Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хөгжлийн банкны бондыг “Хуралдай” бондоор солино

Хөгжлийн банкны 5.75%-ийн хүүтэй евро бондын төлбөрийг төлөх хугацаа хаяанд тулсан энэ үед Засгийн газар шинэ бонд гарган төлбөрийг барагдуулахаар боллоо. Ирэх сарын 21-нд евро бондын төлбөрийг барагдуулах ёстой. Засгийн газар энэ сарын 20-нд Хөгжлийн банкны евро бондын төлбөрийг барагдуулахаар “Хуралдай” бонд гаргах саналаа албан ёсоор гаргасан. Шинэ бондоор Хөгжлийн банкны евро бондыг солих юм.

Засгийн газар оны эхэн сараас эхлэн бондын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж чадна хэмээн амлаж байсан боловч яг ямар аргаар төлөх тухайгаа хараахан албан ёсоор мэдээлээгүй байсан юм. Тэгвэл ийнхүү бондын өрийг шинэ бондоор дахин санхүүжүүлэх хувилбарыг хэрэгжүүлэхээр болсон нь тодорхой боллоо. Хөгжлийн банкны 580 сая долларын бонд нь Засгийн газрын баталгаатай гарч байсан юм.

“Хуралдай” бондын нөхцөлийн талаар тодорхой мэдээлэл одоохондоо гараагүй байгаа ч Хөгжлийн банкны 5.75%-ийн хүүтэй евро бондоос илүү өндөр хүүтэй байх магадлалтай юм. Засгийн газрын шинэ бондын нөхцөл, хүүгийн хувь хэмжээний талаар ирэх сарын 1-ний дотор тохиролцохоор байгаа бөгөөд хүүгийн төлбөрийг хагас жил тутамд төлөх юм. 

Сангийн яамны мэдээлж буйгаар Монголын эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирсны сацуу эрдсийн түүхий эдийн үнэ өсч буй тул Хөгжлийн банкны бондыг шинэ бондоор солих ажил амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна. Одоо Хөгжлийн банкны бондын эзэмшигчид хуучныг шинэ бондоор солих саналыг хэр дэмжихээс ихээхэн зүйл хамаарах юм. 

Бондын арилжааны менежерээр Хонконг дахь Credit Suisse, Лондон дахь JP Morgan ажиллаж байна.



Б.Төгс