Нөхөн сэргээлтийн тусгай данс 12.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна

2018-04-11 14:38
The Mongolian Mining Journal 2018,002




Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Сарангаас алтны уурхайнуудын нөхөн сэргээлтийн талаар тодрууллаа.

Г.Идэр

Сүүлийн жилүүдэд ашигт малтмал олборлосон нийт газар нутгийн хэчнээнд нь нөхөн сэргээлт хийгдсэн  бэ?
2017 оны эхний жилийн байдлаар уул уурхайн зориулалтаар 27068.0 га талбай эвдрэлд орсноос 11375 га-д буюу 42.02%-д техникийн, 7425.0 га-д буюу 27.4%-д биологийн нөхөн сэргээлт хийсэн. 2014 онтой харьцуулбал техникийн нөхөн сэргээлт 0.1, биологийн нөхөн сэргээлт 0.03%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Алтны шороон ордууд дээр жишиг нөхөн сэргээлт хийсэн ямар компаниуд байна вэ?
2017 оны байдлаар алтны шороон ордуудын 1270 орчим га-д нөхөн сэргээлт хийснээс “Уулс Заамар”, “Илт гоулд”, “Монгол майнинг энд эксплорейшн” зэрэг аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн ажлын үзүүлэлтээрээ сайн байна.

Огт нөхөн сэргээлт хийгдэлгүй орхигдсон талбайнууд бий юу?
БОАЖЯ-наас ашигт малтмал ашиглагч аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах нийтлэг эрх үүрэг, хариуцлагатай холбоотойгоор нэлээд арга хэмжээ авч байна. Тодруулбал, аж ахуйн нэгжүүд байгаль хамгаалах үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаад үнэлэлт дүгнэлт өгч эхлээд байгаа. Аж ахуйн нэгжүүд энэхүү үүргээ биелүүлж байж, уул уурхайн үйл ажиллагаа, олборлолт явуулах ёстойг сайн ойлгодог болсон. БОАЖЯ-наас баримталж байгаа гол бодлого бол “байгалийн нөөц баялгийг ашиглагч нь хамгаалж, бохирдуулагч нь төлнө” гэсэн зарчим.

Алтны ордуудыг ашиглаж, нөөц нь дууссан болон дуусах шатандаа яваа аж ахуйн нэгжүүд бий. Зарим компани нөхөн сэргээлт хийхгүй байгаа шалтгаан нь ашиглалт эхлүүлэх үедээ нөхөн сэргээлт, хаалтын ажлаа Техник эдийн засгийн үндэслэлдээ бүрэн тусгаагүй, хөрөнгөө хуримтлуулж чадахгүй байгаатай холбоотой.

Яамны зүгээс Ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран нөхөн сэргээлтийн чиглэлээр хяналт шалгалт хийсэн гэсэн?
Өнгөрсөн жил АМГТГ, МХЕГ, ЦЕГ-ийн Мөрдөн байцаах албаны Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтсийн холбогдох ажилтнуудыг оролцуулан алтны уурхайнуудад хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад 8 аймгийн 20 гаруй суманд үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 аж ахуйн нэгж, 20 бичил уурхай эрхлэгч, хууль бусаар ашигт малтмал ашиглагч 80 гаруй иргэн хамрагдсан. Шалгалтын дүнг Засгийн газрын 2017 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд танилцуулж, 36 тоот тэмдэглэл гаргасан.

Зөрчил гаргасан байгууллагуудад хяналт шалгалтын дагуу ямар арга хэмжээ авсан бэ?
Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн дагуу  Архангай, Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул зэрэг аймгийн Засаг дарга нарт хууль бусаар ашигт малтмал ашиглагчдыг албадан буулгах үүрэг өгсөн. Энэ ажлын хүрээнд нийт 22 аж ахуйн нэгж, 28 нөхөрлөл, 23 иргэний алт олборлож байсан үйл ажиллагааг зогсоож, 15 аж ахуйн нэгж, 8 иргэний асуудлыг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн.

Түүнчлэн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг боловсруулж Засгийн газрын өнгөрсөн оны  долдугаар сарын  хуралдаанд танилцуулсан. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт ашиглалт явуулж  байгаа “Юу Энд Би” ХХК нь 2016, 2017 онд MV-002810 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд   уурхайн олборлолт эхлүүлэхэд шаардагдах баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн дагуу арга хэмжээ авахыг АМГТГ-т тоот дүгнэлтээр хүргүүлсэн.

“Ашигт малтмалын тухай” хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь  заалтыг үндэслэн “Монгол газар” ХХК, “Эм Жи Эйч” ХХК-ийн 5 тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхийг 2 сарын хугацаатай зогсоож, усны бохирдолтоос хамгаалах далан хаалт байгуулсны үр дүнд Орхон голын бохирдолт мэдэгдэхүйц буурсан үр дүнтэй арга хэмжээ болсон гэж үзэж байна.

Байгаль орчны нөхөн сэргээлтийг зохих стандарт түвшинд хийхэд хууль эрх зүйн орчин хангалттай юу? Мэргэжилтний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
Уул уурхайн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явж байна. Энэ хууль ашигт малтмалын зөвшөөрлийн тогтолцоог бий болгох гэхээсээ илүүтэй уурхайн үйл ажиллагааг зохицуулах ёстой гэдгийг  аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн явц байдал харуулж байна.
Хайгуул, ашиглалтын ажлаа эхлүүлэхийн өмнө тухайн аж ахуйн нэгж боловсон хүчин, техник технологи, хөрөнгө санхүүгийн эрсдэл үүсэхээс хамгаалагдах нөхцөлөө сайжруулбал байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасна.   

Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд төвлөрүүлдэг мөнгө нөхөн сэргээлт хийхэд хүрэлцдэг үү?
Одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжоор ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үед хэрэгжүүлэх тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зардлын 50%-ийг тусгай дансанд төвлөрүүлдэг. 2017 оны эцсийн байдлаар Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд 12.4 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна.

Энэ зардал нь эвдэгдсэн газрыг нөхөн сэргээхэд хүрэлцдэггүй. Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлээгүй тохиолдолд байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлж, нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулахаар хуульчилсан. Хэдий тийм  боловч өнөөдөр хуулийн дагуу ингэж нөхөн сэргээлт хийсэн тохиолдол гараагүй.  

БОАЖЯ-наас  Байгаль орчны мэдээллийн сан үүсгэж, үүндээ нөхөн сэргээлт хийх  чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллүүдийг нэгтгэх, өргөтгөх ажлыг эхлүүлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу?
2018 оны эхний улиралд багтаан ашигт малт­малын тусгай зөвшөөрөл эзэмшигч, баяжуулах, боловс­руулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл түүний хөдөл­­гөөн, ТЭЗҮ, БОНБҮ, төрийн захиргааны бай­гуул­лагаас өгсөн зөвшөөрөл, дүгнэлт, байгуулсан гэ­рээ­ний талаар мэдээллийн цогц сан бий болох юм.

Сангийн мэдээллийн бүрдүүлэлтийн ажил хийгдсэнээр уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас байгаль орчинд учирч буй хохирол, доройтол, үүссэн нөхцөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлж байгаа ажлууд тодорхой болно.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэр төрд халдах, үндэслэлгүйгээр буруутгах, ойлголтын зөрүүг арилахад мэдээллийн сан томоохон дэмжлэг болно гэж бодож байна.  

Алтны ордуудын нөхөн сэргээлт ямар онцлогтой вэ?  
Нөхөн сэргээлт бол маш өргөн хүрээтэй асуудал. Алтны ордуудын ашиглалт өөрийн онцлогтой. Нөхөн сэргээлтийн бодит ажил хэдийд эхэлж,  хэзээ дуусах нь энэ онцлогоос шалтгаалдаг. Уурхайн ажил эхлэх үеэс шимт хөрсний овоолгоо хийж, үүнийгээ хадгалж  хамгаалахаас нөхөн сэргээлтийн ажил эхэлдэг. Тодруулбал, нөхөн сэргээлт нь уурхайг ажиллуулж эхлэхээс өмнө буюу хайгуулаар нөөц батлагдсаны дараа, ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж эхлэхэд зэрэг эхэлдэг ажил. Уурхай ажиллаж байх бүх үйл явцтай зэрэгцэн хийгдээд хаалтын дараа газрыг хүлээлгэж өгөх үйл явц юм.

Аливаа уул уурхайн компаниуд байгаль орчны чиглэлээр эхнээсээ хариуцлагатай байж чадвал нөхөн сэргээлт амжилттай явах бүрэн боломжтой. Уурхайг хаасны дараа тухайн газрыг ямар зориулалтаар ашиглах вэ гэдэг асуултад хариулахаас нөхөн сэргээлтийн ажил эхэлдэг. Монгол орны онцлогтой уялдаад бэлчээр, газар тариалан, аялал жуулчлал, сургалтын бааз зэрэг олон зориулалтын аль тохирохыг сонгосноор нөхөн сэргээлт эхэлж байгааг сайтар ойлгож, ажлаа төлөвлөж эхлүүлэх хэрэгтэй.


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 21 цаг 35 минутын өмнө
    Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн  АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт   хүрч чадсан талаар арванхоёрдугаар  сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах  байснаа цуцаллаа.  Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна. 
  • 2020-01-17 19:42
    Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ. 2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.
  • 2020-01-17 16:09
    2019 онд Хятад 46.33 мянган тонн газрын ховор метал экспортолсон нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3657 тонн газрын ховор метал экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 32.5%-иар буурчээ. Энэхүү бууралтыг Хятадын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, Япон, АНУ болон Европын Холбооны аж үйлдвэрлэл саарч буйтай холбон тайлбарлаж байна. АНУ-Хятадын худалдааны зөрчилтэй шууд холбоогүй гэдгийг ч тэмдэглэж байгаа юм. 
  • 2020-01-17 13:11
    2019 онд Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 6.7%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ. Үүнээс экспортын үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллартай тэнцсэн бол импортын хэмжээ 6.1 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ 2018 оныхтой харьцуулахад 8%-иар, экспортын үзүүлэлт 8.7%-иар нэмэгджээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 31.3% буюу 355.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт төдийгүй гадаад худалдаа 2014 оноос хойш ашигтай гарч эхэлснийг ҮСХ онцлов.
  • 2020-01-17 12:56
    Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Захирагч нарын зөвлөл Масацугу Асакаваг өнөөдөр тус банкны Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлж байна. Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай Асакаваг АХБ-ны Удирдах зөвлөлөөс 10 дахь Ерөнхийлөгчөөр сонгосон юм.Тэрээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан “Их 20”-ийн Сангийн сайд нар болон Төв банкны Ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан “Их 20”-ийн анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байв.