Ж.Энхсайхан: Манай улс эн тэргүүнд цөмийн судалгааны реактортой болох хэрэгтэй

2016-07-08 16:10


“Цөмийн” гэх тодотголтой баримт бичгүүдийг УИХ-аар батлуулах тухай асуудал багагүй шуугиан тарьж буй энэ үед Олон улсын чанартай конвенциудын талаар Монгол улсаас Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн /ОУАЭА/ дэргэд сууж байсан Монгол улсын суурин төлөөлөгч Ж.Энхсайхантай ярилцлаа.  


Монгол улсын цөмийн зэвсэггүй байр суурийн асуудал ямар учир шалтгаанаар яригдах болсон талаар яриагаа эхэлье?
2007 онд Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр ОУАЭА-т айлчилсан юм. Уг айлчлалаар Монгол улсын зүгээс ОУАЭА-тай хамтын ажиллагаа хөгжүүлэх, туслах хүсэлт тавьсан байдаг. Тухайн үед манай улс цөмийн энергийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлсон баримт бичгийг боловсруулаад байсан бөгөөд тэрхүү үзэл санааны дагуу хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлж байлаа.

Тухайн үед ОУАЭА-ийн Ерөнхий захирал Эл Барадей, ОУАЭА-ийн шугамаар байгуулагдсан хэд хэдэн конвенци байдаг бөгөөд тэдгээрийн 4-5 конвенцид Монгол улс заавал  нэгдэх хэрэгтэй. Чингэх нь Монгол улсад ашигтай гэсэн зөвлөгөөг өгч байв. Заавал нэгдэх хэрэгтэй гэсэн тэрхүү 4-5 конвенцид УИХ-аар батлах гээд буй Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1996 оны конвенци, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенци, Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци орж байгаа юм. Эдгээр нь урантай ямар ч холбоогүй.

Би 2008 онд ОУАЭА-ийн дэргэд суух суурин төлөөлөгчөөр томилогдсон даруйдаа конвенцид нэгдэн орох асуудлыг Засгийн газарт тавьж байсан. Бэлтгэл ажил болгон конвенциудын баримт бичгийг орчуулуулахаар Гадаад харилцааны яаманд өгсөн. Гэтэл мэргэжлийн хүмүүс орчуулах ёстой гээд Цөмийн энергийн комисс авснаас хойш энэ асуудал таг болсон юм. Харин сүүлийн 2-3 жилд дахин сөхөгдөн гарч ирж байгаа нь энэ.

Та тэдгээр конвенциудын агуулга, зорилгыг тайлбарлаж өгөхгүй юу?
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт протокол.  Конвенци нь 1987 онд хүчин төгөлдөр болсон. Орос 1987 онд, Хятад 1989 онд, Казахстан 2005 онд тус тус элсэн орсон байдаг. Энэ конвенцид цөмийн материалыг нэг улсаас нөгөө улс руу тээвэрлэх аюулгүй байдлыг хангах нөхцөл, арга замыг тодорхой заасан байгаа юм. Гэхдээ энэ конвенцид цөмийн материалтай цөөн хэдэн улс нэгдэн ороод, бусад нь нэгдээгүй байсан. Гэтэл гишүүн орнууд заавал тээвэр биш цөмийн материалын аюулгүй байдлыг биечлэн хамгаалах тухай байвал илүү чухал гэж үзээд 2005 онд нэмэлт протокол гаргасан юм. Нэмэлт протоколын дагуу зөвхөн тээвэрлэх биш Орос, Хятадад байгаа цөмийн байгууламжуудын аюулгүй байдлын байх ёстой стандартыг заасан. Энэ нь манай улсад илүү чухал юм. 1980 оны конвенцид Монгол улс нэгдсэн ч манайд ямар ч хамааралгүй байсан. Учир нь Монгол улсын газар нутгаар тээвэрлэх цөмийн материал гэж бараг байгаагүй. Одоо бол энэ конвенцид нэгдсэнээр Орос, Хятад, Казахстаны нутаг дэвсгэр дээрх байгууламжуудын байршил, аюулгүй ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл олж авах бололцоотой болно. Яаж сайн судалгаа явууллаа ч Орос, Хятад улсаас өөрсдөөс нь илүү мэдээлэл олно гэж байхгүй. 

Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол. Энэ протокол манай хөрш орнуудад хамаардаггүй. Бага хэмжээний, өөрөөр хэлбэл 10 тонн уран буюу түүнээс доош хэмжээний урантай бол тэр улсад ОУАЭА-аас очиж шалгалт хийгээд байдаггүй. Гэхдээ улс орнууд  тодорхой мэдээллийг тогтмол илгээдэг.

Уг протоколд Монгол улс нэгдэн орсон байсан ч 2005 оны шинэчилсэн протоколд ороогүй байгаа юм. Энэ нь Монголд ямар ашигтай гэхээр манай улсын цөмийн цацрагийн материал хаана хадгалагдаж байгаа, зөв хадгалагдсан эсэх талаар эзэн орны хувьд бид  өөрсдөө сайн мэдэж байх боломжтой. Мөн ОУАЭА-ийн мэргэжилтнүүд манайд ирж, аюулгүй байдлын үүднээс материалыг байх ёстой газар, хэрхэн хадгалах талаар зааварчилгаа зөвлөмж өгнө. ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр өөрийн улсдаа байгаа цацрагийн материалын бүртгэл, хадгалалт, хамгаалалтын талаар судалгаа гаргуулж нэгдсэн нэг мэдээлэлтэй болох юм.

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци. 2001 онд хүчин төгөлдөр болсон энэхүү конвенцид Орос, Хятад улс 2006 онд, Казахстан улс 2010 онд нэгдсэн байдаг. Конвенци нь энхийн зорилгоор ашиглаж байгаа, цэргийн зорилгоор ашиглаж байсан цөмийн материалыг энхийн зорилгоор ашиглахад шилжүүлсэн, мөн цацраг идэвхт бодисыг шингэн буюу хийн хэлбэрээр байгаль орчинд тархаан түгээх нөхцөлийг олон улсын хэмжээнд зохицуулах зорилготой. Конвенцид нэгдэн орж байгаа улсууд цөмийн ашигласан түлш буюу шаар хаягдлыг нутагтаа байрлуулахыг зөвшөөрч байгаа хэрэг огт биш юм.        

Цөмийн аюулгүй байдлын тухай конвенци. Энэхүү конвенци нь цөмийн зэвсэгтэй огт холбоогүй. Харин цөмийн байгууламжийн аюулгүй байдлын тухай юм. Чернобыль, Фүкүшима шиг осол аваараас сэргийлэх, буруу үйл ажиллагаанаас болж хүмүүс хордох, цөмийн байгууламжтай холбоотой янз бүрийн  аюулгүй ажиллагааг хангахад дөхөм үзүүлэх зорилготой. Тус конвенцид Орос, Хятад, Казахстан улс нэгдэн орсон. Монгол улс ороогүй байгаа.

Цөмийн хөтөлбөр, АЦС болоод цөмийн реактор ч байхгүй Монгол улс заавал нэгдэн орох ёстой учир шалтгаан нь юу вэ?
Монгол улс өөрийн эрх ашгийг бодож, эдгээр конвенцид нэгдэж орох ёстой. Цөмийн гадаад аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чухал алхам болно. Юуны түрүүнд Орос, Хятадын нутаг дэвсгэр дээр цөмийн ямар байгууламжууд байдаг, хэр зэрэг аюулгүйн баталгаатай болох, хэнтэй хамтарч ажилладаг талаараа монголчууд бид бодитой мэдээлэл авах боломжтой болох юм. Эдгээр конвенцийг энгийн хүн уншаад ойлгохгүй байж болох талтай. Гэтэл конвенцид нэгдэж орсон гишүүн орнууд гурван жил тутамд илтгэл гаргаж бусдад мэдээлдэг. Илтгэлд тухайн улс орнууд цөмийн салбарынхаа бүхий л үйл ажиллагааны талаар тайлагнадаг. Гишүүн орнуудад зориулсан илтгэл учир нарийн мэргэжлийн, бодит үндэслэлтэй мэдээлэл өгдөг. Конвенцид нэгдэн орсноор Орос, Хятад, Казахстан улс дуртай дургүй бүх гишүүн орнуудад мэдээллээ өгч явуулна гэж ойлгож болно. 

