ОУВС -гийн ээлжит санхүүжилтүүд хойшилсоор

2017-10-12 13:10


Н.Ариун

Олон улсын валютын сан (ОУВС) Монголд хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн (Extended Fund Facility) хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж, түүнийгээ Захирлуудын зөвлөлдөө танилцуулснаар цаашдын хэрэгжилтээ тодорхойлоод явах ёстой. Хуваарь ёсоор эхний үе шатны үнэлгээг хийх ОУВС-гийн Ажлын хэсэг долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд манай улсад ажилласан билээ. Ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилт болон Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, тоон үзүүлэлтүүдэд урьдчилсан байдлаар үнэлгээ хийсэн.   

Урьдчилсан үнэлгээгээр хөтөлбөрийн хэрэгжилт бүх түвшинд биелсэн төдийгүй зарим тохиолдолд давсан үзүүлэлт ч гарсан юм. Ажлын хэсгийн ахлагч, ноён Коши Матай урьдчилсан үр дүнг танилцуулсан мэдэгдэлдээ, “Хөтөлбөр сайн хэрэгжиж, бүх тоон зорилтууд хангагдсан. Төсвийн орлого давж, зарлагын санхүүжилтийг хатуу хяналтад байлгасны үр дүнд төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүд тооцоолсноос хавьгүй сайн биеллээ. Давж биелсэн орлогын дүнгийн тал орчим хувиар хуримтлал үүсгэснээр зээллэгийн хэмжээг бууруулан өрийн өсөлтийг хязгаарлах болно. Үлдэх хэсгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үр өгөөжтэй арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. Гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ өссөн нь экспортын орлого нэмэгдэж, Засгийн газрын үнэт цаасны зах зээлд гаднаас хөрөнгө оруулалт хийгдэж буйтай холбоотой. Эрх баригчид дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглэгдсэн бүтцийн өөрчлөлтийн томоохон зорилтуудаа хэрэгжүүлж эхлээд байна. Банкны системийг бэхжүүлэх ажил хийгдэж байна. ...Хууль эрх зүйн чухал өөрчлөлтүүдийн төслийг боловсруулах ажил хийгдэж, зохицуулалт, хяналтын шалгалтын тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Төсвийн тал дээр татварын удирдлага, татварын бодлого, төсвийн хяналтыг бэхжүүлэх ажил ахицтай явж байна. ...Нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож, зардлыг нэн эмзэг бүлэгт чиглүүлэх үүднээс Засгийн газар Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг эргэн харж байна. Уг хөтөлбөрийг 2018 оноос хөрөнгө чинээ багатай өрхүүдэд чиглүүлж, хэмнэгдсэн хөрөнгийг ядууст зориулсан хүнс тэжээлийн нэмэгдэл хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр амлалт өгсөн” гэжээ. 

Дээрх үнэлгээг хэлэлцэх ёстой Захирлуудын зөвлөлийн ээлжит хурал есдүгээр сарын эцсээр товлогдоод байсан юм. Гэвч ӨСХ-ийн нөхцөлийг харилцан тохиролцсон Ж.Эрдэнэбатын Засгийн газар есдүгээр сарын 7-нд огцорсон билээ. Засгийн газар огцорсонтой холбоотойгоор үнэлгээний хэлэлцүүлгийг хийх Захирлуудын зөвлөлийн хурлыг хойшлуулах шийдвэр гарсныг тус сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Нейл Сакер мэдэгдээд байгаа. 

ОУВС шинээр бүрдэх Засгийн газартай хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар ярилцаж, харилцан тохиролцох нь гарцаагүй зүйл юм. Улс төрийн тодорхойгүй нөхцөл байдал үүссэн энэ үед ОУВС Монголын дараагийн Засгийн газраас ӨСХ-ийн бодлого зорилт, нөхцөлүүдийг хэрэгжүүлнэ гэсэн баталгаа шаардах нь зүй ёсны хэрэг. Энэ тухай ч тус сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Нейл Сакер Засгийн газар огцорсны дараа есдүгээр сарын 15-нд хийсэн албан ёсны тайлбартаа мэдэгдсэн. 

