Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Нүүрс экспортлогч компаниуд нүүрсний үнийн өсөлтийг хэр ашиглаж байна вэ?



The Mongolian Mining Journal /2016. 10 -095/


Хятадад нүүрсний үнэ нэмэгдэж байгаа энэ цаг үеийг Монголын нүүрс экспортлогч компаниуд хэр ашиглаж байна вэ? Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний 9 сарын байдлаар Монгол улс 16.24 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 сая тонн орчмоор буюу 55 хувиар өссөн дүн юм. Харин экспортын орлого 509.8 сая ам.долларт хүрч, 18 орчим хувиар өсчээ.

The Mongolian Mining Journal нүүрс экспортлогч компаниуд нүүрсний үнийн өсөлтийг хэр ашиглаж байгаа, экспортын хэмжээ болоод татвар төлөлт нь ямар байгаа талаар доорх асуултуудад хариулт авсан юм. Энэ нь нүүрсний салбарын компаниуд хэрхэн ажиллаж байгаа талаарх илүү дэлгэрэнгүй харьцуулсан  мэдээллийг уншигчдад хүргэх биз ээ.

Харин олон улсын бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг Mongolian Mining Corporation, Southgobi Resources компани биржийн шаардлагын дагуу мэдээллээ өгөх боломжгүй гэдгээ тайлбарласан юм.

1. Танай компани он гарсаар хэчнээн тонн нүүрс олборлож, экспортлоод байна вэ? Өнгөрсөн онуудтай харьцуулахад өссөн үү?
2. Нүүрсээ ямар үнээр экспортолж байна вэ? Нүүрсний үнийн өсөлтийг хангалттай хэмжээнд ашиглаж чадаж байна уу?
3. Экспортыг нэмэгдүүлэхэд тулгарч буй ямар бэрхшээл байна вэ? Боомт, тээвэрлэлт гэх мэт...
4. Компанийн татвар төлөлт, орон нутгийг  дэмжиж буй хөрөнгө оруулалт ямар байна вэ?


Гашуунсухайтын зам, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн Орон нутаг, хамтын ажиллагааны хэлтэс:

1. Манай компани   2016 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар  5.6 сая тонн нүүрс олборлож, 5.5 сая тонн нүүрс борлуулж, экспортлоод байна. Экспортын хувьд 2015 оны мөн үетэй харьцуулахад 1.8 дахин өссөн. Бидний тооцоолж буйгаар он дуустал нэмж 2 сая орчим тонн нүүрс экспортлох боломжтой байна.  Цанхийн зүүн, баруун уурхайн олборлолт эхэлснээс хойш манай компани энэ оны 6 дугаар сарын 25-нд 20 сая дахь тонн нүүрсээ олборлож, 10 дугаар сарын 8-нд 20 сая дахь тонн нүүрсээ борлуулсан амжилттай ажиллаж байна.
 
 
2. “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Chalco Trading Hong Kong Co Limited”  компанийн хооронд 2011 онд байгуулсан гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу Цанхийн зүүн уурхайн нүүрсний үнийг гэрээнд заагдсан индекс тооцох аргачлалын дагуу улирал тутам шинэчлэн тогтоож байна. Нүүрсний тонн тутмын үнэ нь индекс тооцох аргачлалын дагуу 2016 оны 1 дүгээр улиралд 24.97 ам.доллар, 2 дугаар улиралд 24.40 ам.доллар, 3 дугаар улиралд 26.97 ам.доллар, 4 дүгээр улиралд 32.94 ам.доллар болсон. Өөрөөр хэлбэл, он гарснаас хойш улирлын үнэ 32 хувиар өссөн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна. Урт хугацааны гэрээгээр нүүрсний үнийг улирал тутам шинэчлэн тогтоосноор нүүрсний үнийн өсөлтийг зохих хэмжээнд ашиглаж чадах бөгөөд нүүрсний үнэ буурсан тохиолдолд алдагдал бага хүлээх давуу талтай байдаг.


