Хийж байгаа ажил минь зөв, утгатай юм шиг санагддаг

2016-08-01 15:39


Ярилцсан С.Болд-Эрдэнэ

“Рио Тинто” компанийн Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүхтэй ярилцлаа.  Өнгөрсөн оны 7 дугаар сард уг албанд томилогдсон түүнийг “Оюутолгой”-н хэлэлцээрт идэвхтэй оролцож, Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хоорондын харилцан итгэлцлийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тэрбээр Монголыг хариуцсан захирлаас гадна Зэс, нүүрсний группын арилжааны Ерөнхий менежерийг албыг давхар хашдаг аж.

Ярилцлагаа Таны албан тушаалаас эхэлье. “Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан захирал ямар ажил хариуцдаг юм бэ?

Үндсэндээ би хоёр ажил эрхэлдэг гэж хэлж болно. Монголыг хариуцсан захирлын хувьд Монголтой холбоотой асуудлуудыг хамаардаг. Мөн “Рио Тинто”-гийн Зэс, нүүрсний группын арилжааны асуудал эрхэлсэн Ерөнхий менежерийн ажлыг давхар хийдэг. Ажил үүргийн хувьд гурван үндсэн хэсэгтэй.Эхнийх нь “Оюутолгой” төсөл, “Рио Тинто”-гийн Монголтой холбоотой үйл ажиллагааг хариуцаж, үндсэндээ групп доторх салбар хэлтэс хоорондын харилцааг зохион байгуулж, Монголд байгаа нөхцөл байдалтай уялдуулж, гүүр болон ажилладаг. Хоёрдугаарт стратегийн чанартай, урт хугацааны дэд бүтцийн зарим төслүүдийг хариуцдаг. Үүнээс эрчим хүчний хангамж, төмөр зам, хайлуулах үйлдвэртэй холбоотой асуудлуудад түлхүү оролцож ажилладаг. Гуравдугаарт, “Рио Тинто”-гийн Монголоос гаднах зарим нэг төсөлд мөн оролцоно.

Cтратегийн ач холбогдолтой төслүүд гэхээр ямар төслүүд байдаг юм бэ?

Хамгийн том төсөл нь эрчим хүчний хангамж. Үүн дээр “Оюутолгой” төсөлд оролцогч “Туркойз Хилл”, “Рио Тинто” компани, Засгийн газар болон “Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгжтэй хамтарч ажиллаж байна. Цахилгаан станцын төслийг IPP буюу бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч зарчмаар явуулж байгаа бөгөөд одоогоорхөрөнгө оруулалт татах тал дээр талууд хамтарч ажиллаж байна. Далд уурхайн бүтээн байгуулалт шийдэгдсэнээр цахилгаан станцын төсөл улам эрчимтэй явж байгаа.

Цахилгаан станцаас гадна төмөр замд гарцтай болох нь “Оюутолгой” төслийн хувьд маш чухал асуудал. Юуны түрүүнд бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд хямд өртгөөр хүргэх, цаашдаа Хятадаас гадна дэлхийн зах зээлд хүргэх нь бидний хувьд чухал ач холбогдолтой. Төмөр замын асуудал бол Монголын болон Хятадын Засгийн газар, хоёр улсын транзит тээврийн асуудал, хөрөнгө оруулагчид гээд олон талыг хамарсан том төсөл.

Бас нэг чухал төсөл бол зэс хайлуулах үйлдвэр. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Оюутолгой” компани Монголд байгаа зэс хайлуулах үйлдвэрт баяжмалаа нийлүүлэх үүрэгтэй. Тийм болохоор “Рио Тинто”-гийн хувьд зэс хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх бодлого байхгүй боловч Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу өөрсөддөө хамаарах үүргийг биелүүлэхэд анхаарч ажилллаж байна.

“Рио Тинто” мэдээлэл технологийн чиглэлээр Монголд бас ажиллаж байгаа гэсэн. Энэ ямар учиртай төсөл вэ?

