Оросын хоёр дахь том зэсийн үйлдвэр ашиглалтад орлоо

2017-12-18 10:11



The Mongolian Mining Journal /2017.11 /№108/

Э.Жаргал

Монгол улсын хойд хилийн цаахна, Хятадын хилээс 90 км зайд Оросын зэс баяжуулах Быстринскийн уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) шинээр ашиглалтад ороод байна. 1990 оноос хойш Орос оронд зэсийн хоёр дахь үйлдвэр ашиглалтад орж байгаа нь энэ юм. Хуучнаар ЗХУ задарснаас хойш тус улсад байгуулагдсан зэсийн хамгийн анхны үйлдвэр нь Челябинск муж дахь 2013 онд ашиглалтад орсон Михеевскийн УБҮ бөгөөд жилд 27 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. 

Ар Байгалийн хязгаарын Чита хотоос 500 орчим км зайд орших зэс, алт, мөнгө, төмрийн нөөцтэй Быстринскийн орд газарт түшиглэн байгуулсан шинэ үйлдвэр нь Орос улсын зэсийн үйлдвэрлэлийг 6%-иар нэмэгдүүлнэ гэж “Норникель” компани үзэж байна. Быстринскийн УБҮ нь сүүлийн 5 жил “Норникель” компанийн хэрэгжүүлж буй хамгийн том төсөл юм. Анх 2005 онд Быстринскийн орд газрын тусгай зөвшөөрлийг тендерээр 25 жилийн хугацаатай тухайн үедээ 25 сая ам.доллараар авч байжээ. Эл орд нь 2.3 сая тонн зэс, 9.5 тонн алт, 34.1 тонн мөнгөний нөөцтэй бөгөөд баяжуулах үйлдвэрийн 30 жилийн нөөц гэж тооцоолжээ.  Уг үйлдвэр нь жилд 10 сая тонн хүдэр боловсруулж 260 мянган тонн зэсийн баяжмал, 2.9 сая тонн магнетитын баяжмал /төмрийн хүдэр/ болоод 252 мянган унц алтны агуулга бүхий баяжмал тус тус үйлдвэрлэх хүчин чадалтай.

2018 онд үйлдвэр 50%-ийн хүчин чадлаар ажиллах бөгөөд 2019 он гэхэд бүрэн хүчин чадалд хүрэх зорилттой. Ирэх онд энэхүү баяжуулах үйлдвэрээс 28-30 мянган тонн зэсийн, 140 мянган унц алтны болон 1 сая тонн төмрийн хүдрийн баяжмалыг тус тус үйлдвэрлэн Хятадын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Быстринскийн УБҮ-ийн төсөл 90 тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжжээ. Төслийн хүрээнд баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 74.3 тэрбум, 220 МВт эрчим хүч дамжуулах 234 км цахилгаан шугам суурилуулахад 7.52 тэрбум, 375 км төмөр зам тавихад 7.2 тэрбум рублийг зарцуулсан аж. Төмөр замын бүтээн байгуулалтад Оросын Засгийн газраас 20.5 тэрбум рублийн хөрөнгө оруулсан юм.

“Норникель” компани Быстринскийн УБҮ-ийн төслийн 50.07%-ийг эзэмшиж буй. Тус компани нь 2016 онд төслийн 13.33%-ийг хөрөнгө оруулалтын “Hopu Investment” сан багтсан Хятадын “Highland Fund” консорциумд 100 сая ам.доллараар худалдсан билээ. Өнгөрсөн аравдугаар сард Оросын “CIS NRF Holdings” компани 275 сая ам.доллараар төслийн 36.6%-ийг эзэмших эрхийг худалдан авчээ. Тухайн үед нийт төслийг 730 сая ам.доллараар үнэлсэн байдаг.
Өнөөдөр Орос улс нь зэсийн нөөц болоод олборлолтоороо дэлхийд тавдугаарт ордог. Тус улсын зэсийн салбарт шинээр баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулж, 377-387 мянган тонн зэс үйлдвэрлэх төлөвлөгөөтөй “Норникель” компани тэргүүлж, “Уралын уулын металургийн компани” болон “Оросын зэс” компаниуд удаалж байна.

Тэгвэл хоёр жилийн дараа Челябинск мужид Томинскийн УБҮ-ийг ашиглалтад оруулахаар нийт 65 тэрбум рубль буюу 1.09 тэрбум ам.долларын өртөгтэй төслийг “Оросын зэс” компани хэрэгжүүлж буй. Зэсийн дундаж агуулга 0.4%, хүдрийн 660 сая тонн нөөцтэй Томинскийн ордод түшиглэн байгуулж байгаа үйлдвэр нь жилд 28 сая тонн хүдэр боловсруулж 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус үйлдвэрийн зорилтот гол зах зээл Хятад юм. “Оросын зэс” компани 26.7 сая тонн зэсийн нөөцтэй Удоканы ордыг 2023 онд, “Норникель” компани 3.7 сая тонн зэсийн нөөцтэй Песчанка орд 2025 оноос эдийн засгийн эргэлтэд оруулахаар төслүүдээ хэрэгжүүлж байна.


 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 18 цаг 54 минутад
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний арван сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум ам.долларт хүрч 7.1%-иар өсчээ. Үүнд экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 5.1 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 9.8%, импорт 3.9%-иар тус тус өслөө. Гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 394.9 сая ам.доллараар нэмэгджээ.
  • Уржигдар 13 цаг 32 минутад
    Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
  • Уржигдар 11 цаг 29 минутад
    МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
  • 2019-11-14 11:27
    Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
  • 2019-11-13 17:11
    2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.