2018 онд Гацууртыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн өөдрөг хүлээлттэй байна

2018-04-09 10:52


Гацууртын алтны үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор төслийн эдийн засгийн үр өгөөжийн тооцооллыг хамтран судлах Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар хоёрдугаар сарын 12-ны өдөр байгуулжээ. Ажлын хэсэг болон компанийн хооронд эхний уулзалтууд болсон байна. Гацуурт төсөл тойрсон асуудлаар “Сентерра Гоулд Монголия” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Отгонтогтохтой MMJ-ийн Н.Ариунтуяа ярилцлаа.

Гацуурт бол ашиглалтад хамгийн сайн бэлтгэгдсэн төсөл. Гацууртын алтны үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой хэлцэл Монголын Засгийн газар болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хооронд үргэлжилж байгаа гэж ойлгосон. Явцын талаар мэдээлэл өгнө үү?
Аль ч Засгийн газар Гацууртыг эдийн засгийн эргэлтэд оруулна, хөдөлгөх төслийн нэг гэдгийг илэрхийлсээр ирсэн. Гацууртын алтны үндсэн ордыг ашиглахтай холбогдуулан Монгол улсын Засгийн газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголия” ХХК-ийн хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах албан ёсны хэлэлцээ анх 10 жилийн өмнө буюу 2008 онд эхэлсэн юм.

Талууд гэрээний төслүүдээ харилцан солилцож, яриа хэлэлцээ урагштай, идэвхтэй явсан. Гэвч 2009 онд УИХ-аас “Урт нэртэй” хуулийг батлан гаргасантай холбогдон үйл явц үндсэндээ зогссон гэж хэлж болно. Гацууртын алтны үндсэн ордын тусгай зөвшөөрлийн талбай “Урт нэртэй” хуулийн хамрах хүрээнд багтах эсэх нь тодорхойгүй байсаар 2012 оны тавдугаар сард Монгол улсын Засгийн газрын тогтоол гарснаар асуудлыг эцэслэн шийдсэн юм. Дараа нь УИХ-ын 2012 оны ээлжит сонгууль болсон. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар өмнөх Засгийн газруудын нэгэн адил Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн байр сууринаас хандсан. Засгийн газар Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах саналыг УИХ-д оруулсан юм. УИХ энэ асуудлыг гурвантаа хэлэлцсэн. Явсаар 2015 оны эхээр стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан бол 2016 оны эхээр Гацууртын ордод төрийн эзэмших хувь хэмжээг тогтоосон шийдвэр гаргасан.

Стратегийн орд болсны дараа Засгийн газар болон компани Хөрөнгө оруулалтын гэрээ, Орд ашиглах гэрээний хэлэлцээний ширээний ард суусан юм. Ялангуяа 2016 оны хавар хоёр талаас идэвхтэй яриа хэлцэл хийж, гэрээний төслүүд дээр зарчмын хувьд тохиролцоод байлаа. Гэвч хараахан эцэслэгдээгүй байтал 2016 оны УИХ-ын ээлжит сонгуультай золгосон түүхтэй. 2016 оны сонгуулийн дараах Засгийн газар мөн л Гацууртын ордын яриа хэлэлцээг эцэслэж, гэрээнүүдийг байгуулах эрмэлзэлтэй байсныг хэлэх ёстой.
 
Гацууртын ордын нөөцийг 2007 онд шинэчлэн тогтоож, 2013 онд нөөцийн тодотгол хийж, 2008, 2014 онд ТЭЗҮ-ийн тодотголоо батлуулсан юм. Ордын нөөц болон техник-эдийн засгийн үндэслэлийг баталснаас хойш нэлээд хугацаа өнгөрчихлөө. Түүнээс гадна 2015 оны есдүгээр сард Уул уурхайн сайдын тушаалаар Ашигт малтмалын баялаг, нөөцийн ангилал, заавар шинэчлэгдсэн. Дээрээс нь алтны үнэ ихээхэн өөрчлөгдсөн, цахилгаан, шатахуун зэрэг суурь үнэ өссөн зэргээс шалтгаалан төслийн эдийн засгийн тооцоог эргэж харах, шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарсан. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас Гацууртын ордын нөөцийн тодотголыг хийх чиглэл өгсөн юм. Компанийн зүгээс нөөц хийгээд ТЭЗҮ-ийн тодотголыг нэг мөр хийж, төслийн эдийн засгийн тооцоог шинэчлэх ажлыг 2017 оны сүүлийн хагаст гүйцэтгэж дуусгаад байна.

