Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Д.Даваа-Очир: Антрактидыг далайцтай судалъя гэвэл бусад орны судалгааны багуудтай хамтрах хэрэгтэй

The Mongolian Mining Journal. 2017.005 /102/

Сүүлийн жилүүдэд Антрактид судлал олон улсын түвшинд эрчимтэй хөгжиж, тэр дундаа өмнөд туйлын ашигт малтмал, чулуулгийн эрдэсжилттэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд ихээхэн анхаарал татах болсон билээ. Монголын геологчдоос анх удаа Японы Антрактид судалгааны экспедицийн бүрэлдэхүүнд багтаж, өмнөд туйлд очиж ажилласан “Asian Metal Exploration Consultancy Sdn.Bhd” компанийн Ерөнхий геологич Д.Даваа-Очиртой ярилцлаа.




Г.Идэрхангай

Та Монголын геологчдоос анх удаа Японы Антрактид судалгааны экспедицийн бүрэлдэхүүнд багтаж, өмнөд туйлд ажиллалаа. Судалгааны ямар ажлаар явсан тухайгаа уншигчдад эхлээд танилцуулна уу?
Америкийн санаачилгаар 1957 оныг “Дэлхийн геофизикийн жил” гэж зарласан. Үүнтэй холбоотойгоор,  Антрактидад судалгаа хийх зорилгоор Япон улс  анхны экспедициэ 1956 оны сүүлээр   илгээж, 1957 оны нэгдүгээр сарын 29-нд судалгааны бааз байгуулах сууриа тавьсан юм билээ. Энэ түүхэн үйл явдлын 60 жилийн ой тохиосон 2016 оны сүүл, 2017 оны эхээр манай судалгааны экспедици Антрактид тивд очсон. Миний хувьд 58 дахь удаагийн экспедици гэж нэрлэгдсэн том судалгааны багт багтcандаа баяртай байгаа.

Японы эрдэмтдийн санаачилгаар байгуулсан “Азийн туйл судлалын чуулган” (AFoPS) хэмээх төрийн бус байгууллага нь судлаачдад мэдээллээ солилцох, бие биеэ дэмжиж ажиллах нөхцөл боломжийг олгодог. Энэ хүрээндээ Индонез, Тайланд, Колумб, Монгол  улсын судлаачдыг JARE-58 дахь удаагийн экспедицид урьж, судалгаандаа оролцуулсан.

Экспедицийн судалгааны зорилго маш өргөн хүрээтэй. Миний хувьд тухайн бүс нутагт тархсан чулуулгийг судлах, бусад судлаачийн судалгааны ажлуудтай харьцуулалт хийх зорилготой явсан.

Японы судалгааны томоохон бааз Антрактид тивд байдаг гэж сонссон?
Тийм ээ. Япончууд Антрактид тивдээ хоёрт орох, бүтэн жилийн турш үйл ажиллагаа явуулдаг судалгааны томоохон суурин баазыг байгуулчихаж. Судлаачдаа зун нь мөс зүсэгч онгоцоор авч очоод, сэрүүний улирал эхлэнгүүт аваад ирдэг. Энэ аялал маш хол зам туулна. Баруун Австралиас Антрактид ороход бүтэн нэг сарыг зарцуулдаг. Арванхоёрдугаар сарын сүүлээс хоёрдугаар сарын дунд үе хүртэл  судалгааны хээрийн ажлаа хийдэг юм байна. Судалгааны ажлын цар хүрээ маш өргөн, байгалийн шинжлэх ухааны бүхий л салбарын судалгаа явагддаг.

Агаар мандлын цогц судалгаа, туйлын туяаны судалгаа, сансрын авиа цуглуулагч радар гээд өндөр түвшний судалгаа хийдэг технологиуд тэнд бий. Зөвхөн пингвинээр дагнасан судалгаа байхад далай судлал нь дотроо хэд хэд задрах жишээтэй.  

Гринвичийн голдожоос зүүн тийшээ 60 дугаар уртраг хүртэлх өргөн талбайд өөр орны экспедициүд байдаг ч япончууд тэдэнтэй геологийн чиглэлээр хамтарсан судалгаа явуулдаг юм билээ.

Энэ удаагийн геологийн судалгааны баг хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй байсан бэ?
JARE-58 дахь удаагийн экспедицид нийтдээ 80 орчим  хүн байсны дотор тогооч, слесарь, механикч, бусад мэргэжлийн хүмүүс нэлээд байлаа. Экспедицид шинжлэх ухааны 10 орчим чиглэлийн найман баг байсан гэхээр ямархуу нүсэр бүрэлдэхүүнтэй нь ойлгогдох байх. Биднийг Японы бааз дээр очиход тэнд өвөлжсөн 30 гаруй хүн байлаа. Тэгэхээр  нийтдээ 100 гаруй хүн судалгааны ажилд оролцсон гэсэн үг.

Харин геологийн судалгааны баг долоон хүний бүрэлдэхүүнтэй. Бидний судалгаа Японы баазын ойр орчмоос гадна Антарктид тивийн эргийн дагуу 700 километр газар үргэлжилсэн.  Антрактид тив нь мөсөн хучаастай ч зах хэсэг рүүгээ уулын орой, нурууд цухуйж байдаг учраас яг тэр хэсгүүдэд нь судалгаагаа хийсэн. 

Ер нь Антрактид тив рүү судалгааны баг байгуулаад очно гэвэл маш их зардал мөнгө, өндөр хүчин чадлын техник технологи шаардагдах юм байна. Япончуудын хувьд  Антрактидын судалгаанд 60 жилийн турш асар их хүч хөрөнгөө зориулж ирсэн. Тийм ч учраас “Антарктидын гэрээн”-д томоохон байр суурь эзэлдэг байх.
Хамгийн гол нь япончууд “Бид Антрактидыг судлахгүй бол хэн судлах билээ” гэсэн амбицаар асуудалд ханддаг юм шиг санагдсан.

Монголд дүн өвөл болж байхад Антрактид тивд зун болдог. Судалгааны ажил хийхэд ид тааламжтай улирал учраас яончууд энэ үеийг тааруулж явдаг уу?
Антрактидын зуны улирал ганцхан сар үргэлжилдэг. Нэгдүгээр сар судалгаа явуулахад хамгийн тохиромжтой. Нар жаргадаггүй учраас дулаахан. Арванхоёрдугаар сарын хувьд тивийн цаг агаар харьцангуй тааламжтай боловч далайн мөс хайлж  хэврэгшиж амжаагүй байдаг тул мөс зүсэгч очиход маш хэцүү. Хоёрдугаар сарын дунд гэхэд тэндээс хөдлөхгүй бол мөсөнд хаагдах эрсдэлтэй юм билээ.

Судалгааны экспедици 2016 оны арванхоёрдугаар сарын 2-нд Баруун Австралиас хөдлөөд буцаж ирэхдээ гуравдугаар сарын 20-нд Сиднейд ирсэн юм. Судалгаагаа дуусгаад Антрактид тивээс буцах замд хүчтэй шуурч эхэлж байсан.
Японы бааз Антрактидын хамгийн хүнд нөхцөлтэй буюу Lutzow-Holm булангийн Ongul аралд байрладаг. Тийшээ цаг агаарын байдлыг маш сайн тооцож очихгүй бол хүндрэл, бэрхшээл их учирна. Өмнөх жилүүдэд бааз руугаа дөхөж очиж чадаагүй тохиолдлууд гарч  байсан гэсэн. 



