Tөвийн бүсийн чуулганд аймгуудын удирдлага хурц шүүмжлэл өрнүүлэв

2017-06-08 10:28


С.Болд-Эрдэнэ

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд Эрдэнэт хотноо 5 дугаар сарын 16-нд салбарын “Төвийн бүсийн чуулган” болов. Төвийн бүсийн 8 аймгаас ирсэн нутгийн захиргааны байгууллага болон уул уурхайн компаниудын төлөөлөл, салбарын ахмадууд гээд 400 орчим төлөөлөгч Төвийн бүсийн чуулганд оролцлоо. Энэ удаагийн чуулган өнгөц харвал жирийн нэг ойн баярын хурал шиг харагдана. Гэхдээ хэлэлцсэн асуудал, яригдсан сэдэв, оролцогчдын санаа бодол нь уул уурхайн салбарт өнөөдөр тулгамдаж буй, ойрын хөгжилд чөдөр тушаа болж болзошгүй бодитой асуудлыг хөндсөн, басхүү шийдэх арга замаа ярилцаж  чадсан чуулган болж өнгөрөв.




Төвийн бүсийн чуулганаар “Уул уурхайн салбарын эрхзүйн орчин”, “Хүнд үйлдвэрийн хөгжлийн гарц”, “Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа” гэсэн салбар хуралдаан болж, оролцогч талууд байр сууриа илэрхийлж, саналаа солилцсон. Эндээс хамгийн их анхаарал татсан салбар хуралдаан нь “Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа”. Хэдий оролцогч цөөтэй ч энэ хуралдаанд аймгуудын удирдлагууд ихээхэн идэвхтэй оролцсон. 

АМГТГ-аас энэ оны эхний 4 сарын байдлаар сонгон шалгаруулалтын журмаар 75 хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор болж, орон нутгаас асуухад 63 нь үгүй гэсэн хариулт өгсөн. Ийм дүр зураг хайгуулын тусгай зөвшөөрөл дахин олгож эхэлсэн сүүлийн 2 жилд нийтлэг гарсан билээ. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл уул уурхай, геологийн салбарын хөгжилд чөдөр тушаа болох нь зайлшгүй юм. Тиймээс ч үүнийг шийдвэрлэх нь салбарын бодлого тодорхойлогч, гүйцэтгэгч байгууллагуудын хувьд чухал. УУХҮЯ болон АМГТГ-аас орон нутгийн удирдлагууд хууль зөрчиж, хүнд суртал гаргаж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байна хэмээн “гомдоллодог” бол орон нутгийн удирдлагууд арай өөрийг хэлж байна.


Салбар хуралдаанд илтгэл тавьсан Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат дээрх “гомдол”-д маш тодорхой хариулт өгсөн юм. 2016 оны эцсээр Төв аймгийн ДНБ 546.5 тэрбум төгрөг, нэг хүнд ногдох ДНБ 5.9 сая төгрөг байна. ДНБ-ий 12.1 хувийг уул уурхайн салбар бүрдүүлжээ. Тус аймагт 40 төрлийн ашигт малтмалын 513 орд, илрэл илрээд байгаа. Ц.Энхбат дарга орон нутаг лиценз олголтод “толгой сэгсэрч” байгаа үндсэн хоёр шалтгааныг онцолсон. Нэгдүгээрт, энэ оны 2 дугаар сарын байдлаар Төв аймагт ашигт малтмалын ашиглалтын 300 орчим лиценз байгаагаас 50 хүрэхгүй хувьд нь олборлолт явагдаж байна. Лиценз ихээр олгогдож байгаа ч бүрэн дүүрэн ашиглахгүй байгаа болохоор дахин лиценз олгох шаардлага байна уу гэсэн асуудал нутгийн иргэдээс гарч байгаа  аж. Хоёрдугаарт, “Алт 1” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгаас 100 тонн орчим алт олборложээ. Дийлэнх нь Заамар, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хамаарна. Эвдэрч сүйдсэн талбайгаас өөр дорвитой, бодитой үлдсэн зүйл орон нутагт үгүй болохоор орон нутгийн иргэд лицензээс ихээхэн халгах болсон гэнэ.