“Рио Тинто” компани Монголд 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мэдээж хамгийн чухал нь “Оюутолгой”. Хоёрдугаарт хайгуулын чиглэлээр ажил хийдэг. Тухайлбал “Оюутолгой”-д дэмжлэг үзүүлэх байдлаар ордын эргэн тойронд хайгуулын ажил явуулж байгаа. Гурав дахь ньдөнгөж ноднин жилээс эхэлсэн Rio Tinto Mongolia Delivery Center гээд мэдээлэл технологийн чиглэлийн төсөл бий. Товчхондоо бол “Рио Тинто”-гийн аутсорсингийн оффис гэсэн үг. “Оюутолгой” ХХК-иас гадна дэлхийн бусад улс дахь “Рио Тинто”-гийн охин компаниуд, оффисуудад Монголоос үйлчилгээ үзүүлж байна. Жишээлбэл, “Рио Тинто”-гийн мэдээллийн баазаас нэг тайлан гаргах шаардлагатай байлаа гэхэд Монголд байгаа програмист залуучууд тайланг нь програмчилж кодлоод бэлдэж өгнө. Дэлхийн хэмжээний том корпорацид аутсорсингээр хийлгэдэг маш их ажил бий. Тэдгээрийг Сингапур, Энэтхэгзэргээс хийдэг байсан бол энэ эгнээнд монгол залуус нэгдэж байна. Ойролцоогоор 20 гаруй хүнтэй баг ажиллаад эхэлчихсэн.

Уул уурхайн бус экспорт гэсэн үг байх нь ээ?

Тийм. Оюуны экспорт хийж байна гэсэн үг. Монголтой шууд холбоогүй ч монголчуудын хийж чадах ажил үйлчилгээг тэд явуулж байна. Манайхны хийж байгаа ажил групп дотроо нэр хүндтэй, амжилттай яваа. Чадвар нь сайжрах тусам улам томорч, ажлын байр шинээр бий болгоод явна гэж найдаж байгаа. Мэдээж одоохондоо багаас эхэлж байгаа. Яваандаа өсч, томрох байх.

Таныг далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх хэлэлцээрт нэлээд идэвхтэй оролцож,  хоёр талыг ойлголцоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. “Оюутолгой” компанийн Эрчим хүчний стратегийн хэлтсийн дарга яаж яваад энэ хэлэлцээрт оролцох болов?

Миний хувьд “Оюутолгой” компанид 3 жил орчмын өмнө ажилд ороод дотоодын эрчим хүчний эх үүсвэр байгуулах төсөл дээр анх ажиллаж байсан. Яваандаа ажлын хамрах хүрээ, хариуцлага нэмэгдэж, дэд бүтцийн зарим төслүүдийг хариуцах болсон. Энэ үед “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээ үргэлжилж, далд уурхайн бүтээн байгуулалт бараг хоёр жил хүлээлгийн байдалд орсон байсан.

Өнгөрсөн жилийн эхээр хувь нийлүүлэгчид хэлэлцээнд орж байгаа багаа сэлбэе, хандлагаа өөрчилье гээд Засгийн газар ч тэр, “Рио Тинто” ч тэр шинэ баг томилохоор болсон. Хамгийн гол нь асуудлуудаа зөвөөр тодорхойлж, үл ойлголцож байгаа, хэлэлцээ хийх шаардлагатай асуудлуудаа ялгаж ангилсан. Ингэснээр харилцан ойлголцлын түвшин илүү сайжирсан болов уу гэж боддог. Би Монголд ажиллаж амьдарч байгаа монгол хүний хувьд монгол хүний сэтгэхүй, санаа зовж буй нийгмийн асуудлуудыг илүү ойр хүлээн авдаг гэдэг үүднээс хоёр талын дунд гүүр нь болж ажиллах нь миний үндсэн үүрэг байсан.

Хоёр тал асуудал дээр санал зөрж болно. Хамгийн харамсалтай зүйл бол нэг нэгнээ буруу ойлгосноос болж ажил хэрэг гацах явдал байдаг. Миний хувьд хоёр талын маргаантай асуудлыг зөвөөр тодорхойлж, бодитоор санал зөрж байгаа асуудал байна уу, эсвэл үл ойлголцол, итгэлцлийн асуудал байна уу гэдэг талаас нь хандаж, хоёр талыг ойлголцоход өөрийн хэмжээнд тус дэм болсон юм болов уу гэж бодож байна.

Долларын ханш чангарахын хэрээр далд уурхайн санхүүжилтийн 4.4 тэрбум доллар хэзээ орж ирэх вэ гэсэн хүлээлт өндөр байна. Далд уурхайн бэлтгэл ажил хэр явж байна вэ?

Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг өнгөрсөн оны 5 дугаар сард баталсан. Төлөвлөгөө ёсоор ажил явж байна. Санхүүжилтээ босголоо. ТЭЗҮ-ийн зардлыг нарийвчлах ажил дуусч байна. Ханган нийлүүлэлтийн зарим хэлэлцээрүүд хийгдэж эхэлсэн. Далд уурхайн бэлтгэл ажилд 100-гаад сая ам.доллар зарцуулаад явж байна. 150 гаруй хүнтэй баг ажиллаж байна.Бүтээн байгуулалтад шаардлагатай дэд бүтэц, барилга байгууламжийн бэлтгэл ажлууд явагдаж байгаа. Нэг ёсондоо далд уурхайн хөрөнгө оруулалт хийгдээд эхэлсэн гэж хэлж болно. Нэгэнт 2 жил зогссон байсан ажлыг ганцхан өдрийн дотор эхлүүлчихнэ гэж байхгүй. Түүнтэй адил 4.4 тэрбум доллар гэрээ байгуулагдаад шууд маргааш нь орж ирнэ гэж байхгүй. Далд уурхайн бүтээн байгуулалт 5-7 жил үргэлжилнэ. Бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу алхам алхмаар хийгээд хуваарь ёсоор явж байна. Одоогоор саад тотгор болж байгаа зүйл алга.

“Оюутолгой”-н далд уурхайд нийтдээ хэчнээн санхүүжилт шаардлагатай вэ? Энэ удаа босгосон 4.4 тэрбум долларын санхүүжилтээр ямар хэмжээний ажлыг хийж гүйцэтгэх вэ? Дахиад ямар нэг байдлаар нэмэлт санхүүжилт босгох уу? Хоёр талын маргаан бол мөнгөний хэмжээнээс болсон шүү дээ. ХОГ дээр 4 тэрбум долларын санхүүжилт хийнэ гэчихээд 6 тэрбумыг хийчихсэн, дахиж санхүүжилт босгоно гээд байна гээд л Засгийн газар “гомдоллож” эхэлсэн. Эндээс үл ойлголцол эхэлсэн. Тэгэхээр “Оюутолгой” төсөл бүрэн бүтэн болтол тийм хэмжээний санхүүжилт хийгдэнэ гэсэн төсөөлөл байна уу?

Бидний одоо хийх гэж байгаа “Оюутолгой” төслийн дараагийн үе шат гэдэг нь Хойд Хюго ордын дээд хэсгийг олборлохыг хэлж байгаа юм. Үүний санхүүжилт нь ойрын 7 жилд нийт 6.5 тэрбум ам.доллар. Үүнээс 4.4 тэрбум ам.долларыг нь сая босгосон. Үлдсэн 2 тэрбум долларыг хэрхэн босгох вэ гэдэг нь зэсийн үнэ ямар байх, “Оюутолгой” компанийн ашиг орлого хэр байхаас ихээхэн хамаарна. Зэсийн үнэ гайгүй байвал компани өөрийнхөө ашгаас санхүүжүүлж магадгүй. Үнэ улам унаад байвал дахин санхүүжилт босгож ч магад. Ямар ч байсан эхний ээлжинд шаардлагатай санхүүжилтээ хангалттай босгосон.

Ер нь аливаа бизнесийн хувь нийлүүлэгч нөхцөл байдал ашигтай байвал илүү өндөр ашгаа хүртэнэ, нөхцөл байдал хэцүү байвал төдий хэмжээгээр эрсдэлээ үүрнэ. Зардлын тооцоолол төсөөллийг тухайн үеийн мэдээлэл дээр үндэслэн гаргах боловч ямар ч бизнес хийж байгаа хүн 5 жилийн дараа яг ийм зардал гарна гэж мэдэхэд хэцүү.  Өнөөдөр байгаа мэдээлэл дээрээ үндэслэн аль болох ашигтай гэж бодож байгаа зүйл рүү хөрөнгө оруулалт хийж, ашиг эрсдэлээ тооцоолдог. Бидний хувьд ч ялгаагүй. Зардлын тооцоолол бол өнөөдрийн төсөөлөл. Энэ бол бизнесийн практик. Ямар ч байсан өнөөдрийн зэсийн үнэ сүүлийн 7 жилийн хамгийн бага түвшинд байгаа энэ үед хөрөнгө оруулагч нар “Оюутолгой” төсөлд хөрөнгө оруулалт хийж байна. Ирээдүйд ашигтай гэж тооцоолж байгаа.

