Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монголын газрын тосны судалгаатай хөрөнгө оруулагчид танилцахгүй байгааг шүүмжлэв

2017 онд Монгол улсад газрын тосны салбарын 76 жилийн ой тохиож буй. Уг ойн хүрээнд “Газрын тос-2017” (Oil&Gas-2017) сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн  ХХIII  дугаар бага хурал ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд өчигдөр  боллоо. Уг бага хуралд АМГТГ-ын дарга Б.Баатарцогт, ШУТИС-ын Геологи, уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзориг нарын салбарын төрийн байгууллага, их дээд сургуулийн удирдлагууд, газрын тосны судлаач, эрдэмтэд оролцсон юм.

Бага хурлын эхэнд АМГТГ-ын Геологи, хайгуулын хэлтсийн дарга  М.Батбаяр “Газрын тосны салбарын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан юм. Монгол орны нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын 32 талбайг ялгаснаас 27 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээг (БХГ)  байгуулжээ. 2017 оны тавдугаар сарын 18-ны байдлаар хоёр талбайн БХГ дуусгавар болсон байна.

Одоогоор хайгуулын ажлын үр дүнд Галба XI талбайн 11 цооногоос, Хөхнуур талбайн 4 цооногоос тос илэрсэн бөгөөд туршилтаар 35,2 тонн түүхий тос олборлоод байгаа тухай   М.Батбаяр дарга мэдээлэлдээ дурьдлаа.
Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа БХГ-тэй 25 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаагаас 21 гэрээлэгч компанийн 28,5% нь Монгол, 42,8% нь БНХАУ, 28,7% нь бусад улсын /Канад, Швейцари, Австрали/ байгаа аж.

“Газрын тос-2017” бага хурлын дараагийн хэсэгт ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн багш В.Алимаа Газрын тосны үйлдвэрийн байршлын сонголтын талаар хийсэн судалгаагаа танилцуулсан юм.

Дорноговь аймгийн Сайншанд суманд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар  шийдвэрлэснийг тэрээр “үндэслэл муутай” хэмээн хэлж байлаа. Хэдийгээр үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар, үүн дотроо  боловсруулах үйлдвэрт 0,7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.долларыг зарцуулах гэж байгаа тул эхлээд усны асуудлаа шийдэх хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байсан.

Тэрээр “Дархан хотод барихаар төлөвлөж байсан хоёр сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэрт 45 Мвт-ын цахилгаан хэрэгтэй. Ийм хэмжээний цахилгааны хэрэгцээг хангах боломжтой газар бол Дархан. Харин Дорнод, Чойрт ийм хүчин чадал байхгүй.  Нөгөөтэйгүүр, энэ үйлдвэрт хоногт 6800 тонн ус хэрэглэнэ. Мөнхүү ийм хэмжээний усаар хангах усны байгууламжтай газар Дарханаас өөр байхгүй.  Гэхдээ Дарханд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад дамжуулах хоолой урт, байгуулах зардал өндөр, үйлдвэрлэлийн нягтрал ихтэй зэрэг учир дутагдалтай” хэмээн ярилаа.

Жилд 1,5-2,5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн байршилд нөлөөлөх гол хүчин зүйл бол усны асуудал аж. Тиймээс Газрын тосны үйлдвэрийг барихаасаа өмнө усны зохистой хэрэглээг зөв, оновчтой шийдэх хэрэгтэйг В.Алимаа багш онцолж байсан юм.
ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн профессор Ж.Цэвээнжав газрын тосны хайгуулын “Увс-1” талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүн, цаашид анхаарах асуудлуудын талаар хэд хэдэн зүйлийг онцлон тэмдэглэж байсан юм.

Тэрээр Баруун Монголд хийгдэж байгаа газрын тосны хайгуулын судалгааг  өрөмдлөгийн чичирхийллийн судалгааг эхэлж явуулалгүйгээр шууд эхлүүлсэн нь  оновчгүй үйлдэл болсноос гадна  хөрөнгө оруулагчид Монголын геологийн өмнөх үеийн судалгаатай танилцахгүй байгааг шүүмжилж байлаа.

Үүний нэг жишээ нь газрны тосны хайгуулын “Увс-1” талбайд хийгдэж байгаа ажлууд аж.  Уг талбайд хайгуулын найман жилийн хугацаанд “Монголиа Гладвелл Увс Петрориум” ХХК 1:100 000, 1:50:000-ийн хураангуйлалттай геологийн зураг зохиожээ.  Тус компани цаашид  826 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, байгаль орчны нөхөн сэргээлтэд 31 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж буйг Ж.Цэвээнжав профессор онцлоод, хайгуулын судалгаа нь Монголын өмнөх судалгаанд тулгуурлаагүй нь маш хөрөнгө мөнгө үрсэн, буруу ажиллаагаа болжээ гэсэн юм.  
 
“Газрын тос-2017” бага хурлын үдээс хойш “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савны зэврэлтийн судалгаа”, “Импортын түлш, шатахууны хэвийн хорогдлын нормыг шинэчлэх боломжийн судалгаа”, Нүүрс төрөгчийн монооксидын никель катализатортой метанжуулалт” зэрэг  газрын тосын чиглэлээр хийгдэж буй сүүлийн үеийн нарийвчилсан судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудын талаар салбарын эрдэмтэд илтгэлүүд  тавьж хэлэлцүүлсэн юм.

Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дан ганц импортоор хангадаг хэвээр байгаа бөгөөд 2016 оны байдлаар 93%-ийг ОХУ-аас,  4,6%-ийг БНСУ-аас 1,9%-ийг БНХАУ-аас импортлож буй. Мөн сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо ихсэж, зөвхөн Улаанбаатар хотод 450 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа аж. Энэ тоо ойрын 10 жилд 2 дахин нэмэгдэх байдалтай байгааг А.Баасанжаргал судлаач илтгэлдээ дурьдаж байлаа.

Иймд шатахуун нөөцлөх асуудал Монгол улсад хамгийн ихээр тулгамдаж буй аж. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар улсын нөөцийн савны багтаамжийг наад зах нь  60 000  куб метрээр нэмэгдүүлэх шаардлагатай ч эхний ээлжинд 20 000   куб метр  бүхий нөөцийн сав бэлдэх ёстойг дурьдаж байв.

Г.Идэр