Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Ли Көцян, Медведев нар Киргизэд айлчиллаа

Киргизийн Бишкек хотноос MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал мэдээлж байна

Киргизийн Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нар хуран чуулж байна. ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн 15 дахь удаагийн хурал энэ сарын 3-ны өдөр эхэллээ. Хуралд Хятад, Орос, Узбекистан, Казахстан, Киргиз, Тажикистаны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол, Беларусь, Энэтхэг, Иран, Пакистан болон Афганистан зэрэг улс ажиглагчаар оролцож байна. Энэхүү дээд хэмжээний хуралд манай улсыг төлөөлөн Киргиз дэх Монгол улсын консул С.Энхбат оролцлоо. ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн хуралд оролцохоор БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нар Бишкек хотноо айлчлан хүрэлцэн ирээд буй.

Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар хоёр улсын хамтын ажилагааны чиглэлээр 6 баримт бичиг үзэглэсэн байна. Тэдгээрээс эдийн засгийн хүрээнд Киргизийн гурван ч бүс нутгийн тариалангийн газар нутгийг нөхөн сэргээх зориулалтаар тус улсад 30 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай техник-эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын зөвшилцөл, жижиг, дунд бизнесийг дэмжих зориулалтаар Киргизийн төрийн 100%-ийн өмчит “РСК банк”-д 10 сая ам.долларын зээл олгох болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийг тус тус байгуулжээ.

Хятадын эрчим хүчний ТВЕА компани Киргизэд эрчим хүчний шугам байгуулах нийт 390 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлж өнгөрсөн 2015 оны сүүлчээр ашиглалтад оруулжээ. Тус компани Бишкек хотын ДЦС-ыг шинэчлэх 386 сая ам.долларын шинэ төсөл хэрэгжүүлэхээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалаар шийдвэрлэсэн байна.

Киргиз, Хятад улсын худалдааны эргэлт 2008 оны хямралыг хүртэл 7 тэрбум ам.долларт хүрч байсан цаг бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлт мэдэгдэхүйц буурч эхэлсэн юм. Буурах болсон нэг шалтгаан нь өндөр татвараар өөрсдийн үйлдвэрлэгчдийг хамгаалах болсон Евразийн эдийн засгийн холбоо байгуулагдсантай холбоотой аж.

Киргизэд Хятадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүд амжилттай хэрэгжих болжээ. Токмок хотод 60 сая ам.доллар, Кара-Балт хотод 300 сая ам.долларын хөрөнгө оруулалттай газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг тус тус байгуулсан аж. Хоёр үйлдвэр нийт 1.1 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай. Мөн Киргизийн уул уурхайн салбарт ч Хятадууд хөрөнгө оруулж буй. Жишээлбэл 60 тонн алтны нөөцтэй Талдынбулак ордыг өнгөрсөн онд ашиглалтад оруулжээ. Эл ордын 60%-ийг Хятадын “Цы Цинь” корпораци эзэмшдэг байна. Үлдсэн 40% нь төрийн өмчит “Кыргызалтын” компанийн мэдэлд байдаг. Мөн энэ оноос алтны Иштанмберды ордыг Хятадын “Full Gold Mining” компани ашиглаж эхэлсэн аж.

2000 оноос хоёр улс цариг, хөрөнгө оруулалтын асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй байгаа “Хятад-Киргиз-Узбекистан” чиглэлийн төмөр замын асуудлыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны энэ удаагийн айлчлалаар талууд хөндсөнгүй үлдээлээ.