Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

China Investment Corporation “Саусгоби Ресурс” дахь эзэмшлээ нэмэгдүүлэв

Хятадын төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан болох China Investment Corporation-ий охин компани Land Breeze II S.a.r.l. “Саусгоби Ресурс” дахь хувьцааны тоогоо 14.8 сая ширхэгээр нэмэгдүүлжээ. Ингэснээр тус компани “Саусгоби Ресурс”-ын нийт 64 сая 766 мянган ширхэг хувьцаа буюу 23.76 хувийг эзэмшихээр болж байгаа аж. “Саусгоби Ресурс” компанийн цахим сайтад мэдээлснээр өнгөрсөн оны 10 дугаар сарын тавны байдлаар China Investment Corporation тус компанийн 49.8 сая ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 19.35 хувийг эзэмшиж байжээ. Тус хөрөнгө оруулалтын сан 2009 онд “Саусгоби Ресурс” компанийн 500 сая долларын хөрвөгч өрийн бичгийг худалдан авсантай холбоотой юм. Улмаар 2010 онд China Investment Corporation уг 500 сая долларын өрийн бичгийнхээ 250 сая долларыг нь хувьцаа руу хөрвүүлж, 21.5 сая ширхэг хувьцааг нь шилжүүлэн авсан байдаг. Мөн үлдсэн 250 сая долларын өрийн бичгийг эзэмшиж буй бөгөөд түүнийгээ хувьцаа руу хөрвүүлвэл нийт 102.9 сая ширхэг хувьцаа буюу 37.75 хувийг эзэмших боломжтой болох юм. Ингэснээр China Investment Corporation нь “Саусгоби Ресурс”-н хамгийн том хувьцаа эзэмшигч болж байна.

Үүнээс гадна “Саусгоби Ресурс”-ын 27.99 хувийг эзэмшигч Novel Sunrise Investments Limited компани өөрийн эзэмшлийн хувьцаагаа 17.99 хувь болгож бууруулсан талаар өнгөрсөн 7 хоногт мэдээлсэн байна. Voyage Wisdom Limited компанитай өнгөрсөн 4 дүгээр сард байгуулсан гэрээний дагуу Novel Sunrise Investments Limited өөрийн эзэмшиж байсан 25 сая 768 мянган ширхэг хувьцааг Voyage Wisdom Limited-д заржээ. Тодорхой нөхцлүүдтэй байгуулсан уг гэрээний үнийн дүн 24 сая ам.доллар болж байгаа бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө төлбөрийг шилжүүлэх аж. Энэхүү хэлцлийн дараа “Саусгоби Ресурс” компанийн 18 орчим хувийг Novel Sunrise Investments Limited, 9.9 орчим хувийг Voyage Wisdom Limited компани эзэмшихээр болж байгаа юм. Дашрамд дурдахад Novel Sunrise Investments Limited-ийг өнгөрсөн 7 дугаар сард Хятадын төрийн өмчит China Cinda компани 100 хувь эзэмшихээр болж байсан юм.


С.Болд-Эрдэнэ

  • үү (202.21.120.146)
    энэ хаанаас эх сурвалж авсан юм болоо
    2017 оны 01 сарын 19 | Хариулах