Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Гурван улсын транзит цуваа 21-ний өдөр Улаанбаатарт ирнэ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо өнгөрсөн зургаадугаар сард Монгол, Орос, Хятад улсын Төрийн тэргүүн нар “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан билээ. Энэхүү хөтөлбөр бодит үйл хэрэг болон хэрэгжиж эхэллээ. Гурван улсын тээврийн анхны цуваа энэ сарын 13-ны өдөр Алтанбулаг боомтоос тээвэрлэлтээ эхлүүлэн, БНХАУ-ын Тяньжин боомтод хүрэв.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монгол -Орос-Хятад гурван улсын зам, тээврийн удирдлагууд Тяньжиний боомтод уулзаж, зам тээврийн хамтын ажиллагаа, эдийн засагт оруулах хувь нэмэр, тулгарч буй асуудлын талаар санал солилцсон байна. Уулзалтад Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лью Шиаомин, ОХУ-ын Тээврийн яамны харьяа “РОС автотранс” УТҮГ-ын Ерөнхий захирал, Оросын талын ерөнхий зохицуулагч Двойных Алексей болон гурван улсын зам, тээврийн салбарын төлөөлөгчид оролцсоноос гадна Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн төлөөллүүд багтсан өргөн бүрэлдэхүүнийг хамарчээ.  

Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны зам”, Оросын “Евроазийн эдийн засгийн коридор” байгуулах санаачилгын хүрээнд Монгол Улс-БНХАУ-ОХУ-ын төрийн тэргүүн нарын санаачилсан “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөр батлагдсан нь гурван улсын хамтын ажиллагаа, Төрийн тэргүүнүүдийн нэгдсэн бодлогын хүрээнд шийдэгдсэн чухал ажлуудын нэг болж буйг талууд санал нэгтэй онцолсон юм.

Энэхүү олон улсын транзит тээвэрлэлтийн үйл ажиллагаа нийтдээ 2152 км урт үргэлжлэх бөгөөд Монгол-Хятад-Орос гурван улсын 11 томоохон хот, боомтыг дайран өнгөрөх нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой тээврийн замыг нээж буйгаараа онцлог юм. Ази, Европ хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр хийгдэхдээ хоёр дахин урт замыг 2-3 дахин их хугацаанд туулдаг. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол чиглэл байдгаас хамгийн дөт нь Монгол улсаар дайран өнгөрдөг бөгөөд энэ нь эдийн засгийн хамгийн хэмнэлттэй тээвэрлэлт юм.

Өнөөдрийн байдлаар Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувийг далайн тээвэр эзлэх ба 45 хоногийн хугацаанд тээвэрлэдэг нь ихээхэн хугацаа алддаг. Харин Ази, Европ хооронд төмөр замаар ачаа тээвэрлэхэд 10 хоног зарцуулагддаг бөгөөд авто замаар тээвэрлэлт хийвэл 7 өдрийн дотор бүрэн туулах боломжтой юм. Зүүн Ази-Европыг холбосон энэхүү ачаа тээврийг хөгжүүлснээр БНХАУ-аас гадна БНСУ, ОХУ, Казахстан улсад ч нийлүүлэлт хийх боломж бүрдэж байна.

Гурван улсын транзит цуваа энэ сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод ирэх юм. Гурван улсын тээврийн цувааг Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл зэрэг байгууллагаас гадна ГЕГ, МХЕГ, ЗЦГ, ХХЕГ, ИХШХЕГ-ын өргөн бүрэлдэхүүнээр угтан авахаар төлөвлөжээ.