“Рио Тинто” компанийн хийсэн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2012 онд 13 тэрбум доллар байсан. Үүнийгээ танасаар 2016 онд 3-хан төсөлд нийт 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Нэг нь “Оюутолгой”. Нөгөө 2 төсөл нь харьцангуй бага хөрөнгө оруулалттай. Зэсийн ирээдүй, компанийн үйл ажиллагаа, засаглал зэргийг сайн байна гэж үзэхээс гадна, мөн Монгол улсад өгч буй итгэл, найдвар гэж би хардаг.

Эцсийн дүндээ Монгол улсын Засгийн газар, “Эрдэнэс Монгол” компани, “Рио Тинто” нэг завин дээр хамт суучихлаа. “Оюутолгой” сайн явбал хоёр талын ашиг орлого сайн, хүртэх өгөөж сайн байна. Муу явбал хоёулаа адилхан алдана. “Оюутолгой” компанийн үйлдвэрлэл эхлээд дөнгөж хоёр дахь жилдээ явж байна. Гэсэн ч төсөвт хэчнээн төгрөгийн татвар төлж байна, борлуулалт нь ямар байна, хэчнээн тогтвортой ажлын байр бий болгож байна, ажилчдын чадавх хэр сайжирч байна, ханган нийлүүлэгчдийн орлого хэр нэмэгдэж байна гэх мэтчилэн харвал “Оюутолгой”-гоор овоглож байгаа 3000 гаруй залуус бахархана. Ийм том хэмжээний төсөлд зөв, буруу гэсэн маргаан байх нь зайлшгүй.

“Оюутолгой”-той холбоотой яриагаа үүгээр дуусгая. Энэ талаар яриад байвал хэдэн ч цаг ярих байх. “Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан захирлаар ямар боловсролтой, ямар туршлагатай хүн томилогдсон бэ гэдгийг манай уншигчид сонирхож байгаа байх. Таны намтар ч их бүдэг юм билээ?

Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач гэсэн үг үү? 

Тийм. Америкт 10 гаруй жил сурч, ажиллаж байгаад ирсэн гэсэн. Хэзээ Америк явсан юм бэ?

Би хотын унаган хүүхэд. Аав ээж Говь-Алтай аймгийнх. Дунд сургуулиа 1995 онд төгсөөд МУИС-ийн хуулийн ангид нэг жил сурсан. Тухайн үед юм юм л тодорхой бус, их сургуулийн материаллаг бааз ч муу байлаа. Тэрнээс ч болсон уу, сургуульдаа дасч чадаагүйгээс ч болсон уу нэгдүгээр курстээ олигтой сурч чадаагүй. Ингээд хуулийн мэргэжил надад зохихгүй юм байна гэж бодоод бизнес юм уу компьютерийн чиглэлээр сурахаар шийдсэн. Ингэхдээ англи хэл сурч, болж өгвөл Америкт боловсрол эзэмших нь зөв юм гэж шийдсэн л дээ.

Ингээд 1996 онд Сан Франциско руу хэлний сургуульд явсан. Курсээ төгсөөд коллежид орж, хоёр жил сураад тэндээсээ Бостон руу Northeastern их сургуульд шилжин суралцаж, санхүүгийн бакалаврын зэрэгтэй төгссөн. Northeastern их сургууль тухайн үед оюутнууддаа цалинтай дадлага хийх боломжийг их сайн олгодгоороо онцлог байсан юм. Оюутнуудад энэ их чухал. Сурахын хажуугаар мэргэжлээрээ ажиллана, цалин авна, туршлага хуримтлуулна. Төгсөөд CV дээрээ бичих зүйлтэй болох нь ажлын ярилцлагад их нэмэртэй байдаг. Дараа нь 2007онд Сан Францискод Беркелейн их сургуульд бизнесийн удирдлагын мастер буюу MBA хамгаалсан.

Citco гэж олон улсын том компанид цөөнгүй жил ажиллаж, тодорхой хэмжээнд удирдах албан тушаал хашиж байжээ. Яг ямар ажил хийдэг байсан юм бэ?

2001 онд сургуулиа төгсөөд эргэж Сан Францискод очоод, Голландаас гаралтай Citco компани салбараа нээхэд хоёр дахь ажилтнаар нь ажилд орж байлаа. Тэнд нийтдээ 8 жил ажилласан. Тухайн үед гэр бүлтэй болчихсон, бас ч гэж залуу хүн гээд нэлээд амбицтай, ажил дээрээ амжилт гаргачихъя гээд нэлээд шаргуу ажилладаг байлаа. Ер нь Америкт санхүүгийн салбарт ажиллах их өрсөлдөөнтэй байдаг. Наанадаж төрөлх англи хэлтэй хүмүүс, цаашлаад том том сургуульд мастер хамгаалчихсан туршлагатай мэргэжилтнүүдтэй өрсөлдөнө. Анх ажиллаж байхад 7 хоногт 80 цаг ажиллах бол наад захын асуудал. Залуу ч байж, ажилдаа ч их хорхойсдог байж. Амжилт гаргахын хэрээр албан тушаал ахиж, хариуцлага нэмэгдэхээр улам их урамшина. Энэ бүхэн эргээд үнэтэй туршлага болж надад үлдсэн.

Анх санхүүгийн шинжээч, ня-богоор ажиллаж эхэлсэн. Манай салбар хөрөнгө оруулалтын сангуудад administrator буюу мониторинг хийдэг байсан. Хөрөнгө оруулалтын сангийн мэргэжилтний хийж буй хөрөнгө оруулалт нь хөрөнгө оруулагчдадаа амласны дагуу байна уу, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг зөв зарцуулж байна уу, мөн тухайн хүний үүсгэж байгаа эрсдэл юу байна, гүйлгээ арилжаа нь зөв байна уу гэх зэрэгт хөндлөнгөөс хяналт тавина. Хөрөнгө оруулалтын сангуудын аудитыг нь сонгох, брокеруудыг нь шалгах, нягтлан бодох бүртгэлийн байгууллагыг нь ажиллуулах гэх мэт олон талаас нь ажилладаг байлаа.

Сургуулиа төгсчихөөд Монгол руугаа буцахаар гурван ч удаа оролдсон юм. Эхний удаад явахаасаа өмнө боловсролоо дээшлүүлж, мастерын зэрэг хамгаалъя гэж шийдсэн. Беркелейн их сургуулийн Бизнесийн сургуульд анкет бөглөж тэнцээд МВА-аа хамгаалсан. Манай Бизнесийн сургууль дэлхийд эхний байруудад ордог нэр хүндтэй, том сургууль. Ийм том сургуульд тэнцэж, номын дуу сонссондоо өөрийгөө азтайд тооцдог.

Мастераа хамгаалчихаад Монголдоо ирсэн үү?

2008 онд Монголдоо ирж, эндэх ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Тухайн үед хөрөнгө оруулалтын сан байгуулах гэж нэлээд судалгаа хийж, хөөцөлдсөн юм. Улмаар Mongolia Opportunities Fund гэж сан байгуулагдаж, тэр маань одоо амжилттай ажиллаж байгаа.  Анх бид хувийн хөрөнгө оруулагчдыг татах зорилготой байсан ч ихэнх хөрөнгөө олон улсын санхүүгийн байгууллагуудаас босгож байсан. Хямралтай үе байсан болохоор зарим зүйл санаснаар болоогүй л дээ.

Тэгвэл “Ньюком”-д хэзээнээс орсон юм бэ? Таныг АНУ-аас ирээд шууд л “Ньюком”-д орсон гэж ойлгосон?

Сангийнхаа ажлыг жил хэртэй хийсэн, сангаа байгуулж, суурийг нь тавилцсан юм. Энэ үед танил залуучуудтайгаа нийлээд “Ньюком” группын менежментийн багт орох боломж гарч, улмаар “Ньюком”-ын үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, иргэний агаарын тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг хариуцан ажиллаж эхэлсэн. Америкт байхдаа л “Ньюком”-ын хувь нийлүүлэгч ах нарыг таньдаг, хааяа уулзаж, санаа оноогоо ярилцдаг байсан. Нөгөө талаас урьд өмнө таньдаг, хүндэлж явдаг залуустайгаа гар нийлж ажиллах боломжийг алдаж болохгүй санагдсан юм. Шинэ менежментийн баг үнэхээр эрч хүчээр дүүрэн ажиллаж, их юм бүтээж чадсан гэж боддог.

Дараа нь “Изинис” компанийг 2 жил удирдсан. Энд юу сурч мэдэв, одоогийн ажилд чинь хэрэг болох туршлага хуримтлуулсан уу?

