Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн сургалт 4 дэх жилдээ хэрэгжиж байна

Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэд дэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ төслийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Сэтгүүлийн редакцын санаачилгатай анх 2015 онд эхлүүлсэн “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилгын (ЭТИС) дэмжлэгтэйгээр өнгөрсөн 3 жилийн турш тасралтгүй, амжилттай хэрэгжүүллээ. Мөн хугацаанд 8 удаагийн цуврал семинарт 21 аймгийн нийт 100 гаруй сэтгүүлч хамрагджээ. Энэхүү төслийг 2018 онд үргэлжлүүлэн “Оюутолгой” компани болоод МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 4 дэх жилдээ зохион байгуулж байна. 2018 онд нийт гурван удаагийн цуврал семинар болох юм. Дараагийн буюу 10 дахь цуврал семинараар Өмнөговь аймаг дахь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалттай танилцахаар төлөвлөж байна. 

2018 оны эхний семинарын арга хэмжээ тавдугаар сарын 28-29-ны өдрүүдэд Төв аймаг дахь Монгол Кувейтийн байгаль хамгаалах төвд боллоо. 

Семинарын нэг дэх өдөр уул уурхай, эдийн засаг, төсвийн талаарх сэдвүүдэд чиглэсэн юм. “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдвээр МУИС-ийн ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс илтгэл тавьсан. Тэрээр эдийн засаг дахь уул уурхайн салбарын дам нөлөө, эрдсийн түүхий эдийн ханшийн тандалт, таамгийг улсын төсөв болоод судалгаануудад тусгах талаарх ойлголтыг өгсөн. Улсын төсвийн тухайн жилийн онцлог, уул уурхайн салбарын орлого, үнэ ханшийн таамаглал, тооцоололд дүн шинжилгээ хийн уншигчдад хэрхэн ойлгомжтойгоор мэдээлэх, нийтлэл бичих талаар MMJ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт “Төсөв бичих нь” сэдвээр илтгэж, өөрийн туршлагаас хуваалцав. Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэлхийн хөрөнгийн бирж дээр IPO гаргах, Монгол улсын бүх иргэддээ хувьцаа хуваарилах асуудал ид яригдаж байгаа билээ. Үүнтэй уялдуулан хувьцаа, хөрөнгийн бирж, хувьцааны ногдол ашгийн талаар МICC компанийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ “Хөрөнгийн зах зээл ба хувьцааны тухай анхан шатны ойлголтууд” сэдвээр илтгэл тавьж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Уул уурхайн салбарын тухай мэдвэл зохистой ерөнхий цогц ойлголтыг QMC компанийн Ерөнхий захирал М.Дагва “Уул уурхай гэж юу вэ?” илтгэлээрээ сонирхолтой хичээл заалаа.

Семинарын хүрээнд “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн энэ жилийн дэмжигчээр ажиллаж байгаа “Оюутолгой” компанийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Ганзориг “Оюутолгой компанийн орон нутагтай харилцах туршлагаас” сонирхуулсан юм.

Цэвэр мэргэжлийн, сэтгүүл зүйн хүрээнд салбарын хөгжил, чиг хандлагын сэдэв дор зохион байгуулагдсан хоёр дахь өдрийн семинараар МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэ “Интернет орчин, сэтгүүл зүй, боломж”,  МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, докторант Д.Идэржаргал  “Сошиал медиа ба цахим мэдээллийн боловсрол”, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор, дэд профессор Б.Наранбаатар “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба сэтгүүлч” гэсэн илтгэлүүдийг тавьсан юм.

2018 оны ес дэх удаагийн семинарт 21 аймгийн хэвлэл мэдээллийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагын нийт 35 сэтгүүлч оролцов.