргэдэд хүртээмжгүй байх магадлал өндөртэйг Та 2011 онд л сөхөж ярьж байсан. Яг л тэр үед ярьж байснаар “Оюутолгой” ийм мундаг юм бол яагаад бидний амьдралд үр өгөөж нь наалдахгүй байгаа юм гэж өнөөдөр захын хүн асууж байна. Үүнд юу гэж хариулах вэ?
Энэ бол зайлшгүй асуух ёстой асуулт. Тавантолгой, Оюутолгой гэж яриад 10 жил болчихлоо. Гэтэл миний амьдралын чанарт өөрчлөлт гарсангүй гэж байна.

Нэг талаас амьдралын чанарт эерэг өөрчлөлт төдийлөн гарахгүй байгаа нь тоон мэдээллээс ч харагдаж байна. Нэг хүнд ногдох бодит орлого 2012 онтой харьцуулахад 15%-иар л өссөн. Харамсалтай нь сүүлийн 2-3 жилд зэс, алт, нүүрсний үнэ унахтай зэрэгцээд эдийн засгийн идэвхжил буурч ядуурал буцаад өсчихлөө. Гэхдээ “Оюутолгой” төсөл байхгүй байсан бол амьжиргааны түвшин бүр л дор байх нь ойлгомжтой.

Нөгөө талаас хүмүүс яагаад сэтгэл ханамжтай биш байна гэхээр эдгээр төсөл  хүмүүсийн хүлээж байсан шиг томоохон нөлөөлөл амьжиргаанд нь авчрахгүйд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хүлээлт нь гүйцэтгэлээсээ давчихсанд байгаа гэж харагддаг. Хүлээлтэд нь хүрэхгүй байгаа учраас сэтгэл санаа хангалуун биш, ууртай байна.
Уул уурхайн салбарт дулдуйдсан эдийн засгийн өсөлт орлогын тэгш бус хуваарилалтыг бий болгож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үүнээс хожиж байгаа  хүн цөөн. Тийм учраас бухимдал их байгаа. Үүнийг “баялгийн хараал”-ын нэг илрэл гэдгээр нь бид маш их ярьдаг. 2012 оноос хойш л ярьж байгаа.

Энд нэг зүйл анзаарахад эдгээр төсөл  нийгэмд хэт их хүлээлт үүсгээд байгаа нь бас харагддаг. Жишээ нь яг одоо “Оюутолгой” төсөлтэй холбоотойгоор 14 мянган ажлын байр байгаа гэдэгт миний хувьд эргэлзэж байна. “Оюутолгой” компани тус төсөлтэй холбоотойгоор 55 мянган ажлын байр бий болгож байгаа гэж бас зарласан. Энэ том тоонууд хүмүүсийн асар өндөр хүлээлтийг улам бататгаад байна.

Цаашид “Оюутолгой”-н үйлдвэрлэл томрох тусам хүлээлт улам өндөр болно. “Оюутолгой” том төсөл гэдгээ хүмүүст ойлгуулах гэж хичээгээд өндөр хүлээлтийг улам бататгаад байх шиг. Хүссэн зүйл нь өөр рүү нь эсрэгээр эргэх ч тал байгаа. 

Одоо бол “Оюутолгой” том шүү гэж хэн нэгэнд итгүүлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Тэгж итгүүлэх хэрэгтэй байсан үе хэдийнэ өнгөрсөн. Томыг нь, нөлөөллийг нь бүгд мэдэж байхад мянга давтах ямар хэрэгтэй гэж.

Харамсалтай нь сүүлийн 2-3 жилд зэс, нүүрс, алтны үнэ унаад, улмаар эдийн засаг зогсонги байдалд ороход ажлын байранд яах аргагүй сөргөөр нөлөөлсөн. Нийт зээлийн хэмжээ зогсонги байдалд ороод 2-3 жил явчихсан. Зээл өсөхгүй гэдэг нь шинээр ажлын байр бий болохгүй, байсан нь хумигдаж байна гэсэн үг. Тиймээс хүмүүсийн амьдралд хүчтэй нөлөөлсөн.

