Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Эрчим хүчний хураагууртай нарны цахилгаан станц барихаар судалж байна



The Mongolian Mining Journal /2017 002.099/

“Нова Терра” компани нь Өмнөговь аймагт 50 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байна. Уг төслийн талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаас тодрууллаа.



С.Болд-Эрдэнэ

Саяхан танай компани нарны эрчим хүчний цахилгаан станц байгуулах талаар гэрээ байгуулсан гэсэн. Төслийнхөө талаар мэдээлэл өгөөч? Ямархуу шатандаа явна вэ?
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 50 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөлд хамтран ажиллахаар Тайландад төвтэй Symbior Solar гэдэг компанитай хамтран ажиллахаар болсон.

Одоогоор Вankable Feasibility гэж ярьдаг банкны шаардлага хангахуйц ТЭЗҮ-ээ хийж байна. Нарийн судалгаанууд хийж, төсөл ашигтай байх эсэхийг тодорхойлно. Үүний дараа хөрөнгө оруулалтын асуудлаа ярина. Урьдчилсан байдлаар хөрөнгө оруулалт 100 гаруй сая доллар болох болов уу. Том хэмжээний хөрөнгө оруулалт уу гэвэл тийм. Өнөөдөртөө хэнээс зээл авах, хаанаас хөрөнгө оруулалт татах вэ гэдэг асуудлууд яригдах болоогүй байна. Бас нэг чухал зүйл бол технологийн шийдлээ сонгоогүй байна. Ямар технологи ашиглах нь газар нутгийн онцлог, нарны тусгалын онцлог гээд олон зүйлээс хамаардаг юм билээ. Зарим хүнд хэдэн хавтан тавьчихад л болчих мэт санагддаг байх. Яаж үр ашигтай цахилгаан станц ажиллуулах вэ гэдэг нь том бизнес учраас бүх зүйлийг анхнаас нь нарийн тооцож, төлөвлөж, зөв сонголт хийвэл тэр бизнес амжилттай ажиллах боломжтой. Эрчим хүчний салбарын онцлог нь бага ч гэсэн байнгын ашигтай ажиллах боломжтой. Зардал нь тодорхой байдаг. Нөгөө талаас төрийн зохицуулалттай, эрсдэлтэй салбар. Манайд баригдсан эрчим хүчний эх үүсвэрүүд бараг бүгд төрийн санхүүжилтээр боссон. Одоо бол хувийн сектор өөрөө хөрөнгөө оруулаад, хөрөнгө оруулалтаа нөхөөд, ашигтай ажиллах ёстой.

Яагаад Ханбогд сумыг сонгох болсон юм бэ? Технологийн хувьд ямар шийдэл байх бол?
Ханбогд суманд нарны тусгал сайн байдаг. Говийн бүс нутагт нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх нөөц хамгийн арвин, чанартай байдаг. Нарны эрчим хүчний нөөцийн газрын зургийг харж байгаад хамгийн боломжтой байршил бол Ханбогд сум юм байна гэж сонгосон.

Технологийн хувьд storage буюу эрчим хүчний хураагуурын технологийг хамтад нь шийдэхээр судалж байна. Энэ төрлийн технологи асар хурдацтай хөгжиж байна. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад маш өндөр түвшинд хөгжчихсөн. Монголын өөрөө тохируулга хийж чаддаггүй системийн онцлогоос хамаараад аль болох хураагууртай шинэ технологи нэвтрүүлэх нь чухал. Одооноос энэ талаар судалж, хэрэглэх юм бол алсдаа бизнесийн утга төгөлдөр төслүүд бий болох боломжтой. Нарны эрчим хүчийг ашиглах талаар тодорхой ойлголттой болчихлоо. Дарханд 10 мВт-ын станц баригдлаа. Одоо үүнийгээ storage-тэй яаж холбох вэ гэдэг судал­гаа­нуудыг хийж байна. Хурдацтай хөгжиж буй технологиос аль болох хоцрох­гүйгээр хэрэглэж туршиж үзэх бодолтой байгаа. Ингэвэл ирээдүйд нар, салхины эрчим хүчний том зах зээлд оролцох боломжтой.