Мөс зүсэгч хөлөг онгоцны талаар сонирхуулна уу?
Антрактид чиглэлд явдаг хамгийн хүчирхэг мөс зүсэгч хөлөг онгоц. 20 мянган тонны даацтай, 138 метр урт. Энэ аварга хөлөг онгоцыг удирдаж, аюулгүй байдлыг хангах зорилгоор 160 гаруй усан цэрэг хамт явдаг юм байна.  Мөс зүсэгч хөлөг онгоц аль болох нимгэн мөстэй газраар явна. Хажуудаа мөсний зузаан хэмжигч багажтай. Биднийг очих үед хоёр, гурван метр зузаан мөс таарч байсан. Мөсөн дээр онгоцны цээжин бие гараад, жингээрээ дарж бяцлах байдлаар зүсч явдаг юм билээ.

Судалгааны багт хамрагдахад мэдээж тодорхой шалгуур давах ёстой байх. Таны хувьд бусдаас юугаараа давуу байв?
Японы Антрактид судлалын экспедицид монгол геологич шалгаруулж явуулна гэсэн зарын дагуу би материалаа бүрдүүлж өгсөн юм. Монголоос гурван геологич ярилцлагад орсны нэг нь би. 58 дугаар экспедицийг даргалсан Мотоёоши, Японы Кьюшигийн их сургуулийн профессор Осанай нар биднээс ярилцлага авсан.

Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо нь Японы Геологийн холбоотой хамтын ажиллагаатай. Тиймдээ ч судалгаанд оролцох хүсэлтээ манай холбооноос тавьж, улмаар Азийн туйл судлалын чуулганы шугамаар Японы туйл судлалын хүрээлэн дэх Японы Антарктид судлалын экспедицид геологичоо явуулах шийдэлд хүрсэн.
Магистраас дээш зэрэгтэй, англи хэлтэй байхыг экспедицийн зүгээс гол шалгуур болгосон. Миний хувьд өмнө нь Японд мэргэжлээрээ мастер хамгаалсан тул хэл уснаас эхлээд энэ орны ёс  заншил, соёлын талаар нэлээд ойлголттой болохоор давуу байсан байж магад. Мөн сүүлийн жилүүдэд голдуу гадаадад, тэр дундаа Малайзид геологийн судалгааны ажилд оролцож явсан маань нөлөөлсөн байх.



Та геологийн чиглэлээр хэд хэдэн улсад судалгаа хийж байсан. Антрактид судлалаас танд анзаарагдсан шинэлэг, дэвшилттэй зүйл юу байсан бэ?
Миний хувьд геологийн тогтцын хувьд бүх зүйл шинэлэг байлаа. Харин судалгааны арга зүйн талаас бол шинэлэг зүйл бараг байгаагүй. Антрактид дахь эртний хувирмал чулуулгийн судалгаа их сонирхолтой. Судалгаанд хамрагдсан талбайнуудын чулуулаг нь дэлхийд олдож байгаа хамгийн эртний настай чулуулгуудтай дүйж очихуйц настай.

Тэдгээр чулуулаг нь газрын гүнд өндөр даралт температурт хувирч өөрчлөгдсөн чанараараа хамгийн өндөр зэрэгтэй байснаараа их онцлог. Миний цуглуулсан чулуулгийн дээжүүд удахгүй ирнэ. Дээжүүддээ судалгааны  болон лабораторийн ажлаа хийж эхэлнэ дээ.

Лабораторийн судалгааны үр дүнд юуг тогтоох юм бэ?
Насжилтын судалгаа хийнэ. Мөн ямар даралт температурын нөхцөлд үүссэн эрдэс чулуулгууд болохыг тогтооно. Геотектоникийн ямар нөхцөлд байсныг мөн судалж гаргаж ирэх ёстой. Эдгээр судалгааны үр дүнд түүхийг сэргээн босгох юм. Жишээ нь 200 гаруй сая жилийн тэртээд Антарктид тив нь Африк, Энэтхэгийн хойг, Австрали, Өмнөд Америк зэрэг тивтэй бүхэлдээ нэг тив байжээ гэдгийг онолын түвшинд баталж байгаа. Үүнээс гадна Антарктид тивийн хамгийн эртний настай чулуу 3,8 тэрбум настай болох нь  тогтоогдоод байна. Энэ үр дүн яг бидний ажилласан бүс нутгаас олдсон байдаг. Тиймээс эдгээр тодорхойлолтыг улам баталгаажуулж, түүнээс улбаалан гарал үүслийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Миний хувьд чулуулгийн насжилтыг судалж байгаагүй ч эрдэсжилт болон тэдгээрийн хөгжлийг судлах зорилгоор 100 гаруй килограмм чулуулгийн дээж цуглуулж ирсэн.