Дээрээс нь төрийн бодлого үр ашигтай эсэх нь эргэлзээтэй дэд бүтэц рүү өр тавин байж хөрөнгө оруулалт хийгээд, тэр нь иргэдийн амьжиргаанд ч нөлөөлсөн юмгүй, дэд бүтэцтэй ч болсон юмгүй болчихоор улам бухимдал төрүүлээд  байх шиг байна.

“Оюутолгой” бүрэн чадлаараа ажиллах үед мөн л бодит байдлаас давсан өндөр хүлээлттэй, сэтгэл ханамжгүй сууж байхгүйн тулд уул уурхайн салбар, том төслийн үр өгөөжийг яаж хүртээмжтэй өсөлт болгож хувиргах вэ?
Энд нийгмээрээ нэлээд төөрөлд ороод байх шиг. Ийм том төсөл учраас “Оюутолгой” миний дансанд автоматаар мөнгө хийх ёстой гэсэн хүлээлт бодитоор байх шиг байна.

Улстөрчид тэгж ойлгуулаад байна шүү дээ. Ард иргэддээ хувь хишиг хүртээнэ гэж яриад байхаар данс руу мөнгө орох ёстой юм шиг л ойлгоно.

Улстөрчид мэдээж тоглолт хийж байгаа. Яг иргэний түвшинд аваад үзэхэд “Оюутолгой” миний дансанд мөнгө хийх ёстой, эсвэл миний амьжиргаанд бодитой нөлөөлөх ёстой гэж үзэж байгаа бол энэ нь манай бодлого боловсруулагчид олон нийттэй дутуу харьцаж байна л гэсэн үг. Энэ иргэнийг хэн хамгаалах ёстой юм, хэн хүлээлтийг нь хангах ёстой юм гэхээр “Оюутолгой” биш, Төр засаг. Засгийн газар төсвөөрөө дамжуулаад “Оюутолгой” төслөөс үр шимийг хүртэж байгаа. Түүнийгээ ард иргэдийн амьжиргаанд хүртэл аваачиж тусгах институци бол загвар ёсоороо Төр.

Төр гэдэг нь маш өргөн хүрээний ойлголт. Нэг хүнийг ярьдаггүй учраас хариуцлага үүрдэг хүнгүй болчихоод байна л даа. Яагаад манай хүүхдийн сургууль чанарын хувьд дээшлэхгүй байна, яагаад багш нарынх нь чанар  муудаад байна, яагаад эрүүл мэндийн хүртээмж дээшлэхгүй байна, яагаад өрхийн эмнэлгүүд ажиллаж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, өрхийн эмч нар чанар муутай байгаа юм, яагаад цэцэрлэг олдохгүй байгаа юм гэдэг чинь асуух л ёстой асуултууд. Гэхдээ “Оюутолгой”-гоос биш бодлого боловсруулагчдаас асуух ёстой л доо.

Бид “Оюутолгой” төслийн нэг тал нь. Үр өгөөжийг ард түмэн ингэж хүртэх ёстой гэдгийг сонгогдоод гараад ирсэн хүмүүс хэлэх ёстой. “Оюутолгой” болоод ер нь уул уурхайгаас орж байгаа мөнгийг иргэдийнхээ амьжир­гааг дээшлүүлэхийн тулд бид ийм шат дамжлагаар зарцуулж, ийм бодлого хэрэгжүүлж байна гэдгээ хэлэх ёстой. Хариуцлагаа ч үүрэх ёстой.

“Оюутолгой”-д 2013 онд 130 сая долларын татварын акт тавьж байсан бол энэ жил 155 сая долларын акт тавьчихлаа. Ийм маргааныг мухарлахгүй болохоор олон нийтийн хардлага улам лавшраад байх шиг. Татварын зөрчлүүд үүсч байгаа нь юутай холбоотой вэ? Асуудал нь Монгол улс болон компанийн татварын систем, аргачлал, тогтолцооны зөрүүтэй байдалд байна уу?   


