Хятад Монголтой хиллэдэг бүх боомтод хураамж ногдуулахаар шийдвэрлэжээ

2016-12-02

Өнгөрсөн сарын 4-ний баасан гаригт Өвөрмонголын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос гаргасан “Бүс нутгийн боомтын үйлчилгээний төлбөрийн нэршлийг өөрчлөх болон түүний хүрээнд хураамж авах төлбөрийн стандартыг тогтоох” тухай 1319 тоот албан бичигт тус улсын Монголтой холбогддог бүх боомтоор орж ирж буй бараа бүрт хураамж ногдуулах тухай тусгажээ.

Үүнд дурдсанаар Манжуур, Эрээн, Ганцмод боомтоор нэвтэрч буй бараа тутамд (дан ганц зэс, нүүрс бус)  тонн тутмаас 8 юань, машин бүрт 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авах тухай тэмдэглэжээ. Харин Сэхээ, Зүүн Хатавч, Хавирга боомтоор болон бусад шинээр байгуулагдах боомтоор нэвтрэх бараанаас тонн тутамд 5 юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авч, харин 10 мянган юаниас дээш үнийн дүн бүхий үнэт метал (зэсийн баяжмал)-аас үнийн дүнгийн (2 промилл /2‰/ буюу) 0.2%-тай тэнцэх төлбөр хураамж авах бөгөөд тухайн боомт дээрх бодит нөхцөл байдлыг харгалзан бууруулж болно гэж тусгажээ.

Ийнхүү боомтуудаар нэвтэрч буй бараа болгоноос хураамж авахаар болсон нь Хятадын боомтуудын дэд бүтцийг шинэчлэх ажилтай холбоотой юм байна. Хэдийгээр энэ дунд Хятад, Оросын хилийн зарим боомт багтсан ч Монголын хувьд бараг бүх түүхий эдээ Хятадтай холбогддог боомтоор гаргадаг учир хавьгүй дарамт нэмэгдэж байна. Нүүрсээ тодорхой хэмжээгээр ахиу үнээр худалдаалахаар болсон ч Ганцмод боомтоор гарч буй нэг тонн нүүрс тутамд дунджаар 1.3 орчим долларын нэмэлт ачаалал ирж байна. Зэс, нүүрснээс гадна бусад түүхий эд болох цайр, төмрийн хүдэр, жонш болон бусад бүх бараанд тодорхой хэмжээний нэмэлт ачаалал ирэх нь дамжиггүй.

Эхний арван сарын байдлаар Монгол улсын нүүрсний нийт экспорт 18.7 сая тонн, төмрийн хүдэр 5 орчим сая тонн, цайрын хүдэр 106 мянган тонн, зэсийн баяжмалынх 1.3 сая тонн, цэвэр зэсийнх 13 орчим мянган тоннд хүрсэн байна. Ийм хэмжээний экспортын бараанаас дээрх тооцоонд үндэслэн хураамж авах нөхцөлд бүдүүн тойм дүнгээр нүүрснээс 20 орчим сая долларын хураамж, төмрийн хүдрээс 6 сая доллар, цайраас 120 мянган доллар, зэсийн баяжмалын экспортоос 2.8 сая доллар, цэвэр зэсийн экспортоос 100 гаруй мянган ам.долларын хураамжийг Хятадын талд төлөхөөр байжээ.  Ирэх оны экспортын хэмжээ яг хэд байх нь тодорхойгүй ч багагүй хэмжээний хураамжийг урд хөршид төлөх төлөв эндээс харагдаж буй юм.

Боомтын хураамжийг хилийн боомтын дэд бүтцийг шинэчлэх санхүүжилтэд зарцуулах юм. Энэ тухай албан бичгийн нэгдүгээр заалтад “Боомтын үйлчилгээний хураамжийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээн дэх боомтуудын үйлчилгээний төлбөрүүдийн нэршлийг өөрчилж, боомтуудын бүтээн байгуулалтыг дэмжих төлбөр хураамж нь тухайн боомтуудын бүтээн байгуулалтыг хийхэд ашиглагдсан банкны зээл түүний хүүг эргүүлэн төлөхөд зарцуулагдана” гэжээ. Хэдийгээр Өвөрмонголын Ардын Засгийн газар үүнийг боомтын дэд бүтцийн шинэчлэлтэй холбон тайлбарлаж буй ч энэхүү шийдвэр нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчөөд зогсохгүй өөрсдийнх нь Монголын экспортод зориулж гаргасан шийдвэрийг шууд зөрчиж байгааг шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр Далай ламын айлчлалтай холбоотойгоор хятадууд ийм шийдвэр гаргасан гэх хардлагыг ч хэвлэлүүд болон зарим шинжээч дэвшүүлж буй юм.

