Засгийн газар ”Эрдэнэт”-ийг 100% төрд авах шийдвэр гаргав

2018-01-04 17:24
Засгийн газар өнөөдөр хуралдаж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49%-ийг төрийн мэдэлд авах тухай шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  “Өнөөдрийн гарч байгаа шийдвэрийн ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд тэр төлсөн мөнгө, улсаас авсан мөнгө шууд болон тойруугаар тэнцэж байгаа учраас харилцан суутгал хийгээд Эрдэнэтийг 100% улсын өмч гэж бүртгэлд авах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Өмнө нь тийм шийдвэр гараагүй байсан. Одоо Засгийн газар, УИХ-ын шийдвэр хэрэгжинэ. Нөгөө тал Арбитрийн шүүхэд хандах тохиолдолд Засгийн газар өөрийнхөө шийдвэрийг зөв гэсэн нотлох баримтуудыг гаргаж өгнө.

Ер нь бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийн талаар гарсан 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол өөрөө хууль бус байсан гэдгийг УИХ-ын Ажлын хэсэг тогтоосон. Бүх баримт, мөнгөний дүнг гаргаад тавьчихсан. 2016 оны 6 дугаар сард Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө 4 дүгээр сарын 21-ний өдөр таван сая долларын төлбөр хойшоогоо хийгдчихсэн байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлэлцээр нь хүчинтэй, Засгийн газрын давуу эрхээ эдлэх заалт нь хүчинтэй байж байхад энэ гэрээний талаар ямар нэгэн өөрчлөлт УИХ дээр танилцуулагдаагүй байхад төлбөр хийгээд эхэлчихсэн байна гэдэг чинь хуйвалдаан аль хэдийнэ эхлээд явчихсан байсан гэсэн үг. Ийм ийм хууль бус юмнууд зөндөө явагдсан.”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр энэ Ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс хойш Mongolian Copper Corporation-тай Ажлын хэсэг дөрвөн удаагийн уулзалт хийсэн. Тэгээд тэр УИХ-ын 23 дугаар тогтоолын гуравдугаар заалтад заасан байгаа тэр заалтын дагуу одоо ийм суутгалуудыг хийх саналтай байгаагаа тэр бүгдэд мэдэгдсэн. Тэдний хувьд бол санал нийлэхгүй зүйлүүд байгаа гэдгийг хэлье. Засгийн газар бол УИХ-ын тогтоолыг биелүүлж байгаа. Түрүүн сая Ц.Нямдорж сайд хэлсэн. УИХ-ын тогтоолын нэгдүгээр заалтад бол 49%-ийг авахдаа Mongolian Copper Corporation бол Монгол улсын холбогдох бүх хуулийг зөрчсөн гэдгийг маш ойлгомжтойгоор шалгаж тогтоогоод шийдвэрээ гаргачихсан байгаа. Өөрөөр хэлбэл 49%-ийг авах энэ шийдвэр бол Монгол улсын хуулиудыг зөрчсөн байгаа юм.

...УИХ-ын 23 дугаар тогтоол буруу гэж өнөөдрийг хүртэл хаа нэгэн газар ямар нэгэн шийдвэр гараагүй. Энэ шийдвэр буруу гэдэгтэй холбогдуулан Mongolian Copper Corporation-ий зүгээс өөрийнхөө нэрээр гомдол гаргачихсан зүйл байхгүй байгаа гэдгийг хэлье.”

“Mongolian Copper Corporation” буюу “Монголын зэс корпораци” “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49%-ийг 400.27 сая доллараар ОХУ-ын талаас худалдан авсан байдаг.

Ийнхүү өнөөдөр Засгийн газар хуралдаж “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49%-ийг улсад авч, ингэхдээ Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа Хөгжлийн Банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел, мөн Сэлэнгэ аймагт орших концессын гэрээ  зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргалаа.

Ингэснээр нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх харилцан суутгах шийдвэрийг гаргасан тухай Сангийн сайд онцоллоо.

УИХ-аас өмнөх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож, “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг төрийн мэдэлд авах тухай шийдвэрийг хоёрдугаар сарын 10-ны өдөр гаргасан. Энэхүү 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх мөрөөр жилийн дотор цөөнгүй үйл хэрэг өрнөсөн.

Засгийн газар гуравдугаар сарын 29-ний хуралдаанаараа тус компанийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас УИХ, Засгийн газрын гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэж, “Монголиан коппер корпорейшн”-ийн төлөөллийг ТУЗ-өөс чөлөөлж, төрийн төлөөллийн хүмүүсийг томилов.

Нөгөө талд үүнтэй холбоотойгоор Монголын зэс корпораци уг шийдвэрийг эсэргүүцэж хоёр ч шатны шүүхэд ялсан бөгөөд хамгийн сүүлд Монгол Улсын дээд шүүхэд ялалт байгуулан, хувьцааны эзэмшлийн эрхээ сэргээлгэх шийдвэр гаргуулаад байна. Өнгөрсөн  12 дугаар сарын 7-ны өдөр Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэж, Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилсон шийдвэр нь хууль зөрчсөн гэж шийдвэрлээд байсан юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 18 цаг 40 минутын өмнө
    Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн  АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт   хүрч чадсан талаар арванхоёрдугаар  сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах  байснаа цуцаллаа.  Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна. 
  • 2020-01-17 19:42
    Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ. 2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.
  • 2020-01-17 16:09
    2019 онд Хятад 46.33 мянган тонн газрын ховор метал экспортолсон нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3657 тонн газрын ховор метал экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 32.5%-иар буурчээ. Энэхүү бууралтыг Хятадын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, Япон, АНУ болон Европын Холбооны аж үйлдвэрлэл саарч буйтай холбон тайлбарлаж байна. АНУ-Хятадын худалдааны зөрчилтэй шууд холбоогүй гэдгийг ч тэмдэглэж байгаа юм. 
  • 2020-01-17 13:11
    2019 онд Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 6.7%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ. Үүнээс экспортын үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллартай тэнцсэн бол импортын хэмжээ 6.1 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ 2018 оныхтой харьцуулахад 8%-иар, экспортын үзүүлэлт 8.7%-иар нэмэгджээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 31.3% буюу 355.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт төдийгүй гадаад худалдаа 2014 оноос хойш ашигтай гарч эхэлснийг ҮСХ онцлов.
  • 2020-01-17 12:56
    Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Захирагч нарын зөвлөл Масацугу Асакаваг өнөөдөр тус банкны Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлж байна. Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай Асакаваг АХБ-ны Удирдах зөвлөлөөс 10 дахь Ерөнхийлөгчөөр сонгосон юм.Тэрээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан “Их 20”-ийн Сангийн сайд нар болон Төв банкны Ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан “Их 20”-ийн анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байв.