Төв аймгийн ИТХ-ын даргын санаа бодлыг дэмжиж, Булган, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн удирдлагууд нэгдсэн хуралдаанд ширүүхэн үг хэлсэн юм.  Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат “Энэ удаагийн чуулганд том бодлогоо ярьж, ойлголцолд хүрэх юм болов уу гэж бодож ирсэн. Салбарын сайд нь алга байна. Урьд нь 12 жил аймгийн Засаг дарга хийхдээ уул уурхайд нэлээд хатуу хандаж ирсэн. Нэгэнт улс, орон нутаг уул уурхайн салбараа түшиглэж хөгжих юм бол тодорхой хэмжээгээр ойлголцож, хамтран ажиллахад бэлэн байна. Гэтэл аймгуудын удирдлагуудыг авчирчихаад санаа бодлыг нь огт авахгүй, бодлого үйл ажиллагаандаа тусгахгүй байна” хэмээн хатуухан шүүмжлэв.

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж мөн л УУХҮЯ, АМГТГ-ынханд хатуухан үг хэлсэн. Тэрбээр, “Аймгийн хэмжээнд бид бодлогоо эргэж харж байгаа. Саяхан уул уурхайн бодлогоо баталсан. Урьд нь уул уурхайн салбарт бид нэлээд хатуу хандаж байсан.

Нутаг дэвсгэрийнхээ нэлээд хэс­гийг аймгийн хамгаалалтад авч, лиценз олгохыг дэмжээгүй. Иргэд маань эсэргүүцэж байгаа болохоор ИТХ иргэдийнхээ эсрэг шийдвэр гар­гаж болохгүй. Хариуцлага алдсан компа­ниудтай хариуцлага тооцдог бол­моор байна. Тухайлбал, Орхон голын бохирдлын асуудал байна. Энэ жил гайгүй байгаа ч дахиад бохир­доод эхэлбэл иргэдээс маш хүч­тэй эсэргүүцэл гарна шүү. Төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн удирдлага хооронд үл ойлголцох асуудал байгаа. Ойлголцдог болмоор байна” гэсэн юм.

Дархан Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат төрийн захиргааны байгууллагуудтай ойлголцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн. “Ойлголцдог зүйл олон байгаа ч ойлголцохгүй зүйл бас цөөнгүй байна. Тухайлбал орон нутагт шийдчих асуудлыг заавал, яам, агентлаг шийдэх гэдгээ болих хэрэгтэй. Жишээ нь нөхөн сэргээлт хийх компаниудын сонгон шалгаруулалтыг орон нутагт өгчихөж болдоггүй юм уу” гэж байв.

Үүнээс гадна орон нутгийн удирдлагууд уул уурхайн үйл ажиллагаанаас тухайн орон нутагт үлдэж буй үр ашиг бага, байхгүйтэй адил тул энэ чиглэлд яам, УИХ-ын гишүүдийг санаачилгатай ажиллаж өгөхийг хүсч байлаа. АМНАТ болон тусгай зөвшөөрлийн төлбөрөөс орон нутагт оногдох хувийг нэмэгдүүлсэн заалтыг 2017 оны Төсвийн хуулийг батлах үеэр хүчингүй болгосныг дахин сэргээж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүссэн. ОҮИТБС-ын 2015 оны тайланд дурдсанаар уул уурхайн компаниуд 544 тэрбум төгрөгийг АМНАТ-т төлсөн байдаг. Үүний 3.6 хувь буюу 20 хүрэхгүй тэрбум төгрөгийг л ОНХС-гаар дамжуулж 21 аймагт хуваарилсан нь уул уурхайн салбарын бодит өгөөж орон нутагт үлдэхгүй байгааг тод харуулж буй юм.

Орон нутгийн удирдлагуудын дээрх бүх санал, шүүмжлэлд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тодорхой тайлбар өгсөн. Тухайлбал орон нутагт боловсон хүчин байхгүй, ганц байгаль орчны байцаагч нь мэдлэг, чадвар дутмагаас асар олон асуудал үүддэг. Тухайлбал, яам, агентлагаас орон нутагт ажиллаж, уурхайг хүлээн авах комисс очиход уурхайгаа хаах гэж байсан тохиолдол улсын хэмжээнд 10 гаруй гарсныг Г.Нандинжаргал дарга хэлсэн.

