ЗЭС: Экспортын орлогоор тэргүүлэгчийн байр сууриа бататгав

2018-03-13 15:47

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол улс оны эхний хоёр сарын байдлаар 838.4 сая долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 726 сая долларын бараа импортоор худалдан авсан байна. Ийнхүү гадаад худалдааны бараа эргэлт эхний хоёр сарын байдлаар 1.6 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 248.1 сая доллараар буюу 18.9%-иар дээшиллээ. Гэхдээ экспортын хэмжээ өмнөх оныхоос ердөө 1.6%-иар өссөн бөгөөд уг өсөлтөд алтны экспорт 41.4 сая доллараар өссөн нь нөлөөлжээ. Харин импортын хувьд өмнөх оны мөн үеийнхээс 47.9%-иар буюу 235 сая доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүн, тэр дундаа дизель түлш, мөн машин механик тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, төмөрлөг зүйлс, тээврийн хэрэгсэл, сэлбэг зэргийн импорт бүгд өссөн нь нөлөөлжээ. Манай улсын гадаад худалдааны тэнцэл  эхний хоёр сард ашигтай гарсан ч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 67.4%-иар буурч 112.4 сая долларын ашигтайгаар тэмдэглэгдлээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт оны эхний хоёр сард 690.6 сая долларт хүрч, нийт экспортын 82.4 орчим хувийг эзэллээ. Энэ дундаа нүүрсний экспорт мөнгөн дүнгээр 245.4 сая долларт хүрсэн нь эрдсийн экспортын 35.5%, нийт экспортын 29.3%-ийг бүрдүүлсэн байна. Хоёрдугаар сарын нүүрсний экспортыг дангаар нь авч үзвэл 1.25 сая тонн болж өмнөх нэгдүгээр сарынхаасаа 742.8 мянган тонноор багаслаа. Үүнд боомтын нэвтрэлт удааширсан нь нөлөөлсөн ч манай улсын нүүрсний экспорт Хятадын Цагаан сарын баяраар багасдагийг бас дурдах нь зүйтэй.

Эхний хоёр сарын дүнгээрээ нүүрсний экспортын хэмжээ мөн л доогуур байна. Жингээр 3.25 орчим сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 33.2%-иар, мөнгөн дүн 245.4 сая доллар байгаа нь 25%-иар тус тус бууралттай байгааг илтгэнэ.

Зэсийн баяжмалын экспортын борлуулалт мөн хугацаанд 205.1 мянган тонн буюу 274.6 сая доллараар илэрхийлэгдлээ. Энэ нь жингийн үзүүлэлтээр өмнөх оны мөн үеийнхээс 14.7%-иар доошилсон ч үнийн дүнгээр 11.5%-иар ахисан үзүүлэлт боллоо. Зэсийн хувьд өнгөрсөн онд экспортын орлогын дүнгээр нүүрсний ард орж байсан бол ийнхүү хоёрдугаар сараас эхлэн тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн олж аваад байна. Харин цэвэр зэсийн экспорт багассан дүнтэй гарлаа. Эхний хоёр сарын дүнгээр цэвэр зэсийн борлуулалт жингээр 2.3 мянган тонн, үнийн дүнгээр 15.8 сая доллартай тэнцсэн нь биет үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 20.5%, орлогоор 3.7%-иар доошилсон дүнтэй гарлаа.

Алтны хувьд эхний хоёр сард экспортын орлогоор гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Мөн хугацаанд манай улс 1.7 тонн алт экспортолж 72.2 сая орчим доллар олсон нь өмнөх оны мөн үетэй жишихэд биет жингээр 2.2 дахин, үнийн дүнгээр 2.3 дахин дээшилсэн байна.

Түүхий газрын тосны экспорт мөн хугацаанд 1 сая 9.9 мянган баррельд хүрч, 62.6 сая доллартай тэнцсэн нь жингийн тухайд 10.3%-иар буурсан ч үнийн дүнгээр 6.9%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа.

Төмрийн хүдрийн экспортын дүн эхний хоёр сарын байдлаар жингийн хувьд нэлээд өссөн ч орлогын үзүүлэлт бууралттай гарлаа. Оны эхний хоёр сарын байдлаар манай улс  932.4 мянган тонн хүдэр экспортлоод байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 30.7%-иар өссөн ч орлогын дүн нь харин 11.9%-иар багасч 39.6 сая доллартай тэнцэв.

Цайрын хүдэр, баяжмалын экспортын өсөлт харин сайн үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд цайрын баяжмалын борлуулалт жингээр 21.1 мянган тонн байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 13.1%-иар нэмэгдэж, улмаар орлогын дүн нь даруй 37.9%-иар өсч 37.2 сая орчим долларт хүрлээ.

Жоншны хүдэр, баяжмалын экспортын тухайд ч мөн адил өндөр өсөлт тохиогоод байна. Жоншны экспортын борлуулалт жингээр мөн хугацаанд 49.5 мянган тонн байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 48.7%-иар өссөн бол орлого нь хоёр дахин буюу 103.6%-иар нэмэгдэж 15.7 орчим сая доллартай тэнцлээ.

Хар тугалгын хүдэр, баяжмалын экспорт оны эхний хоёр сарын байдлаар 2.48 орчим мянган тоннд хүрч 6.6 сая долларын үнийн дүнгээр илэрхийлэгдэж буй нь өмнөх оны мөн үеийнхээс жингээр 14.9%, үнийн дүнгээр 7.2%-иар буурсан үзүүлэлт боллоо.

Молибденийн баяжмалын экспортын биет хэмжээ 0.9 мянган тоннд хүрсэн нь 19.2%-ийн бууралттай үзүүлэлт ч гэлээ орлогын дүн нь 7.1%-иар өсч 6.08 сая долларт хүрсэн байна.

Гянтболдын хүдэр, баяжмалын борлуулалт мөн хугацаанд 50.9 тонн буюу 699.4 мянган долларын үзүүлэлттэй гарсан нь биет жингээр 13.5%-иар буурсан ч үнийн дүн 34.6%-иар нэмэгдснийг илтгэлээ.

Ийнхүү зэс, газрын тос, цайр, жонш, молибдени, гянтболдын хувьд экспортын орлогын үзүүлэлт нь нэлээд өсөлттэй гарлаа. Үүнд зах зээлийн таатай нөхцөл нөлөөлж буй нь дамжиггүй. Хэдий тийм ч эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт өмнөх оны мөн үеийнхээс 37.2 сая доллар буюу 5.1%-иар буурсан дүнтэй гарлаа. Үүнд нүүрсний экспорт эхний хоёр сарын байдлаар өмнөх оны мөн үеийн дүнгээс 25%-иар буюу 82 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлөв. Өөрөөр хэлбэл эрдсийн экспорт дийлэнх төрөлдөө орлогын дүнгээр өссөн хэдий ч уг өсөлтийн эерэг нөлөө нь нүүрсний экспортын танагдалтын улмаас зөвхөн бууралтыг нөхөх байдлаар л мэдрэгдэж байна. 

 

Б.Төгс

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 13 цаг 53 минутад
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • Уржигдар 13 цаг 52 минутад
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • Уржигдар 13 цаг 00 минутад
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
  • 2020-05-21 14:53
    Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна.