Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан боллоо

2017-04-27 11:48

Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Зөвлөлийн нэгдсэн хоёрдугаар хуралдаан энэ сарын 26-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Хуралдаанд Монголын талаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн дарга Ж.Мөнхбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн, хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Б.Дашдорж болон албаны бусад төлөөлөл оролцсон бол Хятадын талаас БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жи Жэ тэргүүтэй холбогдох яам, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл болох нийт 50 гаруй хүн оролцлоо. 



Зөвлөлийн хуралдааныг нээж БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жи Жэ хэлсэн үгэндээ “Монгол Улс олон жилийн туршид хамтын ажиллагааны итгэлтэй түнш, бүс нутгийн нягт холбоотой байсаар ирсэнг дурдаад хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломж, бололцоо их байгаа” гэлээ.



Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Сүүлийн жилүүдэд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж, харилцан айлчлал, уулзалтын давтамж хадгалагдаж байгаа нь хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн юм.

Хуралдаанаар:

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр “Шэнхуа” групптэй хамтран Тавантолгойн төслийг уурхай, төмөр зам, боловсруулалт гэсэн цогц байдлаар хэрэгжүүлэх, энэ хамтын ажиллагааны эхний алхам болгож нүүрсний худалдааг эхлүүлэх ажлыг хүлээн авч, хоёр талын Ажлын хэсгийг хуралдуулах 

- Жилдээ 1 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадал бүхий зэс хайлуулах үйлдвэр барих, гаргасан бүтээгдэхүүнээ БНХАУ-ын зах зээлд борлуулах, хөрөнгө оруулалтыг зээл тусламжид хамруулах

- Нүүрсний нийлэг хий гаргах төслүүдэд Хятадын аж ахуйн нэгжтэй хамтрах

- Тавантолгойн нүүрс угаах, боловсруулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц болон Зэс баяжуулах үйлдвэр байгуулахад говийн усан хангамжгүй хангалтгүй байгаа учир “Хэрлэн гол” төсөл хэрэгжүүлэх

- Олон жил яригдаж буй Ганц мод, Гашуунсухайт зэрэг боомтыг олон улсын статустай, 24 цаг үйл ажиллагаатай болгох

- Зам, тээвэр, хөгжлийн чиглэлээр “Шэнхуа” групптэй хамтран “Хөөт-Бичигт”-ийн чиглэлийн төмөр зам болон бусад замыг Зүүн коридорын болон Хойд коридорын төмөр замуудыг барих төслийн хамтран хэрэгжүүлэх

- Агаарын хаалгыг нэмэгдүүлэх

- Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн “Эрчим хүчний экспортын цогцолбор” төсөлд хамтрах

- Хятадын талаас авах газрын тосны бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх хилийн боомтын тоог нэмэгдүүлэх

- Хятадын Ардын банкны юаны своп хэлцлийн хугацааг сунгах, хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Эдгээр асуудлын хүрээнд хоёр орны холбогдох яам, аж ахуйн нэгжийн төлөөлөл өөрсдийн салбарт тулгамдаад буй асуудал болон өнөөгийн байдал, хамтран ажиллах боломжийн талаар санал, байр сууриа илэрхийлсэн юм.

Ирэх 5 дугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болох “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцоно. Уулзалтаар Зөвлөлийн нэгдсэн хуралдаанд хэлэлцсэн зарим асуудлыг эцэслэн шийдэж, хамтын ажиллагааны чухал баримт бичиг, Санамж бичгүүдэд гарын үсэг зурах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2019-12-05 13:52
    Чили улсын төрийн өмчит, дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч “Codelco” компани нь ирэх 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20%-иар танаж 32 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. 2028 он хүртэлх хөтөлбөрөөр 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан юм. Хөрөнгө оруулалтын хэмжээг танасан шалтгааныг дэлхийн зэсийн зах зээл дэх таагүй нөхцөл байдал, мөн Чили улсын нийгэмд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж компанийн зүгээс тайлбарлаж байна. Энэ намар тус улсыг хамарсан томоохон эсэргүүцлийн дараа Чилийн эрх баригчид Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан “Codelco” компанийн нийт ашгаас улсын төсөв рүү хуваарилах хэмжээг 2021 оноос эхлэн жилд 1 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр тооцоолжээ. 
  • 2019-12-05 12:32
    Монголын Геологийн холбооны VI чуулган арваннэгдүгээр сарын 29-нд ШУТИС-д зохион байгуулагдаж, хурлын хөтөлбөрийн дагуу тус холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат, Гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар 2014-2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбооны гишүүддээ танилцуулжээ. Энэ үеэр мөн холбооны Хяналтын зөвлөл ажлаа танилцуулсан байна. Танилцуулгын дараа салбарын өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөж Монголын Геологийн холбооны VI чуулганд оролцогчдоос нийт геологчдод хандан уриалга гаргасан байна. Монголын Геологийн Холбооны дүрэм ёсоор 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2019-2024 он хүртэл нийт геологчдыг төлөөлөн ажиллах шинэ Удирдах зөвлөлөө сонгох сонгуулийг явуулсан юм.
  • 2019-12-04 18:37
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар Орос улсад арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Айлчлалаар Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээрийн үр дүн Засгийн газар болон яамд хооронд нийт 15 баримт бичгийг байгуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү айлчлал нь есөн жилийн дараа ОХУ-ад хийж байгаагаараа онцлог юм.
  • 2019-12-04 12:19
    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг өвлийн цэнгэг агаар, нар гийсэн тунгалаг өглөөтэй угтав. “Баянгол” төмөр замын “Хандгайт” өртөөнд зочид гийчдийн хөл хөдөлгөөн их. Одоогоос 15 жилийн өмнө энэ нутагт төмрийн хүдрийн хайгуулын ажлыг эхлүүлж, өдгөө уурхайн цогц бүтээн байгуулалт, эрчим хүч болоод төмөр замын дэд бүтцийн хамтаар байгуулсан компани бол “Болдтөмөр Ерөө гол” юм. Тэмдэглэлт энэ ойд төмөр замын үйл ажиллагаа хариуцсан “Монголиан Транс Ложистик” компанийг үүсгэн байгуулсаны 10 жил мөн тохиож байна. Давхар ойгоо угтан шинэ бүтээн байгуулалтаар компанийн намтар түүхээ зузаатгажээ. “Баянгол” уурхайн ажилчдын хотхоныг шинэчлэн тохижуулахын сацуу төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүний засварын орчин үеийн депо байгуулж ашиглалтад орууллаа.
  • 2019-12-04 11:55
    Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч Д.Улаанхүүхэн   The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй  “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд   “Сүхбаатар аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана”,  “Уул уурхайн орлогоор баялгийн санг бүрдүүлэх нь зүйтэй”  зэрэг ярилцлага, сурвалжлага, бэлтгэсэн мэдээллээр  амжилттай оролцож,  бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, сэтгүүл зүйн бүтээлийн чанараараа манлайлсныг нь үнэлэн  ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодруулан өргөмжлөв.