Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” UNICEF-тэй хамтран Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдэд агаар шүүгч бэлэглэв



Улаанбаатар хот, 4-р сарын 14.

Нийслэлийн  агаарын бохирдол хамгийн өндөр  газруудын нэг  Баянзүрх дүүргийн гурван цэцэрлэгт  “Вагнер Ази”  компани өнөөдөр агаар шүүгч хүлээлгэн өглөө.

Улаанбаатар хот гадаад орчны агаарын бохирдлын хэмжээгээрээ ДЭМБ-ын заасан жилийн дундаж нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) зөвлөмж хэмжээнээс 7 дахин их байна. Агаарын бохирдлоос үүсэх сөрөг нөлөө хүүхдийн эрүүл мэндэд илүү ноцтой байх бөгөөд цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатайг өнгөрсөн онд НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан тайланд онцолсон билээ. 2015 онд зөвхөн Улаанбаатар хотод 5 хүртэлх насны 435 хүүхэд хатгалгааны улмаас энджээ. Ханиад хүндэрч, хатгалгаа болоход нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол агаарын бохирдол юм.  Цаашлаад ургийн өсөлт зогсох, дутуу төрөх, амьсгалын замын хурц үрэвслээр өвдөх зэргээр агаарын бохирдол эрүүл мэндэд ноцтой хор уршиг үзүүлдэг талаар дээрх судалгаанд дурдсан байна.

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж байгаа энэ үед НҮБ-ын Хүүхдийн Сан  агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах бодлогын шийдвэрт шаардлагатай баримт нотолгоог бий болгоход Засгийн газрыг дэмжин ажиллаж байна.

Мөн хүүхэд рүү чиглэсэн компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэх, компаниуд тухайн орон нутаг, байгаль орчиндоо   хувь нэмэр оруулахад нь туслах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн Сан анхаарч ажилладаг. Энэ ажлын хүрээнд “Вагнер Ази” компаниас Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдэд бэлэглэж буй агаар шүүгчийн ачаар 800 гаруй хүүхэд цэвэр агаараар амьсгалах боломжтой боллоо.

“Тухайн цэцэрлэг нь цэвэр агаартай болсноор   хүүхдүүд эрүүл саруул өсч, тоглож наадах, сурч боловсрох, ирээдүйдээ хүссэн зүйлдээ хүрэх магадлал нь бага ч болов нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад далайцтай арга хэмжээнүүд авч эхлээд байгаа. Тэгвэл агаарын бохирдлоос хүүхдийнхээ эрүүл мэндийг яг одоо хамгаалахын тулд бид наад захын чадах зүйлээ хийх хэрэгтэй байна. “Вагнер Ази” компанийн энэ санаачилга хүүхдийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулахыг хүсч буй бусад компаниудад үлгэр жишээ болно гэдэгт найдаж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес онцлов.
Ирэх 2 жилийн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн Сан, “Вагнер Ази” компани хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Монголын хүүхдийн сайн сайхны төлөө, тэр дундаа агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах чиглэлд олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

https://www.unicef.org/mongolia/2145_26318.html
For more information about UNICEF Mongolia and its work visit:
Twitter/ UNICEF_Mongolia
Facebook/unicefmongolia
For further information, please contact:
Ariunzaya Davaa, Communication Specialist, UNICEF Mongolia, adavaa@unicef.org, Phone: 99112652