Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Сентерра голд” компани “Кумтор”-ын төслөө 100% Киргизийн талд өгнө

-    Кумторын төсөл нь найман жилийн дараа хэрэгжиж дуусна -

Канадын “Сентерра голд” компанийн Гүйцэтгэх захирал Скот Перри нь Киргизийн Ерөнхий сайд Сапар Исаков уулзах үеэрээ “Кумтор” төслийн бүх хувиа тус улсын Засгийн газар эзэмших санал тавьсан байна. 

Кумторын алтны ордыг 100% “Сентерра голд”-ын охин компани “Кумтор голд” эзэмшдэг. Харин Киргизийн Засгийн газар төрийн өмчит “Кыргызалтын” компани “Сентерра голд” компанийн 26.28%-ийг эзэмшиж байна.

Хэрэв киргизчууд Кумторын алтны ордоо бүрэн өөрсдийн өмч болгох тохиолдолд “Сентерра голд” компанид хувь эзэмшихгүй. Алтны томоохон компанид хувь эзэмшиж ногдол ашиг авах нь киргизийн ард түмэнд ашигтай эсэх, нөгөөтэйгүүр ямар учраас энэ саналыг тавьсан талаар нарийн судалж байж шийдвэрлэнэ гэж Киргизийн Ерөнхий сайд мэдэгджээ.  
   
Киргизэд орших Кумторын орд нь 700 тонн алтны тогтоогдсон нөөцөөрөө дэлхийд гуравдугаар эрэмбэлэгддэг. Тус ордод хэрэгжүүлж байгаа “Сентерра голд” компанийн гол төсөл Кумторын уурхайгаас жилдээ 15-20 тонн алт олборлож байна. Өнгөрсөн онд 16.1 тонн алт үйлдвэрлэж, Кумторын төслөөс Киргизийн улсын төсөвт 9.3 тэрбум сом буюу 134 сая ам.доллар төвлөрүүлжээ. Өнөөгийн байдлаар энэ уурхайн үйлдвэрлэл Киргиз улсын нийт экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлж байна.

Кумторын төсөл нь найман жилийн дараа хэрэгжиж дуусах юм.

“Сентерр голд” компанийн хувьд Киргизээс гадна Монгол, АНУ, Хятад, Канад, Турк улсад алт, зэс болон молибдений төслүүдтэй. 2016 онд “Томпсон Гриик” компанийг 1.1 тэрбум ам.доллараар худалдан авч 100% эзэмшиж байна. “Томпсон Гриик” компанийн гол төсөл нь 177 тонн алт болоод 991 мянган тонн зэсийн нөөцтэй, Баяжуулах үйлдвэр бүхий “Маунт Миллигэн” уурхай юм. 2017 оны эхний хагас жилд, “Маунт Миллигэн” уурхайн үйлдвэр ойролцоогоор 3 тонн алт, 12.7 мянган тонн зэс боловсруулжээ. Алтны ханшийг дунджаар 1270 ам.доллараар тооцож ирэх 10 жилд “Маунт Миллигэн” уурхайн үйл ажиллагаа 900 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах боломжтой гэж компанийн зүгээс мэдээлсэн байна.

Э.Од