Монголын банкны салбарын шинэчлэлийн эргэн тойронд

2017-10-17 10:12


Хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа” чуулганы “Монголын банкны салбарын төрхийг өөрчлөх нь” сэдэвт хуралдаанаар Монголын банкуудад хийж буй активын чанарын үнэлгээ болоод хадгаламж, зээлийн хүүг бууруулах, гадны банк орж ирэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. Тус хуралдаанд оролцсон Nicholas Edwards Investment, Moody’s investors service компани болон Монголбанк, Хас, Хаан, Голомт, Хөгжлийн банкны удирдлагуудын байр суурийг тоймлон хүргэж байна.

Nicholas Edwards Investment компанийн захирал Ник Эдвардс:
Монгол улсын банкны салбарын хувьд сөрөг төлөв хэвээр байна. Активын чанарыг авч үзвэл чанаргүй зээлийн хэмжээ 7-9%, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 16.8%-тай байгаа юм. Чанаргүй зээлийн хувьд төдийлөн өсөхгүй болов уу гэсэн хүлээлт бий. Учир нь чанаргүй зээлийн дийлэнхийг эзэлж байсан уул уурхай, барилгын салбарт сэргэлт ажиглагдаж, эдийн засаг сайжрах төлөв харагдаж байна. Монгол төгрөгийн ханш чангарч, тогтвортой байна. Гадаад валютаар илэрхийлэгдэх зээлийн түвшин өсөөгүй. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй банкуудын активын чанарын үнэлгээний үр дүнд ямар шаардлага тавигдахаас их зүйл хамаарна. Арилжааны банкууд эдийн засагтаа хөрөнгө оруулах боломжтой юу, зээл олгох чадамжтай юу гэдгийг “стресс тест”-ийн үр дүн харуулна. Жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр эдийн засгийн үзүүлэлт 5.3%-ийн өсөлттэй байна. Энэ өсөлт түүхий эдийн үнэ, тэр дундаа нүүрсний экспорт нэмэгдсэнээр дэмжигдсэн өрөөсгөл талтай. Харин дотоодын эдийн засгийн бодит өсөлт төдийлөн хүчтэй биш харагдаж байна.    

Moody’s Investors service компанийн захирал Грэйм Ноуд:
Өнөөдөр банкны салба­рын дүрмийн сан нийлбэр дүнгээр 700 сая ам.доллар бай­на.   Энэ нь Монгол улсын хэрэг­жүүлэхээр зорьж байгаа том төслүүдийг санхүүжүүлэхэд хангалтгүй хэмжээ юм.
 

Хаан банкны Гүйцэтгэх захирал Жон Белл:
Манай банк 2016 оны дөрөвдүгээр улиралд бизнес төлөвлөгөөгөө батлахдаа таамаглалаа сөрөг талаас нь харж байсан. Үүнээс хойш хагас жил өнгөрөхөд ОУВС-гийн хөтөлбөр болоод бусад нөлөөллөөр хэрэглэгчдийн итгэл үнэмшил, эдийн засгийг харах өнцөг, санхүү тайлангийн мэдээлэл эерэгжиж байна. Гэхдээ “эмзэг” байдлаар сэхэж байна гэж хэлж болохоор. Хамгийн доод үзүүлэлтүүд ч буурч болзошгүйг санах хэрэгтэй. Ашиг орлогын мөнгөн урсгал нь төдийлөн сайн биш компаниуд олон байгаа. Зээлийн эргэн төлөлтөө хангаж чадахгүй байгаа компаниуд ч цөөнгүй.

Хаан банкны хувьд хадгаламжийн хүү, ялангуяа америк долларын хадгаламжийн хүүг бууруулахаар ажиллаж байна. Зээлийн хүүг эрсдэлтэй уялдуулахыг бид зорьдог. 1990-ээд онд намайг Польшид байх үед зээлийн хүү 23%-д хүрсэн байсан. Тус улсын туршлагаас харахад хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Засгийн газрынхаа санаачилгатай уялдаатай хөтөлбөрүүд  хэрэгжүүлсэн нь үр өгөөжөө өгсөн байдаг. Өнөөдөр бид хүүг бууруулах асуудлыг ярьж байна. Гадаадын банк Монголд орж ирснээр өрсөлдөөнийг илүү хурцлах байх. Миний хувьд олон улсын банкуудын зөвхөн эерэг нөлөөллийг харж байсан. Чех улсад төрийн мэдлийн банк гэж байдаггүй, дандаа гадных байдаг. Казахстанд ч мөн ялгаагүй. Гадны банк орж ирснээр олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх давуу талтай. Чадварлаг мэргэжилтнүүдийг өрсөлдөөнд оруулдаг. Тиймээс хүний нөөц дээр ч эерэг нөлөө үзүүлнэ. Үр дүнд нь  банк санхүүгийн салбар илүү өрсөлдөөнтэй, идэвхтэй болно гэж үзэж байна.

