Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Уул уурхайн хуанли 2018


The Mongolian Mining Journal /2018.001/ №110

Бэлтгэсэн Э.Оджаргал

The Mongolian Mining Journal сэтгүүл нь жил бүрийн эхний сард “Уул уурхайн хуанли” булангаараа дотоодод болон гадаад  улс орнуудад зохион байгуулагдах уул уурхай, эдийн засаг, хөрөнгө оруулалтад чиглэсэн хурал чуулган, арга хэмжээний мэдээллийг тоймлон хүргэдэг уламжлалтай. Үүсэн байгуулагдаад 10 дахь жилтэйгээ золгож буй манай сэтгүүл салбарын хурал чуулган, үзэсгэлэнд мэдээллийн түншээр тогтмол оролцож ирэв. MMJ-ийн сэтгүүлчид хилийн чанадаас, тодруулбал Хонконгоос “Mines and Money”, Сингапураас “Asia Mining Congress”, Тянжинаас “China Mining Congress and Expo”, Мюнхенээс BAUMA, Венаас НҮБ-ын “Атомын энергийн аюулгүй ажиллагаа”, Бээжингээс АПЕК-ийн орнуудын уулзалт, Өрөмчөөс “Торгоны бүсийн эдийн засгийн зам”, Бангкокоос “Баялгийн хөгжил ба баялгийн засаглал”, Канадаас SDIMI, CIM AGM зэрэг хурал, үзэсгэлэнгийн “амьд” сурвалжлагуудыг газар дээрээс нь хүргэжээ.

Мэдээллийн түншээс гадна сэтгүүлийн редакциас бие даан “Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил”, “Мега төсөл”,” “CTL буюу нүүрс боловсруулан шингэн түлш гаргах технологийг Монголд хөгжүүлэх асуудал” зэрэг хурал хэлэлцүүлэг болоод уул уурхайн салбарын шилдгүүдийг шалгаруулах “Mining Journal Awards” арга хэмжээг 5 жил дараалан зохион байгуулсан билээ. 
 
Монголын уул уурхайн хамгийн анхны томоохон арга хэмжээ “Дисковер Монголиа” чуулган энэ жил 16 дахь жилдээ зохион байгуулагдана. Тус чуулган зохиогдсоноос хойш 5 жилийн дараа 2008 онд Улаанбаатар хотноо Фронтиер Секьюритис компаниас “Инвест Монголиа” хурлыг зохиож,
"Монголын геологи хайгуул-Roundup" чуулган, тоног төхөөрөмжийн “Minetech” үзэсгэлэн нээгдэж байжээ.

Монголын эрдэс баялгийн салбарын хөгжил эрчимжсэн он жилүүдэд уул уурхайн хөгжлийн зөв бодлого, шийдлийг эрэлхийлсэн “Монголиа” тодотголтой олон улсын чуулга, үзэсгэлэнгүүд ар араасаа мэндэлж, өдгөө 20 гаруй болж тэлсэн байна. Дэлхийд нэр хүндтэй хурал үзэсгэлэнгийн зохион байгуулагчид манай улсад Mining Mongolia, Coaltrans арга хэмжээгээр барууны хурал чуулган, үзэсгэлэнгийн жишгийг таниулж байлаа. Тэр дундаа Германы стандартаар “Future Mongolia” үзэсгэлэн  зохиогдож, хожим нэрээ өөрчилсөн нь одоогийн “Expo Mongolia” арга хэмжээ юм.
Нүүрс, төмөрлөгийн салбарыг онцолдог “Coal Mongolia” болоод “Metals Mongolia” чуулган  2016 онд нэгдэн, тоног төхөөрөмжийн “Mintech” үзэсгэлэнтэй хамтран зохион байгуулагдсан удаатай.

Зөвхөн дотоодод төдийгүй Монголын уул уурхай, хөрөнгө оруулалтад анхаарал хандуулсан “Mongolian Investment summit” арга хэмжээ дэлхийн санхүүгийн төв Хонконг, Сингапур, Лондон, Токиод ч зохиогдсон нь цөөнгүй. Манай улсын эрдэс баялгийн салбарын хөгжлийг даган бий болсон эдгээр арга хэмжээнүүд өнөөдөр нүүрс, алт, газрын тос, эрчим хүч, ханган нийлүүлэлт, дэд бүтэц, геологи хайгуул, хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх зэрэг тодорхой чиглэлүүдээр   төрөлжихийн зэрэгцээ зарим нь нэгдэж, зарим нь цаг хугацааны эрхээр сураг тасарсан нь ч байна.

Тиймээс өнгөрсөн 10 жилд зохиогдсон хурал чуулган, үзэсгэлэнг тоймлон танилцуулъя.  








Хөрөнгө оруулалтын “Дисковер Монголиа” чуулган 16 дахь жилдээ зохиогдоно

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулган  “Дисковер Монголиа” нь 16 дахь жилдээ уламжлал ёсоор 2018 оны есдүгээр сарын 6, 7-нд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулга уулзалт нь жил бүр тухайн оны уул уурхай, хайгуул олборлолтын салбар дахь шинэ мэдээ мэдээлэл, онцлох төслүүдийг танилцуулдаг уламжлалтай.

