Шинэ Ерөнхийлөгч ба хүчний хуваарилалт

2017-08-08 16:15
Гэрэл зургийг Б.Рэнцэндорж

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль олон талаараа өмнөх сонгуулиудын үзүүлэлтүүдийг эвдэв. Анх удаа дахин санал хураалт боллоо. Сонгуулийн зардал хийгээд санал авахаар цацсан мөнгөний хэмжээ хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдсэн  бол амласан амлалт нь ч түүнийг хэд дахин давахаар томров. Эдийн засгийн хямралаас үүдэн танаж, зогсоогоод байсан элдэв халамжуудаа сонгуулийн үеэр сэргээн амилуулав. Эрх баригч нам Хүүхдийн мөнгөнд 160 тэрбум төгрөг тараасан бол өрсөлдөгч нь иргэдийн банкны зээлийг төлнө гэлээ. Өрсөлдөгч намуудын бие биеэсээ илүүрхэх гэсэн оролдлого нь зөвхөн мөнгө тараах төдийгөөр хэрэгжсэн нь хамгийн харамсалтай юм. Юутай ч урьд хожид Монголд сонстож байгаагүй, Венесуэл, Куба зэргээс сургийг дуулж байсантай дүйцэхүйц популист амлалтууд энэ сонгуулиар гарлаа.  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаан дээрээ нэмээд “Эрдэнэт”-ийн хувьцааг гурван саяулаа үнэгүй авах нь. Юун эдийн засгийн хямрал, хямралыг эмчлэх ОУВС-гийн хөтөлбөр. Ганцхан сонгуулиар өнгөрсөн цаг хугацаанд авсан сануулга сургамж, бүтэн жилийн хийсэн ажил, санасан зорьсон бүхэн замхран алга болох нь тэр.

Ийм өндөр үнээр монголчууд шинэ Ерөнхийлөгчтэй болов. Харин одоо Х.Баттулга ямар Ерөнхийлөгч болох бол гэдэгт дотоод гадаадгүй анхаарлаа хандуулж байна. Түүний албан ёсны уулзалт хийсэн гадаад зочдын эхнийх нь ОХУ, БНХАУ, Япон улсаас Монголд суугаа Элчин сайд нар байв. Дөрөв дэх нь АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт. Шинэ Ерөнхийлөгч маань түүнээс оффшор дахь мөнгийг Монголд авчрахад туслахыг хүсэв. Үүний дараа Англи, Швед дэх Элчин сайд нарыг эгүүлэн татах хүсэлтэй буйгаа УИХ-д мэдэгдэв.

Х.БАТТУЛГА VS МАН

Албан ёсоор хоёр сар шахам, албан бусаар хагас жил сонгуульдаж, улстөржсөн бидний монголчууд хэсэгхэн амсхийгээд дахиад улс төржиж эхлэх төлөвтэй. Ерөнхийлөгч Х.Баттулга байр сууриа хамгаалж, эрх баригч МАН-тай тэнцвэртэй харилцааг хүсэмжлэх нь дамжиггүй. Өөрийн багаа ч бүрдүүлж, УИХ-ын дарга асан З.Энхболдыг Тамгын газрын даргаараа тавьсан нь ирэх 4 жилд эрх баригчидтай хийх улс төрийн “тулаандаа” бэлтгэж байгааг харуулсан. Эрх баригчид ч шинэ Ерөнхийлөгчид “бэлэг” бэлдэхийг Ерөнхийлөгчийн институц, АН-ынхан гээд бүгд мэдэж байгаа.

Нөгөө талд сонгуульд ялагдсан МАН-ын дарга М.Энхболд ирэх 9 дүгээр сард намын Бага хурлаа хуралдуулахаа мэдэгдлээ. Бага хурлаар сонгуулийн үр дүнг хэлэлцэж, намын удирдлагыг томилох асуудлыг хэлэлцэнэ. М.Энхболд сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, намын даргаасаа огцорч магадгүй байна.