Нарийн тоонууд болон шалтгааныг мэдэхгүй учраас би хариулж чадахгүй байна. Яг ямар учир байдаг, хэндээ асуудал байгаа нь тусдаа нарийн судалгааны сэдэв болох байх. Ер нь бол татварын маргаан дээр бидэнд хоёр кэйс гарч ирлээ.
Өмнө нь 130 сая долларын акт тавиад, шийдэгдлээ гээд цааш явахад нь асуудлыг мухарлалаа гэж харагдсан. 155 саяын акт дээр өмнөхтэй адилхан хүндрэл гарсан юмуу, эсвэл өөр хүндрэл үү гэсэн асуултад цэвэр мэргэжлийн байгууллагууд болох Сангийн яам, Татварын ерөнхий газар хариулах ёстой. Ер нь урт хугацааны ийм томоохон төсөл дээр ямар ч хүндрэл гарч болно. Судалгаа хийж байж л хариулт тодорхой болно.

“Оюутолгой” тойрсон маргаануу­дад цэг тавих гарц нь Монголын төрийн эзэмшиж байгаа 34 хувийн өмчлөлөөс татгалзаад роялти руу шилжих гэсэн байр суурийг мэргэжилтнүүд төдийгүй зарим улстөрчид илэрхийлдэг. Нэмэлт роялти авах тухайд байр суурийг тань сонсмоор байна. Нөгөө талаар Засгийн газар хувь эзэмшлийнхээ оронд роялти авах саналыг 2015 онд гаргаж байсан. Тухайн үед “РиоТинто” компанийн Гүйцэтгэх захирал асан Сэм Уолш бид “Оюутолгой”-н 50.1%-даа сэтгэл хангалуун байгаа гээд энэ саналд нааштай хандаагүй. Шалтгааныг юу гэж харсан бэ?
34%-ийн эзэмшил асар их маргаан дагуулсан. Мэргэжлийн хүмүүсийн хувьд 34%-иа зараад роялти болгочихъё гэдэг. Тэгсэн тохиолдолд тус төсөл хөрөнгө оруулалтаа яаж босгоно хамаагүй, Засгийн газар зардлын тооцооллыг хянах шаардлагагүй, хилээр хэдэн тонн гарч байна, датагаа аваад, роялти тогтоон, татвараа аваад явчихвал уг нь амар. Ус, газар ашиглалтын төлбөрийн хяналт шалгалтыг сайжруулаад, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ хийгээд явах боломжтой. Татварын, төслийн зардлын болоод хөрөнгө оруулалтын маргаанууд роялти руу шилжсэн тохиолдолд шийдэгдэнэ.

Роялти руу шилжих нь миний хувьд их зөв загвар санагддаг ч заавал төрийн оролцоо байх ёстой гэсэн сэтгэлгээ нийгэмд амь бөхтэй оршиж байгаа нь харагдаад байна. Нийгмээрээ томоохон төслүүд дээр хувь эзэмшил хүсч байгаа. Бид хаанаас ийм сэтгэгдэлтэй болоод үлдчихсэнийг мэдэхгүй. Магадгүй социализмаас үүдэлтэй байх. Бүх зүйл улсынх, төрийн мэдлийнх байх ёстой гэдэг үзэл санаа одоо ч хүчтэй хэвээр байна. “Эрдэнэт”, “Улаанбаатар төмөр зам” улсынх хэвээрээ, үүргээ гүйцэтгээд явж байгаа нь энэхүү үзлийг улам бататгаад байх шиг.

Тийм ч учраас стратегийн ач холбогдолтой ордуудыг жагсаасан тогтоол гарсан. Тэр бол энэ сэтгэхүйн илэрхийлэл. Ард түмнийг төлөөлөөд УИХ нь сонгогдчихсон, тэр нь стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтыг баталчихсан шүү дээ.
Тухайн үед “РиоТинто” юу гэж бодсоныг мэдэхгүй ч манай орны нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг бодолцсон байх. Засгийн газрын хувь эзэмшил 100 хувь роялти руу шилжвэл Засгийн газрын оролцоо багасна, энэ нь эрсдэлтэй гэж тооцсон болов уу.

Зээлийн хүү, санхүүжилтийн хүүг бууруулах талаар Засгийн газраас Ажлын хэсэг гарч, “РиоТинто”-той хэлэлцээрийн ширээний ард сууж байна. Эдийн засагчийн хувьд зээлийн хүүг бууруулах бодит ямар нөхцөл боломжийг харж байна вэ?      
Зээлийн хүү угаас өндөр байгаа. 9,9% байсныг 2011 онд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5%  болгосон. Тиймээс Засгийн газар зээлийн хүүг бууруулах санал тавьж байгаа нь ярих ёстой асуудал.

Хувь нийлүүлэгч талтай өөр ямар асуудлыг зайлшгүй ярих ёстой вэ?    
Менежментийн төлбөрийг ярих ёстой. Менежментийн төлбөрт бүтээн байгуулалтын хугацаанд 3%, үйлдвэр­лэл явж эхэлснээс хойш бүх зардлын 6%-ийг авахаар байгаа. “Рио Тинто” хувь эзэмшигч мөртлөө өөрөө өөртөө төлбөр төлж байгаа компани.

Ер нь нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр гэрээний зүйл заалтууд дээр дахин тохироо хийх боломж нээлттэй байх ёстой. Жишээ нь Монголын тал цахилгаан станц барина гээд бариагүй байна. Тэгэхээр гэрээ тодорхой хэмжээнд шинэчлэгдэж, үүссэн нөхцөл байдалтай уялдаж явах ёстой юм.

Монгол улс хөгжлийн зээл аваад 34%-иа санхүүжүүлчихэж болохгүй юу?
Хөрөнгө оруулалтын гэрээн дээр “РиоТинто”-гоос авна гээд заачихсан байгаа шүү дээ. Ер нь бол болно л доо. Манай хамгийн сүүлд гаргасан бонд 5.6%-тай байгаа. Түүгээр баримжаа авахад зээлийн хүү буурах магадлал бага л харагдаж байгаа.


Зэсийн зах зээл хэдэн жилийн өмнөхөөс хавьгүй сайн дүр зурагтай боллоо. Ялангуяа танайхаас эрхлэн гаргасан Оюутолгойн үр өгөөжийн тооцооллын талаарх тайланд тусгагдсанаас өндөр ханш зах зээлд ноёлох нь тодорхой байна. Тэгэхээр “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа наашилж, тэр хэрээр Монголын талын ногдол ашиг авах хугацаа ойртмоор санагдаад байна л даа. Энэ талаар юу хэлэх вэ?


Бидний хийсэн тооцоололд ирээдүйд үнэ ямар болохыг мэдэхгүй учраас сценари үнэ тавьж байсныг санаж байгаа байх. Үнэ өндөр байвал, дунд зэрэг байвал, муу байвал гээд. Өнөөгийн зэсийн үнэ бол бидний тухайн үед ярьж байсан өөдрөг хувилбартай ойрхон байна. Энэ тохиолдолд хөрөнгө оруулалтаа нөхөх, ногдол ашиг авах хугацаа наашилж байсан ч хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэнээс болоод хойшилсон шүү дээ. Зардлаа тухайн үед багаар төсөөлж байсан.