“Изинис”-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад хөрөнгө оруулагчдын хүсэлтээр Гүйцэтгэх захирлаар нь томилогдсон. “Изинис”-ийн залуус үнэхээр гар нийлсэн мундаг баг байсан шүү. Ямар ч ажлыг хийе, бүтээе гэсэн сэтгэлээр нэгдэж чаддаг, хийж чаддаг тийм залуустай ажиллах үнэхээр урамтай сайхан байсан.
Намайг ажлаа хүлээлгэж өгснөөс хойш 18 сарын дараа хувь нийлүүлэгчдийн зүгээс компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байсан. Энэ нь зах зээлийн нөхцөл байдалд тохирсон зөв шийдвэр байсан юм болов уу гэж боддог.

2008-2009 он бол гадаадад сурч ажиллаж байсан олон залуус Монголоо зорьсон том давлагааны үе. Улс орны нөхцөл байдал ч ирээдүйтэй, өөдрөг харагдаж байлаа. Харин өнөөдөр нөхцөл байдал хүнд байна. Тухайн үед ирж байсан залуусын зарим нь буцаад гадаад руу гарч байх шиг. Танд буцаад Америк явъя гэсэн бодол төрж байсан уу?

Монголдоо ирсэнээс хойш буцъя гэсэн бодол нэг ч удаа төрж байсангүй. Би харьцангуй өөдрөг үзэлтэй хүн. Хэдий улс орны нөхцөл байдал хүнд хэцүү байгаа ч хүнд үеийг давж гарна гэдэгт итгэдэг. Америкт ажлаа сайн хийвэл сайн цалин аваад сайхан амьдраад явна. Харин тэгж их ажиллахын цаад зорилго нь юу юм бэ гэж бодохоор хариулт олддоггүй. Мэдээж гэр бүлээ авч яваа гэдэг утгаараа зорилготой л байгаа. Гэхдээ хүнийг дуудсан, сэтгэл зүрхийг эзэмдсэн нэг нууцхан зүйл байгаад байдаг даа. Ялангуяа гадаадад олон жил сурч, ажилласан хүмүүст ийм мэдрэмж илүү их төрдөг болов уу. Тэр нь эх орондоо ажиллах, өнөөдрийн энэ их бүтээн байгуулалтад оролцож, улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах тэр оргилуун хүсэл мөрөөдөл байх. Би эх орондоо ирсэндээ харамсдаггүй. Хийж байгаа ажил минь зөв, утгатай юм шиг санагддаг. Тэгээд ч хөгжилтэй улсад сурч, боловсорч, ажлын туршлага хуримтлуулсан бид энэ хүнд үеийг даван туулахад гар бие оролцож, бүтээн байгуулалтыг нь гардаж, ачааны хүндийг нь үүрэх ёстой гэж боддог.

Улс орны нөхцөл байдал сайнгүй байна. Гэхдээ том зургаар харвал бид 1990 оноос хойш богинохон хугацаанд маш их зүйл үзэж, сурч авсан. Бид өнөөдөр санхүүгийн хямрал гэж юу болох, хэт өөдрөг үзэл юунд хүргэдгийг, уул уурхайн цикл гэж юу байдгийг ойлгож мэдэж авлаа. Сайн цагт бүгд хэт өөдрөг үзэлд хөтлөгдөж, бүх юм дардан замаар яваад байх юм шиг санаж байсан бол муу цагт бүгд хямарч, ирээдүйгээ харанхуйгаар хардаг юм байна. Би хувьдаа улс орны нөхцөл байдал гайгүй болчихлоо гэж ярих тэр цаг ойрын хугацаанд ирнэ гэдэгт итгэдэг. Ирээдүйгээ зөвхөн өнөөдрийн байгаагаар харах нь учир дутагдалтай. Гол нь бид сургамж, туршлагатай үлдэж байна. Урьд нь онолын хувьд санхүүгийн хямрал, түүхий эдийн үнийн уналтыг мэддэг байсан ч биеэрээ туулж үзээгүй байж. Одоо бол бид туршлагатай ард түмэн болсон. Оргил үедээ хэт хөөрөхгүй, хэцүү үедээ буруу үйлдэл хийлгүй балансаа бариад явж чадвал цагийн урсгалыг бид ажрахгүй даван туулах тэнхээтэй болж чадна.