Тиймээс ч бид энэ технологийг судалж байна. Бид өөрсдөө үүнийг хийхгүй бол хүн хийж өгөхгүй. Зардал, хөрөнгө оруулалт ямар байх талаар тодорхой болсон зүйл одоогоор алга. Судлаад, туршаад үзвэл удахгүй тодорхой болох байх. Монголчуудын нэг онцлог нь шинэ технологийг маш сайн ойлгож, хурдан ашиглаж чаддаг гэж боддог.

Сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжихэд хууль эрхзүйн орчин хангалттай байна уу?
Том эдийн засгууд эхлээд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тодорхой хөшүүргүүдээр дэмжиж ирсэн. Нэг талаас хэрэглэгчдээс авах төлбөрийг нь арай өндрөөр тогтоож өгдөг. Нөгөө талдаа тоног төхөөрөмж үйлдвэрлэж буй үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл өгөх байдлаар хөнгөлөлт үзүүлдэг. Үүн дээр татварын хөнгөлөлтийг эрчим хүчний компаниудад өгч байна. Ийм хөшүүргүүдийн дэмжлэгээр энэ салбар хөл дээрээ хурдан босч байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарыг дөнгөж ярьж эхэлж байх үед байгалийн хий, нүүрс гээд эрчим хүчний хямд эх үүсвэрүүд байсан. Өнөөдөр их хэмжээний хөрөнгө оруулалтын үр дүнд технологи нь сайжраад, үнэ нь буурч байна. Харин хаана үнэ буурч байгааг анхаарах хэрэгтэй. Хятад, Энэтхэгт үнэ буурч байна. Тэд мянга мянган мВт-аар эрчим хүч үйлдвэрлэж байгаа том зах зээл. Монгол бол дөнгөж эхний 100 мВт-аа барьж байгаа зах зээл учраас дэмжих хөшүүргүүд зайлшгүй шаардлагатай. Хөшүүргүүд нь зөв байх юм бол дотоодын хэрэгцээгээ хангачихаад Хятад, Япон, Солонгосын зах зээлд хүрэх дараагийн зорилго руугаа явж болно.

Манай Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль сайн хууль. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ хүргээд эхэлчихлээ. Хууль эрх зүйн орчин тогтвортой байх юм бол бид цахилгааны хэрэглээнийхээ 20-30 хувийг найдвартай хангаж, экспортод гарах бүрэн боломжтой. Монгол улс зэс, нүүрс гэсэн экспортын гол салбараас хямдхан эрчим хүч үйлдвэрлэж, экспортлох бүрэн боломжтой улс.

Нэг сайн зүйл нь Цогтцэций суманд салхины цахилгаан станц ажиллаж байна. Дарханд нарны эрчим хүчний цахилгаан станц баригдчихлаа. Сэргээгдэх эрчим хүчний дэд салбарт хөрөнгө оруулалт хийгээд урт хугацаандаа хөрөнгө оруулалтаа нөхөж авах боломжтой гэдгийг ойлгоод ажиллаж байна.

Сэргээгдэх эрчим хүчний анхны станц болох Салхитын цахилгаан станц дээр өнөөдөр төлбөрөө төлөхгүй гэх мэтээр янз бүрийн асуудал гараад байвал хоёр дахь станц руу хэзээ ч хөрөнгө оруулалт хийхгүй. Салхитын хувьд анхных учраас алдаа оноо гарч байгаа. Түүнийгээ гэрээний дагуу аль аль талдаа ашигтай байдлаар шийдээд явж байгаа нь энэ салбарт хөрөнгө оруулалт хийж, ажиллах боломжтой юм байна гэдэг итгэл төрүүлж байна.

Сэргээгдэх эрчим хүчний салбар Монголд эхлэл төдий байгаа. Энэ салбар хөгжих боломжтой юу?
Сүүлийн 2 жил энэ салбар дэлхий даяар асар их хөгжлөө. Хятад улс гэхэд 2017-2020 онд 361 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчний салбарт хийнэ гэсэн зорилт тавьж байна. Сэргээгдэх эрчим хүчний салбар улам л боловсронгуй, үр ашигтай болж байна. Салхины эрчим хүчний үнэ гэхэд уламжлалт эх үүсвэрүүдтэй адилхан, өрсөлдөхүйц үнэтэй боллоо. Нарны эрчим хүчний үнэ ч хямдарч байна. Ялангуяа сүүлийн 20 жил сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, хөрөнгө оруулалт татаж чадсан зах зээлүүд дээр үнэ буурч байна. Монгол улс эрчим хүч экспортлох гэж буй бол өрсөлдөх чадвартай, хямд байх ёстой. Дотоодын зах зээлээ хангаж, хөл дээрээ боссон үедээ бид үнээ хямдруулж, экспортолж чадна.

Сэргээгдэх эрчим хүч бол Монголын хувьд эдийн засгийн нэг том тулгуур болох салбар. Бид эрчим хүч экспортолдог болох ёстой. Гэтэл бид дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байж бусдад эрчим хүч зарна гэх нь утгагүй. Юуны түрүүнд дотоодын сэргээгдэх эрчим хүчний салбараа босгож, цэвэр эрчим хүч хэрэглэх боломжтой гэдгээ өөрсдөө ойлгож, мэдэх юм бол гадагшаа зарах тал дээр итгэлтэй ажиллаж болно. Тэгэхээр дотоодын сэргээгдэх эрчим хүчний дэд салбараа хурдан хөгжүүлэх нь чухал. Шинэ станцууд баривал хэрэглэгчдэдээ цэвэр эрчим хүч нийлүүлэх, нөгөө талдаа технологийн асар том шинэчлэлүүд хийгдэнэ. Алсдаа манай улсын том зорилго бол Хятад, Япон, Солонгос гээд Зүүн хойд Азийн эрчим хүчний том зах зээл рүү нэвтрэх шүү дээ.

Монголд сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцаас гадна нүүрсний олон цахилгаан станцын төсөл яригдаж байна. Энэ нь хоорондын өрсөлдөөн болж, аль ч төсөл нь явж чадахгүй тийм байдалд ороод байх шиг. Сэргээгдэх эрчим хүчний салбарт бас ийм дүр зураг ажиглагдаад байх шиг. Энэ асуудал мөн үү?
Эрчим хүчний салбар тодорхой төлөвлөлтийн дагуу ажилладаг салбар. Бусад оронд list сost planning буюу эрчим хүчийг хамгийн хямд зардалтай байлгах үүднээс төлөвлөгөө хийдэг. Зах зээлийн эрэлтээ тооцоолоод эрэлт ихтэй газар ийм станц барина гээд төлөвлөгөө гаргадаг. Жишээ нь Улаанбаатарт цахилгаанаас гадна дулааны эрэлт байгаа болохоор дулааны цахилгаан станц барина ч гэдэг юм уу. Энэ мэтчилэн хаана ямар хүчин чадалтай, ямар технологитой, ямар хөрөнгө оруулалттай эх үүсвэр барих вэ гэдгээ судалж төлөвлөгөө гаргадаг. Түүнийнх нь дагуу хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид төслөө хэрэгжүүлдэг зарчимтай. Харамсалтай нь манайд төлөвлөлт ойлгомжгүй болчихсон. Хаана ямар эх үүсвэр эхэлж барих вэ гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөгөө нь ойлгомжгүй болчихоор хэн дуртай нь хаа хамаагүй төсөл хэрэгжүүлэх гээд явдаг. Төсөл хэрэгжүүлэх гэж яваа хүнийг буруутгах аргагүй.

Уг нь эрчим хүчний салбар нь Засгийн газар үнэ болон технологийн хувьд зохицуулалт хийж, лицензээ олгодог  харьцангуй дэг журамтай салбар. Зохицуулалт нь алдагдчихаар өрсөлдөх ёсгүй газар өрсөлдөөн бий болж, бие биеэ татаж унагаадаг байдал руу орчихлоо. Хамгийн боломжтой, хөрөнгө оруулалт татах чадамжтай ДЦС 5 зэрэг төсөл явахгүй байна. ДЦС 5 бол Улаанбаатарын дулаан болоод цахилгааны эрэлтийг судлаад хосолсон байдлаар шийдвэл хамгийн үр ашигтай, хямд эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж тооцсон шүү дээ. Төлөвлөлт байхгүй учраас салбарынхаа хөгжлийг доош татаад байна. Үр дүнд нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдчих боломжтой байхад Засгийн газар өөрөө хөрөнгө оруулалт хийхээс өөр сонголтгүй болж байна.