Нейл Сакер дээрх мэдэгдлийнхээ үеэр, “Хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Монгол улс хөтөлбөрийн хүрээнд тохирсноос илүү өндөр үр дүнд хүрч байгаа тул хөтөлбөр зогсох эрсдэл харагдахгүй байна” гэдгийг онцлоод “ОУВС-тай тохирсон хөтөлбөр Монголын Засгийн газрын боловсруулсан эдийн засгийг сэргээх хөтөлбөр дээр суурилсан тул цаашдаа Засгийн газрын бодлогын байр суурь хэвээр үргэлжилнэ гэж найдаж буй”-гаа уламжилсан.

МАН-ын Засгийн газарт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь цор ганц сонголт байсан учраас дараагийн Засгийн газар ӨСХ-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь тодорхой. Харин Засгийн газар эмхлэн байгуулагдаж, ОУВС-тай хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тохиролцох хүртэл хэр хугацаа шаардагдана, тэр хэмжээгээр ӨСХ-ийн хүрээнд олгох санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт орох нь гарцаагүй юм.



Хойшилж буй ээлжит санхүүжилт гэдэгт нэн тэргүүнд тодорхой байгаа нь энэ сард ОУВС-гаас олгогдох байсан 37.82 сая ам.доллар орж байна. Захирлуудын зөвлөлийн хурлаар эхний шатны үнэлгээг эцэслэснээр дараагийн санхүүжилт болох 27.9560 сая ЗТЭ буюу 37.82 сая ам.доллар олгогдох байсан. 

Бусад санхүүжилтийн хувьд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгийн хэлснээр, ондоо багтан Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.доллар, Дэлхийн банкнаас 130 сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байгаа. Азийн хөгжлийн банкнаас 2017 онд багтан 250 сая ам.доллар шилжүүлэх ёстойгоос эхний 100 сая ам.доллар нь орж ирсэн. Дараагийн 100 сая ам.долларын хэлэлцээр явж байгаа бөгөөд амжилттай болвол ирэх аравдугаар сарын дундуур авах ёстой, үлдэх 50 сая ам.долларыг арванхоёрдугаар сард авах хуваарьтай. Дэлхийн банкны хувьд 130 орчим сая ам.долларыг дөрөвдүгээр улиралд багтаан авах урьдчилсан хэлэлцээрүүд зогсоогүй үргэлжилж байгаа гэж тэрээр есдүгээр сарын 14-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм.

Энэ тухай ч Fitch агентлаг есдүгээр сард гаргасан тайландаа дурдсан байна. Захирлуудын зөвлөлийн хурал хойшилсноор ээлжит санхүүжилтүүд хойшилж, Монголын Засгийн газрын дахин санхүүжилтийн эрсдэл нэмэгдэж байгаа ч Монголын асуудлыг ондоо багтаан хэлэлцэх магадлал өндөр учраас богино хугацаат өр, зээлийн эргэн төлөлтөд нөлөөлөхөөргүй байна. Тодруулж хэлбэл, Монгол улсын асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан нь зээлжих зэрэглэлд одоогоор нөлөө үзүүлэхээргүй байгааг Fitch  онцолсон байна.

ОУВС-гийн хөтөлбөр зогсох ноцтой эрсдэл одоохондоо харагдахгүй байгаа ч дараагийн Засгийн газар хэр хурдан эмхлэгдэхээс, хүлээгдэж буй асуудлуудад хэр хурдтай менежмент хийхээс нөхцөл байдал бүрнээ хамаарч байна. Хөтөлбөр үргэлжиллээ гээд санхүүжилтүүд ар араасаа шууд ороод ирэхгүй. Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх хэлэлцээрүүдийг УИХ-аар соёрхон батлах, Засгийн газар батлах, төсөл хөтөлбөрийн тусгайлсан гэрээг зээлдэгч талтай байгуулах гээд асар их судалгаа, тооцоо, төлөвлөгөөний дагуу өрнөдөг процесс ихтэй.

ӨСХ-ийн хэрэгжилт, санхүүжилтүүдээс гадна бондын эргэн төлөлтийг хийх менежментийн асуудлууд ч Засгийн газрын шийдлийг хүлээн, ард нь ажил удааширч, цаг хугацаа алдагдсаар байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-07-20 13:13
    Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.  Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм. 
  • 2020-07-20 13:09
    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
  • 2020-07-17 11:48
    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар  сарын 19-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд  энэ оны долдугаар  сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж,   захиалагчийн хяналтын үүргийг  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
  • 2020-07-17 11:05
    Монгол Улсын Засгийн газар  өчигдрийн /07.16/ хуралдаанаар  нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024  онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
  • 2020-07-10 16:41
    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.