Харин орон нутагтай хамтран ажиллах тал дээр сүүлийн нэг жилд АМГТГ ихээхэн идэвхтэй ажиллаж байгаа аж. Чуулганд тус газрын удирдлагууд нэлээд өргөн бүрэлдэхүүнээр оролцсон бөгөөд салбар хуралдааны дундуур аймгуудын удирдлагуудтай дугуй ширээний уулзалт хийсэн юм. Уулзалтаар орон нутгийнхны санаа бодлыг сонсож, цаашид тулгарч байгаа асуудлуудыг харилцан ойлголцох байдлаар түргэн шуурхай шийдвэрлэж байхаар тогтжээ. Аймгуудын удирдлагуудаас маш чухал хэд хэдэн санал гарсныг АМГТГ-ын Орлогч дарга М.Энхжаргал онцолж байсан. 

Ямартаа ч төвийн бүсийн аймгуудын удирдлагууд ирсэн энэ удаагийн чуулган нэлээд үр дүнтэй болсон гэж хэлж болно. Бие бие рүүгээ бичиг цаас шидэлцэж ирсэн төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн удирдлага нүүр тулан уулзаж, тодорхой хэмжээгээр ойлголцолд хүрч чадлаа.

Бусад салбар хуралдаанаар УУХҮЯ-наас барьж буй бодлогыг чуулганд оролцогчдод танилцуулж, санал бодлыг сонссон. “Уул уурхайн салбарын эрхзүйн орчин” салбар хуралдаанд УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар танилцуулга хийсэн. Засгийн газрын 2016-2020  оны үйл ажил­ла­гааны хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн салбарын эрхзүйн орчинг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдсан юм.

Үндсэн чиглэлийн хүрээнд,
-Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
-Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулалт  тухай,
-Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
-Уул уурхайн тухай хууль боловсруулах тухай,
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуулийн өөрчлөлтүүдийг хийхээр болж байгааг салбарынханд мэдээлэв. Дээрх хуулиудад өөрчлөлт оруулах нь эрх зүйн тогтворгүй байдлыг бий болгох гэхээсээ илүүтэй илүү оновчтой болгох, хуулийн давхардлыг арилгах чиглэлээр хийгдэх өөрчлөлтүүд гэдгийг онцолж байсан юм.

Харин “Хүнд үйлдвэрийн хөгжлийн гарц” салбар хуралдаанд УУХҮЯ-ын Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх танилцуулга хийсэн. Тэрбээр УУХҮЯ ирэх 4 жилд 4 том үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажил бэрхшээл саадгүй үргэлжилж байна гэсэн юм. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарсан, Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулах компанийг сонгон шалгаруулсан, Багануурын нүүрсний уурхайг түшиглэн “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг хүлээн авсан. Мөн хар төмөрлөгийн үйлдвэрийн төсөл Дархан хотод хэрэгжиж байгааг онцлоод дээрх дөрвөн төсөлд 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг хэлсэн. УУХҮЯ төслийн хөрөнгө оруулалт хайх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа аж. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн зээлээр санхүүжүүлэхээр нэгэнт тохирсон. Харин зэс хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах саналыг Германы 2 компани, Хятадын 4 компани тавиад байгааг Б.Баатарсүх дарга онцолж байлаа. 

Энэхүү салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн оролцсон. Тэрбээр хүнд үйлдвэрийн салбар нэгдсэн тогтолцоотой болох ёстойг онцолж байв. Салбарт шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүд нь улс төржилтөөс болж хэрэгжихгүй цаг алдах нь түгээмэл боллоо. Аливаа нэг төсөл хэрэгжүүлэхэд ТЭЗҮ хийх нэрийдлээр бэлэн ТЭЗҮ-г ашиглахгүйгээр шинээр хийдэг болсон. Тэр болгонд төслийн өртөг зардал нэмэгдэж, төсөл хэрэгжих хугацаа хойшилж байна. Үүний тод жишээ нь Тавантолгойн орд дээр баригдах Цахилгаан станц юм. Энэ мэтчилэн нэг төслийг 20 жил ярьж байгаа тохиолдол ч байна. Тиймээс салбарын тогтворгүй бодлогыг эцэслэх шаардлагатай хэмээн хатуухан шүүмжилсэн. 