Таныг тулааны спортоор хичээллэдэг гэж сонссон. Ямар спортоор хичээллэдэг юм бэ?

Багаасаа л янз бүрийн спортоор хичээллэж байсан. Нэг хэсэг уулын спортоор хичээллэсэн. Тав зургаан жилийн өмнөөс Жиү жицү гэдэг спортыг сонирхож, хичээллэж байна. Жиү жицүг жүдогийн өвөг гэдэг. Дэлхий нийтээр эрчимтэй хөгжиж байгаа, яваандаа олимпийн наадамд орох спорт гэж ярьдаг. Өөрөө хичээллэхээс гадна жиү жицүг Монголд хөгжүүлэх тал дээр дэмжиж ажиллаж байгаа. Тэсвэр хатуужил шаардсан гоё спорт. Сүүлийн үед хичээллэж байгаа хүмүүсийн тоо нэлээд нэмэгдсэн. “Гаруда” гээд жиү жицүгээр дагнасан клубт хичээллэж байгаа.

Ямар нэг амжилт үзүүлж байсан уу? Зэрэг цолтой юу?

Зэрэг, цол байхгүй ээ. Зүгээр л сонирхогч. Хааяа л нэг тэмцээнд оролцдог.

Тэгвэл хамгийн амжилттай оролцсон тэмцээн юу байв?

Хамгийн амжилттай гэхээс илүүтэй хамгийн сонирхолтой тэмцээн гэвэл 2014 оны УАШТ. Жингийн хувьд нээлттэй байсан болохоор мундаг мундаг бөхчүүд оролцсон юм. Үндэсний бөх, жүдогоор олон жил барилдсан, том биетэй хүмүүстэй над шиг жижигхэн биетэй сонирхогч барилдсан гэхээр сонирхолтой л доо. Мундаг бөхчүүдтэй барилдаж, ялагдсан ч бас хоосонгүй хүрэл медаль хүртэж байсан. Миний хувьд амжилт гаргаад медаль авах нь чухал биш, дуртай юмаа хийгээд явах нь гоё байдаг.

Хаданд авиралт буюу уулын спортоор 18 наснаасаа эхлээд саяхныг хүртэл хичээллэсэн. Хаданд авиралтын спорт эрсдэл өндөр, нэг алдаа гаргавал амь насаа алдаж мэдэх тул эхнэрийн өгсөн даалгаврын дагуу эрсдэлээ бууруулж, хаданд авиралтаа жиү жицүгээр сольсон гэх үү дээ.

Хаданд авиралтаар 1300 метрийн өндөртэй ЭлКапитан гээд хадан ууланд авирч байлаа. Бас сонирхуулахад бидний сайн мэддэг Тэрэлжийн Мэлхий хаданд авирч байсан. Мэлхий хадны ар дагзаар нь гардаг зам байдаг юм. Орой дээр нь гарвал жижигхэн төмөр хайрцаг бий. Анх германчууд 1996 онд авирахдаа нэрээ бичээд дэвтэр үзэг үлдээсэн байдаг юм билээ. Би 1999 онд авирахдаа бас нэрээ бичээд орхичихсон. 2006 онд дахиж авирахад нөгөө дэвтэр, үзэг нь байж л байна лээ. Орой дээрээ том том усан бассейн маягийн тогтоцтой их гоё шүү.

Ярилцсанд баярлалаа.

/Энэхүү ярилцлага нь Mongolian Mining Journal-ын 2016 оны 2 дугаар сарын дугаар буюу 002/087/ дугаарт нийтлэгдсэн болно. /

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2 цаг 53 минутын өмнө
    “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг батлах үед иргэдийн төлөөлөх чадварын үнэлгээг гаргаж,  387 иргэнийг сонгон шалгаруулж эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулахаар болсон билээ. Ингэхдээ Цагаан тоосны голомтод бүс буюу Эрдэнэт хотын Говил баг, вокзал орчмын өрхүүдээс сонгоно. 2019 онд төсвийн хүрээнд тус шинжилгээнд 101 иргэнийг нэмэлтээр хамруулах боломжтой гэж үзэн, нийт 488 болгож нэмэгдүүлсэн байна.        
  • Өчигдөр 10 цаг 16 минутад
    “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс  есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын  370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.   
  • Уржигдар 15 цаг 46 минутад
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • Уржигдар 10 цаг 58 минутад
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.