Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэ Ресурс”: Хувьцаагаа Монголд арилжаалахаар цан цохив

Монголын хөрөнгийн зах зээлийн салбарын төдийгүй уул уурхайн салбарт түүхэн үйл явдал болж байна. Учир нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани Монголын биржид давхар бүртгэл хийлгэж буй анхны тохиолдлоор “Эрдэнэ Ресурс” тодорч буй юм. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компанийн хувьцааны арилжааны цан цохих ёслол өнөөдөр Монголын хөрөнгийн биржид боллоо. Ёслолын үйл ажиллагаанд салбарын сайд Д.Сумъяабазар, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, “Эрдэнэ Ресурс” компанийн удирдлагууд болон бусад байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.

Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтайн мэдээлж буйгаар тус компани өнгөрсөн гуравдугаар сарын дундуур давхар бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн байна. Ингээд гурван сар хүрэхгүй хугацаанд компани хувьцаагаа арилжаалахаар болж байгаа нь түүхэн үйл явдал гэдгийг тэрбээр дуулгав.  

Гэхдээ “Эрдэнэ Ресурс” компанийн хувьцааны захиалга тавдугаар сарын 29-нөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 14-ний 13 цагт хувьцааны захиалга дуусах юм. Нийт 4 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 640 төгрөгөөр үнэлж, 2.56 тэрбум төгрөг босгохоор төлөвлөж байна. Хувьцааны андеррайтераар БиДиСЕК, “Голомт Капитал” ажиллаж байгаа юм. Монголд арилжаалах хувьцаа нь тус компанийн нийт хувьцааны 2.7%-ийг эзэлнэ.

“Эрдэнэ Ресурс” нь мөн Канадын хөрөнгийн зах зээлээс хаалттай арилжаагаар 8 сая хүртэлх хувьцааг нэг бүрийг нь 0.38 канад доллараар үнэлэн 3.04 сая канад доллар босгохоор төлөвлөөд байгаа юм. Монгол болон Канадын зах зээлээс босгосон хөрөнгийг тус компани үйл ажиллагаа, хайгуул болон судалгаа шинжилгээний ажилд зарцуулах юм.

“Эрдэнэ Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал энэ үеэр “Бидний энэхүү давхар бүртгэл нь Монгол улсад анх удаа хийгдэж байгаагаараа онцлог бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэг шатаар ахиулан, уул уурхайн компаниудын ил тод байдал, сайн засаглалын шинэ жишгийг тогтооно гэдэгт итгэж байна. Компани хувьцаагаа давхар бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр урт хугацаанд тууштай ажиллалаа. Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн хамтын ажиллагааны үр дүнд биеллээ оллоо. Бид уул уурхайн төсөл хөгжүүлэх ажлын хүрээнд бүх оролцогч талуудад үр ашгийг хүртээх, талуудын оролцоог хангахад онцгой анхаарч нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарласан бодлого хэрэгжүүлдэг. Манай компанийн нийгэм, хүрээлэн буй орчныг хөгжүүлэх бодлогын дагуу орон нутгийн усны хүртээмжийг сайжруулах, иргэдийн боловсролыг дэмжих сургалтууд, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлах, орон нутгийн ажилгүйдлийг бууруулах төслүүд хэрэгжиж байгаа энэ цаг үед ийнхүү хувьцаагаа Монгол улсад давхар бүртгүүлж байгаадаа их баяртай байна” гэв.

Манай улс 2014 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиа шинэчилж, Монголд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудыг дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх боломжийг нээсэн байдаг. Улмаар 2017 онд Давхар бүртгэлийн журмыг батлуулснаар уул уурхайн компаниудын хувьд Монголын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох нөхцөл бодитоор бүрдсэн гэж хэлж болно. Давхар бүртгэл нь Монголын хөрөнгийн зах зээлийн хувь шинэ бүтээгдэхүүн, шинэ туршлага бөгөөд иргэд уул уурхайн төслүүдэд шууд хөрөнгө оруулах, үнэ цэнийг нь хүртэх талаасаа ихээхэн ач холбогдолтойг талууд онцолж байв.

“Эрдэнэ Ресурс” ийнхүү Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын бирж дээр бүртгэлтэй бусад олон компанийн хувьд Монголын хөрөнгийн зах зээлд орж ирэх замынх нь түчээ болж байна. Цаашид хэд хэдэн компани давхар бүртгэл хийхээр судалж байгаа тухай Х.Алтай захирал мэдэгдлээ.

Салбарын сайд Д.Сумъяабазар энэ үйл явдалд ихээхэн ач холбогдол өгч буйгаа тэмдэглээд цаашид уул уурхайн салбар санхүүгийн салбартай уялдаатай ажиллаж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд гол хүчээ тавьж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Гэхдээ энэ бүх үйл явц үе шаттайгаар өрнөх болно гэдгийг тэрбээр тайлбарлалаа. Учир нь бүх компанийг ийм байдлаар нэгэн зэрэг гаргах нь зах зээлийн чадамж, бэлтгэл талаасаа боломжгүй зүйл гэдгийг сайд онцоллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Монголын хөрөнгийн биржид олон улсын биржид бүртгэлтэй компани орж ирэх нь дотоодын биржид бүртгэлтэй бусад компанидаа засаглал, тайлагналын хувьд сайн жишиг нэвтрүүлэх эерэг нөлөөтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Монголын хөрөнгийн бирж дээр саяхан ЛэндМН, “Монгол базальт” зэрэг компани IPO босгоод байгаа бөгөөд хувьцааны захиалга төлөвлөснөөс хэд дахин давж биелсэн билээ. “Эрдэнэ Ресурс” компанийн хувьд дээрх тохиолдлоос ялгаатай нь гэвэл IPO бус харин Монголын зах зээлд зориулж давхар бүртгэл хэлбэрээр (cross listing) нэмэлт хувьцаа гаргаж байна гэж ойлгож болно.

“Эрдэнэ Ресурс” Баянхонгор аймагт Алтан нар, Баянхөндий зэрэг алтны төсөлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд ордуудын нөөцийг эцэслэн тогтоох, холбогдох судалгааг боловсруулах, олборлолтыг эхлүүлэх хүртэлх дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийн ажил зэрэг томоохон ажлууд хүлээгдэж байгаа юм.

Компанийн алтны ордын нөөц нь 22-30 тонн байх боломжтой төдийгүй ордын ТЭЗҮ судалгааны ажлыг ном дүрмийн дагуу ирүүлээд байгаа тухай Салбарын сайд энэ үеэр дуулгалаа. Мөн орон нутагтай ойр хамтран ажилладаг бөгөөд компанийн амжилтын үндэс нь орон нутгийн иргэдийн дэмжлэгийг авч чадаж буйд оршиж байгаагийнх гэж үзэж байгаагаа онцоллоо.



 Б.Төгс