Гацууртын ордын нөөцийн тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхэд бэлэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл шинээр бүрдэж, үйл ажиллагаагаа эхлүүлмэгц нөөцийн тодотголоо өгнө. Нөөцийн тодотгол батлагдвал ТЭЗҮ-д нэмэлт өөрчлөлт оруулж, мөн ЭБМЗ-өөр хэлэлцүүлнэ. Үндсэндээ нөөцийн тодотгол, ТЭЗҮ-ээ батлуулах ажлууд хүлээгдэж байна.

Энэ сараас урьдчилсан байдлаар төслийн эдийн засгийн үр өгөөжийн тооцооллыг хамтран судлах ажил эхэлж байна. 2018 ондоо багтаад энэ бүх ажил хийгдчих байх гэсэн өөдрөг хүлээлттэй байгаа.

Нөөцийн тодотгол, ТЭЗҮ-ийн шинэчлэлд ямар нөхцөлүүд өөрчлөгдөж байгаа бол? Тухайлбал нөөц нэмэгдсэн үү, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал яаж өөрчлөгдөж байгаа вэ? Бас татвар, төлбөр, хураамж дээр ямар өөрчлөлт орох бол?
Ашигт малтмалын нөөцийн шинэчлэгдсэн ангилал, зааврыг мөрдсөнөөс гадна төслийн эдийн засгийн зарим суурь үнэ өссөн зэргээс шалтгаалаад ордын геологийн болон эдийн засгийн ашигтай нөөц өмнө батлагдсан нөөцийн тайланд дурдсанаас зарим талаар өөрчлөгдсөн.

Нөөцийн тайлан болон ТЭЗҮ-ийг ЭБМЗ-ийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийн өмнө Салбарын яамнаас томилогдсон бие даасан шинжээчид дүгнэлтээ гаргадаг. ЭБМЗ-ийн гишүүд санал дүгнэлттэй танилцаж хэлэлцсэний үндсэн дээр ЭБМЗ-ийн шийдвэр гарна. Тиймээс ЭБМЗ-өөр хэлцэгдээгүй, албан ёсны шийдвэр гараагүй байхад нөөцийн тодотголын талаар тоо баримт зарлах нь зохисгүй байх. ЭБМЗ хүлээж авсны дараа төслийн эдийн засагтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг танай сэтгүүлд өгч болно.  

Төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахад компаниас шалтгаалж байгаа асуудал бий юу?
Гацуурт төслийн техникийн дэлгэрэнгүй тайланг “Сентерра гоулд” корпораци олон улсын стандартын дагуу 2016-2017 онд хийгээд 2017 оны арванхоёрдугаар сард SEDAR дээр олон нийтэд нээлттэй танилцуулсан байгаа.

Энэ тайлангаар төслийн IRR буюу өгөөжийн дотоод түвшин ердөө 9.3% гарсан. IRR нь хөрөнгө оруулалтын үр ашгийн түвшинг буюу хөрөнгө оруулагчид төлж болох ашгийн хамгийн дээд хэмжээг харуулдаг үзүүлэлт. IRR 9%-тай байна гэдэг нь төслийг хэрэгжүүлэгч талуудад хийх ажил маш их байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төслийн үр ашгийг дээшлүүлэхүйц хөрөнгө оруулалтын аливаа дэмжлэгүүдийг одоогийн хэрэгжиж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд эрэлхийлэх, хөрөнгө оруулалтын болон төслийн үйл ажиллагаатай холбоотой гэрээнүүдийг шуурхай хийх шаардлагатайг харуулж байна.

Одоо хэрэгжиж буй татварын зохицуулалтын хүрээнд хөрөнгө оруулалт, шинэ техник, технологи оруулж ирэхэд төдийлэн таатай биш байгаа.

IRR 9%-тай гарсны үндсэн шалтгаан юу вэ? Цаг хугацааны хүчин зүйлээс хамааралтай юу? Эсвэл хөрөнгө оруулалт, татварын орчин нөлөөлж байна уу? 2013 онд батлагдсан ТЭЗҮ-д төслийн дотоод өгөөжийн түвшин хэдэн хувьтай байсан  юм бэ?      
Өмнөх ТЭЗҮ-ийн IRR нэлээд буурч гарсан нь олон хүчин зүйлээс хамааралтай. Эрхзүйн болон хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, байнга өөрчлөгддөг нь мэдээж нөлөөлнө. Мөн төслийг хэрэгжүүлж чадахгүй 10 жилийг алдаж байгаатай ч холбоотой. Төслийн голлох үйл ажиллагааны зардлуудын үнэ ханш хэд байгаад одоо хэд болчихоод байгаа билээ. Дээрээс нь ханшийн эрсдэлүүд байна. Хамгийн гол нь татварын орчин тийм ч таатай бус, татварын ачаалал өндөр байгаатай холбоотой.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2019 оноос эхлээд үндсэн 5%, үнээс шалтгаалаад өсөн нэмэгдэж байгаа бол 5 хүртэл хувиар, дээрээс нь нэмээд стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулсан тусгай төлбөр 5 хүртэл хувь болно. Өөрөөр хэлбэл, алтны үнэ 1300 ам.доллар байхад борлуулалтын орлогын 15 хүртэл хувийг роялтид төлнө гэсэн үг.