3. Юуны өмнө “Гашуунсухайт Авто зам” ХХК-ийн эзэмшлийн нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын  нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, замын урсгал засварын ажлуудыг цаг тухай бүр хийх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар тус авто замаар бүрэн хүчин чадлаараа буюу өдөрт нэг талдаа 1000-1200 тээврийн хэрэгслийг нэвтрүүлэн өнгөрүүлж байна. Гэвч цаашид энэ зам Тавантолгойн ордод олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн экспорт нэмэгдэх үеийн ачааллыг дийлэхгүй төлөвтэй байгаа.  
Хоёрдугаарт, хилийн боомтуудыг ням гарагт ажилладаг болгох, улмаар 7 хоногийн 24 цагийн ажиллагаатай болгох шаардлагатай байна. Гашуунсухайтын боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэн 12 замтай болгосон ч хоёр улсын гаалийн болон хилийн хяналт, шалгалтын байгууллагуудын ажлын цаг, ням гарагийн амралтын өдрөөс шалтгаалан урт дараалал үүсдэг.

4. Тээврийн хэрэгслийн осол аваар, замын эвдрэл гэмтэл гараагүй хэвийн ажлын өдрүүдэд 350 орчим тээврийн хэрэгсэл 7-8 км, амралтын өдрүүдэд 900 орчим тээврийн хэрэгсэл 18-20 км урт цувааг  хилийн наана  үүсгэдэг. Үүнээс үүдэн жолооч нар архидан согтуурч, осол гарган, хууль бус үйлдлүүд хийж байна. Бид гаалийн цагийг уртасгах асуудлыг шийдвэрлүүлэхээр Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын талд хүсэлтээ илгээгээд байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад ортол  дээрх асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлээд явах нь зүйтэй юм.





“Эрдэнэс Тавантолгой” ХК 2011 оноос 2016 оны III улирлын байдлаар улсын төсөвт 220.1 тэрбум, орон нутагт 17.9 тэрбум, нийт 238 тэрбум төгрөгийн татвар улсад төвлөрүүлээд байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд “Шинэ Баянбүрд” төслийг 2013 оноос Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багт эхлүүлж, малчдыг хоршоо бүлгийн зохион байгуулалтад оруулж, орон нутагт иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн ажлуудыг хийж гүйцэтгэсэээр ирсэн. ҮХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас малын тэжээл, төмс, хүнсний ногоо тариалах зорилгоор бага оврын тракторыг анжис борнойн хамт малчны бүлэг хоршоодод хөнгөлөлттэй үнээр хүлээлгэн өгсөн. Мөн иж бүрэн усалгааны системтэй хүлэмжийг ногоо тариалах сонирхолтой бүлгүүдэд өгсөн. Түүнчлэн ноос сэмлэгч гар машин, усны помп, нэг тонны  багтаамжтай усны ёмкост, гар аргаар тоосго хэвлэдэг машиныг малчны бүлгүүдэд өгөөд байгаа. Мөн булгийн эхийг хашаажуулан хаягжуулж малчны бүлгүүдэд хариуцуулан хүлээлгэсэн гээд төслийн эхний шатанд багагүй ажил амжуулаад байна.

Орон нутагт шаардлагатай төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ дагуу эхний ээлжинд Цогтцэций сумын сум дундын эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон фургон автомашин, багуудад бага оврын трактор тус тус  нийлүүлсэн. Мөн сумын төв гудамжийг гэрэлтүүлж, 500 метр сайжруулсан авто зам байгуулж өглөө. Оюутан залуусыг сурч боловсроход дэмжлэг үзүүлж, одоогийн байдлаар Цогтцэций, Ханхонгор сумдын нийт 74 оюутанд сургалтын тэтгэлгийн батламж гардуулаад байна.

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Худалдааны газрын захирал Д.Далайбаяр, “Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж,   “ӨСӨХ ЗООС” ХХК-ийн ТУЗ-ийн дарга,   Ерөнхий захирал Ч.ЧИНБАТ нарын    The Mongolian Mining Journal-д өгсөн хариултыг тус сэтгүүлийн 2016 оны аравдугаар сарын дугаараас сонирхоно уу.