Н.Алгаа: олон улсын шаардлагад нийцсэн үйлчилгээг монгол мэргэжилтнүүд үзүүлж эхэллээ

2016-05-12 12:26
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн жишиг, чанарын стандартыг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах зорилготой “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал тав дахь жилдээ зохион байгуулагдлаа.Өмнөх жилүүдийн хурлын үр дүн болоод цаашдын зорилтын талаар Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.



Өнгөрсөн дөрвөн жилийн бага хурлуудын үр дүнг Та хэрхэн харж байна вэ?
2011 оны хоёрдугаар сард болсон анхны хурлын үр дүнд OHSAS 18001 стандартыг үндэсний MNS болгож батлуулах ажлыг арваннэгдүгээр сард хийсэн юм. Хоёр дахь удаагийн хурлаар компаниудад стандарт нэвтрүүлэх талаар ярьж байлаа. Стандарт нь сайн дурын ажил учир хэрэгжүүлдэг байгууллага ховор. Тухайн хурлаар яригдсан Mongolian Occupational Safety and Health Professional Association /MOSHPA/ буюу Монголын Мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо 2015 оны хурлын өмнөхөн байгуулагдаж байв. Тэр жилийн хурлаар мэргэжлийн нэгдсэн байгууллага хэрэгтэйг ярилцаж, ямар статустай байх талаар нэлээд санал гарч байсан юм. Монгол улсын хуулийн дагуу төрийн бус байгууллага байх нь зүйтэй гэж үзээд холбоо байгуулсан. Холбоог үүсгэн байгуулах ажилд эхнээс нь оролцсоны хувьд надад Ерөнхийлөгчийн албанд гурван жил ажиллах санал тавьсан юм. Байгуулагдсанаас хойшхи нэг жилийн хугацаанд 15 ажилтныг мэргэшсэнийг баталгаажуулан гэрчилгээ олгоод байна.

ХАБЭА-н мэргэжилтнүүдийн баталгаажуулалт нь Монгол улсад анх удаа хийгдэж байгаа ажил. Ийм төрлийн мэргэжилтний баталгаажуулалт бусад салбаруудад ч хийгдэх хэрэгтэй.  

MOSHPA холбооны зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын хамгийн гол зорилго нь гишүүн байгууллагуудын мэргэжилтнүүдийн  мэдлэг, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ижил тэгш эрхийг бүрдүүлэх, мэргэшсэн байдлыг нь баталгаажуулах чиглэлд ажил хийх. Сонгодог утгаар нь мэргэжилтнийг баталгаажуулдаг Монгол болоод олон улсын MNS, ISO 17024 стандарт байдгийг манайхан төдий л мэддэггүй. Уг стандартын дагуу баталгаажуулалт хийгддэг. Ийм баталгаажуулалтыг худалдаж авдаггүй, дамжааны сургалтаар олгодоггүй. Мэргэшсэн мэргэжилтнийг баталгаажуулах ажлыг мэргэжлийн холбоод л хийдэг. Энэ жишгийг л  Монголын Мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо бий болгохоор зорьж байна.

Баталгаажуулалт яаж хийгддэг юм бэ?
Ер нь бол бүх мэргэжлийн мэргэшсэн байдлыг баталгаажуулах олон улсад тогтсон жишиг, стандарттай. Өөрөөр хэлбэл баталгаажуулалт хийдэг байгууллагад итгэмжлэл олгоход тавигдах стандарт бий. Энэхүү олон улсын ISO стандарт нь Монголд MNS стандартаар байдаг юм. Тэгэхээр MNS, ISO 17024 стандартын дагуу баталгаажуулалтын журам гаргаж, тухайн байгууллагын хүсэлтийг хүлээн авч, шалгагч томилж, хүсэлтийн материал дээр үнэлгээ дүгнэлт хийсний дараа хөндлөнгөөс хараат бус Арга зүйн хороо мэргэшсэн байдлыг нотолж, баталгаажуулалт хийдэг. Дараа дараагийн шат ахисан баталгаажуулалтууд мөн хийгдэнэ. Шат ахисан ч ялгаагүй баталгаажуулалтыг гурван жил тутамд нэг удаа хийдэг. Ингэж тогтмол хянах нь тогтолцоог улам сайжруулдаг. Хөндлөнгийн аудит, баталгаажуулалтад тодорхой мөнгө зарцуулсан ч тогтолцоо нь эргээд компанийн үйл ажиллагааны зардлыг хэмнэх, үр ашигтай ажиллах, бүтээмж болоод хариуцлагыг нэмэгдүүлэх, тэр хэмжээгээр хэрэглэгч сэтгэл ханамжтай байх гээд шууд бусаар харахад эдийн засгийн маш их үр ашигтай.

Зөвлөх үйлчилгээ, баталгаажуулалт хийлгэх нь гаднаас авдаг өндөр үнэтэй үйлчилгээ байсан. Дотооддоо зарим баталгаажуулалтыг хийдэг болсноор ямар давуу талууд бий болж байна вэ?

Монголд “Эс-Эф-Си-Эс” компани нь OHSAS 18010 тогтолцооны стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Олон улсын аргачлал болоод хууль, стандартын дагуу бэлтгэгдсэн тэргүүлэх аудиторууд аж ахуйн нэгж дээр хөндлөнгийн аудит хийсэн тайланг үндэслэн “Эс-Эф-Си-Эс” компанийн Баталгаажуулалтын зөвлөлөөс гэрчилгээ олгодог. Өндөр өртөгтэй зөвлөх үйлчилгээг үндэсний бүх аж ахуйн нэгжүүдэд дотоодын аудиторууд хямд үнээр адил түвшинд, ижил аргачлалаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрхийн хэмжээнд баталгаажуулалт хийдэг боллоо. Өмнө нь ийм төрлийн бүх үйлчилгээг гаднаас өндөр төлбөртэйгөөр авдаг байсан бол одоо дотоодод энэ үйлчилгээ нэвтэрч байна. 

Стандартчлал тохирлын үнэлгээний тухай хуулийн хүрээнд дээрээс төрийн удирдлагуудын зааварчилгаагаар бус доод түвшиндээ санаачлан хийсэн ажил юм. Дээрээс өөрчлөлт хүлээгээд нэмэргүйг ойлгосон. Бүх зүйлийг дээд түвшинд төрөөс зохион байгуулдаг, зааварчилдаг, мэргэжлийн болоод хөндлөнгийн бус, хараат байдлаар явагддаг байдлыг засч залруулах зорилгоор өөрсдөө санаачилга гарган ажиллаж байгаа нь энэ. Мэргэшсэн, хараат бус, олон улсын шаардлагад нийцсэн үйлчилгээг Монгол мэргэжилтнүүд үзүүлж эхэллээ. Энэ нь их том үр дүн.

Монголд баталгаажуулалт хийдэг болсноор дотоодын компаниуд хэр хандаж, зөвлөх үйлчилгээ авч байна вэ?
Стандартын хэрэгжилт өнөөдөр уул уурхайн салбараас тэлж байна. Барилга угсралтын “Хасу мегаватт”, төмөр хийц үйлдвэрлэлийн “Зуншин”, “Бүтээгч”, тэсэлгээний “Мера” зэрэг компани зөвлөх үйлчилгээ авч, OHSAS стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээ аваад байна. Уул уурхайгаас гадна барилгын салбар нь хамгийн их эрсдэлтэй ажлын байртай. Барилгын салбараас нэг ч гэсэн компани олон улсын стандарт нэвтрүүлээд баталгаажуулж байгаа нь их чухал юм. Сүхбаатар аймгаас 20 ажилтантай нүүрсний уурхай зөвлөх үйлчилгээ авах талаар утсаар холбогдлоо. “Терра Энержи” компани баталгаажуулалтын талаар сонирхож байна. Ер нь компаниуд хэрэгтэйг нь мэдэрч эхлээд бүгд авахыг хүсч байгаа ч одоогоор мөнгөгүй байна.

Үндэсний компаниудад стандарт нэвтрүүлэх сэдэл тэмүүлэл, хүсэл сонирхол хэр байдаг бол?
Оюутолгойтой хамтран ажиллахад тавигддаг нэг нөхцөл нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлсэн эсэх тухай асуудал. Өөрөөр хэлбэл, олон улсын түвшний компаниуд, санхүүжилт олгож буй гадны байгууллагууд хамгийн түрүүнд 9001, 18001 стандарт нэвтрүүлсэн эсэх гэсэн шалгуур тавьдаг. Хэрэглэгч талаасаа шаардлага тавигдаж байна гэсэн үг. 

Дэлхий дээр хамгийн их стандарт нэвтрүүлж байгаа улс бол Хятад. Тус улс нь Америк, Канад, Европ, Япон зэрэг орноос тавигддаг эцсийн хэрэглэгчийн шаардлагыг биелүүлэхийн тулд стандартыг маш өргөн хүрээнд эрчтэй нэвтрүүлж байна. Шаардлагыг хэрэгжүүлж чадахгүй бол Хятад улс бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээл дээр худалдаж чадахгүй. Хятад дэлхийн бүхий л улс орнууд руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг учир стандартуудыг нэвтрүүлэхгүй байх боломжгүй. Одоо энэ шаардлага нь Монголын хөрсөн дээр бууж байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа үндэстэн дамнасан корпорациуд ийм л шаардлага тавьдаг. Баталгаажуулалт хийлгэсэн манай компаниуд бүгд сайн дураар хийлгэсэн. Оюутолгойн худалдан авалтад оролцохын тулд стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа.  

Үүнээс бид юу хожих юм бэ, цалин хөлс нэмэгдэх үү гэж асуух хүн олон байдаг?
Ийм тогтолцоотой болвол мэргэжилтнүүд зэрэглэгдэж, тухайн мэргэжилтний үнэлэмж зөвхөн цалингаар биш шинжээч, зөвлөх, аудит хийснээр нь өсч, дагаад орлого нь ч нэмэгдэнэ. Манайд одоо л тогтолцоо бүрдүүлэхээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн  баталгаажуулалт хийгдэж байгаа учир тухайн мэргэжилтнүүдийн үнэлэмж ирээдүйд л тодорхойлогдоно. Одоогоос 14 жилийн өмнө 2002 онд МУУҮА-иас мэргэшсэн мэргэжилтний баталгаажуулалтыг хийх гэж оролдоход нийгэм, тэр дундаа уул уурхайн салбар хүлээж авч чадаагүй.

Шинэ ажил эхлүүлж байгаа учир хүндрэл бэрхшээл мэдээж мундахгүй биз?
Хууль тогтоомжтой нийцэхгүй, ойлгогдохгүй, төрийн хэмжээнд дэмжүүлэх асуудлууд гарна. ХАБЭА-н хуулийн дагуу байгуулагдсан гурван талт үндэсний хороо Хөдөлмөрийн яам дээр ажилладаг. Хороо гээд хэдэн хүн цугладаг, төсөлд жаахан мөнгө хуваарилдаг л ажилтай. Гэтэл үндэсний тогтоцыг бий болгох ажил хийгдэхгүй байна. Үндэсний хэмжээний тогтоц гэдэг нь дээд удирдлага дээрээ зангидагдан нэгдсэн бодлоготой, дүрэм журамтай, арга зүйтэй, зөвлөх үйлчилгээ болон аудит, баталгаажуулалт бүгд багтсан, нийтээрээ дагаж мөрддөг зохицуулалт байх ёстой.  Үүнийг бид микро түвшинд бий болгох гэж үзээд байгаа юм. 

Нөгөөтэйгүүр, байгууллагын дээд түвшний удирдлага ойлгохгүй, оролцохгүй, манлайлахгүй бол стандарт нэвтрүүлэлт огт хэрэгжихгүй. Сургалт, зөвлөх үйлчилгээний явцад  мэргэжилтнүүд  хэрэгжилтийн бодлого,  өөрсдийн үүрэг оролцоогоо ойлгож эхэлдэг. Ажилтан болгон тогтолцооны нэг элемент учир зөвлөх үйлчилгээний сургалтад тухайн компанийн удирдлагаас эхлээд бүх ажилтнууд хамрагдана. Бидний зүгээс компанийн дотоод аудитуудыг бэлтгэж өгнө. Компаниуд өөрсдөө дотроо аудит хийснээр тогтмол сайжрах боломж бүрдэнэ.         

  

Бага хурал тав дахь жилийнхээ босгон дээр  тодорхой үр дүнд хүрчээ. Тэгвэл цаашид юуг анхаарч ажиллах вэ?  
Стандартын нэвтрүүлэлт, баталгаажуулалт зөвхөн уул уурхайн салбарын хэмжээнд микро түвшинд хэрэгжиж байна. Цаашид бүх салбарыг хамруулахыг зорьж буй. Өөрөөр хэлбэл үндэсний нэгдсэн тогтоцыг бий болгох нь бидний зорилго. Хэрэглэгч рүү хандсан, зөвлөх үйлчилгээ нь чанартай, мэргэшсэн ажилтан нь чадварлаг байх хэрэгтэй. Хөндлөнгийн баталгаажуулалтыг мэргэшсэн байдлаар хийх ёстой. Дэлхийн явж ирсэн замнал нь ийм.

“Нэн түрүүнд ХАБ” бага хурлын 5 дахь жилийн ойн дээр хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудлаар үндэсний хэмжээний институтчлэгдсэн зөвлөх үйлчилгээ, баталгаажсан ажилтан, үндэсний хэмжээний тогтоц бий болгох зорилт тавьж буй. Энэ жил Монголын Барилгын үндэсний ассоциацитай хамтран барилгын салбарынхныг татан оролцуулах ажлыг эхлүүлж байна. Өндөр эрсдэлтэй ажлын байртай эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарыг татан оролцуулж үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зорилт ч бий. Үндэсний хэмжээнд болгохыг Хөдөлмөрийн яамнаас дэмжин 2015 онд аян өрнүүлж байлаа. Хүссэнээр үндэсний хэмжээнд болоогүй ч гэлээ үндэсний болгох алхамууд хийгдэж эхэлсэн нь их чухал юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 12 цаг 46 минутад
    “Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм. Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч  компаниудын төлөөлөл ярьж байна.
  • 2020-03-25 14:08
    Монгол Улсад Үндэсний Геологийн Алба байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэж, хууль тогтоох байгууллагын зүгээс ч тодорхой шийдвэр гарлаа. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөртэй ММJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.    Үндэсний геологийн албыг байгуулах УИХ-ын тогтоол батлагдлаа. Олон жил яригдсан ч бодит ажил хэрэг болж чадахгүй байсан асуудал нэг тийшээ шийдэгдэж байна. Уг албыг байгуулахын гол ач холбогдол нь юу вэ?  Үндэсний геологийн албыг байгуулж, түүний бүтэц зохион байгуулалтыг бий болгох асуудал бараг 30 жил яригдсан.
  • 2020-03-23 13:11
    Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Тус боомтоор хоёрдугаар сарын 10-наас хойш буюу сар хагасын хугацаанд нүүрсний экспорт тасалдсан юм. Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор өдөрт 70 машин гаргахаар төлөвлөжээ. Нүүрсний экспортыг гагцхүү чингэлэг тээврээр хийхдээ нэг машинд дунджаар 80 тонн нүүрс ачна гэдгийг Гашуунсухайт боомтын газар мэдээллээ. Чингэлэг тээврээр нүүрсний экспорт хийхдээ жолооч машинаас бууж, суух шаардлагагүй төдийгүй Хятадын талд нүүрстэй чингэлгийг хоосон чингэлгээр шууд солих юм. Ингэснээр ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанд горимыг сахиж тухайн машин хилээр гарсан өдөртөө буцаж орж ирнэ.
  • 2020-03-23 12:03
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын 2020 оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийн талаарх статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа.  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.46 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6%-иар буурсан байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөг буюу 32.9%-иар буурлаа.
  • 2020-03-20 16:30
    Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 29.3%-иар буурчээ. Энэ дотроо экспорт 898.8 сая ам.доллар, импорт 918.7 сая ам.долларыг эзэлсэн нь экспорт 44.2%, импорт 11.4%-иар тус тус буурсныг илтгэнэ. Монголын гадаад худалдаа оны эхний хоёр сард багахан ашигтай гарсаар ирсэн ч гуравдугаар сарын дунд үеийн байдлаар 19.9 сая ам.долларын алдагдалтай болж эхэлснийг статистик тоон үзүүлэлтээс харж байна.