Дэвид Полл: Эрдэнэт-Овоот төмөр замын хөрөнгө оруулалт 1.25 тэрбум доллар

2018-06-18 16:27


The Mongolian Mining Journal /2018.005/

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компанийн Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй Овоот орд (100%), Нүүрстэй орд (90%) болон Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслүүдийн хэрэгжилт, явцын талаар тус компанийн Ерөнхий захирал Дэвид Поллоос MMJ-ийн Э.Оджаргал тодрууллаа.

Эрдэнэт-Овоот  чиглэлийн төмөр замын төсөл одоогийн байдлаар ямар шатандаа хэрэгжиж байна вэ?
Тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эдийн засгийн чуулганы үеэр Үндэсний хөгжлийн газартай Эрдэнэт-Овоот чиглэлийг төмөр замын төслийн Концессийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах баримт бичгийг үзэглэлээ. Нэмэлт өөрчлөлтөөр  концессийн гэрээний хугацааг сунгаж, бүтээн байгуулалтын бэлтгэлийг хангах ажлыг дуусгах боломж бүрдсэн. Үүний дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээг эцэслэн боловсруулах, орон нутгийн удирдлагуудтай хэлэлцэж төмөр замын зурвас газрын ба санхүүжилтийн асуудлаа шийдэх чухал ажлыг хийх ёстой. Үүний үр дүнд “Аспайр Майнинг” буюу Northern Railways  компани төмөр замыг бүтээн байгуулах ажил эхэлнэ.

Шинэ шугамын ачаа тээвэрт “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын хүчин чадал болоод тээврийн зардлыг хэрхэн тооцоолж байгаа вэ?
Удахгүй “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ)-ын төв шугамын шинэчлэлийн ажил явагдах учиртай. Ингэснээр Эрдэнэт-Овоотын төмөр замаас орж ирэх ачааг УБТЗ-ын төмөр замын төв шугам нэмж хүлээн авах хүчин чадал бүрдэх ёстой.
 Northern Railways-ийн байгуулах төмөр зам нь Төмөр замын хойд коридорын бүрэлдэхүүн хэсэг болох юм. Эрдэнэт-Овоотын төмөр замаас нэмэгдэх ачааны хэмжээг тооцож үзсэн УБТЗ-ын 2030 оныг хүртэлх хөгжил шинэчлэлийн, хөтөлбөр батлагдахыг бидний зүгээс хүлээж байна.  Northern Railways  компани, УБТЗ хамтран Ажлын хэсэг байгуулсан. УБТЗ-аас бидэнд үзүүлэх тарифын тухайд тодорхойгүй байгаа. Хамтарсан Ажлын хэсгийн зөвшилцөх чухал асуудлын нэг энэ.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэр  Northern Railways  болон  China Gezhouba Group  (CGGC) байгуулсан санамж бичгийн гол агуулга, зорилгыг тодруулна уу?
Уг санамж бичгээр нэгдүгээрт, талууд хамтран гүйцэтгэж буй ТЭЗҮ-ийг дуусгах, хоёрдугаарт, хөрөнгө оруулалт татах зорилготой. УБТЗ-ын төмөр замын төв шугамын шинэчлэлтэй уялдуулан тус замын хүчин чадлыг бид төсөлдөө тооцоолох шаардлагатай.

Төслийн эцсийн шатны ТЭЗҮ-ээр  төмөр замыг бүтээн байгуулах өртөг тооцоо өөрчлөгдсөн үү?
 Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийн төсөл бэлэн болсон. Одоо ТЭЗҮ-ийг хянах шатандаа явж байна. u
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт нийт 1.25 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай.

Төмөр замын өртгийг нөхөх хугацааны тухайд?
Бидний авч буй зээл 10 жилийн хугацаатай. Концессийн  30 жилийн хугацааны 10 жилд  нь зээлээ төлөх боломжтой ч Эрдэнэт-Овоотын төмөр зам маань Хойд коридорын ашиг орлогыг бүрдүүлэгч хэсэг тул зээл төлөлтийг заавал 10 жилийн хугацаагаар тодорхойлох  шаардлагагүй юм.                 

Төмөр замын бүтээн байгуулалтыг 2019 оны хавар эхлүүлэх төлөвлөгөө хэвээрээ юу?
УБТЗ-ын тээж нэвтрүүлэх хүчин чадлын баталгаа гарахын зэрэгцээ хөрөнгө оруулалтаа татаж чадах юм бол 2019 оны хавар эхлүүлэх бүрэн боломжтой.    