Антрактид тивд анх хөл тавихаасаа өмнө энэ тивийн онцлог, цаг уурын өөрчлөлтийн талаар нэлээд судалгаа хийсэн байх. Мөсөн тивд очсон анхны сэтгэгдлээсээ хуваалцвал?

Би экспедицийн судалгаанд явахын өмнө Антрактид тивийн талаар бүтэн жилийн турш өөрийнхөө хэмжээнд мэдээлэл цуглуулсан. Мөн энэ чиглэлээр Япон улсад  хоёр ч удаа  сургалтад хамрагдсан.  
Антрактид тив нь цаг агаарын хувьд манай Монголын говьтой төстэй. Цасан шуурга нь их  аюултай. Хамгийн гайхалтай нь туйлын туяа. Маш гоё. Шөнө майхандаа хэдэн цагт ч сэрсэн өдөр шиг гэгээтэй байдаг нь сонирхолтой байлаа.

Антрактид тивд Монголоос яг геологийн судалгаагаар очсон анхны судлаач нь би. Хамгийн анх буюу 1972 онд цаг уурч Ж.Цэрэндэлэг гуай,  1982 онд Д.Чулуунбат гуай очиж байсан. Тэд  тухайн үеийн Зөвлөлтийн экспедицид орж ажилласан юм. Түүнээс хойш,  хэсэг завсарлаж байгаад 2007 оноос Болгарын экспедицид А.Батболд, Л.Дүгэржав Д.Ганбаатар, Х.Пүрэвдагва нарын судлаачид явсан байдаг.

Л.Дүгэржав гуай бол өрмийн инженер. Цэвдэг судлалаар дагнаж,  Болгарын экспедицийн багт багтан хэд хэдэн удаа мөсөн тивд очиж байсан манай хамгийн туршлагатай судлаачдын нэг. Тэрээр Монголоос анх удаа өмнөд туйлын 90 дүгээр өргөрөг дээр хөл тавьж байсан. Харин уулын спортынхноос Г.Ганхүү Антрактидийн ноён оргилд гарч байсан бол биднийг тэнд очих үед Монгол улсын гавьяат тамирчин Г.Гангаамаа  авиралтаа хийж байсан.



Антрактид тивд Монголын нэр бүхий баазыг байгуулна гэж ярьдаг нь боломжтой зүйл мөн үү?
Л.Дүгэржав гуай Антрактидад Монголын баазыг байгуулах санаачлага гарган, идэвхтэй хөөцөлдөж байгаа. Миний хувьд тэнд бааз байгуулна гэдэг амаргүй санагддаг. Бааз байгуулж болно, гэхдээ түүнийг байнга арчилж, хамгаалж,  жил болгон судлаачаа явуулна гэдэг асар их зардал, хөрөнгө мөнгө шаардсан ажил болно.  
1960 оноос олон улсын түвшинд мөрдөж эхэлсэн Антрактидын гэрээнд одоогоор 53 улс нэгдсэн байдаг. 53 дахь улс нь Монгол. Ямар нэгэн зорилго байгаа учраас энэ гэрээнд манай улс нэгдсэн байх гэж боддог. Бааз байгууллаа гэхэд тэнд голдуу ажиглалт л хийнэ. Хэрэв өргөн далайцтай судалгаа хийе гэвэл бусад орны судалгааны багуудтай хамтарч ажиллахаас өөр арга байхгүй.

