Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголын зэсийн экспорт хагас тэрбум доллараар багасчээ

Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт энэ оны эхний 10 сарын байдлаар 6.49 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 8.4%-иар буурсан тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Эхний арван сарын байдлаар улсын нийт экспорт 3.72 тэрбум ам.доллар, импорт 2.77 орчим тэрбум доллартай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 5.1%, импорт 12.5%-иар тус тус багассан байна. Экспорт буурахад зэс, газрын тосны үнийн бууралт голлон нөлөөлсөн бол импортын бууралтад түлш шатахуун, төмөрлөг бүтээгдэхүүний оруулж ирэх хэмжээ татарсан нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспортыг эхний арван сарын хэмжээнд авч үзвэл нүүрсний нийт гаргалт мөн хугацаанд 18.7 сая тонн хүрч, мөнгөн дүнгээр 609 сая ам.доллар боллоо. Энэ нь биет хэмжээний хувьд өмнөх оны мөн үеийнхээс 60%-иар өссөн бол нийт үнийн дүнгээр 30%-иар дээшилжээ.

Зэсийн баяжмалын тухайд оны эхний арван сард 1.32 сая тонн баяжмал экспортолж, 1.39 тэрбум долларын орлого оруулсан нь өмнөх оны мөн үетэй жишихэд жингийн хувьд 124 мянган тонноор өссөн ч, орлогын тухайд 495 сая доллараар багасчээ. Тунгаасан цэвэр зэсийн экспорт жингээр 13 мянган тонн орчим болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 2 мянган тонноор илүү байгаа ч, орлогын хувьд өмнөх оныхоос дээшлэх бус ялимгүй доошилж 58.7 сая доллар болжээ. Энэ нь дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн бууралт уг бүтээгдэхүүний экспортын үнийн дүнд хэрхэн нөлөөлж буйг тодорхой харуулж байна.

Төмрийн хүдрийн тухайд энэ оны эхний арван сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 1 сая тонноор илүү буюу 5 сая орчим тонныг экспортолж, 200 сая долларын орлого олжээ. Хэдийгээр экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч, орлогын хэмжээ өмнөх оныхтой ижил түвшинд байна.

Цайрын хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 106 мянган тоннд хүрч, 119 сая долларын орлого төвлөрүүлсэн нь жингээр өмнөх оны мөн үеийнхээс 23.2 мянган тонноор, үнийн дүнгээр 20 орчим сая доллараар нэмэгдсэн харьцангуй сайн үзүүлэлттэй байна.

Молибденийн экспорт эхний арван сард 4.4 мянган тоннд хүрч, 19.6 сая долларын орлого төвлөрүүлсэн бол жоншны хүдэр, баяжмалын экспорт 208 мянган тонн болж, үнийн дүн нь 50.4 сая доллартай тэнцлээ. Эндээс харахад молибденийн экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч үнийн дүн багагүй буурч харин жоншны нийлүүлэлтийн жин буурсан ч нэгж бүтээгдэхүүний экспортын үнэ ялимгүй өссөн дүр зурагтай байна.

Гянтболдын экспортын тухайд эхний арван сард жингээр ялимгүй буурч 1.3 мянган тонн болж, үнийн дүнгээр 9.3 сая доллартай тэнцлээ.

Алтны экспорт оны эхний арван сарын байдлаар 11 тонн болсон нь биет жингээр өмнөх оны мөн үеийнхээс 1.5 тонноор нэмэгдэж, мөнгөн дүнгээр 444.9 сая доллартай тэнцсэн нь урьд жилийнхээс 90 орчим сая доллараар орлого арвижсан гэсэн үг.

Харин боловсруулаагүй газрын тосны экспорт эхний арван сард үнийн дүнгээр 270 сая доллартай тэнцэж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 58 орчим сая доллараар буурсан ч, жингийн хувьд бараг ижил түвшинд буюу 6.6 сая баррелийг гадагш нийлүүлжээ.

 

 

Б.Төгс