Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Эрдэс боловсруулалтын технологиудын асуудлаар чуулна

Байгалийн баялаг нөөцтэй Монгол улсын хувьд эрдсийг боловсруулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхээр зорьж байгаа билээ. Энэ хүрээнд эрдэс боловсруулалтын дэвшилтэд технологи болоод үйлдвэрлэлд нэвтрүүлсэн үр ашиг, Монгол улсад нэвтрүүлэх боломж нөхцөлийн талаар чуулах “Эрдэс боловсруулалт 2016” олон улсын хурал дөрөв дэх жилдээ Улаанбаатар хотноо энэ сарын 20-21-нд зохион байгуулагдах гэж байна. Хурлыг нээж  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, МАМБХ-ын Ерөнхийлөгч С.Давааням нар үг хэлнэ.

Цэвэр зэсийн үйлдвэрийн технологийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж буй “Оутотек” компани энэ жилийн “Эрдэс боловсруулалт 2016” хуралыг дэмжин ажиллаж байгаа юм. Тус  компанийн Евро Азийг хариуцсан Ерөнхийлөгч Jukka Kurhinen болон “Оутотек Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Гансүлд нар мөн нээлтийн арга хэмжээнд уригдан оролцох аж.

Хурал нь “Оутотек” компанийн зэс хайлуулах, цэвэршүүлэх болон алт агуулсан хүдрийг боловсруулах технологиуд танилцуулах илтгэлүүдээр эхлэх юм байна. Үндсэндээ зэс, нүүрс боловсруулах, хүдэр бэлтгэх гэсэн гурван сэдвийн хүрээнд “Монгол орны Газрын ховор элементийн орд илрэлийн судлагдсан байдал”, “Баяжуулах үйлдвэрийн нүүрс авалтыг нэмэгдүүлэх судалгаа”,”Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн усны дахин ашиглалт”,  Оюутолгойн бүлэг ордын халькозин, ковеллины хүдрийн баяжуулалт” гэх зэрэг нийт  40 орчим илтгэл тавигдах аж. Хоёр өдрийн турш үргэлжлэх “Эрдэс боловсруулалт 2016” хурал ШУТИС дээр зохион байгуулагдана.