Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2017 оны хаалтын сургалт боллоо

The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2017 оны хаалтын сургалт аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд боллоо Монгол улсын эдийн засгийн тулгуур салбар болох уул уурхайн үйл ажиллагаа нь орон нутагт өрнөдөг. Тиймээс орон нутгийн сэтгүүлчдийн хувьд уул уурхай, эдийн засгийн мэдээллийг түгээх, ашигт малтмалын салбарын мэдээллийг нарийн ойлгож задлан шинжлэх нь чухал юм.

Эхний өдрийн сургалт-семинар уул уурхайн мэдээллийн ил тод байдал, байгаль орчны нөхөн сэргээлт, салбарын цаг үеийн мэдээлэл, асуулт хариултын хүрээнд болж өнгөрсөн.  Харин хоёр дахь өдрийн семинар үндсэндээ сэтгүүлзүйн сэдэвт төвлөрсөн юм.

Уул уурхайн салбарын мэдээлэлд голлосон эхний өдөр “Монголын олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах” төслийн Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон болон “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гийн Монгол дахь зохицуулагч Н.Дорждарийн илтгэлүүдээр эхлэв. Эдгээр илтгэлийн хүрээнд манай улсын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-д (МОҮИТБС) нэгдсэн зорилт, уул уурхайн салбарын ил тод байдал яагаад чухал болох, түүнчлэн Монгол улсад ил тод байдлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх үндсэн ойлголтыг өглөө.     

Мөн тус өдрийн семинарт үргэлжлүүлэн орон нутгийн гэрээний ил тод байдлын талаар болон эрдэс баялгийн салбарын ил тод болж буй мэдээллийг хэрхэн ашиглах талаар МОҮИТБС-ын Ажлын албаны Харилцааны менежер Б.Дэлгэрмаа танилцуулга хийж, бүлгийн ажил зохион байгуулсан нь сэтгүүлчдийн хувьд ихээхэн өгөөжтэй, шинэлэг байлаа. Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ төслийн энэ удаагийн сургалтыг зохион байгуулахад нь МОҮИТБС дэмжин оролцсон юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Баатарцогт болон тус агентлагийн хэлтсийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж эрдэс баялгийн салбарын цаг үеийн асуудал, бодлого зохицуулалтын чиглэлээр мэдээлэл хийлээ. Түүнчлэн орон нутагт тулгамдаж буй, хурцаар яригдаж буй уул уурхайн асуудлууд, шийдвэрүүдийн талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэлтсийн дарга нар чиглэл чиглэлээр хариулт өглөө.

Үүнээс гадна уул уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчны менежмент, байгаль орчны хохирол тооцох аргачлал, үнэлгээний талаарх танилцуулгыг Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Д.Өлзийбаяр, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Ихбаяр нар оролцогч сэтгүүлч нарт дэлгэлээ.

Сэтгүүлзүйн салбарт төвлөрсөн хоёр дахь өдрийн сургалтаар сэтгүүлчдийн нийтлэг гаргадаг алдаа, түүнээс зайлсхийх тухай болон улс төрийн коммуникацийн дэлхийн чиг хандлага, медиа зах зээлд гарч буй өөрчлөлт хандлага зэрэг чухал сэдвээр оролцогч сэтгүүлч нар суралцаж, салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд (МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн дэд профессор, доктор Б.Наранбаатар, Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал Ц.Мөнхцэцэг, Ийгл Телевизийн Ерөнхий продюссер Ж.Хулан)-ээс илтгэл сонслоо.   

Семинарын бас нэг онцлог бол орон нутгийн сэтгүүлчдийн дунд зарладаг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан байдаг. Сургалтад оролцсон сэтгүүлчдийн оролцоог илүү үр дүнтэй болгож, мэдлэгийг бататгахын тулд нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарладаг уламжлалтай. Энэ жилийн уралдаанд таван нийтлэл, найман нэвтрүүлэг ирүүлсэн юм.

Дорнод аймгийн “Дорнод медиа” группын сэтгүүлч Э.Отгонтуяа “Хар алтны хар балаг” асуудал дэвшүүлсэн нийтлэлээр нийтлэлийн төрөлд гуравдугаар байрыг эзэллээ.

Нэвтрүүлгийн төрөлд гуравдугаар байрын эзнээр Төв аймгийн “TBS” телевизийн Ж.Хонгорбаатар, Ц.Ууганбаатар нар “Юуг онцлов” асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгээр тодорсон юм.

Харин нийтлэлийн төрөлд хоёрдугаар байрыг Дорноговь аймгийн МОНЦАМЭ-гийн сэтгүүлч Х.Эрдэнэбулган “Нөхөн сэргээлтэд “МУУ” дүн тавихын учир” асуудал дэвшүүлсэн нийтлэлээр эзэллээ.

Нэвтрүүлгийн төрөлд хоёрдугаар байрын эзнээр Ховд аймгийн “Ховд” телевизийн сэтгүүлч, редактор С. Жавзандулам “Цаанаа учиртай цагаан эрэг” цуврал нэвтрүүлгээрээ тодорсон юм.

Ингээд тэргүүн байрын эзнээр Өмнөговь аймгийн “Алтанговь” телевизийн сэтгүүлч Н.Энхцэцэг “Золиослогдсон амьдрал” асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгээрээ шалгаран тодорлоо.

Сэтгүүлчийн өдөр тутмын ажил хэрэгт чухал хэрэгцээтэй байдаг таблет, нөүтбүүкээр гуравдугаар байр, хоёрдугаар байранд шалгарсан сэтгүүлчдийг тус тус шагнасан бол тэргүүн байрыг авсан сэтгүүлч ХБНГУлсад болох сургалтын аялалд оролцох эрхээр шагнуулсан юм.

Орон нутгийн сэтгүүлчдийн бүтээлүүд нь асуудлыг газар дээрээс нь тууштай сурвалжилж, багагүй хүч хөдөлмөр гаргаж хийсэн бүтээлүүд гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Шалгарсан бүтээлүүд болон уралдаанд ирүүлсэн бусад бүтээлийг “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг хэрэгжүүлэгч “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын цахим хуудас journalism.mn-ээр зочилж үзэх боломжтой.