Нүүрсний бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэх, цаашлаад тус улсын газар нутгаар дамжин тээвэрлэх асуудлуудаар ямар ажлыг хэрэгжүүлж байна вэ?
Монголын бүтээгдэхүүнийг Оросын нутгаар, Оросын бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжин тээвэрлэх асуудлаар гэрээг хоёр улсын Засгийн газар  ойрын хугацаанд үзэглэнэ гэж би ойлгож байгаа. Энэ тохиолдолд Оросын талаас үзүүлэх төмөр замын тээврийн тарифын хөнгөлөлт  Эрдэнэт-Овоотын төмөр замд ч хамаарах юм. Ингэснээр манай компани нүүрсээ Оросын зах зээлд  нийлүүлэх, цаашлаад тус улсаар транзит тээвэрлэлт хийж бусад орнууд руу экспортлох боломж бий болно. Энэ нь Хятадынхаас бусад зах зээлд  бидний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодитой хувилбар.

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам Оросын төмөр замын сүлжээтэй холбогдож, тээвэрт оролцох эрх бүхий болно. Гэхдээ бидний зүгээс Оросын нутгаар дамжин Алс Дорнодын далайн боомтуудаар нүүрсний бүтээгдэхүүнээ экспортлох зорилттой. Энэ бол маш том боломж. Турк, Польшийн хэрэглэгчдээс хүсэлт ирж байгаа. Одоо энэ чиглэлээр яриа хэлэлцээр явуулж байна. Монгол улсын хувьд ч Хятадын зах зээлээс гадна нүүрсээ бусад орнууд руу экспортлох боломжийг нэмэгдүүлэх хэрэгцээ бий. Гэтэл төмөр замын бүтээн байгуулалт гэдэг маш их хугацаа ордог ажил. Ойрын хугацаанд Нүүрстэй ордын коксжих нүүрсийг  Эрдэнэтээс төмөр замаар Орос, Хятад руу экспортлох боломж байгаа.     

Эрдэнэт-Овоотын  төмөр замаар Оросын талаас нүүрс болоод бусад уул уурхайн бүтээгдэ­хүүнийг Монголын нутгаар транзит хийж Хятадын зах зээлд хүргэх асуудал яригдаж байгаа юу?
Монгол, Орос, Хятад улсын “Эдийн засгийн коридор”-ыг байгуулах санаачилгад багтсан төмөр замын Хойд коридорыг байгуулахаар гурван улс дэмжин хэрэгжүүлж байгаа. Хойд коридорын нэг хэсэглэл болох  Эрдэнэт-Овоот  чиглэлийн төмөр замыг Орос улсын төмөр замын сүлжээтэй холбох ихээхэн сонирхол бидэнд бий. Ингэснээр Оросын нүүрсийг Монголын нутгаар дамжуулан тээвэрлэж Хятадын зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой.

Хятадын зах зээлд Нүүрстэй, Овоот ордуудаас нүүрс нийлүүлэх төсөөлөл байгаа  болов уу?
Зөвхөн Хятадын зах зээлд гэж би хэлэхгүй. Бид Хятад, Орос, Япон, Солонгос, бүр цаашлаад Турк болон Зүүн Европ руу гаргах боломжтой. Олборлолтын хэмжээний тухайд Овоот ордоос эхний ээлжинд жилд 5 сая тонн, цааш нэмэгдүүлэн 10 саяд хүргэнэ.  

Нүүрстэй ордын төсөлд анхаарч ач холбогдол өгч байгаа учир юу вэ? Төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар сонирхуулна уу?
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг барьж дуусгах хүртэл дөрвөн жил зарцуулагдана. Үүнээс өмнө  Нүүрстэйн ордын бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр бид 12 сарын хугацаанд анхаарч ажиллах юм.
Та их зөв асуулаа. Нүүрстэй нь хэдий бага нөөцтэй, жижиг орд ч гэлээ коксжих нүүрсний чанарын хувьд чухал ач холбогдолтой. Харьцуулбал түүнээс Овоот орд нь 20 дахин том. Та “Гүйхээсээ өмнө эхлээд алхаж сур” гэсэн хэлц үгийг сонссон болов уу. Үүнийг зүйрлэхийн учир, манай компанийн хувьд Нүүрстэй ордын төсөл биднийг алхуулж сургаж байна гэсэн үг. Нүүрстэй ордын бүтээгдэхүүний экспортыг хангах дэд бүтцийн логистикийн сүлжээ нь Орос, Хятадын зах зээлийн хэрэглэгчдэд хүрнэ. Харин тэрхүү сүлжээ дараагийн Овоотын нүүрсийг борлуулах гол нөхцөлийг бүрдүүлсэн байх юм. 