Гацуурт төслийн хувьд Засгийн газар болон компани хооронд хийсэн гэрээ хэлцлээр тусгай роялтиг 3%-иар тогтоож, Харилцан ойлголцлын санамж бичиг зурагдсан. Тиймээс алтны үнэ 1300 ам.доллараас дээш болоход 13%-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоосоо төлнө. Дээрээс нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 25% гэхээр төсөл дээр бууж байгаа татварын ачаалал нэлээд хүнд байгаа.     
                     



Гацууртын тусгай зөвшөөрөлтэй  холбоотой маргаан шүүх дээр шийдэгдэлгүй багагүй хугацаа  авлаа.  Энэ асуудалд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар байр сууриа илэрхийлнэ үү?
Тухайн үеийн АМГТХЭГ-ын Кадастрын газрын даргын 2004, 2005 оны шийдвэрээр “Сентерра Гоулд Монголия”   компани Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж ирсэн. Тус шийдвэрүүд гарснаас хойш 10 жилийн дараа буюу 2015 онд байгуулагдсан “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ эдгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байгаа. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны хоёрдугаар сарын 5-нд буюу Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай тогтоол гарсны маргааш нь захиргааны хэрэг үүсгэсэн. Үүнд  хариуцагчаар АМГТГ-ыг, гуравдагч этгээдээр “Сентерра гоулд Монголия” ХХК болон Монгол улсын Засгийн газрыг тус тус татан оролцуулсан. Захиргааны энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй хоёр жил гаруйн хугацаа өнгөрөөд явж байна. Компани маргаанд хариуцагч бус гуравдагч этгээдээр татагдсан. Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад энэ талаар мэдээлэл өгөх нь тохиромжгүй байх.

Манай компанийн хувьд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямарваа  хууль тогтоомжийг зөрчөөгүй. Ямагт хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, хуулийн хүрээнд тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байгаагаа тэмдэглэхийг хүсч байна.

ЕСБХБ-наас Гацуурт төсөлд зориулж хөрөнгө татсан. Гэвч төсөл хэрэгжихгүй хугацаа алдсанаас зээл буцаагдах эсвэл зээлийн нөхцөлд өөрчлөлт орох юм байна гэж ойлгосон. Энэ талаар тодруулж өгнө үү?
“Сентерра Гоулд” корпораци 2016 онд ЕСБХБ-тай 5 жилийн хугацаатай 150 сая ам.долларын зээлийн шугам үүсгэсэн. Үүний 50 сая ам.доллар нь Гацууртын шууд болон шууд бус зардлуудыг санхүүжүүлэхэд зориулагдахаар байсан ч төсөл хэрэгжихгүй удааширсантай холбоотойгоор 2017 онд буцааж төлсөн. Гэхдээ Гацуурт төсөл хөдлөхөөр бол хөрөнгө оруулалт хийх эх үүсвэрүүд бэлэн, зээлийн шугам байгаа.

Хугацаа их алдаж буйн улмаас “Сентерра Гоулд” Гацууртаас татгалзах нь гэсэн мэдээлэл өнгөрсөн жил уул уурхайн салбарынхны дунд нэлээд явсан.  “Сентерра Гоулд”-д Гацуурт төслийг зарах сонирхол байгаа юу?
Яг одоогоор тийм сонирхол байхгүй.

2017 онд полиметалын Алтан Цагаан Овоогийн ордоо зарсан. Эдийн засгийн үр ашигтай сайн ордоо зарах болсон шалтгаан нь юу байв?
Алтан Цагаан Овоогийн ордын лицензээ 2017 онд “Степпе Гоулд” компанид шилжүүлсэн. Торонтогийн бирж дээрх энэ компани удахгүй IPO хийх гэж байх шиг байна. Ашиглахад бэлэн шахам Гацууртын алтны үндсэн ордын төсөл хэрэгжихгүй 10  жил саатчихлаа шүү дээ. Дээрээс нь Монгол улсын эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчин байнга өөрчлөгдөж байгаа зэрэг нь нөлөөлсөн болов уу гэж бодож байна.