Танай байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” хурлын үеэр Монгол улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх стратеги доголдолтой байна гэсэн дүгнэлтийг Та хэлсэн. Юу ийм дүгнэлтэд хүргэв?
Бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвээр судалгаа хийж байгаа. Уул уурхайн салбарыг ганц “Оюутолгой”-гоор төсөөлж болохгүй юм. Тавантолгойн орд дээр гэхэд гурван том төсөл байна. Эрдэнэт байна. Тиймээс уул уурхай бол маш том салбар.

Эдийн засгийн өсөлт ихэнхдээ уул уурхайн салбараасаа хамааралтай. Уул уурхайн салбар эдийн засагт яг ямар үүрэг гүйцэтгэж байна гэхээр ДНБ-ийн 18-19% гэчихдэг. Гэтэл дам нөлөө их байгаа. Уул уурхайд усан хангамж, дэд бүтэц, түүн дотроо эрчим хүч, зам хэрэгтэй. Худалдан авалт хийдэг үйлчилгээний салбарууд хэрэгтэй. Барилгын салбар хэрэгтэй.

Салбарын нөлөөг тооцож үзэхэд ДНБ-ийн 30 орчим хувь уул уурхайтай холбоотой гэж манай тооцооллоор гарч байгаа. 20% орчим нь шууд утгаараа эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа бол 10% орчим нь дам байдлаар оруулж байгаа нөлөө юм. Жилдээ 10 төгрөг үйлдвэрлэдэг эдийн засаг байлаа гэхэд 3 төгрөг нь уул уурхайтай холбоотойгоор орж байна.
Гэтэл Оюутолгой, Тавантолгойгоос гадна энэ салбарт өөрт нь шинэ шинэ төслүүд байгаа, түүнд шинэ хөрөнгө оруулалтууд хэрхэн татах вэ, энэ тал дээр ямар стратеги баримталж байна вэ гэх асуулт тавигдсан юм.

Тэгээд бодлогын бичиг баримтуудыг дээрээс нь доошлуулах байдлаар хариултыг хайсан. Монгол улс уул уурхайн салбартаа ямар стратеги баримталж байна, хэрэгжилт нь ямар шатандаа байна гэдгийг судалж үзсэн. Хамгийн урт хугацааны бичиг баримт бол Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал. Энэ бичиг баримт 2030  он гэхэд Монгол улсын хүрэх зорилтуудыг агуулдаг. Энэ түвшинд хүрэхийн тулд уул уурхайн салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар заасан байдаг.

Түүний дараа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого байгаа. 2025 он хүртэлх энэ баримт бичигт уул уурхайн салбарыг хөгжүүлэх асар олон зорилт агуулагдсан. Нэг талаасаа маш олон бодлогыг өөртөө шингээсэн их сайн үзэл баримтлал. Геологийн зураглал, Лиценз олголт, Байгаль орчны хамгаалал, Гадаадын хөрөнгө оруулалт гээд орхигдоогүй асуудал байхгүй.

Тэгвэл энэ зорилтуудад яаж хүрэх вэ гэсэн асуулт тавигдах учиртай. Өөрөөр хэлбэл, 2025 он хүртэлх энэ үзэл баримтлалыг дэмжсэн бодлогын баримт бичиг байх ёстой. Тэр нь 2020 он хүртэлх Засгийн газрын мөрийн хөтөлбөр. Засгийн газрын мөрийн хөтөлбөр Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо дэмжсэн байх ёстой. Тэр нь Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтайгаа уялдаатай, түүнийгээ дэмжсэн бодлого болж явах ёстой. Тэгж байж бодлогын том бичиг баримтууд бие биетэйгээ уялдаатай болно.

Бүх зорилтыг нэг дор хангаж, нэг дор хөгжүүлж чадахгүй нь ойлгомжтой. Дээр байгаа том хоёр бичиг баримт бол тунхгийн шинж чанартай, бид ийм зүйл хүсч байна гэдэг хүслийн жагсаалт. Тэгвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөр тэрхүү хүслийн жагсаалтад хүрэх, түүнийг биелүүлэх шат дамжлага болох ёстой. Харамсалтай нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр бас л тунхгийн шинж чанартай. Орхигдсон зүйл бараг байхгүй. Бүгдийг нэг зэрэг сайжруулаад, хэрэгжүүлээд явах юм шиг тусгагдсан.

