“Mongolian Mining 2017” буюу уул уурхайн салбарын том цугларалт

2017-04-05 18:15
Уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн “Mongolian Mining 2017” олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаа цогцолборт өнөөдөр нээгдлээ. Долоо дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй үзэсгэлэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/, Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/ дэмжин ажиллаж буй. Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ болоод төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компаниуд хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, “Трансвест Монголиа” компанийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Д.Болдсүх, “Вагнер Ази” группын Ерөнхий захирал Стив Поттер болон үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга, “Майнекс Монголиа” компанийн захирал Т.Баттулга нар оролцож үг хэлэв.

“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай тус үзэсгэлэнд энэ жил дэлхийн 15 орны 130 гаруй компани уул уурхайн техник, тоног төхөөрөмж, үйл ажиллагаагаа танилцуулж байна. Тэр дунд өөрийн орны компаниудын үйл ажиллагааг дэмжин Австрали, Канад, АНУ, БНЧУ-ын Монгол дахь Элчин сайдын яамд үзэсгэлэнд павльонтой оролцож буй. “Mongolian Mining 2017” нь оролцогчид хийгээд сонирхож зорин ирэгсдийн тоогоороо энэ жилийн хувьд уул уурхайн салбарын хамгийн том цугларалт болж байна. Үзэсгэлэнд оролцогчид идэвхтэй, сонирхогчид олон, хөл хөдөлгөөн ихтэй байна. 

“Mongolia Mining” үзэсгэлэнгийн хүрээнд Монгол улсын уул уурхайн салбар дахь төрийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, өнөөгийн нөхцөл байдал, төсөл хөтөлбөрүүдийн талаар Төрийн бодлогын семинар зохион байгуулагдлаа. Энэхүү семинарт УУХҮЯ-ны Бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар “Уул уурхайн салбарын 2016-2020 оны төрийн бодлого”сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрээр илтгэлдээ, эрдэс баялгийн салбар Монгол улсын төсвийн 40%-ийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын 60%-ийг татаж байна. Засгийн газраас ирэх дөрвөн жилд эдийн засгийг сэргээж, эрчимжүүлэн, валютын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн томоохон төслүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаө бөгөөд үүнд 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болохыг онцолсон юм. Мөн ашигт малтмалыг боловсруулан экспортод гаргахад анхаарч, газрын тос боловсруулах, зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор, хүрэн нүүрс хийжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах зорилтоо танилцуулав. Эдгээр үйлдвэрээс эхний ээлжинд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлийн санхжүүжилтээр хэрэгжүүлэхээр бэлтгэж буйг дуулгасан юм.

Мөн семинар дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТГ-ын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Цэгц илтгэл тавилаа. Илтгэлд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох тухай хууль эрх зүйн зохицуулалт, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох болсноор Монгол орны эрдэс баялгийн нөөц хэрхэн нэмэгдэж, хэчнээн орд нээсэн тухай статистик тоо баримтуудыг мэдээлээд, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулсан юм. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 29.7%-д сонгон шалгаруулалт болон өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор тогтоод байна. Өнөөгийн байдлаар гадаадын 273 компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж.

“Mongolia Mining 2017” үзэсгэлэнгийн эхний өдрийн үдээс өмнө “Оюутолгой”, “Трансвест Монголиа” компаниуд үйл ажиллагаагаа танилцуулсан илтгэл тавьсан юм. Дэлхийн зэсийн томоохон төслийг хэрэгжүүлэгч “Оюутолгой” компанийн хувьд ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогоо танилцуулахдаа 2016 оны дүнгээр нийт худалдан авалтын 80% буюу 10 ам.доллар тутмын 8 ам.доллар нь дотоодод үлдэж байгааг онцолж байлаа. Орон нутаг Өмнөговь аймгаас л гэхэд өнгөрсөн жил нийт 63 сая ам.долларын худалдан авалт хийсэн бол энэ онд 82 сая ам.долларт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Харин “Трансвест Монголиа” компанийн тухайд энэ жилийн “Mongolia Mining” үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа бөгөөд Японы Комацу брендийн албан ёсны дистрибьютерийн хувьд 2017 оны цоо шинэ бүтээгдэхүүн “PC 1250-8” загварын экскаваторыг анх удаа үзэсгэлэн дээр танилцуулсан.

Мөн үзэсгэлэнгийн үеэр Чехийн уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Inco”, Монголын “Нью Эко энержи” компаниуд хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн юм. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Чех улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ивана Гороллово, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Mongolia Mining” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга нар оролцов. Үзэсгэлэн гурав хоногийн турш үргэлжилнэ.

Э.Од       

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 6 минутын өмнө
    Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт орших Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Steppe Gold” (TSE:STGO) компани “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 3 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр болсон талаараа (01.22) мэдээллээ. Тодруулбал Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК”-ийн удирдлага дор ажилладаг “Монголын үндэсний хөрөнгө оруулалтын сан ХОЗ ТЗК”-иас (Mongolian National Investment Fund PIF SPV) уг хөрөнгийг татан төвлөрүүлж байна. Ингэснээр тус компани нь энэхүү сангаас хөрөнгө татан төвлөрүүлсэн анхны компани болж байна.
  • 22 цаг 59 минутын өмнө
    "Build Mongolia 2020" буюу "Бүтээн байгуулалт-2020" барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны дөрөвдүгээр сарын  13 – 15-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулна. Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч гурван өдрийн турш бараа материал, техник технологи зэргийг дэлгэн үзүүлэхээс гадна яамдын төлөөллүүд дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн зохион явуулна.
  • Өчигдөр 10 цаг 41 минутад
    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолд үндэслэн тавдугаар сарын 16-нд  Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д  шилжүүлж, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон юм. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан Ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж, одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ. 
  • Уржигдар 15 цаг 04 минутад
    Монгол орны газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Газрын ховор элемент” хөтөлбөрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулж байна. Тус яамны хурлын танхимд өнөөдөр уг хөтөлбөртэй холбоотой талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой саналуудыг тусгахаар ажиллаж байна. 
  • Уржигдар 13 цаг 25 минутад
    Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4%-иар өссөн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8%-иар өссөн байна. Гэхдээ энэ дундаа цайр болон бусад ангилалд багтах эрдсийн татварын үзүүлэлт буурчээ.