Хоёрдугаарт, гишүүн орныхоо хувьд Монгол улс асуулга тавих эрхтэй болно. Хэдий Орос, Хятадад хандаж асуулга тавих боловч тэр асуулгын хувийг бүх гишүүн орнууддаа хүргүүлэх юм. Тэгэхээр магадгүй бидэнд тааруулсан ерөнхий мэдээлэл өгч чадахгүй. Өөрөөр хэлбэл, манай асуулгад хариулах зүйлүүд нь нэлээд үндэслэлтэй бодит байж таарна.

Эдгээр конвенцид зиндаа нэгтний механизм тусгагдсан байдаг. Цөмийн үйлдвэртэй, үйлдвэргүй орнууд ялгаагүй бүгд нэг зиндаанд байна гэсэн үг. Монгол улс, АНУ ч ялгаагүй асуулга тавихад Орос, Хятад хариулах ёстой механизм юм. Ийм механизм манайх шиг жижиг улсад тун ч хэрэгтэй. Цаашид Орос, Хятадын цөмийн хөтөлбөрүүдийн алдаа, оноо болоод манай улсын хил орчим юу хийж байгааг мэдэхэд эдгээр конвенциуд ихээхэн чухал. Манай улсын хил орчим 30 гаруй цөмийн байгууламж байдаг.

Тэнд осол аваар гарахад мэдэгдэх үү, үгүй юу? Олон улсын конвенциэр бол тэр байгууламжийн  эзэн улс осол, гэмтлийг урьдчилан мэдэгдэх ёстой. Өнөөдөр дэлхийд цөмийн байгууламжтай улсын тоо 150 болсон. Цөмийн байгууламж гэдэг нь дан ганц атомын цахилгаан станц биш.

Эрдэмтэн судлаачдын диссертациас илүү хамгийн бодитой мэдээлэл авах эх сурвалж нь энэ. Үүгээрээ манай улсад ашигтай. Манай улсад Швед, Швейцариас илүүтэй юуны түрүүнд Орос, Хятад, бас Казахстаны мэдээлэл хэрэгтэй. 

Монгол улс тун удахгүй ураны олборлолт явуулахаар бэлтгэж буй энэ үед цөмийн салбартай холбоотой баримт бичгийг УИХ-аар батлах гэж буй нь “Хаягдлаа аюулгүй булах талаар үүрэг хүлээх бичиг баримтыг соёрхох гээд байна уу” гэсэн олон нийтийн хардлагыг улам хүчтэй болгоод байгаа?

Монгол улсын цөмийн зэвсгээс ангид байх тухай УИХ-ын тогтоол 2000 онд батлагдсанаас хойш 15 жил болж байсан тул хэрэгжилтийг гаргах хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж байсан юм. Нэгэнт асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа болохоор тогтоол гаргаж, тогтоолдоо тодорхой заалтуудыг нэмж оруулах асуудлыг гаргаж тавьсан нь энэ. 2015 оны 6 дугаар сарын 19-нд Засгийн газраас “Монгол улс цөмийн зэвсгийн статусаас ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” тогтоол гаргасан. Уг тогтоол хэдэн гол заалттай. Нэгдүгээрт, манай улсын цөмийн зэвсгээс ангид статусыг бусдад ойлгуулах, таниулах, сурталчлах юм. Хоёрдугаарт, Зүүн хойд Азид аюулгүй байдлын яриа хэлэлцээ явуулах Монгол улсын санаачилгыг дэмжиж ажиллах тухай. Гуравдугаарт, 4 конвенцид цаг алдалгүй нэгдэн орж, цөмийн зэвсэгтэй, байгууламжтай хөрш орнууд Орос, Хятадын талаар мэдээлэл авахад анхаарах. Дөрөвүгээрт, манай улсын нутаг дэвсгэр дээр чичирхийллийн хэд хэдэн олон улсын станцууд байдаг. Цөмийн туршилт хийхэд шууд мэдээлэл хүргэдэг станц гэсэн үг. Эдгээр станцад анхаарал тавих хэрэгтэй гэсэн заалтыг тусгасан.