Энэ жилийн арга хэмжээгээр Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, татварын орчин, шинээр хэрэгжиж буй татварын тухай хууль, хөрөнгө оруулагчид болон хайгуул олборлолтын компаниуд, хэрэгжиж буй төслүүдэд нөлөөлөх түүхий эдийн үнийн хандлага, өсөлтийн тандалт   манай улсын уул уурхайн салбарт нөлөөлөх нөлөөллийн талаар сонирхолтой сэдэв, асуудлуудыг хөндөхөөр төлөвлөжээ.

“Дисковер Монголиа” олон улсын чуулга уулзалт нь 2003 оноос эхлэн 15 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдсан  уул уурхайн салбарын анхдагч чуулгануудын нэг юм. Зохион байгуулагдсан  цагаас эхлэн экспорт импорт, уул уурхайн салбарын хууль эрхзүй, санхүүгийн орчин, орон нутгийн харилцаа зэрэг тулгамдаж буй олон чухал асуудалд шийдэл эрэлхийлж, харилцан санал солилцох талбар болж иржээ. Түүнээс гадна хайгуул олборлолтын шинэ төслүүд болон хөрөнгө оруулагчид хоорондоо уулзах платформ бий болгохыг зорьж, тэгж ч чадсан юм. Эдийн засаг  өндөр өсөлттэй, улс төр тогтворгүй, эдийн засаг бууралттай, хөрөнгө оруулалт хумигдсан үед ч   тасралтгүй зорилгоо биелүүлж   ирсэн цөөхөн чуулга уулзалтын нэг болоод байна.



Өнгөт металыг онцолно

“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай “Mongolia Mining 2018” олон улсын үзэсгэлэн найм дахь жилдээ уламжлал ёсоор дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Улаанбаатар хотноо Буянт-Ухаа  цогцолборт нээгдэнэ. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь дэвшилтэт технологи, шинэ шийдэл бүхий техник, тоног төхөөрөмжүүдийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд болох Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман, Өмнөд Солонгос, Франц, Канадын компаниуд багтсан 120 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Канад улсаас хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй аж ахуйн нэгж оролцохыг үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулга мэдээллээ. Үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэх бодлогын хэлэлцүүлэг явагдахын зэрэгцээ салбарын томоохон компаниудын илтгэл тавигдах юм байна.
“Mongolia Mining” үзэсгэлэн энэ жил өнгөт металын сэдвийг онцлох юм. Монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэнгээр хүлээн зөвшөөрөгдөөд буй “Mongolia Mining” арга хэмжээний “Алтан ивээн тэтгэгч”-ээр “Вагнер Ази Тоног Төхөөрөмж”  компани ажиллах ажээ. Үзэсгэлэнгийн бүртгэл www.mongolia-mining.org  цахим хуудсаар явагдаж байна.  




Үндсэн сэдэв  нь нүүрсний худалдаа, хөрөнгө оруулалт

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ түүхэн дээд цэгтээ хүрсэн 2011 онд “Coal Mongolia” чуулган анх нээгдсэнээс хойш найм дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Монгол улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг нүүрсний салбарын хөрөнгө оруулалтад анхаарал хандуулдаг энэхүү арга хэмжээ 2018 оноос нүүрсний худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогод чиглэх юм. Энэ жилийн  чуулганаар үндсэн гурван асуудалд шийдэл эрэлхийлнэ. “Нэгдүгээрт, нүүрсний дипломат хоригт Монгол улс орчихсон байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд Монгол улсын Ерөнхийлөгч БНХАУ-д очиж албан айлчлал хийж уур амьсгалыг зөөлрүүлэх алхам хийх ёстой. Хоёрдугаарт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг дуусгах хэрэгтэй. Гуравдугаарт, Гашуунсухайт боомтыг олон улсын  чанартай болгох ёстой. Ингэснээр нэмүү өртөг шингээж баяжуулсан нүүрсийг Тянжин  боомтоор  дамжуулаад гурав дахь зах зээлд гаргах боломж бүрдэнэ. Ингэж байж нүүрсний салбарын өрсөлдөх чадвар сайжирна” гэсэн байр суурийг “Coal Mongolia” чуулганы Ерөнхий зохион байгуулагч  “Гложекс” группын Ерөнхий захирал Л.Наранбаатар илэрхийлж байна. Тэрбээр олон улсын чанартай арга хэмжээг анх санаачлан хэрэгжүүлэхдээ нүүрс, төмөр, зэс, алт гэсэн манай улсын экспортын үндсэн 4 салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт татах шийдлийг эрэлхийлэх бие даасан 4 чуулганыг зохион байгуулах гэсэн хүсэл эрмэлзлээр “Coal Mongolia”-г анх эхлүүлж, араас нь “Metals Mongolia” зохиогдсон юм.

Төмрийн зах зээлийн онцлогоос хамаарч “Metals Mongolia” чуулганыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар тогтсон бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа чуулах гэж байна. “Coal Mongolia” чуулганы хүрээнд үндсэн арга хэмжээ болох хурлаас гадна уул уурхайн компаниудын үзэсгэлэн, дунд шатны менежерүүдэд зориулсан сургалт, гадны зочид, төлөөлөгчдийн бизнес аялал зохиогддог уламжлалтай.