Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Хөрөнгө оруулагчдыг төөрөлдүүлэх эрсдэлтэй

Монгол улсын Уул уурхайн зөвлөх инженер, техникийн ухааны доктор, профессор Д.Галсандорж:

Уул уурхайн тухай хуулийн төслийн талаар Та ямар санал бодолтой байна вэ?
Уул уурхайн салбарын хууль эрх зүйн өнөөгийн орчин боломжийн хэмжээнд байна.  Цаашид үүнийг улам тогтвортой байлгах, хуулийн заалтуудыг бүрэн хэрэгжүүлэх, ялангуяа стратегийн хөрөнгө оруулагчидтай байгуулж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ, Орд газрыг ашиглах гэрээнүүдэд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй. 

Монгол улсын эдийн засаг ихээхэн хүндрэлтэй, гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа энэ үед Уул уурхайн тухай хуулийг шинээр боловсруулах нь оновчтой бус шийдэл төдийгүй хөрөнгө оруулалтад улам сөргөөр нөлөөлөх алхам болно.Уул уурхайн зохицуулалтыг нэмэх, сайжруулах зайлшгүй асуудал байгаа бол одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй  Ашигт малтмалын тухай хууль болон Газрын хэвлийн хуулиуддаа нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэж болох юм.

1997 онд Дэлхийн банкны туслалцаатайгаар Ашигт малтмалын тухай шинэ хуулийг барууны загвараар боловсруулан баталсан. Үүнээс өмнө салбарын суурь хууль болох Газрын хэвлийн тухай хууль  үйлчилж байлаа.  Олон орнууд газрын хэвлийн хуульдаа суурилж уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. 1997 онд Ашигт малтмалын тухай шинэ хууль гарч ирснээр манай геологи, уул уурхайн салбар Газрын хэвлийн тухай хуулиа ашиглаагүй, нэг үгээр хэлбэл зүгээр л мартчихсан гэж хэлэхэд хилсдэхгүй. 

Яг ийм дүр зураг, нөхцөл байдал өнөөдөр үүсээд байна. Уул уурхайн тухай хууль батлагдвал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад хэрэгжүүлнэ гэж байгаа ч яваандаа Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг зогсонги байдалд оруулах эрсдэлтэй. Цаашдаа Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлж байгаа Агентлаг ямар эрх үүрэгтэй байх, энэ байгууллага байх уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. 

Олон улсын туршлагаас харахад уул уурхай эрчимтэй хөгжиж, уурхайн үйлдвэрлэлийг үр өгөөжтэй явуулж байгаа Чили, Вьетнам зэрэг улс Ашигт малтмалын тухай хуультай, харин  уул уурхай өндөр хөгжсөн Канад, Австрали, АНУ-д Уул уурхайн тухай хууль үйлчилдэг. 

Хуулийн төслийг олон нийтийн хэлэлцүүлэгт оруулж байгаа ч мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын оролцоо муу байна гэсэн шүүмжлэл гарч байна?
Ажлын хэсэгт ихэвчлэн салбарын Яам, Газрын удирдах албан тушаалтан, тэргүүлэх мэргэжилтнүүд орсон ч уул уурхайн салбарын 30 гаруй төрийн бус байгууллагаас нэг ч төлөөлөл оролцоогүй. Тиймээс Уул уурхайн хуулийн төслийн боловсруулалтын явц ил тод явагдахгүй байна.   

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Ажлын хэсэг гарган боловсруулж байгаад сүүлдээ буцааж татсантай адил жишгээр Уул уурхайн тухай хуулийн төслийн боловсруулалт явагдаж байна. 

Уул уурхайн хуулийн төслийн хэлэлцүүлэг маш өргөн хүрээнд явагдах ёстой. Судлаачийн хувьд хэлэхэд, Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай зэрэг хуулийн аль заалтуудыг яаж өөрчлөхөө маш нарийн суурь судалгаа, харьцуулсан томьёоллоор  гаргаж ирэх ёстой болов уу. Түүнээс биш шинэ хуулийг ямар ч суурь судалгаа хийхгүйгээр үзэл баримтлал батлаад, түүний хүрээнд хийх нь учир дутагдалтай. 
Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн өнөөдөр үйлчилж чадахгүй байгаа заалтуудыг тодорхойлж гаргасны үндсэн дээр өөрчлөх санаанууд гарч ирнэ. Уул уурхайн хуультай болсноор манай улсын хөрөнгө оруулалт ийм байдлаар нэмэгдэнэ, үйлдвэрлэл ингэж нэмэгдэнэ, аюулгүй байдал ингэж багасна, уул уурхай, орон нутгийн харилцаа ингэж сайжирна гэх зэргээр тодорхой үндэслэл гаргаж ирэх ёстой. Товчхондоо, Уул уурхайн тухай хуулийн төслийн  боловсруулалтад шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа алга байна. 
 
Ийм тооцоо судалгаа муутай хуулийн төсөл батлагдвал гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид судалж  танилцахаас эхлээд ихээхэн асуудал босч ирнэ. Засгийн газрын түвшинд олон улсын байгууллагуудаас хөрөнгө мөнгө татахаар янз бүрийн гэрээ, хэлцэл ид яригдаж байгаа үед шинэ хууль гаргаж ирэх нь уул уурхайн салбарыг улам эрсдэлд оруулна. 
Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтын хүрээнд бид гадаадын  компаниудтай Хөрөнгө оруулалтын гэрээ, Орд ашиглах гэрээ байгуулснаа бодох ёстой. 

Тийм учраас Уул уурхайн тухай хуулийн төслийг Засгийн газар, УИХ-ын хуралдаанаар оруулахаасаа өмнө Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиудын заалтуудыг яагаад өөрчлөх болсноо маш сайн харьцуулсан судалгаагаар гаргаж  тавих хэрэгтэй. 

Уурхайн хаалтын менежменттэй  холбоотой зохицуулалтуудыг хуулийн төсөлд нэг бүлэг болгож оруулсан нь хэр зөв зохицуулалт вэ?
Уул уурхайн олон судлаачдын үзэж байгаагаар  Уул уурхайн тухай хуулийн төсөл боловсруулах болсон гол шалтгаан нь уурхайн хаалтын менежмент. Хоёрдугаарт, уул уурхайн компаниудын үйл ажиллагааг ил тод явуулах. Гэхдээ барууны уул  уурхай өндөр хөгжсөн орнуудад хэрэгжиж байгаа энэ хоёр практикийг Монгол улсад бэлтгэлийг хангалгүйгээр  шууд оруулж ирэх сонирхол хуулийн төсөл боловсруулж байгаа зарим хүмүүст байх шиг. 

Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийн 50 хүртлэх хувь нь өөрчлөгдөх тохиолдолд тухайн хуульд нэмэлт өөрчлөлт хийдэг хууль боловсруулах практик олон улсад үйлчилдэг.  Гэтэл шинээр Уул уурхайн тухай хуулийн төсөл боловсруулж буй нь Ашигт малтмалын хуулийг үндсээр нь өөрчлөх санаа явж байна гэж би харж байгаа.  

Нөгөө талаас хэтэрхий жижиг,  уул уурхайн салбарын дүрэм, журам, стандартаар зохицуулах асуудлуудыг хуулийн төсөлд оруулж байгаа нь зохимжгүй. Хуулийн заалтуудыг ингэж хэт жижигрүүлэх нь уул уурхайн салбарын оролцогчдын  үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх талтай.