“Өргөдөл” баяртай, “сонгон шалгаруулалт” сайн байна уу?

2017-12-14 10:15



Б.Төгсбилэгт

•    Өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олголт бүрэн цуцлагдав

•    Эцсийн эзэмшигчийг компани бүр тайлагнадаг байхаар тогтов

•    Тусгай зөвшөөрлийн худалдаанаас татвар авдаг болох нөхцөлийг баталгаажуулав

Ашигт малтмалын тухай хуулийг 2018 оны төсвийн тухай хуулийг батлах зуур сэмхэн өөрчилж орхисон нь салбарынхны хувьд инээх уйлахын завсарт ажилладаг, хаврын тэнгэр мэт тогтворгүй нөхцөл байдалд оршдог гэдгээ дахин ухаарах боломжийг “хайрлалаа”. Өглөө сэрлээ, “өргөдөл” минь баяртай гэх дууг шинэ оны төсөвт эгшиглүүлсэн нь салбарынхны чихэнд тийм ч таатай санагдаагүй ажээ. Өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох цаг үе улиран өнгөрч буйг шинэ оны төсвийн дагалдах хуулийн төслүүдийн өөрчлөлтөд тодоос тод сийлсэн.

Нэг үгээр хэлэх юм бол Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл буюу “Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа”-тай холбоотой хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож байна. Одоо харин сонгон шалгаруулалтаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ганц хувилбар үлдэж байгаа нь илт байгаа юм. Гэхдээ хайгуул хийсэн талбай дахь хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын болгох эрх зүйн зохицуулалт хэвээрээ байгааг энд онцолъё. Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хувилбар нь өргөдлийн тогтолцоог бодвол илүү их мөнгө амласан тийм “царайлаг” хувилбар гэж хэлж болно. Үнэхээр ч Засгийн газар тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны зарчмаар олгох болсноор илүү их мөнгө олно гэж харж байгаа бололтой. Харамсалтай нь “их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгчийн үлгэрийг хайгуулын салбарт давтах магадлал өндөр байгаа нь сүүлийн жилүүдэд сонгон шалгаруулалтаар олгосон тусгай зөвшөөрлийн тоо цөөн байгаагаас харж болно.

Шинэ оны төсөвт хэд хэдэн бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасны дунд өргөдлийн журмыг халах тухай тайлбарыг эвтэйхнээр оруулсан билээ. Энэ тухайгаа Засгийн газар “(Нэг) Ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Засгийн газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар эзэмших гэрчилгээг өргөдөл нэрээр шууд гарын үсгээр олгодог, улмаар цөөн хэдхэн компани, хувь хүмүүс хэдэн зуугаар нь эзэмшиж түүнийгээ далд хэлбэрээр бэлэглэх, шилжүүлэх замаар худалдан борлуулж татвар төлдөггүй буруу жишгийн үндсийг таслах зорилгоор тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байх зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. Энэ арга хэмжээний үр дүнд ирэх оны улсын төсөвт 36 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцоолж байна” гэж тэмдэглэсэн байсан юм.

Ийнхүү хуулийг өөрчлөх болсон нь салбарын шинэ сайд ажлаа авсан болон Сангийн шинэ сайдтай болсон цаг хугацаатай яв цав давхцаж байгаагаараа онцлог юм. Өмнөх Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өргөн бариад буцаан татсан 2018 оны төсвийн төсөлд салбарын тухай хуульд өөрчлөлт оруулах “үнэр” ч байгаагүй билээ. Харин шинэ Сангийн сайд гарснаас хойш сүүлд өргөн барьсан хувилбарт  хуулийн энэ өөрчлөлт  орж ирсэн. Тийнхүү шинэ Засгийн газар ажлаа авангуутаа салбарын хуулийг салбарынхны саналыг сайтар сонсолгүйгээр шуудхан л өөрчлөхөөр тогтсон нь дэндүү яарсан хэрэг боллоо гэж үзэхээр байна. Салбарын сайд Д.Сумьяабазар албан тушаалдаа томилогдмогцоо тусгай зөвшөөрөл олголтыг түр зогсоох шийдвэр гаргасан. Гэхдээ АМГТГ-т тодорхой хяналт шалгалт явуулсны дараа тусгай зөвшөөрөл олголтыг удахгүй сэргээнэ гэснээс өөр зүйл хэлээгүй билээ. Тиймээс энэ удаад Сангийн яам салбарын саналаар хуулийг өөрчилжээ гээд дүгнэвэл буруудахааргүй харагдана. Энэ хуулийг хэн өөрчлөв гэдэг нь нэг хэрэг. Гол асуудал бол хэрхэн өөрчилчихөв гэдэг нь   сонирхол татна.