Гэтэл эдийн засаг тэгж ажилладаггүйг бид мэднэ. Бид халаасанд байгаа мөнгөөрөө л үйл ажиллагаа явуулж чадна. Мөнгө шаардахгүй юм байгаа л даа. Гэхдээ л нөөц шаардана шүү дээ. Хүний нөөц, санхүүгийн нөөц, капиталын нөөц гээд бүх төрлийн нөөц шаардана. Тиймээс бүгдийг нэг зэрэг хийж чадахгүй. Тэгэхээр бодлогуудыг, төслүүдийг эрэмбэлэх асуудал зайлшгүй тулгарна.

Жишээ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Тавантолгойн төмөр замыг эхэлж барих нь уу, эсвэл цахил­гаан станцыг барих юмуу, аль эсвэл нефть боловсруулах үйлдвэр үү, эсбөгөөс зэс хайлуулах  үйлдвэр бариг­дах юм уу гэдэг нь харагддаггүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс ийм маягийн эрэмбэлэлт олж харахгүй байна. Бүгд асар том мөнгө тавьчихсан төслүүд мөртлөө бүгдийг зэрэг хөдөлгөнө гэчихсэн байгаа. Нэг ёсондоо бүтээн байгуулалтын хөтөлбөрүүд нь дутуу байна гэсэн үг. Хөрөнгө оруулагчид Засгийн газрын баталсан хөтөлбөрөөс бодлого хаашаа явж байгаа, ямар байдлаар хэрэгжих гэж байгаа талаар дүр зураг харах боломжтой байх ёстой. Жишээ нь нефтийн үйлдвэр барих гэж байгаа бол дагалдах дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Засгийн газар хийх ёстой. Ажиллах боловсон хүчин, санхүүгийн эх үүсвэр нь, хэн хэнээс юу шаардагдах вэ гээд дагалдах ажлын төлөвлөгөө байх ёстой юм. Гэтэл иймэрхүү байдлаар хийгдсэн хөтөлбөрүүд байхгүй учраас бодлого хэрхэн явагдах тодорхой дүр зураг харагдахгүй байдалтай байна.

Иймэрхүү байдал зөвхөн уул уурхайн салбарт ч биш бусад салбаруу­дад ч гэсэн нэлээд нийтлэг байгаа. Үе үеийн Засгийн газрууд бодлого дэвшүүлдэг ч ямар нэг байдлаар тэр нь буцчихдаг, эсвэл гацчихдаг.

Нөгөө талаас Засгийн газар нь бодлогын шийдвэр гаргасан бол Яам тамгын газрууд нь тал бүрээс дэмжээд аваад явах ёстой гэж би ойлгодог. Бодлого боловсруулагчид нь нэг дүр зурагтай болох ёстой, нэг зүг рүү харах ёстой. Тэгж харуулдаг зүйл нь батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөр. Хөтөлбөр байхгүй байна гэдэг чинь тэгж чиглүүлэх бичиг баримт байхгүй байна гэсэн үг.

Судалгаагаа хүлээлгэж өгсөн үү? Судалгааны дүгнэлтийн үндсэн дээр бодлогын зөвлөмж гарах уу?        
Энэ судалгааг хийлгэсэн гол зорилго нь Салбарын яам уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бодитой тооцож харах гэснийх. УУХҮЯ гол дөрвөн эрдсийн төсөөллийг бидэнд өгч, түүнд суурилан 2020 он гэхэд уул уурхайн салбар эдийн засагт ямар нөлөөтэй байх тухай тооцооллыг хийлгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бодлогын нөлөөллийн судалгаа хараахан биш.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.37)
    Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог яум
    2020 оны 11 сарын 15 | Хариулах