Л.Дүгэржав гуай Болгарын экспедици байрладаг газрын ойролцоо Монголын бааз байгуулах боломжит газрыг сонгочихож. Гэхдээ нэлээд хүнд нөхцөлтэй газар. Ер нь Антрактидыг монголчууд судалъя гэвэл судлаачдаа өөр орны экспедициүдэд хамруулбал зардал арай багатай тусах болов уу.
Антрактидын судалгааны бүтээлүүд нээлттэй байдаг болохоор шинжлэх ухааны зорилгоор ашиглаж болно. Тиймээс энэ талын мэдээллүүд дээр тулгуурлан ямар чиглэлийн судалгааг хаана хийх талаар нарийн сайн төлөвлөх хэрэгтэй.

Түүний дараа манай улс ямар орны Антарктид судлалын багт судлаачдаа явуулахаа шийдэж, судалгаагаа тодорхой хэмжээний төсөвтэй, тасралтгүй хийх явцад бүх зүйл аяндаа тодорхой болно гэж боддог.
Нөгөө талаас, Япон, Солонгос, Хятадын Антрактид судалгааны байгууллагууд эгнээндээ гадны судлаачдыг урьж ажиллуулдаг нь маш том боломж том. Тэдний судалгаанд оролцсон судлаачдад илүү боломж нээгдэнэ, мэдлэг мэдээллээ тэлнэ, технологийн дэвшлийг үнэгүй хэрэглэх боломж гарна. Ядахнаа л баазаа хаана, яаж байгуулах вэ гэсэн төсөөлөл сайтай болно шүү дээ.



Антрактидаас авчирсан чулуулгийн дээжүүддээ лабораторийн судалгаа, шинжилгээ хийсний дараа Японы экспедицийн дараагийн судалгаанд оролцох уу?
Боломж бий. Гэхдээ бололцоо байлаа ч судалгаагаа тууштай хийхгүй бол үр дүн нь юу байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ удаагийн экспедицид хамрагдсан ч миний хувьд шууд зорилгоо тодорхойлох нь хүнд байсан. Экспедици өөрөө  ямар зорилгоор судалгаа хийхээ бүр өмнө тодорхойлоод, чиглэл гаргачихсан учраас бид түүний дагуу л ажлаа хийж ирсэн. Мэдээж хэрэг миний судалсан зүйл бусад судлаачийнхаас юугаараа өөр, юугаараа төстэй юм, ямар шинэ санаа дэвшүүлж болох вэ, онцлог нь юундаа оршиж байгаа юм гэх зэргээр өөр талаас нь харахыг хичээж байлаа.

Нэг зүйлийг хэлэхэд, 2007 оноос хойш Болгарын экспедицийн багт багтаж явсан судлаачид судалгааны ямар үр дүнд хүрсэн талаар, цаашид анхаарах зүйлсээ нэгтгэж ярих ёстой байх. Миний хувьд ч тэдэнтэй судалгааны үр дүнгээ нэгтгэж ярилцах зүйлс бий. Ер нь бол Антрактидад хийж байгаа судалгаанаас эдийн засгийн ямар ч ач холбогдол гарахгүй. Бидэнд нэг ч төгрөг эргэж ирэхгүй. Тийм болохоор монголчууд судалгаандаа болгоомжтой хандах хэрэгтэй. Ганц Монголд ч биш, Антрактидыг  судалдаг орнуудад ч ийм асуудал тулгарч байна. Гэхдээ шинжлэх ухаан талаасаа бол асар их судлах зүйл бий.

Антрактид судалгаанд мэдээж өндөр түвшний техник, технологи шаардлагатай. Энэ тал дээр танд ажиглагдсан зүйл юу байна вэ?
Геологийн хээрийн судалгааны техник, технологийн талаасаа  бол шинэчлэгдсэн зүйл бараг байхгүй. Харин лабораторийн судлал маш өндөр түвшинд хөгжсөн. Японд үнэхээр өндөр технологийн лабораториуд бий. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тухайд чулуулгийн насыг тогтоох, ямар даралт температурын нөхцөлд үүсч, түүгээрээ юуг илэрхийлж байгаа зэргийг өндөр түвшинд судлан тогтоож байна.