Хас банкны Эрсдэлийн ерөнхий менежер Торстен Клайн Бойнинг:
Үйл ажиллагаа явуулж буй орчин эерэгжиж байгаатай санал нэг байна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас өөдрөг хүлээлт бий болж байгаа нь ажиглагдаж байна. Ялангуяа зээлийн үлдэгдэл, нөхцөл байдлыг харахад ийм хандлага харагдаж байгаа. Гэхдээ оны сүүлчээр активын чанарын үнэлгээ ямар үр дүнтэй гарах, ОУВС-гийн хөтөлбөр цаашид хэрхэн хэрэгжихийг анхааралтай харах ёстой гэж бодож байна. Банкууд активын удирдлагын хувьд зөв зүйтэй ажиллаж чадаж байгаа эсэх нь харагдана.    

Голомт банкны Дэд захирал Томас Бравенец:
Активын чанарын үнэлгээ Европын загвараар шинэ аргачлалаар хийгдэхээрээ онцлогтой. Монголд урьд өмнө хийгдэж байгаагүй учир хөрөнгө оруулагчид маш анхааралтай харж байгаа. 2018 оны наймдугаар сар гэхэд дахин санхүүжилтийн буюу хөрөнгө зузаатгалын төлөвлөгөөг бүрэн дүүрэн боловсруулж дуусгах шаардлага бидэнд тавигдах байх. Тэгвэл хөрөнгийн харьцаагаа эвдэхгүйгээр зузаатгал хийх төлөвлөгөө боловсруулах шаардлага гарч ирэх юм.

Голомт банкны баг гадны зөвлөхүүдтэй 12 сарын хугацаанд хамтран ажилласан. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги” боловсруулж дуусгалаа. Маш их судалгаа хийсэн. 1990-ээд оны эхээр Зүүн болон Төв Европын улс орнуудын банкны бодлогыг судалсан. Жишээлбэл, Польшид зээлийн хүү маш өндөр түвшинд хүрсэн ч Засгийн газар, Төв банкнаасаа хараат бус байдлаар зөв хөдөлсний үр дүнд хүү 1 оронтой тоо руу орсон байдаг.

Өнөөгийн байдалд хүн амын багахан хэсэг болох чинээлэг өрхүүд хадгаламжийн хүүнээс хожиж байна. Гэтэл эсрэгээрээ нийт ард иргэд, бизнесийн салбарынхан зээлийн өндөр хүүнээс хохирч байгаа. Хадгаламжийн хүү 10 гаруй хувьтай, инфляци 5 хүрэхгүй хувьтай байхад цэвэр хүү арван хэдэн хувь байгааг бодитоор харах ёстой. Одоо манай банкууд дотооддоо ч гадаад ч өрсөлдөх боломжгүй байна. Тэгэхээр зээлийн хүүг бууруулах тал дээр банкууд хамтран ажиллах хэрэгтэй. Арилжааны банкууд үүнийг дэмжих болов уу гэж найдаж  байгаа. Тиймээс “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги” баримт бичгийг гаргаж тавьсан. Энэ нь Монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ажил болно гэж харж буй.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Н.Батсайхан:
Банкуудад активын чанарын үнэлгээ хийгдэнэ гэдэг нь дөрөвдүгээр сараас тодорхой болсон. Үнэлгээний ажил наймдугаар сараас эхэлсэн. Үнэлгээний үр дүн гарсны дараагаар банкууд төлөвлөгөөгөө боловсруулан Монголбанкинд танилцуулах ёстой. Төлөвлөгөө Монголбанкаар баталгаажна. “Стресс тест”-ийн үр дүнгээс хамаарч баталгаа хийгдэнэ. Гадаад зах зээл болон өөр бусад эх үүсвэрээс банкны дүрмийн сангаа зузаатгахад хувьцаа эзэмшигчдэд зургаан сарын хугацаа олгогдоно.
“Стресс тест” нь банкуудын “эрүүл мэнд”-ийг шалгаж байгаа хэрэг юм. Арилжааны банкуудын хувьд “эрүүл мэндийн бичиг” нь хөрөнгө татахад хамгийн чухал үзүүлэлт байх болно. Банк тус бүр яг адил, ижил тэгш нэг л дүрэмд захирагддаг, нэг л шалгуураар ордог байх нь чухал.

