Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Орхон гол бохирдуулсан алт олборлогчдын үйл ажиллагааг зогсоов


УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, УУЯ, МХЕГ-ын хамтарсан баг өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллав. Орхон голын эхэнд “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” компаниуд лиценз эзэмшиж, тэд гэрээлэгч 16 компаниар олборлолт хийлгэж байна. Эдгээр компанийн 14 нь хууль ёсны дагуу ТЭЗҮ-ээ хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ зэрэг заавал бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүрдүүлээгүй өдий хүрчээ.

Ингээд газар дээр нь шуурхай ажиллаж, хууль зөрчиж буй дээрх компаниудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан.

Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа.

-Орхон голыг бохирдуулж байгаа компаниудад хариуцлага тооцох тухай хэлэлцүүлгийн үр дүнд ямар шийдвэрт хүрсэн бэ?


-УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, иргэд, уурхайн эзэд, ажилтан гээд бүх талын төлөөллийг оролцуулан Орхон голын бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орхон голын бохирдлыг шалтгаан болоод бусад асуудалтай газар дээр нь танилцлаа.

Үнэхээр хариуцлагагүй, хууль, дүрэм журам зөрчсөн олборлолт явагдаж байгаа нь маш тодорхой байна. Лицензтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа ТЭЗҮ-ээ батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүйгээс үүдэлтэйгээр Орхон голыг бохирдуулах хэмжээнд хүртлээ ажиллажээ. Тиймээс бид уул уурхайн компаниудыг нэгдүгээрт, хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах хүртэл лиценз ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдлээ. Хоёрдугаарт, нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийх ёстой. Нөхөн сэргээлт хийхийн тулд нөхөн сэргээлтийн барьцаа төлбөр улсын төсөвт байршуулах ёстой. Үүнийгээ бүрэн байршуулахыг шаардаж байна.

Гуравдугаарт, лиценз эзэмшигчдийг талбайдаа олон компани гэрээгээр оруулахыг хориглоно. Хамгийн ихдээ таван аж ахуйн нэгж байхаар заах хэрэгтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар нэг талбайд 14 компани зэрэг ажилласан нь замбараагүй, хариуцлагагүй нөхцөл байдал үүсгэж, гол бохирдуулахад хүргэж байна.

Дөрөвдүгээр, одоогийн байдлаар хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол Орхон голыг дахиад бохирдуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Бид ирээд, хэлэлцүүлэг хийснээр Орхон гол цэвэр, тунгалаг урьдын адил болчих юм биш. Тийм учраас уурхайн компаниуд гадаргын усыг ашигладаг байдлаа зогсоох хэрэгтэй байна.

Усыг дахин ашиглах арга технологиудыг нэвтрүүлэх, бий болгох хэрэгтэй. Мөн далан шуудуугаа зориулалтын дагуу барих шаардлагатай. Найман аймаг 53 сумаар дамжин Байгаль нуурт цутгаж байгаа Орхон голыг бохирдуулахгүй байх нь бидний үүрэг.

Хэн нэгэн хүний эрх ашгийн үүднээс ийм байдалд хүргэчихээд байгаа учраас энд үйл ажиллагаа явуулж байгаа бичиг баримтыг бүрдэл дутуу бүх уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Харин тухайн компани авах ёстой арга хэмжээ, хийх ёстой зүйлүүдээ хуулийн дагуу бүрдүүлж, хийчихээд үйл ажиллагаа үргэлжүүлэх боломжтой.

-Одоогоор ямар хариуцлага хүлээх вэ? Үйл ажиллагааг нь зогсоосноор Орхон голын бохирдол арилж, хохирол барагдахгүй.

-Уул уурхайн салбар, түүний ашиглалттай холбоотой чанга хууль нэлээд бий. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Их хурлаар батлуулсан. Одоо удахгүй Засгийн газрын хуралдаанаар төлбөрийн тухай хуулийн захирамж, шийдвэрийг гаргуулна. Нэг шоо метр хэмжээний ус бохирдуулбал ямар хэмжээний нөхөн төлбөр төлөх стандартыг олон улсын жишгээр бий болгоно. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжсэнээр хариуцлагагүй уул уурхай гэж байхаа болино.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр компанид удаа дараа лац лобмо тавьж, үйл ажиллагааг нь зогсоодог ч албаныхныг уул даваад явангуут нь үйл ажиллагаа үргэлжлүүлдэг гэж байна. Тиймээс одоо гаргаж байгаа шийдвэрт хэн хяналт тавих вэ?

-Архангай, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд өнөөдрөөс ажиллаж байгаа.   Ирэх даваа гаригаас уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газруудад пост ажиллуулж, хяналт тавина. Одоогоор ашиглалтын лиценз эзэмшигч компаниудаас хоёрынх нь бичиг баримт бүрэн, бусад нь дутуу.

 

                                                      БОАЖЯ-ны ХМА