Гэсэн хэдий ч Монголын геологийн хээрийн ажлаас илүү гарах зүйл гадны орнуудад байхгүй. Монголд тулгарч байгаа бэрхшээл гэвэл өндөр түвшний лаборатори үнэхээр дутагдалтай байна. Тухайлбал, миний авчирсан чулуулгийн дээжүүдэд нас тогтоох лаборатори манай улсад байхгүй. Тиймээс бид чулуулгийн эхээ энд бэлтгээд боломжтой судалгаагаа  хийгээд, дараагийн судалгаагаа өөр оронд очиж хийхээс өөр сонголтгүй.

Чулуулгийн дээжийн хариу хэр удаж гардаг вэ?
Лабораторийн судалгааны ажлууд янз бүрээр хийгддэг. Ямар төрлийн эрдэс, элемент хэдэн хувьтай байгааг Монголд тогтоож болно. Энэ судалгаа уддаггүй. Харин эрдсийн шинж чанарыг шинжлэх, сарнимал элемент буюу газрын ховор элемент, цацрагтай холбоотой шинжилгээ хийх боломж Монголд байхгүй. Тиймээс энэ төрлийн судалгаагаа гадаадын лабораториудад хийх байх. Ингэж байж л эцсийн үр дүнгээ үзнэ. Миний эхний шатанд хийх судалгаа бол метал буюу зэстэй холбоотой эрдэсжилт. Түүний шинж чанар гарал үүслийг судлах хэрэгтэй байгаа.
 
Энэ удаагийн судалгааны аяллаас өөрт тань үлдсэн сургамж, цаашид анхаарах зүйлүүд юу байсан бэ?
Антрактид тивд очсон хувь судлаачдын туршлагаас их зүйл хамаарах байх. Ганц геологи гэлтгүй, бүх салбарын эрдэмтэн судлаачид байнга өөрийгөө шинэчилж, шинээр гарч байгаа ололт амжилтуудын талаар байнгын мэдээлэл авч байхгүй бол бидний мэдлэг хуучрах аюултай байдаг.

Онол талаасаа нэг их өөрчлөгдөөгүй ч дэлхийн геологийн хөгжлийн түүх нь шинэ судалгаа, шинэ таамгуудаар баяжихаар аль нь илүү бодитой вэ гэдэг дээр олон сонголт гарч байна. Тиймээс судалгааны бүтээлүүдийг маш болгоомжтойгоор ашиглахгүй бол хийсэн зүйлүүд маань буруу ойлголтод хүргэх талтай.

Гэхдээ эрдэмтэн судлаачдаас гадна  Монголын төрийн байгууллагууд энэ чиглэлд гадныхантай байнга мэдээллээ солилцож, экспедицид хамрагдах хүмүүсээ дэмжиж байх хэрэгтэй байх. Би энэ аялалд явахын өмнө төрийн алба талаасаа ямар байгууллагатай харьцах, хэнтэй уулзах, бичиг баримт нь хаанаас бүрдэх тал дээр ямар ч мэдээлэл олж чадахгүй байсан. Азаар Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооноос надад бүх талаар тусалж дэмжсэн.

Шинжлэх ухааны судалгаа хийх гэж байгаа бидэн шиг хүмүүстэй харилцах төрийн байгууллагын үйл ажиллагаа, мэдээлэл  дутмаг байна. Жишээ нь, миний судалгаанд зориулж авчирсан дээжүүдийг гаалиар нэвтрүүлэхэд  нэлээд хүндрэл гарсан. Яг энэ талын зохицуулалт хууль, журамд ч алга. Энэ дашрамд Антарктидын судалгаанд оролцох боломж олгосон Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.