Тогтворгүй, тодорхойгүй

2017-08-30 11:51


Н.Ариунтуяа

Жилийн өмнөх наймдугаар сард Сангийн сайд эдийн засгийн үзүүлэлтүүд навс унасныг ил тод зарласан билээ. Залгуулаад Ерөнхий сайд хөмсөг зангидан байж, ард түмэндээ “бүсээ чангалах”-ыг сануулсан. Ерөөс улсын эдийн засаг шалдаа буусны бурууг өмнөх Засаг руу чихсэн тайлбаруудаар өнгөрсөн зун, намрыг барсан юм. Тэр бүхний дараа туйлдсан эдийн засгийг сэргээх цор ганц арга зам ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах явдал болоод байгааг ард түмэндээ зугуухан ухуулж эхэлсэн. Бүтэн арван сар үргэлжилсэн яриа хэлцлийн үр дүнд Монгол улс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдав. ОУВС-гийн хөтөлбөр нь УИХ-ын суудлын 85%-ийг эзэлсэн МАН-ын эрх барих үлдсэн хугацаатай давхцан хэрэгжинэ. 

ОУВС-тай яриа хэлцэл хийж байж төрүүлсэн итгэл найдварын үр дүнд хоолой дээр тулаад ирсэн хуучин өрийг шинэ өрөөр хааж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан түр сэхээ аваад байх үед эдийн засагт 5.3%-ийн өсөлт гарлаа. Эдийн засгийн богино хугацааны сэргэлтэд эрх баригчид ихээхэн эрдэж байх шиг. Өөр зуураа хөлөө жийлцэн хэрэлдцгээж, эцэст нь өөрсдийн бүрдүүлсэн “Мэргэжлийн” гэх Засгийн газраа нэг жилийн ой дээр нь огцруулахаар журмын нөхөд нь өргөх бичиг бариад байна.

Хямарсан эдийн засагт гарч буй зарим нэг эерэг үзүүлэлт түүхий эдийн зах зээл харьцангуй сэргэснээс үүдэлтэй. Хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг хагас жилд 5.3%-иар өсч, төсвийн орлого 300 тэрбумаар давж биелэхэд улсын нийт экспортын 80 гаруй хувийг эзэлдэг эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний экспорт гялалзсан үүрэг гүйцэтгэсэн. Зах зээлийн ялимгүй сэргэлт, түүнийг ашиглахаар чармайсан нүүрс экспортлогч хэдэн компанийн мэрийлтээс өөр сүйдтэй шалтгаан энд үгүй. Эрдсийн үнэ унавал эргээд элгээрээ хэвтэх эрсдэл тэр чинээгээр өндөр төдийгүй  асар хурдан гэдгийг  санахад илүүдэхгүй. Яг энэ талаар, найдаж буй нүүрсний экспортод ямар эрсдэл үүсч болохыг  MMJ сэтгүүл шинэ дугаартаа онцлов.

Гурван жилийн хугацаанд эдийн засгийг тогтворжуулах ОУВС-гийн төсөөлөл тогтвортой уул уурхайд найдах цор ганц нөхцөлд үндэслэж байгаа. Өөр бусад нөөц бололцоо бий ч экспортын орлогод үзүүлж буй хувь нэмрээрээ уул уурхайн салбарыг ойрын хэдэн арван жилдээ гүйцэх салбар үгүйг ОУВС Монголын тухай жилийн тайландаа дүгнэсэн байдаг. The Mongolian Mining Journal өнгөрсөн зургаадугаар сарын дугаартаа энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Эдийн засгийн өсөлт нь Оюутолгойн хоёрдугаар үе шат, Тавантолгой, Гацуурт зэрэг уул уурхайн томоохон төслүүдийг төлөвлөсөн хугацаанд амжиж хөдөлгөх, үйлдвэрлэл, борлуулалтыг хадгалах, эрдсийн үнэ ханшийн өсөлтөөс шууд хамааралтай гэсэн ОУВС-гийн дүгнэлт тэнд тод томруун бичигдсэн байгаа.  

Эрдсийн үнэ өсч, буух нь биднээс хамааралгүй гадаад хүчин зүйл, тааварлах аргагүй аз эзэнд найдсан хэрэг боловч том төслүүдийг хөдөлгөх, үйлдвэрлэл борлуулалтыг хадгалах гэдгийн цаана уул уурхайн салбарт төрийн тогтвортой бодлого хэчнээн чухал болох бас нэгэн агуулга оршиж байгаа.  

Улс төрийн тогтворгүй, тодорхойгүй байдал нь Монголын уул уурхайгаас хөрөнгө оруулалт дайжих нэг нөхцөл болдгийг өнгөрсөн цаг хугацаа хангалттай сургамжилсан. Улс төрийн үйл явц, хөрөнгө оруулалтын шууд нөлөөгөөр манай эдийн засаг ёс мэт савласаар ирсэн билээ.

Эрх баригч МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Уул уурхайн хөгжил” гэсэн гарчигтай тусгайлсан дэлгэрэнгүй зорилт дэвшүүлж, салбарын нөхцөл байдлыг хөрөнгө оруулалт 4 дахин буурсан, Тавантолгой, Оюутолгой, бусад томоохон төслүүдийг гацсан гэж дүгнээд, шийдэх арга замаа тодорхойлохдоо гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг гол зорилтоо болгож, уул уурхайн орд, компаниуд дахь төрийн оролцоог зохистой байлган, татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах хэлбэрийг илүүтэй сонгоно гэсэн юм. Тодруулж хэлбэл, шинэ Засгийн газар уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалтыг дахин шинээр татах, үүний тулд эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, уул уурхай дахь төрийн оролцоог одоо байгаа хэмжээг нэмэгдүүлэлгүй харин ч багасгах бодлогыг мөрийн хөтөлбөртөө суулгасан.  

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН дийлэнх олонх болж, Засгийн газраа дангаар бүрдүүлэхэд нь сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бүрэн боломжтой боллоо, улс төрийн хувьд ч харьцангуй тогтвортой байдал ирэх нь гэж хэн хүнгүй найдаж байв. Бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж, хөрөнгө оруулалт татна гэж бизнес эрхлэгчид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид итгэж хүлээсэн. Гэвч сөргөлдөх хүчингүй байлаа гээд ялгаагүй эрх баригчид сандал суудлын төлөө дотроо мөргөлдсөөр байвал урьдын адил хийж хэрэгжүүлэх боломж олдохгүйг Засгийн газраа огцруулна гэсэн үйлдэл нь тов тод харуулав. МАН парламентад найдвартай олон суудал эзэлсэн таатай нөхцөлд шийдмэг ажиллаж, Тавантолгой, Гацуурт зэрэг том төслүүдийг хөдөлгөх түүхэн шийдвэр гаргана байх гэх хүлээлт талаар өнгөрөх нь бололтой. 

Ж.Эрдэнэбатын Засгийн газар хямарсан эдийн засгийг сэргээж, сэхэл авахын тулд бэлэн байгаа уул уурхайн том төслүүдийг асар хурдтай хөдөлгөж гадаадын хөрөнгө оруулалт татна гэж өнгөрсөн жил халуун намраар л зарласнаас хойш даруй нэгэн жил өнгөрлөө. Тоймтой алхам хийж чадалгүй явсаар халаагаа өгөх нь байна. Засгийн газар уг нь зүгээр суугаагүй юм. Эдийн засгийн хүндрэлээс гарах гол гарц болгож байсан Тавантолгой дээр зарим нэг оролдлого эхлүүлсэн ч ердөө эрх баригчдын өөрсдийнх нь дотоод зөрчил, эрх ашгийн сонирхлоос болоод явж өгөөгүй. Гацууртыг эхлүүлэх алхмыг нэлээд бэлтгэлтэй, алсаас хийсэн боловч шүүх дээр очоод нам зогссон. Одоо бол Тавантолгой, Гацуурт урт хугацааны улам тодорхойгүй байдалд орчихлоо.  