Салбар хуралдаанд оролцогчид ч тогтворгүй байдлыг шүүмжилж байлаа. Тухайлбал Зэс хайлуулах үйлдвэр Эрдэнэт, Сайншанд, Бор Өндөр гэж явсаар эцэст нь Ханбогдод баригдахаар болсон. Одоо дахиад Ханбогдоос “нүүхгүй” биз дээ гэдгийг яамныхнаас дахин дахин тодруулсан. Томоохон үйлдвэрийн төсөл ингэж “нүүдэллэх” нь түүнийг дагасан бусад үйлдвэр, төслүүдийг боловсруулахад маш их хүндрэл үүсгэдгийг салбарынхан шүүмжилж байв. Жишээ нь зэс хайлуулах үйлдвэрийг дагаж хэдэн арван  жижиг дунд үйлдвэр байгуулагдана. Мөн уран олборлолт ч энэ үйлдвэрийг “харж” байгаа бөгөөд уг үйлдвэр нэг газраа төвхнөвөл холбогдох судалгаа тооцоонуудыг хийхэд хялбар болох юм.

Дашрамд дурдахад, Төвийн бүсийн чуулганд нэр бүхий УИХ-ын гишүүд оролцсон. УИХ-ын гишүүн А.Ундраа хариуцлагатай уул уурхайг дэмжих УИХ-ын гишүүдийн лобби бүлэг байгуулснаа зарлаж, бүлгийн хийх ажил, баримтлах зарчмыг танилцуулсан. Уул уурхайн төслийг эхлэхээс өмнө зөвшилцөж, тал талын ашиг сонирхлыг тэнцүүлж чадвал төсөл хэрэгжих хугацаанд маргаж, гацаах нь бага байна. Тиймээс зөвшилцлийг бий болгохын төлөө лобби бүлгийн гишүүд ажиллана гэдгээ тэмдэглэсэн юм. Мөн орон нутагт уул уурхай дээр түшиглэсэн кластерийг хөгжүүлж, үйлдвэр үйлчилгээний зах зээлийг бий болгож байж орон нутаг уул уурхайтайгаа хамт хөгжих ёстой гэсэн байр суурь баримталж буйгаа ч онцолсон юм.

ҮҮХҮЯ болон АМГТГ-аас уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Төвийн бүсийн чуулган ийнхүү өндөрлөв. Ирэх 9 дүгээр сард Зүүн болон баруун бүсийн чуулган, 10 дугаар сард говийн бүсийн чуулганыг зохион байгуулахаар болсныг энэ үеэр мэдээллээ.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Aimguudiin tusuv ulsaasulsiin tusviin talaas deesh ni uul uurhaigaas orj irdeg shuuAimguud tegj darvalzaad baih shaardlaga bhguituriin negdsen bodlogo baih esroiesvel aimguud vant uls bolood tusvuu uursduu burduulj calin tetgevree tavichadahgui bol chacaga carailaad duugai demj
    2017 оны 06 сарын 09 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 18 цаг 17 минутын өмнө
    Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн  АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт   хүрч чадсан талаар арванхоёрдугаар  сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах  байснаа цуцаллаа.  Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна. 
  • 2020-01-17 19:42
    Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ. 2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.
  • 2020-01-17 16:09
    2019 онд Хятад 46.33 мянган тонн газрын ховор метал экспортолсон нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3657 тонн газрын ховор метал экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 32.5%-иар буурчээ. Энэхүү бууралтыг Хятадын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, Япон, АНУ болон Европын Холбооны аж үйлдвэрлэл саарч буйтай холбон тайлбарлаж байна. АНУ-Хятадын худалдааны зөрчилтэй шууд холбоогүй гэдгийг ч тэмдэглэж байгаа юм. 
  • 2020-01-17 13:11
    2019 онд Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 6.7%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ. Үүнээс экспортын үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллартай тэнцсэн бол импортын хэмжээ 6.1 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ 2018 оныхтой харьцуулахад 8%-иар, экспортын үзүүлэлт 8.7%-иар нэмэгджээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 31.3% буюу 355.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт төдийгүй гадаад худалдаа 2014 оноос хойш ашигтай гарч эхэлснийг ҮСХ онцлов.
  • 2020-01-17 12:56
    Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Захирагч нарын зөвлөл Масацугу Асакаваг өнөөдөр тус банкны Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлж байна. Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай Асакаваг АХБ-ны Удирдах зөвлөлөөс 10 дахь Ерөнхийлөгчөөр сонгосон юм.Тэрээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан “Их 20”-ийн Сангийн сайд нар болон Төв банкны Ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан “Их 20”-ийн анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байв.