Ер нь цөмийн аюулгүй байдалтай холбогдолтой асуудлаар шийдвэр гаргах гол байгууллага  УИХ, Засгийн газраас Аюулгүй Байдлын Зөвлөлд байнга мэдээлж байх асуудлыг тогтоолд мөн оруулсан. УИХ-ын гишүүдээс эхлээд бүгдээрээ нэгдсэн ойлголт, мэдлэг, мэдээлэлтэй болъё гэсэн үүднээс Засгийн газарт үүрэг өгсөн заалт юм. Мөн цөмийн аюулгүй байдалтай холбоотой зарчмын асуудлуудыг заавал Аюулгүй Байдлын Зөвлөлөөр оруулж байх асуудлыг тавьж байгаа.   

Цацраг идэвхит хаягдлыг түүхий эд нийлүүлсэн улсын газар нутагт булшлах ёстой заалт байдаг тухай яриа их гарсан?
Ийм заалт огт байдаггүй. Монгол улсын нэгдэх гэж буй багц конвенци, протоколын баримт бичигт ч ийм заалт байхгүй.
Хог хаягдал булшлах тухайд шар нунтгаа баяжуулаад АЦС-д ашиглаж болох түлш үйлдвэрлэсний дараа түүхий эд нийлүүлсэн болоод худалдаж авсан хоёр тал ярилцаад хаягдлыг хэрхэх талаар тохиролцдог журамтай.

Ураны гаралтай шар нунтаг бол цөмийн материал биш, ураны исэл буюу анхан шатны түүхий эд юм. Шар нунтгаас ураны диоксид, дараа нь гексафторын ураны нэгдэл гаргаж авдаг бөгөөд түүнийг түлшний циклд “хувиргалт” гэж нэрлэдэг. Зөвхөн тэгсний дараа энэхүү түүхий эдийг баяжуулж эхэлдэг. Ингэхдээ диффузийн болон центрифугийн ялгалтын аргаар баяжуулж керамик таблетуудыг хийж реакторын түлшний саваанд угсардаг. Манай улсын хувьд ийм түлш хийх боломж, бололцоо, тийм төлөвлөгөө ч одоогоор байхгүй.

Монгол улс хэзээ нэгэн цагт шар нунтаг гаргадаг боллоо гэхэд тэрхүү нунтгаар цөмийн түлш хийсэн улс нь түлш нийлүүлсэн улстайгаа үнэ хөлсөө тохирч, цөмийн шаараа эргүүлэн авах тухай яригдахаас биш шар нунтаг гаргасан манай улстай ярих үндэс байхгүй. Тиймээс өөр улсад үйлдвэрлэсэн цөмийн түлшний шаар хаягдлыг манай улсад өгөх, нөгөө талаас манай улс түүнийг нь авах олон улсын эрх зүйн ямар ч үндэсгүй юм.

Та “Монголын цөмийн ирээдүй” номдоо хөрш орнууд болох Орос, Хятадын цөмийн хог шаарыг булшлах асуудлыг хөндсөн байсан?
Манай хоёр хөрш орны АЦС-ууд цөмийн ашигласан түлшийг их хэмжээгээр гаргаж байгаа нь тодорхой. Тиймээс аль аль нь цөмийн шаар хаягдлыг геологийн тохиромжтой газрын гүнд булахаар газар хайж буй. Оросын эрдэмтдийн үзэж байгаагаар нэг тохиромжтой газар нь Красноярскийн хавь. Зарим нь Ангарск, Краснокаменскийг ч дурддаг. Хятад улс цөмийн ашигласан түлшээ одоогоор 25 газар түр байрлуулж байгаа бөгөөд манайтай хил залгаа Гансу мужид цөмийн хог хаягдлыг булшлах байгууламж байгуулж байгаа гэсэн мэдээ ч байдаг. 