“Сентерра Гоулд Монголия” ХХК ашигт малтмалын хэчнээн тусгай зөвшөөрөл эзэмшдэг вэ?
Одоогоор Гацуурт төслийн хүрээнд ашиглалтын 4 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. Мөн ой, гол мөрний хамгаалалтын бүстэй давхацсаны улмаас АМГТГ-т хураагдсан ч асуудал нь эцэслэн шийдэгдээгүй ашиглалтын 2 тусгай зөвшөөрөл бий.

Төслийн бэлэн байдлыг хангах үүднээс яг одоо хөрөнгө оруулагчийн зүгээс ямар ажлууд гүйцэтгэж байна вэ?
Гацуурт төслийг ашигтай байлгах чухал нөхцөлүүдийн нэг бол бэлэн байгаа Бороогийн уурхайн дэд бүтэц, үйлдвэрийг ашиглах явдал. Гацууртын талбайд химийн бодис ашиглахгүй, үйлдвэрлэл явуулахгүй. Бүгд Бороогийн уурхайн үйлдвэрт явагдана. Гацуурт төслийг эхлүүлнэ гэдэг үүднээс Бороогийн дэд бүтэц, үйлдвэрийн хадгалалт, арчилгаанд багагүй хөрөнгө зарж, бэлэн байлгадаг. Мэдээж нэмж сайжруулах ажлууд бий.  
     
Мөн хөрөнгө оруулагчийн зүгээс 2010-2011 онд Бороо гол дээр 18 метр урттай төмөр-бетон гүүр, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамаас Гацууртын уурхай хүртэл 45.5 км урттай сайжруулсан шороон хучилттай авто зам тавьсан. Гацууртын уурхайн талбай дээр Захиргаа, засварын барилгын комплекс, шатахуун түгээгүүрийн станц байгууламжууд барьсан. Эдгээр нь “Урт нэртэй” хууль гарахаас өмнө хийж бэлтгэсэн ажлууд.

2016-2017 онд манай компани байгаль орчны чиглэлээр нэлээд чухал судалгаанууд хийлээ. Палеонтологи, археологи, гидрогеологи болон цэвдгийн судалгаанууд, Хараа голын сав нутгийн ус, хөрсний хүнцлийн агууламж, орон зайн тархалтын судалгаануудыг ШУА-ийн харьяа холбогдох хүрээлэнгүүдээр хийлгэсэн. Судалгааны үр дүнгүүд ямар нэг сөрөг нөлөөлөл байхгүй гэж гарсан.    

Гацуурт төсөл хэрэгжсэнээр 1000-1200 гаруй ажлын байр бий болно. Тал нь үндсэн ажилчид гэхээр үлдсэн нь гэрээт гүйцэтгэгчид байх болов уу. Ерөнхийдөө боловсон хүчин бэлэн. Чухал мэргэжлийн боловсон хүчнүүдээ компани дээрээ хадгалж байгаа. Бидэнд туршлага бий, компанийн боловсон хүчин сургах бэлтгэх стандарт байгаа учраас энэ тал дээр асуудал гарна гэж бодохгүй байна.

Мэдээж төсөл эхэллээ гэхэд боловсон хүчнээ сургаж чадавхжуулах ажил идэвхтэй явна.

Хөрөнгө оруулалтын орчны талаар тодруулж асуумаар байна. Хөрөнгө оруулагчдад ямар асуудлууд хүндрэлтэй, таагүй тусч байна вэ?
Хөрөнгө оруулалтын тухай хуульд сайхан заалтууд бий ч үндсэндээ тунхгийн шинжтэй. Хөрөнгө оруулалтын энэ дэмжлэгийг авъя гэхэд Татварын хуульд байхгүй учраас болохгүй гэдэг. Тэгээд тэр дэмжлэгийг яаж хүртэх ёстой юм бүү мэд. Иймэрхүү байдлаар бодлого хууль тогтоомж уялдахгүй тал цөөнгүй. Дээрээс нь байнга өөрчлөгдөнө.

Уул уурхайн салбарт баримталж байгаа төрийн бодлогоо татвар, хөрөнгө оруулалтын орчин нь хязгаарлаад байгаа юм шиг харагддаг. 2014 онд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлагдсан. Хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийх, шинэ орд газар илрүүлэх үүднээс хайгуулыг дэмжинэ гээд заачихсан. Гэвч хувийн компани эрсдэлээ үүрээд, тодорхой орд олоод түүнийгээ хөгжүүлээд явах гэхээр эрхзүй, хөрөнгө оруулалт, татварын орчин нь байна уу гээд харахаар хэцүү.