Эрх барьсан нэг хүчнээс нөхцөл байдал бүрнээ хамаарч байхад гацаанаас гаргаж чадаагүй уул уурхайн том төслүүдийн хувь заяа өдгөө улам бүрхэг болж, нөхцөл байдал ихээхэн ээдрээтэй болж хувирав. Уул уурхай дахь үндсэрхэг үзлийн тод төлөөлөл болсон Ерөнхийлөгчтэй боллоо. Харилцан ашигтай, ажил хэрэгч санал тавьдаг харилцаанд тулгуурласан өнөөгийн ертөнцөд улсын маань Ерөнхийлөгч уул уурхайг үгүйсгэсэн, гадаадын хөрөнгө оруулагчид жийрхэхээс аргагүй байр суурь илэрхийлэн сууна. Энэ бүхнээс харахад эдийн засгийн том шийдвэрүүд дээр Ерөнхийлөгч Засгийн газартай нэгдмэл байр суурьтай байж чадна гэдэг ихээхэн эргэлзээтэй.  

Ерөнхийлөгчтэй байр сууриа нэгтгэж чадахгүйн дээр өөр зуураа хэмлэлдсэн, асар их зөрчилтэй эрх баригчдын хувьд эдийн засгийг тогтворжуулна гэдэг Засагт хэн байхаас үл хамааран улам бүр амаргүй зорилт болж хувирах нь.  
Улс төрд үүссэн тодорхой бус байдал өмнө тодорхой байсан зүйлсийг бүгдийг тодорхойгүй болгож байна. Засгийн газрууд унах бүрийд бодлого өөрчлөгддөг, төсөл хөтөлбөрүүд гацдаг зогсдог, хүлээлтийн горимд ордог, дахиад эхнээс нь шинээр эхэлдэг нь төрийн ажлын арга барил болж хувирсан билээ. Яг өнөөдөр гарын үсэг зурах гэж байсан хөтөлбөр хүртэл азнаж хүлээхээр шийдлээ. Шинэ Засагт хийж байснаа ойлгуулахын тулд дахиад эхнээс  нь тайлбарлах болно. Гурван жилийн дараа өнгөрсөн жил ирэх баригчдын ярьж хэлж байсан бүхнийг өөр нэгэн хүчин яг л шив шинэхэн мэт яриад сууж байж мэдэх нь.

Жил бүрийн намар уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид дэлхийн өнцөг булан бүрээс Улаанбаатарыг зорин ирэх болсоор 15 дахь намраа үзэх гэж байна. Энэ жилийн хувьд олон улсын хөрөнгө оруулагчдыг 15 дахь жилдээ урин дуудаж буй “Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах чиглэлээр долоо дахь жилдээ ажиллаж байгаа “Coal Mongolia-2017” чуулган есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд санаатай, санамсаргүйг бүү мэд давхцан зохиогдоно. Сарын өмнө мандат зарагдаж дууслаа, хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна гэж сагсуурч байгаа ч хөрөнгө оруулагчид үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн сонгууль нь дууслаа, шинэ Ерөнхийлөгч уул уурхайн салбарын бодлогын үзүүрт ямар шийдэл гаргах бол, сонсъё гэж ирж байгаа хэрэг юм. Гэтэл бид хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх нь битгий хэл өөрсдөө ч тодорхой ойлголтгүйгээр огцорсон засаг, үүрэг гүйцэтгэгчидтэй угтах нь байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 1 цаг 1 минутын өмнө
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн  “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “БИЧИЛ УУРХАЙ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА”  нэвтрүүлгээр  амжилттай оролцон ХОЁРДУГААР  БАЙР хүртлээ. 
  • 21 цаг 16 минутын өмнө
    Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.
  • Өчигдөр 11 цаг 14 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХУУЛЬ ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭХ ЗУУР” нийтлэлээр  амжилттай оролцон НЭГДҮГЭЭР БАЙР хүртлээ.  
  • Өчигдөр 10 цаг 53 минутад
    Шинэ Дели хотноо Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс баяжуулах, боловсруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, инженерүүдийг чадавхижуулах, Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зах зээлд экспортлох боломжийг судлах юм. Энэтхэг улс жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Үүнээс 50 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд 80 гаруй хувийг импортолдог аж. Цаашдаа кокс, гангийн хэрэглээ ихээхэн нэмэгдэх төлөвтэй. Энд Монголын нүүрсний орон зай байж болно хэмээн Энэтхэгийн талаас сонирхож байгаа аж.
  • Уржигдар 16 цаг 08 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад  “УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН БОДЛОГО-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД” нэвтрүүлгээр  амжилттай оролцон ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодорлоо.