ТУЗ

2016-09-01 13:47

Төрийн эзэмшлийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүн томилох, ингэснээр төрийн эзэмшлийн компаниудад сайн засаглалыг хэрэгжүүлж, улмаар хөрөнгө оруулалт татах, менежментийн үр ашигтай хувьчлал хийх концепци 2010 оноос эхэлсэн. Тухайн үедээ “Эрдэнэс Тавантолгой”, Хөгжлийн банк, Хөрөнгийн бирж гээд төрийн Төрийн эзэмшлийн хамгийн том компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүн томилох гээд чамгүй ажил хийгдэж байсан билээ. ТУЗ нь тухайн компанийн тархи нь байдаг болохоор төрийн оролцоог аль болох багасгах, хөндлөнгийн хараат бус гишүүдийг томилох “аян” өрнөсөн гэхэд болно. ТӨХ-ноос журам хүртэл гаргаж, төрийн эзэмшлийн компанийн ТУЗ-ийн гишүүдийн гуравны нэгийг хараат бус гишүүнээр бүрдүүлнэ гэж зааж байсан удаатай. Хамгийн “супер” буюу хараат бус ТУЗ-ийг Хөрөнгийн бирж бүрдүүлж байсан бол “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ эсрэгээрээ дан төрийн төлөөллөөс бүрдэж байв.

Тэгвэл 6 жилийн дараа нөхцөл байдал хэр өөрчлөгдсөнийг нэхэн сурвалжилсан юм. Хуучин Төрийн өмчийн хороо татан буугдсан болоод ч тэр үү зарим төрийн эзэмшлийн компанийн ТУЗ сүүлийн 2-3 жил шинэчлэгдээгүй байна. Мөн ТУЗ-өө маш чамбай бүрдүүлж, компанийн сайн засаглалыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа компани ч байна.

Хөрөнгийн бирж

2010 онд Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй С.Батболд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх томоохон бодлого хэрэгжүүлэхээ зарлаж байв. Түүнийхээ илрэл болгож, Хөрөнгийн биржийн шинэчлэл, ТУЗ-д ихээхэн анхаарал хандуулж байсан юм. Хөрөнгийн биржийн ТУЗ тухайн үедээ бусад төрийн эзэмшлийн компаниудтай харьцуулахад хамгийн мэргэжлийн, бас хараат бус гишүүд дийлэнхийг нь бүрдүүлж байв. Төрийг төлөөлж, ТӨХ-ны хоёр төлөөлөл л ТУЗ-д нь байсан, бусад 7 гишүүн нь дан хараат бус мэргэжилтнүүд байсан гэхээр Хөрөнгийн биржийг хөгжүүлэхэд Засгийн газар ихээхэн анхаарч байсныг илтгэнэ.

Харин өнөөдөр Хөрөнгийн биржийн ТУЗ бусад төрийн эзэмшлийн компаниудаас ялгарахааргүй болсон. Хөрөнгийн биржийн цахим сайтын мэдээллээс харвал ТУЗ нь 8 гишүүнтэйгээс хараат бус хоёр гишүүн байна. Д.Сарангуа, П.Баянсан нар ТУЗ-ийн хараат бус гишүүн гэх боловч ямар мэргэжил, албан тушаалтай талаар мэдээлэл алга. ТУЗ-ийн дарга нь тухайн үеийн Сангийн яамны газрын дарга, одоогийн Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Нямаа байна. Мөн СЗХ, ТӨХ-ноос гадна УУЯ, Сангийн яамны хэлтсийн дарга нар, мөн Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг гэжээ. Энэ бол Хөрөнгийн биржийн цахим сайт дээр байгаа мэдээлэл болохыг дээр дурдсан. Энэ мэдээлэл хуучирсан байхыг үгүйсгэхгүй ч хөрөнгийн зах зээлийн гол тулгуур Хөрөнгийн бирж нь өөрөө цахим сайтаа шинэчилдэггүй, компанийн засаглалын мэдээлэлдээ хайнга хандаагүй биз ээ гэж найдъя.

Хөгжлийн банк

Байгуулагдсан цагаасаа элдэв хэл амнаас салаагүй Хөгжлийн банкны ТУЗ-ийг саяхан өөрчилсөн гэх мэдээлэл бий. Гэхдээ ямар хүмүүсийг томилсон талаарх албан ёсны мэдээлэл алга. Ямар ч байсан ТУЗ-ийн даргаар Б.Даажамба томилогдсон байна. СЗХ-ны дэд дарга байсан гэдгээр нь санхүүгийн салбарынхан энэ хүнийг андахгүй. Банкны цахим сайт руу орж үзвэл ТУЗ-ийн бүрэлдэхүүнээс ганцхан дарга нь өөрчлөгдсөнийг харж болно. Бусад гишүүдийнх нь нэрс нэлээд хуучны гэмээр харагдана.

Хөгжлийн банк анх байгуулагдаж байх үед томилогдож байсан ТУЗ-ийн бүрэлдэхүүн хамгийн чамбай байсан. Арга ч үгүй биз. Анх байгуулж байхдаа Хөгжлийн банкийг Засгийн газраас хараат бус, бие даасан үйл ажиллагаатай байлгахыг ихэд хичээсэн. Бүр менежментийг нь Солонгосын Хөгжлийн банкны мэргэжилтнүүдэд даатгаж байв. Харин ТУЗ-д Сангийн яам, ЗГХЭГ, ТӨХ, Монгол банк, “Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөл байснаас гадна хараат бус гишүүдэд ХААН банкны Гүйцэтгэх захирал агсан П.Морроу, хожим тус банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч болсон Л.Болормаа, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч гээд салбартаа үнэлэгдсэн, басхүү гадаадын мэргэжилтнүүд орж байв. Үүнээс хойш тус банкны ТУЗ дан төрийн албаныхнаас бүрддэг болсон гэхэд болно. Дунд нь ганц хоёр хараат бус гишүүн байсныг эс тооцвол.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга нарыг харвал тийм ч муу сонголт байгаагүй. ТУЗ-ийн анхны дарга нь тухайн үеийн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун байсан. Макро эдийн засгийн докторын зэрэгтэй, Монголын шилдэг эдийн засагчдын нэг гэдгийг бүгд мэднэ. Түүний халааг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга асан Б.Батжаргал авч байв. Гэсэн ч мань хүн 2012 оны 6 дугаар сард хэл амтайхан албан тушаалаасаа татгалзсан байдаг. Хөгжлийн банкны мөнгийг Засгийн газар дур мэдэн өөр зүйлд ашиглах гэж байгааг эсэргүүцэн захидал бичиж, өөрийн хүсэлтээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болон Сангийн яамны газрын даргын албан тушаалаасаа татгалзаж байв. Түүний дараа Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга асан Б.Батбаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Шинэбаатар нар ТУЗ-ийн даргаар ажиллаж ирсэн. Б.Батбаяр нь саяхан тус банкны Гүйцэтгэх захирлаар томилогдоод байгаа. Банкны цахим сайтад байгаа мэдээллээр бол Монгол банк, Сангийн яамны төлөөлөөс гадна ганц хараат бус гишүүн байгаа нь “Волтам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Баттулга гэх нөхөр.

“Эрдэнэс Монгол” ХХК

2011 онд тус компанийн ТУЗ-д дан төрийн албан тушаалтнууд байсан. Сүүлд бүр яамдын ТНБД нар ёс юм шиг “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн гишүүн болдог байв. ТУЗ-ийн даргыг нь ЗГХЭГ-ын төлөөлөл хашдаг энэ тогтолцоо саяхныг хүртэл байсан.

Харин одоо “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ нэлээд өөрчлөгдсөн байна. Компанийн цахим сайтад мэдээлснээр ТУЗ-ийн гишүүдэд төрийн төлөөлөл болж Сангийн яамны хоёрхон төлөөлөл байгаа нь Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, мөн газрын хэлтсийн дарга Э.Алтанзул нар юм. Энэ хоёр бол Сангийн яаманд олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд. Дээрхээс гадна хараат бус 2 гишүүн байгаа нь бас л сонирхол татна. Уул уурхайн салбарынхан дунд MIH компанийн үүсгэн байгуулагч гэдгээрээ танил Д.Жаргалсайхан, Элчин сайд асан Л.Хангай нар ТУЗ-ийн хараат бус гишүүдээр томилогдсон байна. Д.Жаргалсайханы хувьд уул уурхайн салбарт олон жил ажиллаж байгаа, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах арвин туршлагатай нэгэн. Харин Элчин сайд асан Л.Хангай сүүлийн жилүүдэд дэд бүтцийн талаар нэлээд судалгаа хийж байгаа. “Эрдэнэс Монгол” компани гадаадын хөрөнгө оруулалт татан, дэд бүтэц, эрчим хүчний томоохон төсөл хэрэгжүүлэх сонирхолд дээрх хоёр хүн ихээхэн хэрэг болно гэж үзсэн бололтой. Үүнээс гадна Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан болон “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа аж.

Үүнээс гадна тус компани гадаадын шилдэг мэргэжилтнүүдийг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилохоор олон улсад сонгон шалгаруулалт зарлаад байгаа нь Монголдоо анхдагч нь. Ойролцоогоор 100 орчим хүн сонирхлоо илэрхийлж, материалаа ирүүлсэн гэнэ лээ. Урьд нь Сингапурын “Тесамек” компаниас мэргэжилтэн урьж, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилохоор оролдож байсан ч бүтээгүй. Энэ удаад бүтэж магад юм. Гадаадын шилдэг менежер, мэргэжилтнүүдийг ТУЗ-дөө багтаах нь компанийн хөгжил, чадавх, олон улс дахь нэр хүндэд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй биз.

“Шивээ-Овоо” ХК

“Шивээ-Овоо” хувьцаат компанийн хувьд энэ жил ТУЗ-д нь эрс шинэчлэл хийгдсэн гэхэд болно. Өмнөх жилүүдэд бусад төрийн эзэмшлийн компаниудын адил ТУЗ нь төрийн төлөөллөөр дүүрсэн, дунд нь бэлгэдлийн шахуу хараат бус 3 гишүүн байдаг байв. Тус компанийн төрийн эзэмшлийн хувийг “Эрдэнэс Монгол” эзэмшиж байгаагийн хувьд өнгөрсөн 4 дүгээр сард ТУЗ-ийг бүхэлд нь өөрчилсөн байна. ТУЗ нь 9 хүний бүрэлдэхүүнтэйгээс дарга нь “Эрдэнэс Монгол” компанийн Тэргүүн дэд захирал Б. Ариунболд бол тус компаниас дахин 3 хүнийг ТУЗ-д оруулсан байна. Төрийн төлөөлөл болж УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Б.Батхүү ганцаараа байгаа. Мөн “Шивээ-Овоо”-гийн хувьцаа эзэмшигч “Файрбөөрд” компанийг төлөөлөж “Хай Би Ойл” компанийн санхүүгийн захирал Б.Пүрэвбаатар болон хараат бус 3 гишүүнийг ТУЗ-д томилжээ. Хараат бус гишүүд дунд Маркшейдерийн холбооны тэргүүн, доктор Д.Дондов гээд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, инженер бий.

“Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ нь төрийн эзэмшлийн компаниуд дундаа шинэ жишиг тогтоож байгаа гэж хэлж болно. Гол хувьцаа эзэмшигч толгой компани нь өөрөө ТУЗ-ийг томилсон бараг анхны тохиолдол ч байж магад. Мөн хувьцаа эзэмшигч гэдгээрээ “Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөл ТУЗ-д нэлээд бий. Төрийн төлөөлөл болсон ганцхан хүн ТУЗ-д байгаа зэргээс харвал “Шивээ-Овоо” хувьцаат компани цаашид төрийн оролцооны дарамт багатай, харьцангуй бизнесийн зарчмаар ажиллах нөхцөл нь бүрдсэн гэж хэлж болох юм. Үйл ажиллагаа нь ч сүүлийн жил гаруйн хугацаанд эрс сайжирч, 2015 оны эцэст 650 сая төгрөгийн ашигтай ажилласан бол энэ оны эхний хагас жилд ашгийн хэмжээ нь нэмэгдсэн байна. Цаашид “Шивээ-Овоо” ХК бусад төрийн эзэишлийн компаниудад жишиг болж ч болох юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Анх байгуулагдаад олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийнэ хэмээн нэлээд сүр болсон ч бүтэлтэй зүйл болоогүй. Тухайн үедээ төрийн эзэмшлийн компанийн ТУЗ-д хараат бус гишүүн томилох талаар хүчтэй яригдаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК ч бусдын адил хараат бус гишүүдийг ТУЗ-дөө багтааж байв. Тус компанийн ТУЗ-д багтсан анхны хараат бус гишүүний нэг нь өдгөөгийн УИХ-ын гишүүнЖ.Батзандан. 2011 онд түүнийг иргэний нийгмийн тод төлөөлөл хэмээн ТӨХ-ноос “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д томилж байв. Мөн Маркшейдерийн холбооны тэргүүн, доктор Д.Дондов, “Морган Стэнли” банкны төлөөлөгч хараат бус гишүүнээр нь анх томилогдсон.

Харин өнөөдөр тус компанийн цахим сайт дээр байгаа мэдээллээс харвал ТУЗ-ийн гишүүдээ өөрчлөөгүй нэлээд уджээ. Эсвэл компани сайтынхаа мэдээллийг шинэчлээгүй удсан байж болох юм. Ямартаа ч сайт дээр “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ 8 гишүүнтэйгээс 3 нь хараат бус гишүүн байна. “Үндэсний үнэт цаас” ХХК-ийн захирал Д.Түмэнжаргал, “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ, “Хаан” банкны Баруун бүсийн захирал Ч.Батсайхан нар хараат бус гишүүн бол гол 4 яамны төлөөлөл ТУЗ-д нь багтдаг уламжлал хадгалагдсан байна. Гэхдээ яамдын төлөөлөл болсон хүмүүс бүгд ажлаасаа чөлөөлөгдсөн болохоор ойрын хугацаанд тус компанийн ТУЗ-ийг шинээр томилохоор яригдаж байгаа. ТУЗ-ийн даргаар нь ЗГХЭГ-ын Дэд даргын албан тушаалд томилогдсон хүнийг шууд томилох уламжлал хэвээр хадгалагдана гэхэд буруудахгүй биз.

“Эрдэнэс Тавантолгой” компани нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшилд байдаг. Одоо тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Т.Билгээ “Эрдэнэс Монгол” компанид ажиллаж байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн гишүүн байсныг эс тооцвол толгой компанийнх нь төлөөлөл ТУЗ-д нь байдаггүй юм байна. Энэ утгаараа “Эрдэнэс Тавантолгой” толгой компани “Эрдэнэс Монгол”-оос биш шууд Засгийн газрын удирдлага дор ажиллаж байгаа гэхэд болно.



С.Болд-Эрдэнэ

(Жич: Энэхүү нийтлэл нь Mongolian Mining Journal-н 8 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн бөгөөд энэхүү нийтлэл гарсанаас хойш зарим компанийн ТУЗ-д өөрчлөлт орсон болно.)

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 18 цаг 15 минутын өмнө
    Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн  АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт   хүрч чадсан талаар арванхоёрдугаар  сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах  байснаа цуцаллаа.  Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна. 
  • 2020-01-17 19:42
    Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ. 2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.
  • 2020-01-17 16:09
    2019 онд Хятад 46.33 мянган тонн газрын ховор метал экспортолсон нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3657 тонн газрын ховор метал экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 32.5%-иар буурчээ. Энэхүү бууралтыг Хятадын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, Япон, АНУ болон Европын Холбооны аж үйлдвэрлэл саарч буйтай холбон тайлбарлаж байна. АНУ-Хятадын худалдааны зөрчилтэй шууд холбоогүй гэдгийг ч тэмдэглэж байгаа юм. 
  • 2020-01-17 13:11
    2019 онд Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 6.7%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ. Үүнээс экспортын үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллартай тэнцсэн бол импортын хэмжээ 6.1 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ 2018 оныхтой харьцуулахад 8%-иар, экспортын үзүүлэлт 8.7%-иар нэмэгджээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 31.3% буюу 355.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт төдийгүй гадаад худалдаа 2014 оноос хойш ашигтай гарч эхэлснийг ҮСХ онцлов.
  • 2020-01-17 12:56
    Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Захирагч нарын зөвлөл Масацугу Асакаваг өнөөдөр тус банкны Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлж байна. Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай Асакаваг АХБ-ны Удирдах зөвлөлөөс 10 дахь Ерөнхийлөгчөөр сонгосон юм.Тэрээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан “Их 20”-ийн Сангийн сайд нар болон Төв банкны Ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан “Их 20”-ийн анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байв.