Баруун Цанхийн загварыг төрийн өмчит уурхайнуудад ашиглах боломжтой

2016-05-18 13:57


The Mongolian Mining Journal /2016.004 /089

“Хишиг Арвин Контракт Майнинг Сервис” компанийн Гүйцэтгэх захирал М.Тулгаттай ярилцлаа.

“Хишиг Арвин Индустриал” компани “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай дээр гэрээт олборлогчоор ажиллаж байгаа. Тавантолгой дахь танай ажил ямархуу байдалтай байна вэ?

Манай компани анх Зүүн Цанхи дээр ажиллаж байснаа тооцвол үндсэндээ 2012 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай дээр ажиллаж байна. 2013 онд Баруун Цанхийн уурхай нээгдэхэд тендерт ялан оператороор ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 1 хүртэлх жилийн гэрээтэйгээр 3 жил дараалан тендерт ялж, ажилласан. 2015 оны аравдугаар сард сүүлийн гэрээний хугацаа дуусч, түүнээс хойш Баруун Цанхи зогсолтын байдалд байна.
Одоо манайх Зүүн Цанхи дээр “TTJVCo” компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Зүүн Цанхийн хувьд Австралийн “Макмахон” компани хоёр жил гаруй “Эрдэнэс Тавантолгой”-той маргаантай байсны эцэст Монгол дахь хуулийн этгээдээ (“TTJVCo”) Хятадын компанид худалдаад явсан. “Макмахон”-ын асуудал шийдэгдсэн нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд ч тэр, аль аль талдаа ашигтай шийдэл болсон гэж ойлгож байгаа.
 
Баруун Цанхи дээр “Монгол уурхайчид” түншлэл их амжилттай ажилласан?
Тийм шүү. Нүүрсний үнэ ид өндөр, уул уурхай гэж бүгд хөөрцөглөж байх үед “Эрдэнэс Тавантолгой” Зүүн Цанхиа эхлүүлж, Австралийн “Макмахон” компанийн өндөр өртөгтэй менежментийг авсны зэрэгцээ үнэтэй техникүүд худалдаж авсан байдаг. Мөн Хятадын “Чалко” компаниас 350 сая доллар зээлж, тэр нь “Хүний хөгжлийн сан”-гаар дамжин иргэн бүрт тараагдсан зэргээр анхнаасаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа хэцүүхэн эхэлсэн.  Яг ийм хүнд үед Эрдэнэс Тавантолгой Цанхийн Баруун уурхайг ашиглалтад оруулсан. Баруун Цанхи дээр ажилласан үндэсний 3 компанийн “Монгол уурхайчид” түншлэл маань “Макмохан”, “Лэйтон” зэргээс 2-3 дахин хямд үнээр уулын ажил гүйцэтгэсэн. 1 тонн нүүрсийг олборлоод, экспортын тээврийн хэрэгсэлд ачиж дуусах хүртэлх өртөг нь 15 ам.доллар байлаа. Машинд ачсан тэр нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” 30 ам.доллараар зарж байсан. Үйл ажиллагааны шууд зардлаа нугалаад зарж байсан гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой”-н төв оффис, удирдлагын болоод бусад тогтмол зардлыг мэдэхгүй ч дан Баруун Цанхиар нь бодоход маш ашигтай ажиллаж байсан гэсэн үг. Монгол хүн бүр 1072 ширхэг хувьцааг нь эзэмшдэг энэ хариуцлагатай компани зах зээлийн хүнд үед тогтвортой үйл ажиллагаа явуулж, уурхайгаа амжилттай тэлэхээр барахгүй, 2014-2015 онд жил дараалан Монголын нүүрсний хамгийн том экспортлогч болж чадсан. Өр ширнийхээ асуудлыг ч нэлээд шийдсэн. Санхүүгийн туйлын хүнд үед нь үйл ажиллагаагаа тогтвортой хэвийн явуулах боломжийг бүрдүүлж өгч байснаараа бид бахархдаг.

2015 онд гэрээний хугацаа дууссан юм бол дахиад нэг жилийн тендер зарлагдах уу?
Гэрээний хугацаа дууссан тул хуулиараа дахиад тендер зарлах ёстой. Гэхдээ бид нэг жилийн хугацаатай тендерээс үнэхээр халширч байна. Энэ бол гутал хувцас, хоол ундны гэрээ биш. Томоохон үйлдвэрлэлийн гэрээ. Том оврын экскаватор, хүнд даацын автосамосвал, булдозер гээд энэ бүгд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж. Байшин шиг аварга юм байж байх жишээтэй. Дээрээс нь кемп, оффис, инженерийн байгууламж, бүтэц зохион байгуулалт зэрэг энэ нүсэр аж ахуйг ганцхан жилийн хугацаатай гэрээгээр, “нэг жилийн дараа юу ч болж магадгүй” гэсэн сэтгэлгээгээр зөв төлөвлөж, амжилттай авч явах нь маш хүнд. Уг нь 3-5 жил, бүр 10 жил ч юм уу хугацааны гэрээтэй бол урт хугацааны оновчтой төлөвлөлт хийгээд явчихмаар байна. Ажлын байр урт хугацаанд тогтвортой бол магадгүй зарим ажилчин маань Цогтцэций суманд амьдрах сонголт хийнэ. Бид ажилчдын орон сууц барьж болно. Тэнд амьдрах ажилчдынхаа гэр бүлд зориулан янз бүрийн үйлдвэрлэлийн ажлын байр бий болгож болно. Тавантолгойд ажиллаж байгаа компаниуд болон орон нутагтай хамтран орон нутгийн хөгжил төлөвлөлтөд хувь нэмрээ оруулаад явах бүрэн боломжтой. Гэтэл өнөөдөр тэгж чадахгүй, хоноцын байдалтай л явж байна. Нэг жилийн хугацаатай тендерийн гэрээ нь эдийн засгийн хувьд үр ашиггүй, өнөө маргаашийг аргацаасан хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа явуулахад хүргэж байгаа юм.

Өнгөрсөн жил Тавантолгойн асуудлаар “Энержи Ресурс”, “Шенхуа”, “Сумитомо” нарын стратегийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яригдаж байгаад УИХ дээр унасан. Тэр асуудал цаашид яахыг мэдэхгүй байна. Улс төрийн байдал яаж эргэх, засаг төр ямар шийдвэр гаргахыг бүү мэд. Нүүрсний зах зээл ч бас ямар байхыг таах аргагүй байна. Ямар ч байсан Тавантолгой ямар нэгэн байдлаар явдгаараа явж таарах байх.

Миний бодлоор “Эрдэнэс Таван­толгой” компани Баруун Цанхийн загвараа бариад ажиллавал их боломжийн санагддаг. “Эрдэнэс Тавантолгой” уурхайн эзэмшигч болохын хувьд ерөнхий төлөвлөгөө болон даалгавраа хувийн хэвшлийн компанид өгөөд, үнэ хөлсөө тохироод явчихна. Жишээ нь, жилдээ 7-10 сая тонн нүүрс гаргачих, 1 метр куб уулын ажлыг тэдээр тооцъё гээд явна гэсэн үг. Илүү дутуу зардал гарахгүй, хувийн хэвшлийн компани аж ахуйн үйл ажиллагааныхаа бүх эрсдэлийг өөрөө хүлээнэ. Энэ загвар “Эрдэнэс Тавантолгой”-г хүнд үед нь аварсан.

Төр бол аж ахуйтай зууралдахдаа тааруу. Техник, тоног төхөөрөмж худалдаж авах, түлш, дугуй, сэлбэг авах, хүн хүч сонгон шалгаруулах болонгуут нөгөө л шахаатай холбоотой асуудал гарах, үгүйдээ л хардлага сэрдлэг үүсдэг. Үйлдвэрлэлийн үндсэн ажлыг хувийн хэвшилд өгч, төр өөрөө хяналт мониторинг хийдэг, өгсөн даалгаврынхаа дагуу шаардлага тавьдаг байхад л болж байгаа юм.

Анх “Эрдэнэс Тавантолгой” IPO хийхээр яригдаж эхлэхэд олон улсын хөрөнгө оруулагчдын мэддэг, итгэлийг нь даадаг олон улсын компани хэрэгтэй гээд “Макмахон”-ыг оруулж ирсэн. Гэтэл танайх “Макмахон”-оос гурав дахин бага зардлаар олборлодог. Хямд өртгөөр олборлоход чанар, стандартын зөрүү гардаг уу?
Зүүн Цанхийн уурхайн олборлолт 2010 онд эхэлсэн. Бид 2013 оны хоёрдугаар сард анх Баруун Цанхийн уурхайг хөндсөн шүү дээ. Жилийн дараа гэхэд л  Баруун Цанхи Зүүнээсээ дутахгүй том уурхай болсон байсан. Уурхайд очсон гадна, дотны мэргэжилтнүүд Баруун Цанхийг Зүүн Цанхитай харьцуулж үзээд нэг дуугаар л технологийн хувьд үнэхээр сайн авч явж байна гэж өндрөөр үнэлдэг байсан.

Манайх “Катерпиллар”, “Коматцу”, “Либхерр” гээд барууны хамгийн сайн чанарын машин техник ашигладаг. Ил уурхайд дэлхий нийт ямар технологи мөрддөг вэ, яг л тийм технологи, техник хэрэгслийг ашиглаж байна. Ашиглаж байгаа 400 орчим техник тоног төхөөрөмж бүгд манай өөрийн өмч.

Аюулгүй ажиллагаа, байгаль орчны хамгаалал, уулын инженерчлэл гээд манай инженер техникийн багт үндэсний боловсон хүчин монгол залуучууд ажиллаж байна. “Бороо гоулд”, “Саусгоби сэндс” компанийн уурхайд ажиллаж, туршлага хуримтуулсан залуучууд ажиллаж, монголчууд юу хийж чаддагийг харуулсан.

Тавантолгойн ил уурхайн түвшинд монголчууд ямар ч асуудалгүй ажиллаж чадна. Ер нь монголчууд ил уурхайг ашиглаад сурчихлаа. Бусдыг хараад байх шаардлагагүй.

Гүйцэтгэл яг л барууны хэмжээнд байна гэж ойлгож болох уу?
Болно. Харин ч бид хүчин чадлаа 100% ашиглаж чадаагүй. Нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор 40-60 хувь нь л ажилласан. Бусад техник сул зогсолттой байсан. Дээрээс нь “Эрдэнэс Тавантолгой“-н санхүү хүндрэлтэй, тухай бүрт нь ажлын хөлсөө өгч чадахгүй, бид ч өөрийн ханган нийлүүлэгч нарт өртэй, байнгын л өрийн сүлжээтэй явсан. Мөнгөө төлөхгүй бол зогслоо гээд зогсчихож болох л байсан. Тэгэхгүй яаж ийгээд болгоод явуулж байсан. Энэ нь нэг талдаа “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдахад хувь нэмэр болсон болов уу. Тэр болгонд хүү, алданги тооцсон бол замбараагүй юм болно. Монголчууд болохоор бид ойлголцоод явсан.

Бас нэг зүйлийг хэлэхэд монгол хүн монгол хүнээ яаж хамгийн сайн ажиллуулахаа мэднэ. Бид чинь бас хэцүү хүмүүс шүү дээ. Сул орхивол давардаг. Хэнэггүй загнаж үнэтэй техникээр тоглоод хаячих энүүхэнд. Зөв ажиллуулаад, сайн сургаад, стандартаа хэвшүүлээд явбал барууны компаниас дутах зүйл байхгүй. Одоо манай компани 500 гаруй ажилтантай, бүгд монгол хүмүүс.



“Эрдэнэс Тавантолгой”-н тендер зарлагдахаас өмнө үндэсний олборлогч гэсэн ойлголт бараг байгаагүй. Одоо бол MNO, “Хишиг Арвин Индустриал” гээд олборлогч компаниуд бий болчихлоо. Гэрээт олборлогч гэдэг ойлголт ч хэдийнэ бий болчихлоо?

Манайх шиг оператор компаниуд цаашид ч гарч ирэх байх. Эрүүлээр өрсөлдөж, нийтээрээ хөгжөөд явах ёстой. Цаашлаад Монголын гэрээт олборлогчид дэлхийд өрсөлддөг болно.

Ер нь Баруун Цанхийн загвараар гэрээт олборлолтыг хөгжүүлээд явах нь зүйтэй санагддаг. Манайх төрийн өмчит олон уурхайтай. Ерөнхийлөгчийн хэлээд байгаа “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг би дэмждэг. Баруун Цанхийн загварыг төрийн өмчит уурхайнууд дээр ашиглах боломжтой. Жишээ нь “Багануур” ХК хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд хэдэн зуун сая доллар зарах ямар ч шаардлагагүй. Тендер зарлаад уулын ажлаа үндэсний хувийн хэвшлийн компаниудаар хийлгэх хэрэгтэй. Их хэмжээний төсөв мөнгө, хөрөнгө оруулалт хэрэггүй болно. Ингэвэл бас хувийн хэвшил хөгжинө. Уул уурхайн салбар уналтад орж, энд тэндгүй төмөр техник хэвтэж байна. Манай дээр ч ялгаагүй. Монгол улсын хэмжээгээр өчнөөн техник сул зогсож байхад “Багануур” ХК 350 сая ам.доллараар шинэ техник авах шаардлагагүй.

“Багануур” ХК өөрөө аж ахуйгаа авч явна, өргөжинө томорно гэвэл баахан худалдан авалтын тендер зарлах болно. Янз бүрийн шахаа орж ирнэ, ашиг сонирхлын зөрчил үүснэ. Хэн нэгэн сайд дарга, УИХ-ын гишүүдийн хэлсэн ярьсан улсуудаар дүүрээд, тэдгээр нь бие биедээ шаардлага тавьж чадахгүй.

Өөриймсөг хандлага дутагдсанаас олон сая долларын үнэтэй техникүүд өртгөө нөхөж чадаагүй байж л эвдрээд зогсчихдог. Түлшний, сэлбэгийн, эд материалын хулгай, эд ангийн солио, тоноо гээд л зардал хохирол нь явж өгөх магадлал өндөр.

Миний харж буйгаар, манай төрийн өмчит уурхайнууд олборлолт болоод бусад янз бүрийн жижиг сажиг аж ахуйн ажлуудаа хувийн гэрээт олборлогч компаниудад өгөх хэрэгтэй. Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд том зургаар харж, стратегиа гаргаад явна. Ингэж чадвал гэрээт олборлогч гэдэг бизнес хөгжинө. Төр хувийн хэвшлээ ингэж бодитой дэмжих боломж байна. Тодорхой хугацааны дараа зарим компани нь зөвхөн Монголдоо биш хилийн чанадад өрсөлдөж, ажиллана. Экспорт хийнэ гэсэн үг. Одоо зарим өрмийн компани гадаадад өрөмдлөг хийгээд явж байна.

Төрийн байгууллагууд хувийн хэвшлийн хийж чадах юм руу давхиж ороод, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд, давхцаад байх нь буруу. Төрийн зарим байгууллага дэргэдээ туслах аж ахуй, хэвлэх үйлдвэр, бараг л гутлын үйлдвэр байгуулах гээд байна.

Олон улсын стандартад хүрэх, түүнийг хангахын тулд танай компани ямар ажил хийсэн бэ?
Манай компанийн хувьд уул уурхайн салбарын хамгийн чухал асуудал болох хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр OHSAS 18001 олон улсын стандартыг өнгөрсөн жил нэвтрүүлсэн. Тухайн үед энэ стандартыг Монголд тавхан компани авсан байсан. Энэ стандартыг олон улсад хүлээн зөвшөөрдөг, итгэдэг. Манайх аюулгүй ажиллагаагаар мундаг гэж өөрөө өөрийгөө ямар нэг хэмжүүрээр дүгнэж, үнэлэх биш, дэлхий нийтэд тогтсон, хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хангаж, баталгаажуулагдсан байхад хүн хараад итгэж байгаа юм. Энэ стандартыг нэвтрүүлэхийн тулд бид хагас жил ажилласан. Гэхдээ стандарт нэвтрүүлчихлээ гээд санаа амарч болохгүй. Осол авааргүй ажиллах нь гол зорилго. Тантай ярилцаж байгаа яг энэ цаг мөчид ч уурхайн ажил явагдаж байгаа.

Танай компанийн хувьд аюулгүй ажиллагааны үзүүлэлт ямархуу түвшинд байна вэ?
Манайх нэг сая хүн цаг тутам дахь хөдөлмөрийн чадвар түр алдалтын үзүүлэлт буюу LTIFR-ээр 1.17, энэ нь олон улсад ч багадаа орно. Уурхай 24 цагийн тасралтгүй ажиллагаатай учир аюулгүй ажиллагааг хором ч анхаарлаасаа гаргадаггүй.

1997 онд байгуулагдсан “Хишиг Арвин Индустриал” компани өөр ямар төслүүд дээр ажиллаж байсан бэ? Гэрээт олборлолтоос гадна өөр ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
“Бороо гоулд” компанид ажиллаж байлаа. “Саусгоби сэндс” компанид цогцоор нь туслан гүйцэтгэгчээр ажилласан. “Алтан Дорнод Монгол” болон бусад уурхай  дээр ч ажиллаж байсан. 

Гэрээт олборлолтоос гадна зам, барилгын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Техникийн түрээс үйлчилгээ мөн явуулж байна. Барилгын чиглэлээр манай компани 10 давхар эмнэлгийн барилга барьсан. Ажилчдадаа зориулан 9 давхар орон сууц хоёрыг ашиглалтад оруулсан. Саяхан барилга хариуцсан хэлтсээ тусад нь салган, бие даасан компани болгосон. Цаашид групп компанийн зохион байгуулалтад орохоор бүтцээ өөрчлөх ажил хийгдэж байна.




Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2019-07-19 17:15
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал ирүүлж буй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
  • 2019-07-19 11:28
    “Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус компани стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг хувийн хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг зорилготой ажиллаж ирсэн. Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани Монгол Улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн арав орчим хувийг хянадаг. Үүнд Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэсийн уурхай гол үүрэгтэй бөгөөд цаашид уран, алт зэрэг бусад эрдэс баялгийг ашиглахаар судалж байгаа юм.
  • 2019-07-16 14:21
    Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
  • 2019-07-16 10:08
    Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ. 
  • 2019-07-09 12:20
    Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  Австралийн “Golden Horde” компани Таван толгой ордод метаны нөөцийн судалгаа хийсэн байдаг. Урьдчилсан таамгаар зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон юм. Тэдний  судалгаагаар Тавантолгой уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ, хийн чанарын үзүүлэлт “маш сайн” гэж гарчээ.  Тиймээс Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ метан хийн асар их хэмжээний нөөцтэй байх магадлалтайг судлаачид тооцоолж байна.