Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Аймгуудын өрсөлдөх чадварын 2016 оны тайланг танилцууллаа

Монголын 21 аймгийн өрсөлдөх чадварын ээлжит судалгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр танилцууллаа.

5 дахь жилдээ гарч буй уг тайланд дурдсанаар өмнөх жилүүдийн адилаар Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгийн өрсөлдөх чадвар бусдыгаа хошуучилж байгаа гэсэн ерөнхий дүр зураг гарсан байна. Тэргүүлэх аймгуудад үйлдвэрлэл, дэд бүтэц, ажлын байр, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл харьцангуй сайн тул ийнхүү дээгүүрт бичигддэг байна.

Бусад аймгийн хувьд ч өрсөлдөх чадвараа аажмаар дээшлүүлж байгаа эерэг тоо баримт ажиглагджээ. Хэдийгээр энэ онд өрсөлдөх чадварын үнэлгээгээр Дундговь аймаг доогуурт бичигдсэн ч 5 жилийн өмнөх буюу 2012 оны судалгаагаар ерөнхий үнэлгээний үзүүлэлт 27 оноотойгоор сүүл мушгиж байсан бол энэ онд 47.82 болж дээшилжээ. Эндээс тус аймгийн хөгжлийн үзүүлэлт сул байгаа ч аажим өгсөлт харагдаж буйг судалгааны төвийн мэдээнд дурджээ.

Нийтдээ 180 орчим үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварыг хэмждэг уг судалгаанд аймгуудын хөгжлийн байдлыг ерөнхий үзүүлэлтээр харуулахаас гадна мөн эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг, засаглалын үр ашиг, дэд бүтэц  гэсэн ангиллаар танилцуулжээ. Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийг http://aimagindex.mn/ цахим хуудсаар зочилж үзэх боломжтой юм байна.

Түүнчлэн аймгуудын судалгааг хийхдээ 21 аймгийн бизнес эрхлэгчдийн дунд өрсөлдөх чадварыг сайжруулахад шаардагдаж буй гол зүйлийн талаар санал асуулга явуулж, үр дүнг хавсаргасан байна. Бизнес эрхлэгчид татвар, зээлийн бодлогоор дэмжих, зээлийн хүүг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах гэсэн дөрвөн гол санааг дийлэнх нь онцолж санал дэвшүүлжээ.

2016 оны хэмжээнд өрсөлдөх чадварын эрэмбээр Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий аймаг хамгийн ихээр ахиж дээшилжээ. Дорноговь аймгийн хувьд засаглал болон дэд бүтцийн үзүүлэлтүүд, Өвөрхангайд эдийн засаг, бизнесийн орчин сайжирсан нь эрэмбэ ахихад голлон нөлөөлжээ.

Харин Архангай, Говь-Алтай, Завхан зэрэг аймаг хамгийн ихээр байр ухарлаа. Архангай аймгийн эдийн засаг, дэд бүтцийн үзүүлэлт саарсан бол Говь-Алтайн бизнесийн орчин, дэд бүтцийн үзүүлэлт буурсан нь үүнд нөлөөлсөн байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь цаашид жил бүр хийгдэх бөгөөд энэ нь аймгуудын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад хэрэгцээтэй мэдээлэл болдгоороо ихээхэн ач холбогдолтойг уг судалгааны төвийн Дэд захирал И.Одончимэг онцолж байлаа.  

Уг судалгааны ажлыг хийхэд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр (ЭТИС) болон Азийн сан дэмжлэг үзүүлж ажиллажээ.



Б.Төгс