Хууль яаж өөрчлөгдөв?

Ашигт малтмалын хуулийг 1994 онд батлагдсанаас нь хойш   олон удаа өөрчилсөн тул дахиад нэг удаа өөрчлөлт хийсэн нь айхтар гайхаад байх зүйл биш болжээ. Гагцхүү энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр салбарын ажиллах дүрэм онцгой өөрчлөгдөж буй нь хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн дуудлага худалдааны зарчмаар олгохоор тогтсон явдлаар илэрхийлэгдэнэ. Хуулийн энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор салбарын хуульд хэд хэдэн нэмэлт болон өөрчлөлтийг хийсэн байна.

Засгийн газар өргөдөл нэрээр тусгай зөвшөөрөл олголтыг зогсоох зорилт тавихдаа тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлснээс олох орлогыг татвараас нуун дарагдуулдаг явдлыг зогсооно гэдгээ илэрхийлсэн. Тиймээс хуульд нэмэлт оруулснаар хамгийн түрүүнд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал орлогын татвар төлөх тухай заалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд (16.14 зүйлийг шинээр оруулсан) өөрчлөлт оруулах замаар салбарын хуульд хавчуулжээ. (АМТ хуульд 49.4.8 зүйлийг шинээр нэмсэн)  Ингэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн эрхээ бусдад борлуулах тохиолдолд татвар төлөх нөхцөлийг хуульчилж өгч байгаа юм.

Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхдээ ямар нэгэн заль хэрэглэж татвараас зайлсхийх боломжгүй болгох аргыг бас бодолцож хуульд нэмэлт оруулжээ. Тодруулбал тусгай зөвшөөрлийг цуцлах тухай зүйл буюу салбарын хуулийн 56 дугаар зүйл дээр нэмэлт оруулах замаар тусгай зөвшөөрлийг шилжүүлснээс олсон орлогод татвар төлөхгүй байх замыг хаасан байна (56.1.9-11 дүгээр зүйлийг шинээр нэмсэн). Мэдээллээ нуун дарагдуулах, эсвэл татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах юм байна.

Хуулийн энэ өөрчлөлтөөр Засгийн газар хэчнээн хэмжээний хөрөнгө төвлөрүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ энэхүү зохицуулалтаар тусгай зөвшөөрлийн шилжүүлгээс орлого орох нөхцөл бүрдэхээр харагдана.

Нэгэнт өргөдлийн тогтолцоо халагдаж байгаатай холбоотойгоор өмнө дан ганц хайгуулын талбайг солбицлоор тогтоодог байсан бол   ашиглалтын талбайг ч мөн адил солбицлоор тогтоох тухай заалтыг салбарын хуулийн 11.1.25 дугаар заалт дээр нэмж оруулжээ. Солбицлоор тогтоох талбай нь одоо байгаа тусгай зөвшөөрлийн талбай болон улсын хил, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, нөөцөд авсан газар зэрэгтэй давхцалгүй байх тусгай шаардлагыг хангасан байна. Өргөдлийн тогтолцоогоор өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэн, улмаар 30 хоногийн дотор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг авч шийдвэрлэхээр зохицуулсан байсан. Тэгвэл одоо сонгон шалгаруулалт явуулах хайгуулын болон ашиглалтын талбайг солбицлоор тогтоон орон нутгийн удирдлагын саналыг авах хугацааг 45 хоног болгож сунгажээ. Тийнхүү заасан хугацаанд нутгийн удирдлагаас зөвшөөрсөн санал ирүүлсэн бол геологи, уул уурхайн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар баталдаг байх зохицуулалтыг салбарын хуулийн 17.3 дугаар заалтыг өөрчлөн оруулж өгсөн байна.