Нөгөөтэйгүүр, Нүүрстэйн уурхай нь Овоотын төсөлд шаардлагатай ажилчдыг бэлтгэн мэргэшүүлэх талбар байж болно. Мэдээж, уурхайн ихэнх ажилчдаа орон нутаг Хөвсгөл аймгаас авна. Тиймээс боловсон хүчнээ цаашид аль болох чадваржуулан, мэргэшүүлэх нь чухал. Дашрамд сонирхуулахад, үүнтэй яг адил ажлыг би Австралид хийж байна. Зүүн хойд Австрали дахь миний удирдаж байгаа төслийн төмрийн хүдрийн уурхайд нутгийн уугуул иргэд ажиллаж мэргэшиж байгаа юм. Хэдийгээр ашиг олох үйл ажиллагаатай компани хэдий ч нутгийн уугуул иргэдийг ажлын байраар хангаж, боловсрол олгож, сургаж мэргэшүүлэхийг бүх л боломжоо ашиглан зорьж байна. Ийм үйл ажиллагаа Австралид анх удаа явуулж байгаа компани юм шүү.

Монгол улсын Хөвсгөл аймагт Таны удирдан хэрэгжүүлж байгаа цогц төслийн  үр ашгийг тодорхойлбол?
Би Монголд 8 дахь жилдээ ажиллаж байна. Харж байхад, маш чадварлаг мэргэжилтнүүд олон бий. Эрдэс баялгийн салбарт гадаадын мэргэжилтнүүд шаардагдахгүйгээр ажлаа гүйцэтгэх өндөр мэргэшсэн боловсон хүчний нөөц байгаа юм.

Хөвсгөл аймаг хөгжлийн том боломжтой. Маш сайн чанарын коксжих нүүрсний хоёр ч орд тус аймгийн нутагт байна. Хойд бүсийн аймгууд Завхан, Булганд  сайн чанарын коксжих нүүрстэй орд байхгүй.  Тиймээс хөвсгөлчүүд Нүүрстэй, Овоот орд болоод төмөр замын төслийн уул уурхайн үйл ажиллагаанаас өндөр өгөөж хүртэх боломжтой. Мэдээж, өргөн утгаараа аймгаар тогтохгүй Монгол улсын эдийн засагт үр ашиг үзүүлэх томоохон төслүүд  юм. 

Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээс хамаа­рахгүйгээр төслийн хэрэгжилтээр олон давуу тал бий гэдгийг онцлохыг хүсч байна.  Эрдэнэт-Овоот  чиглэлийн төмөр зам нь төмөр замын Хойд коридорын бүрэлдэхүүний нэг хэсэг шугам юм. Энэ утгаараа уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтээс гадна аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, иргэд, аялал жуулчлалд ашиглагдах өргөн утга агуулгатай бүтээн байгуулалт юм. Өөрөөр хэлбэл, ордуудын нөөц дууссан ч  Эрдэнэт-Овоот  чиглэлийн төмөр зам нь дамжин өнгөрөх тээврээс ашиг орлого авчирсаар байх дэд бүтэц бүхий Монгол улсын хөрөнгө болж үлдэнэ.   
 
Танд баярлалаа.
 
 
 
 



Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 14 цаг 2 минутын өмнө
    Build Mongolia 2020 буюу Бүтээн байгуулалт-2020 барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны дөрөвдүгээр сарын  13 – 15-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулна. Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч гурван өдрийн турш бараа материал, техник технологи зэргийг дэлгэн үзүүлэхээс гадна яамдын төлөөллүүд дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн зохион явуулна.
  • 18 цаг 26 минутын өмнө
    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолд үндэслэн тавдугаар сарын 16-нд  Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д  шилжүүлж, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон юм. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан Ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж, одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ. 
  • Уржигдар 15 цаг 04 минутад
    Монгол орны газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Газрын ховор элемент” хөтөлбөрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулж байна. Тус яамны хурлын танхимд өнөөдөр уг хөтөлбөртэй холбоотой талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой саналуудыг тусгахаар ажиллаж байна. 
  • Уржигдар 13 цаг 25 минутад
    Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4%-иар өссөн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8%-иар өссөн байна. Гэхдээ энэ дундаа цайр болон бусад ангилалд багтах эрдсийн татварын үзүүлэлт буурчээ.
  • 2020-01-20 10:41
    Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн  АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт   хүрч чадсан талаар арванхоёрдугаар  сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах  байснаа цуцаллаа.  Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна.