Ашигт малтмалын ордын үнэлгээний аргачлалыг Монголд нэвтрүүлнэ

2016-06-23 11:27
The Mongolian Mining Journal /2016.005 №090

Монгол Улсад ашигт малтмалын техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах аргачлалд тулгуурлан тухайн төслийн үнэ цэнийг тооцох ажлыг хийж гүйцэтгэж буй. Гэхдээ сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд ашигт малтмалын үнэлгээ (valuation) болон үндэслэл (evaluation) гэсэн хоёр ойлголтыг ялган ойлгож, тодорхойлж, тус тусад нь холбогдох арга аргачлалыг боловсруулан хэрэглэж эхэлжээ. Гэтэл монгол хэлэнд энэхүү хоёр өөр ойлголтыг “үнэлэх” гэсэн нэг үгээр орчуулах, хэрэглэх, адилтган ойлгох нь түгээмэл. Эдгээр ойлголтын талаарх тодорхойлолт, ялгаатай байдал, үндсэн хэрэглээний талаар эрдэс баялгийн эдийн засагч Т.Баасанпүрэвтэй ярилцлаа.




Ашигт малтмалын үнэлгээ болон ашигт малтмалын ордын үндэслэл хоёр нь ямар ялгаатай ойлголт вэ? Монголд төслийн эсвэл ордын үнэлгээ гэхээр адил утгатай ойлголт мэтээр ханддаг.
Ашигт малтмалын ордын (эсвэл уул уурхайн төслийн) үнэлгээ гэсэн ойлголт өмнө нь Монгол улсад олон жил яригдсан сэдэв. Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ), компаниуд, уул уурхайн төслийг санхүүжүүлдэг банк санхүүгийн байгууллагын хувьд ашигт малтмалын үнэлгээний тухай ойлголт зөвхөн техник-эдийн засгийн судалгааны хүрээнд яригддаг. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын ордын техник эдийн засгийн үндэслэл болон ашигт малтмалын төслийн үнэлгээ гэсэн хоёр ялгаатай ойлголтыг адилтган ойлгоод байдаг. Үнэлгээг зөвхөн техник, эдийн засгийн үндэслэл гэж ойлгож болохгүй бөгөөд эдгээр нь ялгаатай ойлголтууд юм. Энэ талаарх олон улсын түвшинд хэрэглэж буй тодорхойлолтыг авч үзвэл:

“Ашигт малтмалын үнэлгээ гэдэг нь үнэлгээ хийж буй цаг хугацаан дахь тухайн ашигт малтмалын төслийн үнэ цэнийг мөнгөн дүнгээр илэрхийлэн тооцох үйл явц”

(VALMIN код, 2015 он, 14 дүгээр заалт)

“Ашигт малтмалын төслийн үндэслэл гэдэг нь ихэвчлэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад ашиглах зорилгоор өргөн хүрээний асуудлыг хамаарсан тухайлбал бодит байдлын, техникийн, хууль эрх зүйн, эдийн засгийн тооцоо, тооцоолол хийхийг хэлнэ. Энэхүү тооцоо тооцоололд техник-эдийн засгийн үндэслэл, урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэл, урьдчилсан эдийн засгийн тооцоо болон тойм судалгаа зэрэг багтана.”

( Олон улсын ашигт малтмалын үнэлгээний хороо 4.7 дугаар заалт )


Иймд олон улсын нэршлээр ашигт малтмалын төслийн  үнэлгээ, үндэслэл гэсэн ялгаатай хоёр ойлголтыг хооронд нь салгаж ойлгох хэрэгцээ бий болоод байна. Үүний тулд нэр томьёо, тодорхойлолтын асуудлаас эхлэх шаардлагатай болж байгаа юм. Нэгдүгээрт, ашигт малтмалын орд (deposit), төсөл (project), хөрөнгө (asset, property) гэсэн ойлголтын талаар ярих шаардлагатай болно. Бидний хувьд эдгээрийг бас л ерөнхий утгаар нь нэг ойлголт мэтээр хэрэглэж ирсэн. Монголд ашигт малтмалын төслийн техник эдийн засгийн үндэслэл буюу evaluation дээр төвлөрч байгааг дээр хэлсэн. Иймд үнэлгээний (valuation) тухай ойлголтыг техник-эдийн засгийн үндэслэлээс ялган ойлгож, тодорхойлж, холбогдох аргачлалыг боловсруулах хэрэгтэй байгаа юм.

Бидний олон жил мөрдөж ирсэн төслийн үндэслэлийн (evaluation) тухай товчхон ярья л даа. Төслийн үндэслэл нь тухайн ордод хөрөнгө олж, санхүүжүүлэх, нэмэлт хөрөнгө оруулалт хийж цааш үргэлжлүүлэх эсвэл зогсоох шийдвэр гаргахад чиглэсэн техникийн тайлан юм. Энэ нь гурван шатны судалгааг хамардаг. Эдгээрт ерөнхий (scoping study) буюу урьдчилсан үнэлгээ, урьдчилсан техникийн судалгаа, банкны шалгуур хангасан эцсийн шатны техникийн судалгаа гэсэн гурван үе бий.

Одоогийн байдлаар техник-эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах эрхтэй тусгай зөвшөөрөл бүхий 50 гаруй компани Монголд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 10 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ талаар 2007 оноос хойш холбогдох журам заавар, стандарт гарч цэгцэрч байгаа нь сайн хэрэг.

Гэтэл ашигт малтмалын үнэлгээ (valuation) хийх талаарх асуудал Монголд одоогоор тодорхойгүй байна. Энэ талаарх хамгийн сүүлийн жишээ гэвэл Уул уурхайн яам, “Сентерра гоулд” компанийн хооронд Гацууртын алтны орд дээр төрийн өмчийн хувь хэмжээг нөөц ашигласны  тусгай төлбөрөөр орлуулах тухай асуудлаар хэлэлцээ хийж байна. Энэ тохиролцоон дээр манай Засгийн газар Гацууртын ордын техникийн судалгаанд үндэслэн хэлэлцээр хийе гэсэн бол нөгөө талаас техникийн судалгаа хоёр жилийн өмнө хийгдсэн тул одоо тус ордын үнэлгээг хөндлөнгийн олон улсын байгууллагаар хийлгээд хэлэлцэх санал тавьсан. Гэвч манай улсад ордын үнэлгээний нэгдсэн журам, аргачлал байхгүй тул талууд харилцан ойлголцолд хүрэхэд хүндрэл үүссэн. Ингээд ашигт малтмалын ордын үнэлгээ гэдэг асуудал сөхөгдөж байгаа бөгөөд үнэлгээний талаар дүрэм, журам боловсруулах асуудал чухлаар тавигдаж байна.

Гацууртын ордтой холбоотойгоор ордын үнэлгээний асуудал гарч ирсэн гэлээ. Ер нь ордын үнэлгээ өөр ямар тохиолдолд хэрэгцээтэй, ач холбогдолтой байдаг вэ?

Ерөнхий зарчмын хувьд хөрөнгийн үнэлгээтэй төстэй гэж хэлж болно. Ордыг наймаалцах болоход худалдагч, худалдан авагч хоёр тал аль аль нь үнэлгээ хийсэн байх ёстой байдаг. Тиймээс хөрөнгө оруулагчтай тохиролцоход хэрэгтэй. Ордын үнэлгээ хийгдсэн бол хөрөнгө оруулагчид ордын санхүүгийн тооцоо тодорхой болж, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэйгээ тодорхойлох боломжтой. Манай орны хувьд томоохон уул уурхайн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тухайн төсөл дэх төрийн эзэмшлийн хувь хэмжээг зохистой тогтооход ордын үнэлгээ маш чухал.

Ингэснээр хөрөнгө оруулалт татах, төрд ногдох хөрөнгө оруулалтыг улсад ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Олон улсын хөрөнгийн бирж, банк санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт, зээл авахад ч мөн зайлшгүй хэрэгцээтэй болж байна. Стратегийн ордуудаас улсын төсөвт төвлөрөх нөөц ашигласны төлбөрүүд, аж ахуйн нэгжийн орлогын татвар төлбөр хураамж, ногдол ашиг зэргийг  тооцоолоход ч  ордын үнэлгээг хэрэглэвэл маш дөхөм болно. Энэ нь мөн Монгол Улсын төсвийн орлого болон зарцуулалтыг урьдчилан оновчтой төлөвлөхөөс гадна зээлийн эргэн төлөлт, өрийн удирдлагын бодлогыг сайжруулахад ч хувь нэмэр оруулна гэж бодож байна. Түүнчлэн уул уурхайн төслийн хэрэгжилтийн үед хөрөнгө оруулагчдын дунд маргаантай байдал үүсч шүүхэд нэхэмжлэл гаргах үед ордын үнэлгээний асуудал сөхөгддөг.

Зарим тодорхой жишээ дурдъя л даа. Хөрөнгө оруулалт татахад, тухайлбал, “Занаду” компанийн Хармагтай алт, зэсийн ордын тухайд тус ордын үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний компани 15 сая ам.доллар гэж тогтоосон байна. Гэтэл уг ордод хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 29 сая ам.доллар гэж гарчээ. Уг үнэлгээн дээр тулгуурлаад өөр компанид ордынхоо 25%-ийг зарж, нэмэлт хөрөнгө олоод хайгуулын ажлаа хийхээр болж байх жишээтэй.

Өөр нэг энгийн жишээ бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээд тухайн талбай дээр хайгуул хийх хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа тохиолдолд банк, санхүүгийн байгууллагаас хөрөнгө оруулалт татах хэрэгтэй боллоо гэж бодъё. Энэ тохиолдолд тухайн талбайд оруулсан хөрөнгө оруулалт болон байгаа боломжит ашигт малтмалыг үнэлэх шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл, шинээр орж ирэх хөрөнгө оруулагч хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр тухайн төслийн тодорхой хувийг авах тохироо хийхэд төслийн үнэлгээг ашигладаг.

“Хан ресурс”-тай холбоотой бас нэг жишээ байна. “Хан ресурс” компани Дорнодын ураны төсөлд 20 сая ам.долларын хөрөнгө оруулсан ч олон улсын арбитрын шүүхэд 200 сая ам.долларын нэхэмжлэл гаргасан. “Хан ресурс” компани ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, 264 сая ам.доллар гэсэн үнэлгээ гаргуулж арбитрт нэхэмжлэл гаргасан бол нөгөө талаас Монголын Засгийн газар мөн хөндлөнгийн компаниар үнэлгээ хийлгэж 13.3 сая ам.доллар гэсэн үнэлгээг гаргасан. Арбиртын шүүх хоёр талын маргаантай асуудлыг шийдвэрлэх үүднээс дээрх үнэлгээнүүдийг үндэслэлгүй гэж үзэн дахин хөндлөнгийн олон улсын компаниар үнэлгээ гаргуулж, 80 сая ам.доллар буюу 100 сая канад доллар гэдэг үнэлгээ гаргасан. Энэ үнэлгээг үндэслэн Монголын Засгийн газарт төлбөр төлөх үүрэг хүлээлгэсэн. 



Тэгвэл ашигт малтмалын ордын үнэлгээг ямар аргачлалаар хийдэг вэ?
Ордын үнэлгээг үндсэн гурван аргачлалаар хийдэг. Эхнийх нь зах зээлд суурилсан буюу зах зээлд буй бусад ижил төстэй төслүүдтэй харьцуулах замаар үнэлгээ хийх арга юм. Мөн орлогод суурилсан буюу тухайн төслийн үйл ажиллагаагаар аль хэр хэмжээний орлого олох боломжтойг судлан үнэлгээг тогтоодог. Зардалд суурилсан буюу тухайн төсөлд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан талаас нь судалдаг хувилбар ч бий. Зардалд суурилсан аргыг голцуу хайгуулын эрт шатанд хийдэг. Гэхдээ ордын үнэлгээ харьцангуй хэлбэлзэлтэй дүнтэй гардаг. Техник-эдийн засгийн үнэлгээ шиг ганцхан хатуу тоон дүн гардаггүй. Үндсэн гурван аргачлалаар тооцон дүнгээ их бага дунд гэсэн эрэмбэтэйгээр гаргадаг нь өөрөө ялгарах давуу тал юм. Дорнодын ураны төслийн үнэлгээ өөр өөр гарч байгаа нь ямар төрлийн аргачлал хэрэглэснээс хамаарч байгаа. Тухайлбал “Хан ресурс” орлогод суурилсан хорогдуулсан мөнгөн урсгалын аргачлалыг ашиглаж, 264 сая ам.долларын үнэлгээ гаргасан бол Монголын Засгийн газар зах зээлийн үнэлгээнд суурилсан үнэлгээний аргачлал ашиглаж, 13.3 сая ам.долларын үнэлгээ гаргасан. Монголын Засгийн газрыг үнэлгээ хийхэд тус компанийн хувьцааны үнэ буурч компанийн зах зээлийн үнэлгээ буюу Market Capitalization 13.3 сая ам.доллар болоод байсан юм.  

Ордын үнэлгээг их олон зүйл дээр ашигладаг тухай та түрүүн ярилаа. Гэхдээ хамгийн чухал үндсэн зорилгыг тодруулбал?
Ордын үнэлгээний үндсэн зорилго нь хөрөнгийн бирж дээр тухайн ордыг эзэмшиж буй компани хувьцаагаа гаргаж, хөрөнгө оруулалт татах явдал юм. Хөрөнгийн биржид хувьцаа гаргахаар төлөвлөсөн компани аль улсын хөрөнгийн биржид гарахаас хамаарч, тухайн улсын үнэлгээний кодын дагуу тайлангаа бичсэн байх шаардлагатай байдаг.

Тухайлбал, уул уурхайн салбар өндөр хөгжсөн Австрали улсын хувьд ЖОРК нөөцийг тогтоогоогүй ч тус улсад мөрдөгдөж буй ашигт малтмалын ордын үнэлгээний код буюу VALMIN кодоор ордыг үнэлээд, тухайн ордыг эзэмшиж буй компани хувьцаагаа бирж дээр гаргах боломжтой.

Мэдээж та урьд өмнө Австралийн олон хайгуулын компани ордын үнэлгээ хийлгэлгүйгээр хувьцаагаа бирж дээр гарган, амжилттай хөрөнгө оруулалт босгосон шүү дээ гэж асуух байх л даа. Гэхдээ одоо шинэ тогтолцоогоор тухайн хайгуулын  шатны компаниуд маань бирж дээр хувьцаагаа гаргахад зөвхөн VALMIN кодоор ордоо үнэлүүлсэн байх шаардлагатай. Австралийн тухайд ийм. Уул уурхай өндөр хөгжсөн бусад улс орон тухайлбал, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс Samval, Канад улс Cimva lгэсэн үнэлгээний кодыг мөрдөж байгаа бол олон улсын түвшинд IMVAL гэсэн загвар стандартыг 2015 онд гаргасан. АНУ SME гэсэн үнэлгээний стандарттай. Австрали улс Valmin кодоо шинэчлэн найруулж, түүнийгээ 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөхөөр төлөвлөж байна.



Ашигт малтмалын үнэлгээ болон үндэслэл, тус тусын холбогдох код, стандартыг дараах байдлаар тоймлон харуулж болох юм.
 
Иймд уул уурхайн салбараа түшиглэн хөгжиж буй манайх шиг улс олон улсад шинэ тутам хөгжиж буй энэ зүйлээс хоцрох ёсгүй юм. Өөрийн улсад тохирсон ордын үнэлгээний аргачлал боловсруулан батлуулж хэрэгжүүлснээр манай улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд ордын үнэлгээ хийлгэн дотоодын болон гадаадын хөрөнгийн бирж дээр гарах боломж бий болох юм.

Үүнээс гадна манайд Ашигт малтмалын газар тендерийн талбай буюу дуудлага худалдааны  журмаар тодорхой талбайнуудыг борлуулж байгаа шүү дээ. Хэрэв ордын үнэлгээний аргачлалтай бол дуудлага худалдаа илүү бодитой, үр ашигтай байх боломжтой. Үүний тулд манай улсад тохирсон ордын үнэлгээний аргачлалыг батлах ажил хүлээгдэж байгааг дахин хэлье.

Ашигт малтмалын үнэлгээг зөв хийсэн эсэх, түүнчлэн энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эсэхийг ямар шалгуураар хэмжих вэ?
Манай улс 2014 онд CRIRSCO буюу Ашигт  малтмалын нөөцийг тайлагнах олон улсын стандартын хорооны гишүүнээр элсэж, ашигт малтмалын ордын нөөцийг нээлттэй тайлагнах MRC кодыг батлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Бид CRIRSCO-гийн гишүүний хувьд дээр дурдсан олон улсын ашигт малтмалын үнэлгээний загвар стандартад тулгуурлан, Монголын хөрсөнд буусан үнэлгээний код буюу Monval-ийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна. Мэдээж олон улсад нэр хүндтэй байх, хүлээн зөвшөөрөгдөх асуудал тулгарах нь гарцаагүй. Гэхдээ бид үүнээс халшрах ёсгүй юм. Монголын ордын үнэлгээний багт буюу MONVAL-д Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт буюу MPIGM, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн биржийн төлөөлөл оролцох ёстой үзэж, тооцож байна.

Түүнчлэн манай улсын ордын үнэлгээг төслийн үнэлгээчнээр хийлгэх нь ойлгомжтой. Олон улсад ч энэ ажлыг тусгай жишиг шалгуурыг хангасан төслийн үнэлгээчин хийдэг. Өөрөөр хэлбэл, тухайн мэргэжилтэн ордын үнэлгээний стандарт шалгуурын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц зэрэглэлтэй байх шаардлагатай байдаг. Иймд ордын үнэлгээний үнэн зөв эсэхэд эргэлзэх зүйлгүй.

Гэхдээ ордын үнэлгээний арга, аргачлалыг эцсийн байдлаар боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэглэх хүртэл нэлээд их ажил хийх шаардлага бий. Монгол Улсын хувьд энэ тал дээр анхааран, анхны алхам хийж буй нь сайшаалтай бөгөөд ашигт малтмалын үнэлгээний аргачлалтай болсноор гадаадын хөрөнгө оруулалт татах, ашигт малтмалыг бодитой үнэлэх зэрэг чухал ач холбогдолтой.

Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 7 цаг 25 минутын өмнө
    “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс  есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын  370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.   
  • Өчигдөр 15 цаг 46 минутад
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • Өчигдөр 10 цаг 58 минутад
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.