Тийнхүү баталсны дараа сонгон шалгаруулалт буюу дуудлага худалдаа явуулахаас өмнө 30-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын сонинуудаар талбайн байршил нэршлийн талаарх мэдээллийг гаргах юм байна. Нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээг 25-150 мянган га байхаар 17.7 зүйлд тусгасан нь өмнөх хуулийн хэмжээнээс өөрчлөгдөөгүй гэсэн үг.

Тусгай зөвшөөрөл авахаар зорьж буй компаниудын хувьд байгаль орчны үүрэг хариуцлага нэмэгдэж орж ирж байна. Хуулийн өөрчлөлтөөр сонгон шалгаруулалтад оролцож буй тухайн аж ахуйн нэгж нь хайгуулын ажил явуулах ажиллах хүч, тоног төхөөрөмжийн мэдээлэл болон хайгуулын ажилд зарцуулах ажлын төрөл, хэмжээ, хугацаа, өртгийн тухай мэдээллээс гадна байгаль орчны хамгааллын ажилд ямархуу хөрөнгө зарцуулах тухай төсөл, төсвийн талаарх саналаа ирүүлэх шаардлагыг салбарын хуулийн 18.1.4 дээр тусгасан байна.

Уул уурхайн салбарын ажиллах дүрэм ийнхүү өөрчлөгдөж байна. Үүн дээр   бас нэг зүйлийг тэмдэглэхэд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын шинэ стандартаар 2020 он гэхэд тус санаачлагад нэгдсэн орнуудын уул уурхайн компаниуд бенефициар өмчлөгч буюу эцсийн эзэмшигчийн мэдээллийг ил тод тайлагнадаг болохоор хүлээгдэж байгаа юм. Энэ тухай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар эцсийн эзэмшигчийн тухай зүйл заалтыг нэмсний зэрэгцээ Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар эцсийн эзэмшигчийн мэдээллийг харьяа татварын газар мэдээлж байх зохицуулалтыг тусгажээ. Энэ бол ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн мэдээллийг ил тод болгох талаасаа нэлээд дэвшилттэй алхам болж байна.

Салбарын хуульд гарсан өөрчлөлтийг жагсаахад дээрх өөрчлөлтүүд анхаарал татлаа. Гол зүйл бол Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог халж зөвхөн дуудлага худалдааны зарчмаар хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхөөр болоод байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олголтын тухайд хайгуулын эрхтэй компани ашиглалтын зөвшөөрөл авах хүсэлт гаргахаас бусад тохиолдолд сонгон шалгаруулалтын журмаар олгох нь тодорхой болоод байгаа юм. Өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох тогтолцоо нь Монгол улсын хувьд харьцангуй урт хугацаанд хэрэгжиж ирсэн, ач буян, сөрөг үр дагаврын аль алиныг нь өгсөн тогтолцоо байсан.

