Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2016 онд IPO гаргалтаар Хонгконгийн бирж тэргүүлжээ

2016 оны жилийн эцсийн үзүүлэлтээр олон улсын хөрөнгийн биржүүдээс IPO гаргасан тоогоор Хонгконгийн хөрөнгийн бирж хоёр дахь жилээ дараалан тэргүүлсэн байна. Өнгөрсөн онд тус бирж дээр 126 компани IPO гаргахдаа нийт 25.1 тэрбум ам.долларын хөрөнгө босгожээ.

Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө босголт 26%-иар буурсан нь сүүлийн найман жилийн хамгийн доод үзүүлэлт тооцогдож байна. 2017 онд тус бирж дээр Хятадын технологийн гурван том компани IPO гаргахаар төлөвлөж буй. Тэдний нэг нь Alibaba группын охин компани “Ant Finacial” бөгөөд компанийн зах зээлийн үнэлгээ нь 60 тэрбум ам.доллар юм.  

Өнгөрөгч оны IPO гаргалтаас Шанхайн хөрөнгийн бирж 16 тэрбум ам.доллар, Нью Йоркийн хөрөнгийн бирж NYSE 11.87 тэрбум ам.доллар, Токиогийн хөрөнгийн бирж 9,6 тэрбум ам.доллар болон Копенгагений хөрөнгийн бирж 5.9 тэрбум ам.доллар тус тус босгож эхний тавд тодорчээ.  Шанхай хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар 700 компани төлөвлөж байгаа аж.

Уул уурхайн томоохон компаниудын тухайд Саудын Арабын төрийн өмчит газрын тосны “Saudi Aramco” компани 100 тэрбум ам.доллар болон ОХУ-ын хувийн хэвшлийн нүүрсний “En+” групп 6-8 тэрбум ам.долларын хөрөнгө босгох төлөвлөгөөтэй. Газрын тосны гигант компанийн IPO гаргах эрхийн төлөө Нью Йорк, Лондонгийн хөрөнгийн биржүүд өрсөлдөж байгаа бол Оросын нүүрсний компани Хонгконгийн хөрөнгийн биржийг сонгожээ.

2014 онд Нью Йоркийн хөрөнгийн биржээс 25 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон Alibaba группын IPO одоогоор “дээд амжилт” тогтоосон хэвээр байгаа юм.

Э.Од