Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Goldman Sachs: Зэсийн үнэ 4000 доллар руу буурч болзошгүй

Түүхий эдийн үнийн төлөвийн таамаг дэвшүүлдэг дэлхийн томоохон банкуудын нэг “Goldman Sachs ирэх 12 сарын хугацаанд зэсийн ханш 4000 ам.доллар/тонн болж буурч мэдэх тухай мэдээллээ. Ийнхүү буурч болзошгүй нөхцөл байдал нь ирэх саруудад зэсийн нийлүүлэлт нэмэгдэх таамагтай холбоотой ажээ. Тодруулбал ирэх гурван сарын хугацаанд тонн зэсийн үнэ 4500 ам.доллар, улмаар дараагийн зургаан сарын турш буурсаар 4200 ам.долларт хүрэх төсөөлөлтэй байна.

Он гарсаар зэсийн ханш зах зээлд нэг тонн нь 5000 ам.доллараас доош хэмжээнд тогтоод байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригийн байдлаар хаалтын ханш нь Лондоны металын бирж дээр 4810 ам.доллар /гурван сарын гэрээт үнэ/ байлаа. Гэхдээ энэ үнэ нь оны эхэн үеийнхээс ялимгүй өссөн ханш юм.

Тус банк дэлхийн зэс үйлдвэрлэлийн 60 гаруй хувийг эзэлдэг 20 томоохон компаниудын үйлдвэрлэлийн тооцоонд үндэслэн ийнхүү ханшийн бууралтын таамаглалаа дэвшүүлсэн байна. Эдгээр компани энэ оны эхний хагаст үйлдвэрлэлээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5%-иар нэмэгдүүлсэн бол ирэх улирлуудад 15%-иар дээшлүүлэх төлөвийг тус банк гаргажээ.

Зэсийн нийлүүлэлт эрчимтэй нэмэгдэж эхлэх хугацааг Goldman Sachs ирэх оны эхний улирал гэж тооцоолжээ. Үүнд Индонезийн Грасберг, Чилийн Эскондида, Замбийн Sentinel зэрэг уурхай багтана. Мөн Перу дэх Cerro Verde, Las Bambas уурхайнуудын гарц нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр байгаа юм.

 

Б.Төгс