Монгол улсын мөнгөний нийлүүлэлтэд валютын орох урсгал ихээхэн чухал байдаг. Хамгийн сүүлийн мэдээллээр манай улсын гадаад валютын нөөц 1.6 тэрбум ам.доллар байна.
Гадаадын банкны тухайд дотоодын зах зээлд оруулж ирэх асуудлыг сайтар тооцоолсны дараа хэрэгжүүлэх хэрэгтэй. Банкны бизнес нь ашгийг хуваарилдаг механизмтай салбар. Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээ, давхар татварын гэрээ, ногдол ашгийн талаар бодолцох ёстой. Тухайн банк салбар хэлбэрээр орж ирэх нь зөв үү, үгүй юу. Зах зээлийн хэдэн хувийг эзлэхийг зөвшөөрвөл зохистой, дотоодын бакуудтай ямар хэмжээнд өрсөлдөх вэ? Гадаадын банктай өрсөлдөх боломж манай банкуудад байна уу? Гадаадын банкийг оруулж ирэх асуудал Монголд 1980-аад онд маш их өрнөсөн. Түүнээс хойш нэлээд хожуу энэ асуудал дахин яригдаж байна. Тэгэхээр хугацааны хувьд одоо зөв цаг үе нь мөн үү? Олон улсын стандартад дотоодын банкны салбар хэр нийцэлтэй байна вэ гээд маш олон зүйлийг бодолцох хэрэгтэй. Энэ бүгдийг хэлэлцсэний үндсэн дээр үндэсний түвшинд шийдвэр гаргах учиртай.


Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр:
Хөгжлийн банкны 2017 оны эргэн төлөлтийн талаар ярих ёстой байх. Эргэн төлөлтийн энэ удаагийн санхүүжилтийг шийдвэрлэж чадсан. Сангийн яамны оролцоотой, Засгийн газраас баталгаа гаргаж нэг их наяд төгрөг бүхий Засгийн газрын үнэт цаасыг арилжааны банкууд худалдаж авсан. Мөн өөр эх үүсвэр буюу “Credit Suisse” банкнаас 200 сая ам.долларыг босгосон юм.

Арилжааны банкуудын тухайд өрийн төлбөрийн хугацаагаа хойшлуулах асуудлыг нэг удаа тавих боломж байдаг. Эргэн төлөлтөө эргэж ярихад ямагт нээлттэй гэсэн үг. Харин Хөгжлийн банкны хувьд арилжааны банк биш. Дараагийн эргэн төлөлт 2018 оны хоёрдугаар сард хийгдэнэ. Эргэн төлөлтийн нийт өр 2 тэрбум ам.доллар гэж байгаа ч нэг тэрбум нь  дамжуулан зээлсэн дүн бол нэг тэрбум төгрөг нь төслийн санхүүжилт байгаа юм.

Хөгжлийн банкны дүрмийн сан 450 сая ам.доллар бай­даг. Одооноос манай банк маш олон төслийн сан­хүүжилтийг хариуцах ёстой. 2018 оны үед банкны дүр­мийн сангийн хэмжээ 1 тэрбум орчим ам.долларт хү­рэх байх гэж бодож байна.   

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 18 цаг 54 минутад
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний арван сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум ам.долларт хүрч 7.1%-иар өсчээ. Үүнд экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 5.1 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 9.8%, импорт 3.9%-иар тус тус өслөө. Гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 394.9 сая ам.доллараар нэмэгджээ.
  • Уржигдар 13 цаг 32 минутад
    Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
  • Уржигдар 11 цаг 29 минутад
    МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
  • 2019-11-14 11:27
    Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
  • 2019-11-13 17:11
    2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.