Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Тогтвортой хөгжлийн үндэсний VII форум болно

Үндэсний хөгжлийн газар, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр  хамтран   “Тогтвортой хөгжлийн үндэсний VII форум”-ыг энэ сарын 16-нд “Шангри Ла” зочид буудалд зохион байгуулах гэж байна.

НҮБ-аас 17 зорилго, 169 зорилт, 241 шалгуур үзүүлэлттэй “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт”-ыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нд баталсан билээ. Энэ баримт бичгийн хамгийн эхэнд ядуурлыг бууруулах асуудал багтсан байдаг.  Монгол улсын хувьд мөн адил дөрвөн бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлттэй “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030“-ыг баталсан бөгөөд уг баримт бичигтэй холбогдуулан 2016 онд хэлэлцүүлэг зохион байгуулж байсан юм.

Энэ удаагийн Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумын үеэр Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд дотроос “Хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийт хүн амыг үр бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байраар хангах” гэсэн зорилтын хүрээнд олон улсын судлаачид, үндэсний экспертүүд санал бодлоо хуваалцана.

Үндэсний хөгжлийн газрын дарга  Б.Баярсайхан, ХБНГУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга К.Гласс, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч Д.Пассон нар форумыг нээж  үг хэлэх бөгөөд Конвенторийн Их сургуулийн багш, судлаач Др.Ф.Кругер “Тогтвортой өсөлт, тогтвортой итгэлцэл Тогтвортой хөгжил 2030-д нийгмийн нэгдмэл байдлын ач холбогдол” гэсэн сэдвээр үндсэн илтгэл тавих аж.

Мөн форумын үеэр  “ТХЗ 8-Хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжиж, нийт хүн амыг бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байраар хангахыг дэмжих” сэдвээр хэсэгчилсэн буюу сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд салбар тус бүрээр өрнөх юм.

Тухайлбал, үдээс өмнөх хэлэлцүүлэгт Сангийн яамны Макро эдийн засгийн хэлтсийн дарга Н.Энхбаяр “Монголын эдийн засгийн төлөв”, ҮХГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Должинсүрэн “Дэлхийн ТХЗ-уудын хэрэгжилт Монгол Улсад”, Тайландын Нутгийн иргэдэд суурилсан аялал жуулчлалын институтын сангийн Тэргүүн Др.А.Лексакундилок “Иргэдийн оролцоотой орон нутгийн хөгжлийн бодлого-Тогтвортой, хүртээмжтэй аялал жуулчлалын кэйс судалгаагаа танилцуулж, ХБНГУ-ын “Миттелштанд Интернэшнл”-ийн захирал Ш.Байссвенгер “Аж үйлдвэр 4.0 ба үйлдвэрлэлийн өөрчлөлт”, GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Др.Ш.Ханселманн “Ноён Робот бүхнийг хийнэ-Дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт” зэрэг  сонирхолтой илтгэлүүд тавигдах аж.  

Мөн  “Яагаад чухал вэ?-Орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангах амжилтын хүчин зүйлс ба гол бүтээгдэхүүн”  сэдэвт хэлэлцүүлгийн үеэр   Конвенторийн Их сургуулийн судлаач Др.Ф.Кругер “Илтгэлцэл яагаад чухал вэ?”, МУИС-ийн профессор “Нийтийн засаглал яагаад чухал вэ?”, Mongolian Mining Journal-ийн орлогч редактор Н.Ариунтуяа “Мэдээлэл яагаад чухал вэ?” Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Сувдаа “Хамтын ажиллагаа яагаад чухал вэ?” зэрэг тус тус  танилцуулга хийх юм.

Дашрамд дурьдахад, Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д Монгол улсыг  2030 онд  нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно” хэмээн томъёолсон. Тухайлбал, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрч, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6%-иас доошгүй байхаар зорилтод тусгажээ.

Г.Идэр