Эрх баригч намын Бага хурал ирэх жилүүдийн улс төрийн өнгийг тодорхойлох нь дамжиггүй. Цаг хугацааны хувьд тодорхойгүй байгаа ч намын Бага хуралтай зэрэгцээд УИХ-ын Намрын чуулган эхлэх биз. Чуулганаар хэлэлцэх асуудлын 4 дүгээрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр дараалал гарсан. Сонгуулийн сурталчилгаа эхлэх үед төсөл нь ил болсон болохоор төдий л олны анхаарлыг татаагүй байх шиг байна. Сонгуульд ялна гэдэгтээ итгэлтэй байсан бол эрх баригч нам олны анхааралд оруулахыг хүсээгүй байж болох юм. Харин одоо ялагдсан болохоор Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах тал дээр ихээхэн анхаарч таарна. Үгүй бол шинэ Ерөнхийлөгч эрх баригч намыг зүгээр суулгахгүй нь түүний эхний шийдвэрүүдээс илэрхий харагдаж байна.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Зөвлөлдөх санал асуулгын дүнгийн талаар судалгаа хийж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулснаа өнгөрсөн 5 дугаар сарын 25-нд УИХ-ын даргад гардуулж байсан билээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар нийт ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд тэдгээрээс гарсан саналыг нэгтгэн тусгаад есдүгээр сард УИХ-д төслийг албан ёсоор өргөн барих юм байна. Хэдий ард нийтийн хэлэлцүүлгээр орж, их бага хэмжээгээр өөрчлөгдөх нь тодорхой ч төслийн эхний хувилбарт зарчмын томоохон өөрчлөлтүүд орсон нь анхаарал татаж байгаа юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уг төслийн албан тайлбар нь  УИХ,  Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах; Монгол улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох, Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэх мэтээр хөвөрнө. Эдгээр нь цаагуураа  Ерөнхийлөгчийн “шүд”-ийг нэг нэгээр нь сугалж, парламентад олонх болсон нам, Засгийн газрын хүчийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн нь тодорхой болсон.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах хэд хэдэн өөрчлөлт байгаагийн хамгийн том нь хууль санаачлах эрхийг нь хасах. Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1-т, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ хэмээн заасан байдаг бол өөрчлөлтөөр зөвхөн УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй болно.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” хэмээсэн заалтыг хүчингүй болгохоор байна. Засгийн газар Ерөнхийлөгчөөс чиглэл авдаггүй болж таарах нь.

Гуравдугаарт, Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэсэн заалтыг өөрчилж, “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчээр томилохоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор ёсчилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт гишүүдийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгоно. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч 72 цагийн дотор ёсчилно” хэмээн өөрчлөн найруулахаар болжээ. Угтаа бол Ерөнхийлөгч шүүгчдийг томилдог байсныг ёсчилдог болгож байгаа хэрэг. Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулаад Ерөнхийлөгч томилдог байсан бол УИХ дэмжсэнийг нь Ерөнхийлөгч ёсчилдог болж байна. Бусад шүүхийн шүүгчдийг ч Ерөнхийлөгч томилдог биш Шүүхийн ерөнхий зөвлөл сонгож, Ерөнхийлөгч ёсчилдог болж хувирах нь. Энэ нь Улсын дээд шүүхийн шүүгчдийг томилох эрх Ерөнхийлөгчөөс УИХ руу шилжиж байгаа хэрэг юм. Энэ мэтчилэн Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй, бас шүүх эрх мэдлээс холдохоор шинэ Ерөнхийлөгч “шүд”-гүй арслан лугаа адил болно гэсэн үг. Тиймээс ирэх намар эрх мэдлийн төлөөх хамгийн ширүүн тэмцэл өрнөх магадлал өндөр байна. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч, бүх ард түмнээс сонгогдсон УИХ хоёр хэн нь илүү вэ гэдгээ шийдэх биз. Сонирхуулахад ард түмнээс авсан саналын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга  УИХ-ын МАН-ын 65 гишүүний саналаас илүү байгаа.

БАТТУЛГА VS УУЛ УУРХАЙ

2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдоржийг маш хурдан “бяр” суусан хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг аль 2010 оноос буюу Оюутолгойн ХОГ-ний дараа хийхээр яригдаж байсан ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төдий л шавдуулаагүй хэмээн тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүс ярьж байсан удаатай. Учир нь Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт Эх орны хишиг тараах амлалт байсан юм. Түүнээс хойш юу болсныг бид сайн мэднэ. Өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувь заяа хэрхэх нь тодорхойгүй байсаар байна.

