Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

“Хүрэн шанд” уурхайд “Хитачи” фирмийн экскаватор нийлүүллээ



Сурвалжилсан Э.Оджаргал

“ЗАМайн Сервисиз” компани дэлхийд алдартай “Хитачи” фирмийн техник, тоног төхөөрөмжүүдийг  “Хүрэн шанд” уурхайд хүлээл­гэн өгөх ёслолын арга хэмжээ долоодугаар сарын 22-нд боллоо. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших нүүрсний “Хүрэн шанд” уурхай дээр зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд “ЗАМайн Сервисиз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эйжи Тоёошима,  “ЗАМайн Сервисиз” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ю.Ариунсайхан, “Өсөх зоос” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Билэгтөр, “Өсөх зоос” ХХК-ийн Уул уурхай, үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Баясгалан нар оролцон үг хэлж, тууз хайчилсан юм.





Арга хэмжээгээр “Хитачи” фирмийн ZX-450, ZX-470, EX-1200, EX-1900 загварын нийт  зургаан экскаваторыг “Хүрэн шанд” уурхайн хамт олонд ёслол төгөлдөр хүлээлгэн өглөө.

“1996 оноос хойш Японы “Марубени” корпораци Монгол улсад томоохон дүнтэй худалдааны хэлэлцээр хийж байгаагүй юм билээ. Өнөөдөр бид “Хитачи” фирмийн техникийг уурхайдаа авахаар нийт 11 тэрбум төгрөгийн худалдааны гэрээг  “ЗАМайн Сервисиз” компанитай хамтран амжилттай хэрэгжүүллээ” хэмээн “Өсөх зоос” ХХК-ийн Уул уурхай, үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Баясгалан онцлов.

“Экскаватор бол уурхайн үйл ажиллагааны анхдагч тоног төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд ашиглагдах техник гэсэн үг. Тиймээс техникийн бэлэн байдал өндөр, эвдрэл гэмтэл багатай байж бусад техник, тоног төхөөрөмж үр ашигтай ажилладаг онцлогтой” гэж уурхайн инженер, техникчид ярьж байлаа. 

“ЗАМайн Сервисиз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ЭЙжи Тоёшима:




2014 оны аравдугаар сард миний бие анх удаа “Хүрэн шанд” уурхай дээр ирж байлаа.  Тэр үеэс хойш уг төслийг хэрэгжүүлэгч компанийн удирдлагуудтай хоёр жилийн турш харилцаж, нөхөрлөж, нэг нэгэнтэйгээ компаниудынхаа талаарх мэдээллийг уйгагүй  солилцсоны үр дүнд өнөөдөр тоног төхөөрөмж нийлүүлж байна. Бидний хамтран ажиллах “Өсөх зоос” компани нь “Хитачи” фирмийн авто машин болоод тоног төхөөрөмжийн давуу талыг ойлгож,  “ЗАМайн Сервисиз” компанийн үйлчилгээ гүйцэтгэлд сэтгэл ханамжтай байна гэдэгт итгэж байгаа. Монголын нүүрсний салбарт амжилттай ажиллаж яваа “Өсөх зоос” компанийн цаашдын үйл ажиллагаанд “Хитачи” фирмийн техникууд хувь нэмрээ оруулах болсонд таатай байна.  “ЗАМайн Сервисиз” компани нь тоног төхөөрөмжөө нийлүүлээд зогсохгүй, асуудал гарахад үргэлж бэлэн байж, үйлчилгээг тогтмол үзүүлэх болно.


“Өсөх зоос” ХХК -ийн Гүйцэтгэх захирал Д.Билэгтөр:

Нүүрсний “Хүрэн шанд” төсөл нь 2014 он эхэлсэн. Тус онд нүүрсний зах зээл хүндхэн байсан хэдий ч бид өөрсдийн хөрөнгө, дотоодын оператор компаниудтай хамтран маш олон хүний хүч, хөдөлмөрөөр энэ төслийг босгож ирсэн. Өнөөдөр төсөл маань нэг алхам урагшилж байгаа нь техникийн энэхүү шинэчлэл юм. Бид техникийн шинэчлэл хийснээр зардлыг бууруулах, үйл ажиллагаагаа сайжруулах давуу талтай.  
Энэхүү арга хэмжээ нь  “ЗАМайн Сервисиз”, “Марубени” корпораци, “Өсөх зоос” компаниуд хамтран нүүрсний зах зээлийн хүнд үеийг үйлдвэрлэлийн өртгийг бууруулах зарчмаар даван туулах хамтын ажиллагаа юм. Үүнд юуны түрүүнд  “ЗАМайн Сервисиз” компанийн хүчин зүтгэл  гол үүрэг гүйцэтгэсэн болохыг онцлон хэлэхийг хүсч байна.
Өнөөдрийн бидний хүлээн авч буй “Хитачи” фирмийн техникууд цаашид илүү олон жил  манай уурхайн үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулна гэдэгт итгэж байна. Энэ хамтын ажиллагаа нь ирээдүйд шинэ технологи, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, хөрөнгө оруулалтыг хийх анхны алхам байх болтугай.

“ЗАМайн Сервисиз” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ю.Ариунсайхан:


2010 онд Монгол улсын “Таван богд” групп болон Япон улсын “Марубени” корпораци хамтран  “ЗАМайн Сервисиз” компанийг Хитачи Констракшн Машинери корпорацийн Монгол дахь албан ёсны дистрьбютерээр байгуулсан билээ. Өнөөд­рийн байдлаар хам­тар­сан компани маань 40 гаруй техникийг Монголын зах зээлд нийлүүлээд байна. “Өсөх зоос” компанийн хувьд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр нүүрсний уул уурхайн үйл ажиллагаа явуулж Монголын зах зээлд томоохон хувь нэмэр оруулж, ирээдүйд үнэтэй чухал хөрөнгө оруулалтыг хийх төлөвлөгөөтэй байгаа. Үүнд  “ЗАМайн Сервисиз” компанийн зүгээс хувь нэмрээ оруулж, хамтран ажиллаж байгаад таатай байна.
Тоног төхөөрөмжөө нийлүүлсэн учир манай компанийн Засвар үйлчилгээний хэлтсээс мэргэжилтнүүд “Хүрэн шанд” уурхай дээр байрлаж тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллана.
Ийнхүү өнөөдрөөс  “ЗАМайн Сервисиз” болон “Өсөх зоос” компаниудын хамтын ажиллагаа эхэлж байна. Бид “Хүрэн шанд” төсөл дээр өөрсдийн нөөц бололцоог 200% дайчлан ажиллахад бэлэн байх болно.


“Өсөх зоос” ХХК-ийн Уул уурхай, үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Баясгалан:


“Өсөх зоос” компанийн хувьд түүхэн тэмдэглэлт нэгэн өдөр тохиож байна. Бид дэлхийд танигдсан хүчирхэг брэнд “Хитачи” фирмийн экскаваторуудыг үйл ажиллагаандаа ашиглах боллоо. “Хүрэн шанд” уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэхээр манай инженерүүд 2015 оны аравдугаар сараас хойш ажиллахдаа өнгөрсөн дөрөвдүгээр сар хүртэл олон төслүүдийн эдийн засгийн үр ашгийг тооцож, хэлэлцсэн юм. Энэхүү судалгааны ажлын үр дүнд техникийн ашиглалтын хугацаа урт, эдийн засгийн үр ашгаараа Японы “Хитачи” фирмийн техникууд тэргүүлж манай компани сонгосон байгаа. Асар богино хугацаанд чанарын өндөр түвшинд техникуудыг угсарч бидэнд хүлээлгэн өгч буй  “ЗАМайн Сервисиз” компанид талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна.




Нүүрсний “Хүрэн шанд” төсөл

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Нарийнсухайтын нүүрсний сав газарт багтах Хүрэн шандын нүүрсний орд газарт түшиглэн хэрэгжих төсөл юм. Төслийг хэрэгжүүлэгч “Өсөх зоос” компани нь 2008 онд байгуулагдсан байна. Тус компани нь 2009-2010 онд нүүрсний эрэл, нарийвчилсан геологи хайгуулын иж бүрэн судалгааны ажлыг өөрийн хүч хөрөнгөөр гүйцэтгэж ордыг 42.8 сая тонн нүүрсний нөөцтэй болохыг тогтоожээ.
Төслийн хэрэгжилт 2014 оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд жилд 3 сая тонн нүүрс олборлон 8 жилийн хугацаанд хэрэгжих төлөвлөгөөтэй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 4,2 сая тонн нүүрс олборлож, одоогийн байдлаар 3,8 сая тонн нүүрс экспортод гаргаад байгаа аж.
Төслийг хэрэгжүүлэхээр үндэсний 9 компанийн 405 инженер техникийн албан хаагчидтай хамтран ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлэгч “Өсөх зоос” компани нь  Гурвантэс суманд 30 хүний ортой хүн эмнэлэг, Нарийнсухайтын уурхайгаас сум хүртэл 30 км хатуу хучилттай зам барихаар төлөвлөжээ.