Хятад нь Бэйшань мужид 2020 он гэхэд газар доорх лаборатори байгуулахаар төлөвлөөд байгаа. Тус лаборатори нь цөмийн хог шаарыг булшлахад химийн ямарваа нэгэн урвал явагдах эсэх, физикийн хувьд муудах эсэх зэрэг янз бүрийн судалгааг хийгээд, 2050 оноос цөмийн аюултай хаягдлаа булшилж эхэлнэ.       
      
Оросуудын тухайд мөн л цөмийн хог хаягдлыг булшлах судалгаа хийгдэж байна. 2016 оноос Нижнекамскид судалгааны тусгай лаборатори байгуулж, бодисын тогтвортой байдал, өөрчлөлтийг судлаад боломжтой гэж үзвэл тэндээ нэн аюултай цөмийн хаягдлыг 2025 оноос булшлахаар төлөвлөж байгаа.     

Орос, Хятадын зүгээс манай улсын газар нутагт цөмийн хаягдал булшлах тухайд судалсан, сонирхсон асуудал гарч байсан уу?
Албан ёсоор тийм асуудал тавьж байгаагүй. Тавих ч үгүй байх. Харин албан бусаар АНУ, Япон хоёрын зүгээс манай улсад цөмийн хог хаягдал булшлах асуудал гарч байсан. Яг тэр үед Фүкүшимагийн осол болж тэр асуудал унтарсан.

Монгол улсын цөмийн энергийн салбар  дахь өнөөгийн хууль тогтоомжийг Та хэрхэн үнэлдэг вэ?
Ямар ч байсан төгс гэж хэлэхгүй. Төгс байсан бол янз бүрийн үл ойлгогдох асуудал гарч ирэхгүй байсан байх. Наад зах нь шар нунтгийг “аймшигтай аюултай” зүйл гэж ойлгохгүй байсан болов уу.

Монгол улс уран олборлох цаг нь ирсэн гэж Та үзэж байна уу?
Яг одоогийн байдлаар цөмийн судалгааны реактор ашиглах үүднээс ураныг бага хэмжээгээр олборлож, ашиглаж болж байна. Миний бодлоор юуны өмнө манай улс цөмийн судалгааны реактортой болох хэрэгтэй. Хожим АЦС байгуулан ажиллуулах зарим туршлагатай болох, цөмийн салбар дахь боловсон хүчнээ мэргэшүүлэх, анагаахын салбарт хорт хавдартай тэмцэхэд шаардлагатай өндөр үнэтэй эм бэлдмэлүүдийг дотооддоо бэлтгэх, малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд судалгааны реактор нэн шаардлагатай. Сүүлийн жилүүдэд манайд хорт хавдар нэмэгдэх хандлага ажиглагдаж буй. Тэгэхээр хорт хавдартай тэмцэх янз бүрийн изотопуудыг бэлтгэх боломжтой болох юм. Энэ нь АЦС-аасаа ч илүү ашигтай байж магад.

Харин ураныг их хэмжээгээр олборлох нь одоогоор хэрэггүй гэж үзэж байна. Би “гурван толгой” гэж ярьдаг юм. Монголчууд 55 сая толгой малтай ч өнөөг хүртэл мал аж ахуйгаа сайн ашиглаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, “хоолоо зажлахгүй залгиж байна” гэж зүйрлэж хэлье. Нөгөө хоёр “толгой” нь Оюутолгой, Тавантолгой. Энэ бүгдээ бүрэн ашиглаж чадаагүй байж янз бүрийн зүйл рүү үсчих хэрэггүй л болов уу.

Хоёдугаарт, дэлхийн зах зээл дээр ураны үнэ цаашид нэмэгдэнэ. Миний хувьд Монгол улс 2040 он хүртэл уранаа их хэмжээгээр олборлох хэрэггүй гэж бодож байна. Зах зээл дээрх үнэ өсөхийг хүлээе. Аяндаа дэлхийд цөмийн реакторууд нэмэгдэж, тэр хэрээр бүтээн байгуулалтын үнэ өртөг буурна. Эрэлт хэрэгцээгээ дагаад ураны үнэ ч өснө. Технологийн хувьд улам боловсронгуй болж, хог хаягдал гаргахгүй реактор ч бий болохыг үгүйсгэхгүй. Энэ нь онолын хувьд бүрэн боломжтой нь нотлогдсон. Оросууд ч энэ чиглэлээр нэлээд судалгаа хийж байгаа.