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хэр хурдан “бяр” суухыг тааварлах аргагүй. Найман жилийн өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид АН-ын 28 суудалтай бүлэг, бас хамтарсан Засгийн газар байсан бол өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгад 65 суудалтай үнэмлэхүй олонх болсон МАН л байна. Ийм үед Ерөнхийлөгч Х.Баттулга дээр дурдсанчлан эрх мэдлийн төлөөх “тулаанд” хэр оролцохоос эрх мэдлийн хэр хэмжээ тогтоно. Тэр хэрээр Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгой, Тавантолгой болон бусад томоохон төсөлд ямар нөлөөтэй байх вэ гэдэг тодорхой болох биз. Түүнээс үл хамааран ганц зүйл бараг тодорхой болсон нь Тавантолгойн том ордыг ашиглах хэлэлцээрээс “Энержи Ресурс” компани бүрмөсөн гарах биз. Энэ нь ганц Х.Баттулга Ерөнхийлөгчид учир байгаадаа ч биш юм. Эрх баригч МАН дотор ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад даатган ашиглах гэхээсээ төрийн өмчит компани хэлбэрээр нь Хятадын талтай хамтран ашиглах сонирхолтой бүлэг бий. Товчхондоо бол “Эрдэнэс Тавантолгой”-г удаах “Эрдэнэт” болгон баталгаажуулах сонирхол гэсэн үг. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нэгэнтээ Тавантолгойг “ЭмСиЭс”-т өгөхгүй хэмээн ам гарсан удаатай. Эндээс харахад Тавантолгой тойрсон хэлэлцээрээс “Энержи Ресурс” хасагдаж, харин Засгийн газар болон Ерөнхийлөгч гэсэн зөрчилдөөн үүсч магадгүй юм.

Бусдаар Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхайн салбарт оролцох оролцоо нь өмнөх Ерөнхийлөгчөөс нэг их дутахгүй байх магадлал бий. Түүний мөрийн хөтөлбөрт уул уурхайтай холбоотой хэд хэдэн заалт бий. Баялгийг хууль бусаар өмчлөх аливаа үйлдэл эс үйлдэхүйтэй тууштай тэмцэнэ, Байгалийн баялаг ашигласнаас олох орлогыг тусгай санд хуримтлуулан уул уурхайн бус салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулах бодлогыг санаачилна, иргэн бүр байгалийн баялгийг тэгш, шударгаар эзэмших, хувь хүртэх, үр өгөөжийг нь ашиглах боломжийг хуулиар хамгаалах бодлого, үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжинэ гэх мэтээр багагүй асуудалд оролцохоо хэдийнэ “зарлачихсан”. Тэдгээрээс онцлох хоёр заалт нь,

Монгол Улсад ган хайлуулах, зэс хайлуулах болон нефть химийн үйлдвэр бүхий аж үйлдвэрийн парк байгуулах, түүнийг дагасан боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх аж үйлдвэржилтийн хөрөнгө оруулалт, мега төслүүдийг дэмжих;

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоор баталсан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг байгуулж, хоёр хөршийн болон дэлхийн зах зээл рүү чиглэсэн төмөр замын чиглэлүүдийг барьж байгуулах бодлогыг дэмжиж ажиллах... 

Онцлох гэж хэлж болохоор заалтуудаас нь харвал тэрбээр Сайншандын аж үйлдвэрийн паркаа дахин ярьж магадгүй байна. Энэ нь Засгийн газрын шийдэл, мөрийн хөтөлбөртэй зөрчилдөж таарна. Засгийн газар ган хайлуулах үйлдвэрийг Дарханд, зэс хайлуулах үйлдвэрийг Ханбогдод, нефть боловсруулах үйлдвэрийг Сайншандад барих шийдвэр гаргаж, холбогдох судалгаанууд, гэрээ хэлцлийг хэдийнэ эхлүүлчихээд байгаа.

Мөн төмөр замаа ч орхихгүй нь тодорхой. “200-хан сая доллар өгчихөөд тэрбум долларын өртөгтэй төмөр зам нэхээд байна” хэмээн сурталчилгааны өдрүүддээ “гомдоллож” явсан Ерөнхийлөгч одоо төмөр замаа яаж барих нь сонирхолтой. Ялангуяа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нарийн царигаар тавигдаж байгаа төмөр замын хувь заяа хэрхэн эргэх нь бүр тааварлах аргагүй юм. “Насаараа шахуу” нарийн царигийг эсэргүүцсэн Ерөнхийлөгч Засгийн шийдвэрүүдтэй хэрхэн “зөвшилцөх” нь тун удахгүй тодрох биз ээ.

Энэ мэтчилэн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр зөрчилдөх зүйл цөөнгүй гарах нь лавтай.  

БАТТУЛГА VS ПУТИН, СИ ЖИНПИН

Монгол улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын өдөр тулж, нэр дэвшигчид амьсгаа дээгүүр явах үед хоёр хөршийн удирдагчид 23 дахь удаагаа уулзав. ОХУ-д дөрөв дэх удаагаа айлчилсан Си Жинпин даргын айлчлалын баг түншүүдтэйгээ 40 гэрээнд гарын үсэг зурав. Олон улсын тоймчид, мэдээллийн хэрэгслүүд ОХУ, БНХАУ-ын харилцааг хэвийн үргэжилж байна хэмээн дүгнэж байна. Төрийн тэргүүнүүд нь ч ойр ойрхон уулзаж, тодорхой асуудлуудыг шат дараатай шийдвэрлэсээр байна.

Харин шинэ Ерөнхийлөгч маань Путин болон Си даргатай хэр “найзалж” чадах вэ гэдэг тун сонирхолтой. Хоёр хөршийнхөө худалдааны сувгийн том ашиг сонирхлыг “Гурван улсын эдийн засгийн коридор” болгож чадсанд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид гадна, дотногүй алга ташдаг. Олон төсөл яригдаж байсан ч бодитоор хэрэгжих боломжтой 20 орчим төсөл дээр гурван улс ойрмогхон тохиролцох төлөвтэй байна. “Гурван улсын эдийн засгийн коридор”-ыг цаашид үргэлжлүүлэн ажил хэрэг болгож чадах эсэх нь одоо Ерөнхийлөгч Х.Баттулгаас шууд хамаарах юм. Энэ талаар ч түүний мөрийн хөтөлбөрт тодорхой заалтууд бий.

Хоёр хөршийг холбосон эдийн засгийн бүс (коридор)-ийг хөгжүүлэх, ре-экспортыг өргөжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гуравдагч хөрштэй хийх худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчны шинэчлэлийг санаачлан ажиллах;

ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллax...

Нэгэнт хоёр хөрштэйгээ харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэдгээ зарласан болохоор Ерөнхийлөгчийн барьдаг эх оронч үзэл нь хөршүүдийн харилцаанд ан цав үүсгэж болзошгүй зүйл одоохондоо харагдахгүй байна. Гурван улсын эдийн засгийн коридор нь Монгол улсад худалдаа, эдийн засгийн маш том боломж гэдгийг АН төр барьж байх үедээ хамгийн сайн ойлгосон байх учиртай. Нарийн яривал Эдийн засгийн коридорын санал санаачилга нь АН-ын нөлөө бүхий гишүүдээс гарч, ажил хэрэг болж яваа төсөл. Тийм болохоор Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд энэ төслийг, энэ харилцааг цаашид хөгжүүлж, ажил хэрэг болгох нь АН-ын нэр хүнд, дараа дараагийн сонгуульд амжилт гаргах суурь болох боломжтой юм.

С.Болд-Эрдэнэ

Сэтгэгдэл байхгүй байна

  • Монголд сэтгүүлч сонин сайтаас их юм алга Гэлээ гээд Баттулгын талаар ийм тодорхой анализ хийж таамаг дэвшүүлсэн нийтлэл бичдэг нь байдаггүй Сайн байна БолдЭрдэнээ
    2017 оны 08 сарын 10 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 17 цаг 58 минутын өмнө
    Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн  АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт   хүрч чадсан талаар арванхоёрдугаар  сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах  байснаа цуцаллаа.  Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна. 
  • 2020-01-17 19:42
    Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ. 2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.
  • 2020-01-17 16:09
    2019 онд Хятад 46.33 мянган тонн газрын ховор метал экспортолсон нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3657 тонн газрын ховор метал экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 32.5%-иар буурчээ. Энэхүү бууралтыг Хятадын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, Япон, АНУ болон Европын Холбооны аж үйлдвэрлэл саарч буйтай холбон тайлбарлаж байна. АНУ-Хятадын худалдааны зөрчилтэй шууд холбоогүй гэдгийг ч тэмдэглэж байгаа юм. 
  • 2020-01-17 13:11
    2019 онд Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 6.7%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ. Үүнээс экспортын үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллартай тэнцсэн бол импортын хэмжээ 6.1 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ 2018 оныхтой харьцуулахад 8%-иар, экспортын үзүүлэлт 8.7%-иар нэмэгджээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 31.3% буюу 355.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт төдийгүй гадаад худалдаа 2014 оноос хойш ашигтай гарч эхэлснийг ҮСХ онцлов.
  • 2020-01-17 12:56
    Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Захирагч нарын зөвлөл Масацугу Асакаваг өнөөдөр тус банкны Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлж байна. Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай Асакаваг АХБ-ны Удирдах зөвлөлөөс 10 дахь Ерөнхийлөгчөөр сонгосон юм.Тэрээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан “Их 20”-ийн Сангийн сайд нар болон Төв банкны Ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан “Их 20”-ийн анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байв.