Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн томоохон зэсийн уурхайд ажил хаялт үргэлжилж байна

АНУ-д төвтэй Freeport McMoran компанийн эрхлэн явуулдаг Индонезийн Грасбэрг зэсийн уурхайд ажилчид энэ сараас эхлэн өргөн хүрээний ажил хаялт зарлаад байна. Учир нь Freeport зардал танах алхмын хүрээнд өнгөрсөн сарын дунд үеийн байдлаар Индонез дэх 32 мянган ажилтны 10%-ийг цомхтгоод байгаа тухайгаа мэдээлсэн бөгөөд цаашаа ч ажилчдыг нэмж цомхотгох тухай яригдаж байгаа нь ажил хаялтын шалтгаан болжээ. Үйлдвэрчний эвлэл ажлын байрыг хэвээр нь хадгалах шаардлагыг Freeport компанид тавиад байгаа ч хүссэн хариугаа аваагүй байгаа тул ажил хаялтаа дахин нэг сараар сунгахаа мэдэгджээ. Уг ажил хаялт 9000 мянган ажилтныг хамарч байгаа тул уурхайн үйл ажиллагааг ихээхэн сулруулж байгаа юм.

Энэ сарын 15-нд компанийн зүгээс нийт ажилтнуудад хандаж “Гэр бүл болон өөрийнхөө төлөө зөв сонголт хийх нь” нэртэй захидал илгээсэн бөгөөд захидалд уг ажил хаялт нь хууль бус, тав хоногоос илүү хугацаанд ажил тасалсан нөхцөлд ажлаасаа сайн дураараа гарсан гэж ойлгоно. Одоогийн байдлаар аль хэдийнэ 840 хүн ийм үр дагаварт хүрээд байгаа бөгөөд хэрэв компанитайгаа яаралтай холбогдоогүй тохиолдолд бусад нь ч мөн ингэх болно гэж бичсэн байсан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Индонезийн Засгийн газар хориг тавьсны улмаас өнгөрсөн нэгдүгээр сард Грасбэрг уурхайн зэсийн баяжмалын экспорт зогсоод байсан билээ. Гурван сар гаруй хугацааны дараа буюу өнгөрсөн сарын сүүлээр тус компани экспортоо сэргээж эхэлснээ зарласан ч Freeport компани ийнхүү дараагийн ээлжит асуудалтайгаа тулгарлаа.

Энэхүү ажилт хаялт сайнаар шийдэгдэхгүй бол зэсийн зах зээлд үнэ тодорхой хэмжээнд өсч магадгүй байна.

Өнгөрсөн баасан гаригийн байдлаар зэсийн үнэ Лондоны металын бирж дээр нэг тонн нь 5617 ам.доллар (гурван сарын гэрээт үнэ) болж, ганцхан өдрийн дотор 100 доллараар өсчээ.

Freeport зардлаа танах алхам хийхээр оролдсон ч ийнхүү илүү их хэмжээний алдагдлыг амсаж магадгүй байна. Учир нь ийнхүү олон тооны ажилчин хамарсан ажил хаялт үргэлжлэх хоног бүрийн тоогоор тус компанийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө улам бүр доошлох юм. Ажил хаялтын улмаас үйлдвэрлэлийн гарц 50%-иар буураад байгаа ажээ.  

Freeport хоёрдугаар улиралд багтаан уурхай, үйлдвэрийн ажиллагааг бүрэн хүчин чадлаар нь оруулахаар төлөвлөөд байгаа юм. Гэвч ажил хаялт зогсохгүй бол энэ төлөвлөгөө нь бүтэхгүй нь илэрхий байна. Тус компани Үйлдвэрчний эвлэлийн удирдлага, Индонезийн Засгийн газартай хамтран уурхайн хэвийн ажиллагааг сэргээхээр хамтран ажиллаж байгаа гэж мэдэгдсэн ч ажлын байрыг хэрхэх тухайд тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. 


Б.Төгс