Гэхдээ сөрөг үр дагавар нь хэрэгжүүлэх, хяналт тавих тал дээр муу ажилласнаас үүдсэн. Харин өргөдлийн тогтолцоог халж, дуудлага худалдааны зарчимд шилжсэнээр яг ямар ашигтай, ямар үр дүн хүлээгдэж байгааг Засгийн газар тодорхой тайлагнаагүй хэвээр байгаа юм. Ашигт малтмалын хайгуул хоёр бус зөвхөн нэг баганад түшсэнээр эрдсийн хайгуулын идэвхжил нэлээд суларч болзошгүй гэж дүгнэж болохоор байна. Учир нь Монгол улсад сонгон шалгаруулалтад үнэ хүргэчихээр, чанартай нөөц илрэх өндөр магадлалтай талбай хэр их байгаа нь эргэлзээтэй. Хэрэв үнэхээр сонгон шалгаруулалтыг бодит үр ашигтайгаар явуулахыг хүсвэл улс хайгуулын салбарт хөрөнгө хаях зайлшгүй шаардлагатай. Үгүй бол уул уурхайн салбарын үндэс суурь болсон хайгуулын ажил царцах дүр зураг тодорч байна.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин геологич
    ЗГ муу менежер гэдгийн тод жишээ тэнэглэл нь өргөдлөөр хайгуулын талбай олгодог нөхцөлийг үгүй хийж байгаа энэ шийдвэр болжээ Ийм малнуудыг сонгосон сонгогчид нь дахин хөөрхийлөлтэй тэнэгүүд юм даа
    2017 оны 12 сарын 14 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 13 цаг 49 минутын өмнө
    Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Алс Дорнод дахь “Ванино Транс уголь” боомтыг байгуулж байгаа бөгөөд туршилтаар коксжих нүүрсний анхны экспортыг Хятад руу хийлээ. Тодруулбал, долдугаар сарын 1-нд эхний 38.5 мянган тонн коксжих нүүрс, дараагийн өдөр 45.5 мянган тонныг далайгаар тээвэрлээд байна. “Ванино Транс уголь” боомтын эхний ээлжийн 12 сая тоннын хүчин чадалтай терминалыг ийнхүү ашиглалт оруулж байгаа бол 2023 онд бүрэн хүчин чадлаар буюу жилд 24 сая тонн нүүрс нэвтрүүлэх аж. “Колмар” компанийн тухайд, Өмнөд Якутын нутагт “Денисовский”, “Инаглинский” гэсэн нүүрс баяжуулах цогцолбор төслийг хэрэгжүүлж байна. 2021 онд Алс Дорнод  дахь өөрийн эзэмшлийн “Ванино Транс уголь” боомтоор 22 сая тонн коксжих нүүрс Ази-Номхон далайн орнууд руу экспортлох төлөвлөгөөтэй. 
  • 15 цаг 46 минутын өмнө
    Парламентын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт (2020.06.24)  амжилттай зохион байгуулагдаж, 73.64%-ийн ирцтэй  өндөрлөлөө. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойших анхных гэдгээрээ, түүхэнд  байгаагүй олон хүн (нийт 606) өрсөлдсөнөөрөө, шүүхэд яллагдагчаар татагдсан нэр дэвшигчдийг хоморголон баривчилснаараа энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой, үйл явдлын өрнөл ихтэй болов. Монгол Ардын Нам 62, Ардчилсан нам 11, Зөв хүн электорат эвслээс 1, бие даагч 1, “Та бидний эвсэл”-ээс 1 нэр дэвшигч тус тус  сонгогдлоо. Дөрвөн жил төр барьсан МАН үнэмлэхүй ялалтаараа дахин дөрвөн жил Засгийн эрх мэдлийг атгах хувь тохиож байна. 606 нэр дэвшигчээс 13 эмэгтэй ялалт байгуулж, 2020-2024 оны парламент 13 эмэгтэй гишүүнтэй байх бөгөөд Ардчилсан намаас нэг эмэгтэй гишүүнтэй боллоо.  
  • Уржигдар 14 цаг 52 минутад
    УИХ-ын чуулганы (2020.07.02) нэгдсэн хуралдаанд Монгол Улсын 31 дэх удаагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, шинэ Засгийн газрын ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа 2050” буюу Монгол Улсын ирэх 30 жилийн эхний 4 жилийн зорилт, төлөвлөлт байх болно гэдгийг онцоллоо. Дараагийн 4 жилд хэрэгжүүлэх 4 зорилтын нэн тэргүүнд “Импортлогч улсаас экспортлогч улс болох”-д хийж хэрэгжүүлэх уул уурхайн төслүүд, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүчний чиглэлийн ажлуудын талаар танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засаг өрийн дарамтгүй, өрсөлдөх чадвартай, бүс нутгийн худалдааны идэвхтэй оролцогч болох арга зам бол экспортыг нэмэгдүүлэх явдал юм. Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусгана. Уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахын зэрэгцээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна.
  • Уржигдар 12 цаг 41 минутад
    Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган үргэлжилж байна. Чуулганы (2020.07.02) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон 71 гишүүний 98.5%-ийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. Ингэснээр У.Хүрэлсүх нь Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болж байна. 1990 оноос хойш улиран ажиллаж буй хоёр дахь Ерөнхий сайд болж байгаа юм. Өмнө нь С.Баяр улиран Ерөнхий сайд болж байсан бол Ц.Элбэгдорж нь дунд нь завсартайгаар Ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ. 
  • 2020-07-01 15:09
    УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилсон. Шинээр байгуулагдсан УИХ ойрын хугацаанд дараах таван чиглэлд ажлын хэсэг байгуулж, хугацаа алдалгүй ажилдаа орох ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Хуулийн реформоо хугацаа алдалгүй үргэлжлүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөө баталгаажуулж томоохон хуулиудыг өөрчилнө. Эхний ээлжид 37 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулна.