Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

The Mongolian Mining Journal МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв



Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын нэгдсэн шинэ жил, оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа 2016 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр болов.

The Mongolian Mining Journal сэтгүүл Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнээр тодорсон юм. Тус сэтгүүлийн Редакциас 2016 онд орон нутгийн сэтгүүлчдийг давтан сургах, чадавхжуулах зорилгоор “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийг онцлон МСНЭ-ээс мэргэжлийн сэтгүүлзүйг төлөвшүүлэхийн төлөөх оны шилдэг үйл ажиллагаа хэмээн үнэлж ийн шагнасан байна.  

The Mongolian Mining Journal сэтгүүлийн Редакц нь эдийн засаг, уул уурхайн сэдвээр нийтлэл бэлтгэн олон нийтэд хүртээмжтэй түгээхээс гадна эдийн засаг, уул уурхайн сэдвээр бичих сонирхолтой сэтгүүлчдэд мэргэшин, суралцах хэрэгцээ шаардлага зайлшгүй байгааг харгалзан Эрхлэгч Л.Болормаагийн санаачилгаар “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг 2010 онд байгуулан ажиллуулж ирсэн билээ. Монголын сэтгүүлчид тодорхой сэдвээр мэргэшин, шинжээчийн түвшинд бичих, нэвтрүүлэх чадвартайг, бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэх, бие биедээ харилцан тусалж, мэдлэг туршлагаа солилцох, орчин цагийн дэлхийн сэтгүүл зүйн өндөр стандартыг нутагшуулахын тулд өөрсдөө бие даан холбоо харилцаа тогтоон ажиллаж чадахыг The Mongolian Mining Journal сэтгүүлийн Редакц бүхий л үйл ажиллагаагаараа харуулахыг чармайн ажиллаж ирсний илрэл нь “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” юм.      

Эдийн засгийн чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн өмнө санхүүгийн мэдээлэл, үзүүлэлт, шинжээчдийн анализийг ухаж ойлгон, дүгнэлт хийх чадвар зүй ёсоор шаардагддаг. Эдийн засгийн мэдээллийг бэлтгэхэд тулгардаг эдгээр асуудлын заримд хариулт өгөх зорилгоор “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” 2010 оноос эхлэн сургалтууд зохион байгуулж, өдөр тутмын сонин, сэтгүүл, телевизүүдийн сэтгүүлчдийг хамруулж ирэв.  

Сэтгүүлчдийн туршлага, мэдлэг, боловсрол адилгүй ч сэтгүүл зүйн салбарын онцлог, хариуцлага, олон нийтийн өмнө хүлээсэн үүргийн талаарх байр суурь ижил байх ёстой. Тиймээс 2015 онд орон нутгийн сэтгүүлчдийн эдийн засаг, эрдэс баялгийн салбарын талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэхийн тулд тодорхой төсөл хэрэгжүүлэх зорилт тавьсан юм. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг 2015 онд амжилттай эхлүүлж, 2016 онд ахьсан түвшинд үргэлжлүүлэн нийт 6 удаагийн цуврал сургалт Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотод зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлэв. Сургалтад хоёр жилийн хугацаанд 16 аймгийн 70 орчим сэтгүүлч хамрагдсанаас 35 нь тогтмол оролцсон байна.  

Орон нутгийн сэтгүүлчдийг давтан сургах энэхүү үйл ажиллагаа нь хэвлэл мэдээллийн байгууллага зөвхөн мэдээлэх, мэдээллийг түгээснээр ажил үүргээ хязгаарлах биш  мэргэжлийнхээ, салбарынхаа эрх ашиг, хөгжил, төлөвшлийн төлөө оруулж буй хувь нэмэр юм.