Гуравдугаар, манай улс цөөхөн хүн амтай, нутаг дэвсгэр томтой. АЦС барихад одоогоор эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй. Үйлдвэр хөгжсөн оронд том цахилгаан станцууд ашигладаг. Одоо жижиг улс орнууд бага, дунд оврын АЦС-ууд барьж эхэлж байна. Манай улсад тэр АЦС нь ашигтай байж мэднэ. Барьж эхэлж байгаа учир 10-15 жилийн дараа аль улсын реактор аюулгүй байдал, цөмийн хог хаягдал талаасаа ашигтай болох нь тодорхой харагдана. Сүүлийн үед түргэн реактор зохион бүтээгдэж байгаа. Тэр нь цөмийн шаар хаягдлыг их хэмжээгээр шатаах технологитой. Одоогийн реакторууд цөмийн шаарын 5%-ийг шатаадаг бол шинэ технологийн түргэн реактор нь 40-50% хүртэл шатаах чадвартай болох юм. Тэгэхээр бид юундаа яарах вэ.

Ураныг шар нунтаг хэлбэрээр экспортод гаргах нь хэр ашигтай бизнес вэ?
Хүдэр гаргаснаасаа илүү ашигтай байх. Гэхдээ одоогийн байдлаар манай улсад нэг их ашиггүй. Яарах шаардлагагүй гэж бодож байна. Байгаль орчны хувьд их бохир бизнес шүү дээ.

Бид уранаа экспортоллоо гэхэд дэлхийн ураны зах зээл дээр өрсөлдөгч орон болж чадах болов уу?
Тээврийн зардлаас нь үзэхэд л Орос, Хятадаас өөр улс манайхаас авахгүй дээ. Юу гэж л Европ тэр холоос манай улсаас шар нунтаг худалдаж авах билээ. Тэр хавьд нийлүүлэгч орнууд цөөнгүй бий. Үгүй гэхэд Казахстанаас нийлүүлчихнэ. Харин Орос, Хятад улс манайхаас авах нь аль аль талдаа ашигтай. Одоогоор манайхаас шар нунтаг худалдаж авах талаар нэг их сонирхох улс байхгүй байгаа шүү дээ.

Харин цөмийн хог хаягдлын талаар бол яриа байсан. Монгол улсад цөмийн ашигласан түлш оруулж ирж болох тухай яриа 2010-2011 онд албан бусаар яригдаж байсан юм билээ. Тэр үед Монголын ураныг ашиглан манайд цөмийн түлшний үйлдвэр байгуулах саналыг Японы “Тошиба” корпораци боловсруулсан байдаг.

Түлшний үйлдвэр барина гэхээр цөмийн шаар булшлах асуудал гарч ирнэ шүү дээ?
Тийм ээ. Тийм ч нөхцөлөөр барьж өгнө гэсэн санал тавьсан байдаг. Түлш худалдаж авах улс нь ч тодорхой байсан. Арабын Бүгд Найрамдах Эмират улсад барих АР 1000 хийцийн цөмийн реакторт зориулж WEC АР 1000 хийцийн 4 янзын түлш үйлдвэрлэх үйлдвэрийг манай улсад барьж, 2020 он гэхэд ашиглалтад оруулахыг санал болгож байсан байдаг. Яриа хэлэлцээний үед Монголд үйлдвэрлэсэн түлшийг Монгол улс эргүүлэн авах тухай хувилбар яригдаж байсан бөгөөд түүнийг Монгол улсын цөмийн санаачилга буюу “Mongolian Nuclear Initiative” гэж тухайн үед нэрлэж, бичиж байсан.

Цөмийн Энергийн газрыг татан буулгаснаар манай улс цөмийн салбартаа нэг алхам хойшоо ухарсан мэт ойлгогдох юм?     
      
Би ч бас тэгж бодож байна.

Ярилцсанд баярлалаа.






Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 6 цаг 44 минутын өмнө
    “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс  есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын  370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.   
  • Өчигдөр 15 цаг 46 минутад
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • Өчигдөр 10 цаг 58 минутад
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.