Уул уурхай, геологи хайгуулын салбарыг дэмжинэ гэдэг ч татварын зохицуулалтууд дээр эсрэгээрээ огцом өөрчлөлтүүд орж ирэх жишээний. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Төсвийн тухай хуулийг дагаж Татварын хуулиудад багагүй өөрчлөлт орлоо.

Тухайлбал, газрын болон тусгай зөвшөөрлийн эзэмшил өөрчлөгдөхөд 30%-ийн татвар төлөхөөр болсон. Дараахан нь Сангийн яам хуулийг хэрэгжүүлэх аргачлалаа баталсан. Аргачлалыг болон энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг харахад хөрөнгө оруулагчид, ялангуяа хайгуул хийж байгаа компанид нэлээд дарамттай байж болохуйц заалтууд харагддаг.  

Тусгай зөвшөөрлийн шилжих хөдөлгөөн хялбар биш, татварын өндөр ачаалалтай байх нь хайгуулын салбарын хөгжлийг сааруулж болзошгүй. Манайх шиг компанийн хувьд хайгуулаа хийгээд ашиглалтаа эхлүүлээд явчихаж болно. Гэтэл зөвхөн хайгуул хийдэг, зөвхөн ашиглалт явуулдаг компаниуд байдаг. Хайгуулын компани хөрөнгөө гаргаад, нөөц илрүүлсний дараа ашиглалт явуулдаг, техник технологитой, боловсон хүчинтэй компанид тусгай зөвшөөрлөө шилжүүлээд тэр компани нь ашиглалтыг эхлүүлээд явдаг жишиг түгээмэл. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх явц түвэгтэй, өндөр татвартай байх юм бол хөрөнгөө гаргаад, өндөр эрсдэл үүрээд хайгуул хийх компани ховордох болов уу.

Нөгөө талаас хувийнхаа хөрөнгөөр хайгуул хийж байгаа компани НӨАТ-аа буцаан авах боломжгүй, авдаггүй. Хөрөнгөө оруулаад, эрсдэлээ үүрээд орд нээх гэж яваа хайгуулын компанид татварын ямар нэг дэмжлэг байхгүй гэсэн үг.        
Манай компани жишээлбэл 2010-2012 оны үед хайгуулын төслүүддээ жилдээ 10-12 сая ам.доллар зарцуулдаг байсан. Гэтэл одоо хэрэгжиж байгаа татварын бодлогоор хайгуулыг дэмжих битгий хэл хувийн хөрөнгөөр хайгуул хийхэд маш хүндрэлтэй орчин бий болчихоод байна. Бид одоогоор нэг ч төгрөгийн хайгуулын ажил хийхгүй байгаа. Сүүлийн үед  хайгуулын үйл ажиллагаа маш идэвхгүй байдалд орж байна шүү дээ.

Шинэ техник технологи, мэдлэг гаднаас оруулж ирж нутагшуулъя гэхэд олон улсад өрсөлдөхүйц хэмжээний татварын орчин байна уу гэвэл үгүй. Шинэ техник тоног төхөөрөмж оруулж ирлээ гэхэд түүнийг дагаад боловсон хүчнээ бэлтгэх, судалгааны бэлтгэл ажлууд зайлшгүй хийгдэх ёстой. Ийм ажлууд хямдхан байдаггүй. Гаднаас шинэ технологи оруулж ирж нэвтрүүлье гэхэд суутган тооцох татварыг 20%-иар төлдөг. Дээрээс нь НӨАТ-ийн 10% төлж байгаа. Энэ нь хөрөнгө оруулагчид өсөн нэмэгдэх байдлаар татварын ачаалал болчихдог. Гаднаас оруулж ирж байгаа шинэ мэдлэг болгонд бараг 40 орчим хувийн татвар төлж байна шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Энэ эмийг ***** идэг
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
  • Манай баялгыг татвар төлөхгүйгээр ачаад гарсан новшийн компани биз дээ Юун эдийн засгийн эргэлтэнд оруулах энэ тэр гээд уран панаал үсэргэнэ вэ Ард түмэнд нэг төграгний цалин нэмэхгүй ш дээ
    2018 оны 04 сарын 10 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 7 цаг 21 минутын өмнө
    “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс  есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын  370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.   
  • Өчигдөр 15 цаг 46 минутад
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • Өчигдөр 10 цаг 58 минутад
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.