Боомтоор нэвтрэх бараанд ногдуулах төлбөрийн тухай энэхүү шийдвэр нь нүүрсний үнийн өсөлттэй давхцаж буй нь зах зээлийн үнийн өсөлтийг далимдуулан тодорхой хэмжээний ашиг хүртэхээр хийж буй Хятадын Засгийн газрын алхам ч байж болох юм. Өмнөх долоо хоногийн мягмар гаригт буюу 11 дүгээр сарын 22-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний худалдааны үнээ 50 ам.долларт хүргэхээр болж буй тухайгаа мэдээлсэн бол яг энэ өдөр Ганцмод боомтоор нэвтрэх бараанд ногдуулах хураамжийн тухай мэдэгдэл гарчээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ тухай “Гашуунсухайт боомтоор нэвтрэх нэг машинаас өмнө нь ямар нэг хураамж авч байгаагүй, үүнд 10 юань авахаар шинэ хураамж гаргасан. Нэг тонн нүүрснээс 5 юань авч байсныг 8 юань болгосон байна. Зэсийн баяжмалаас 5 юань авч байсныг үнийн дүнгийн 0,2 хувь болгосон. Энэхүү шийдвэртэй уялдаж бидний хийсэн тооцоогоор бол Монгол Улсын аж ахуй нэгж, байгууллагууд жилдээ зэсэнд 12.3-12.5 сая ам.долларын нэмэлт төлбөр төлөх болох нь.” гэж Монцамэ агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Боомтууд дээр бараа бүтээгдэхүүний хураамж нэмэгдсэн, эсвэл цоо шинээр бий болсон эсэхийг бид дараа дараагийн мэдээллүүдээр хүргэх болно.

Салбарынхан маш олон жилийн турш Ганцмод боомтыг олон улсын статустай болгох талаар ярьсаар ирсэн ч өнөө хэр нь тус боомт орон нутгийн шинж чанартай боомт хэвээр байгаа юм. Ийм “гэнэтийн бэлэг”-ийн түүх 2012 онд тохиож байсан бөгөөд Өвөрмонголын Баяннуур аймгийн захиргаа Монголын нүүрсэнд, тэр дундаа угаасан нүүрсэнд өндөр хураамж ногдуулж байсан билээ. Боомтыг олон улсын статустай болговол ийм асуудал гарах нөхцөл бараг бүрэн хязгаарлагдахын сацуу Монголын нүүрс Хятадын эргийн буюу коксжих нүүрс өндөр үнэтэй байдаг бүс рүү нэвтрэх бололцоо бүрдэх юм.


Б.Төгсбилэгт

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 14 мин
    ТОП-100 ААН-ийн эхний байруудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК эхний гурван байрыг эзэлсэн байна. Энэ жил уул уурхай салбарын 22 компани Топ-100-д багтжээ. “Энержи ресурс” 10-т, “Монголын Алт” ХХК 11-т, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 12-т, “Монголросцветмет нэгдэл”15-д, “Петрочайна Дайчин Тамсаг” ХХК 17-д, Бүрдэл майнинг 23, “Эрдэнэс Монгол” ХХК 26-д, “Хишиг арвин индустриал” ХХК 32-т “Багануур” ХК 34-т, “Шин шинь”ХХК 41-т, “Цайрт минерал”ХХК 49-д, “Ачит ихт” ХХК 59-д, Монполимет ХХК 60-д, “Алтайн хүдэр” ХХК 62-т, “Бороо гоулд” ХХК 67-д,Тавантолгой ХК 74-т, “Саусгоби сэндс” ХХК 84-т, Баян Айраг Эксплорэйшн ХХК 91-т, “Шивээ Овоо” ХК 94-д эрэмбэлэгдсэн байна. Уул уурхай салбарын эдгээр компанийн борлуулалтын орлого 2021 онд 14618 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 41 хувийг эзэлж байна.
  • 2022-05-20
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • 2022-05-19
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 2022-05-19
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.