Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Г.Батцэнгэл: Хэдэн хүн муу хэлэнгүүт айгаад, гэм хийчихсэн юм шиг бууж өгнө гэж байхгүй



The Mongolian Mining Journal /2016.04 дүгээр сар №004/089 /

“Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй ярилцлаа.


Ярилцсан С.Болд-Эрдэнэ

“Энержи Ресурс”-ын үйл ажиллагаа ямар байдалтай байна вэ? Олборлолт, борлуулалтаа хийж байгаа юу?
Борлуулалт амаргүй байна. Эхний улиралд 300 мянга орчим тонн баяжуулсан нүүрс экспортолсон. Хэмжээ огцом буурсан. Алдагдалтай зарснаас зарахгүй байсан нь дээр шүү дээ. Бидний хувьд аль болох зардлуудаа бууруулж, өнөөгийн 40-50 ам.доллар гэсэн үнийн түвшинд ядаж алдагдалгүй борлуулж, үйл ажиллагаа явуулахыг хичээж байна. Ингэснээр ажлын байраа хадгалж, хүмүүсээ цалинтай, орлоготой байлгаж чадна. Улсад ч татвар хураамжаа төлөөд явна.

Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Манайтай хамтран ажилладаг ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч компаниуд маань бидэнтэй хамт хүндрэл бэрхшээлийг даван туулж яваа. Ямар ч бизнест урт хугацааны итгэлтэй түншүүдтэй байх чухал байдаг. Цаг сайхан үед бүгдээрээ ашиг орлоготой, сайхан байна. Хэцүү үед хамтдаа зовлонгоо хуваалцаад явж байна. Түншүүддээ, хамтран ажилладаг олон зуун компанид баярлаж байгаа.

“Пибоди Энержи” компани 4 дүгээр сарын 13-нд дампуурлын хуульд хамрагдах хүсэлтээ гаргалаа. Уул уурхайн салбарт энэ нь онцгой мэдээ болж байна?
Нүүрсний хувьд сүүлийн хэдэн жил нийлүүлэлт асар их нэмэгдсэн. 2012 оноос хойш нийлүүлэлтийн өсөлт, хэрэглээний өсөлтийн удаашралаас хамааран үнийн уналт 4-5 жил үргэлжилж байна. Томоохон компаниуд үнэ унаж, өрсөлдөөн ширүүсэх юм байна, хэмжээгээ нэмье гэсэн стратеги барих болсон. Хэмжээгээ нэмж байж нэгжийн өртгөө буулгана. Ингэснээр нийлүүлэлт улам нэмэгдэж, үнийн уналт дагуулаад байна. Өрсөлдөх чадвартай том компаниудын хувьд энэ стратеги богино хугацаандаа зөв байж магадгүй. Гэхдээ урт хугацаанд байнга зардлаа бууруулж, олборлолтоо нэмээд байж чадахгүй. Эерэг мөчлөг эхлэхгүй бол бүгд хана тулаад л зогсоно.

“Пибоди” Chapter 11 хуулийн зохицуулалтад орох хүсэлтээ өглөө. Хуулийн хамгаалалтад ороод асуудлуудаа шийдье гэсэн алхам. Хуулийн хамгаалалтад орно гэдэг нь “Пибоди”-д зээл өгсөн хүмүүс зээлийнхээ оронд компанийн өмчийг хурааж авахаас хамгаалж байна гэсэн үг. Ямар ч байсан “Пибоди”-гийн өмч хөрөнгөд зээлдүүлэгчид халдахгүй болно. Энэ хугацаанд зээлдүүлэгчидтэйгээ тохиролцоно гэсэн үг. Дуртай нь гүйж ирээд уурхай, үйлдвэрийг нь авна гээд дайраад байхгүй, хуулийн хүрээнд асуудлуудаа шийдэх боломж олгодог. АНУ-д олон компани ингэж хуулийн хамгаалалтад орж байсан. Сүүлийн нэг хоёр жилд АНУ-ын нүүрсний бараг бүх компани энэ хуульд хамрагдаж байгаагаа зарласан. Arch Coal, Alpha Natural Resources, Patriot Coal, Walter Energy гээд миний мэдэх Америкийн нүүрсний салбарт ажиллаж байсан компаниуд Chapter 11-д хамрагдахаа зарласан. Компанийн хэмжээ, шийдэх өрийн хэмжээгээрээ хамгийн том нь “Пибоди”. Бараг 6-7 тэрбум ам.долларын зээлийн багцтай компани. Гэрээ хэлэлцээр нь яаж явагдах, үр дүн ямар гарахыг цаг хугацаа л харуулах байх.

Ийм нөхцөлд орсон компаниудад ямар боломж байдаг юм бэ? Жишээ нь “Пибоди” асуудлаа яаж шийдэх бол?
Ямар боломж байна гээд харахаар компанийг задалж магадгүй. “Пибоди” Австралид 7-8 уурхай, Америкт хэд хэдэн том уурхайтай. Энэ нэгжүүдээ салгаад зарим уурхайгаа зарж болно. Зээлдүүлэгчдэдээ тодорхой уурхайнуудаа өгөөд үлдсэнийг авч үлдэх талаар яригдах байх. Эсвэл зээлийн хугацааг хойшлуулах талаар яригдах байх. “Пибоди”-ийн энэ тохиолдол дэлхийн нүүрсний хувийн хэвшлийн хамгийн том компани гэдгээрээ анхаарлын төвд байна. Түүнээс биш сүүлийн 2-3 жилд нүүрсний салбарт хэдэн арван компани ийм байдалд орсон шүү дээ. Индонезийн BerauCoal Energy, Bumi Resources, Хятадын Up Energy Development Group, Winsway Enterprises Holdings гээд хувийн болоод төрийн өмчит  компаниуд хүртэл дефолт зарлаж, зээлийн бүтцээ өөрчлөх хэлэлцээр хийж байгаа. Энэ утгаараа бол содон зүйл биш.

Хамгийн том компани ингэж байгаа нь салбарын бодит байдал ямар байгааг харуулж байна.

“Пибоди” ердөө жил гаруйн өмнө “Шенхуа”, “Сумитомо” танай компанийн консорциумтай Тавантолгойн тендерт өрсөлдөж байсан шүү дээ. Танай компани ч бас дефолт зарласан нь том шуугиан тарьсан. Зээлийн бүтцээ өөрчлөх хэлэлцээр чинь хэр явна вэ? Хөрөнгө оруулагчид чинь нааштай хандаж байна уу?
Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани гэдгээрээ бид мэдээллээ олон нийтэд нээлттэй хүргэх нарийн дүрэм журам мөрддөг. Нэгдүгээр сараас хойш бид мэдэгдлүүд гарган, байдал ямар байгааг зарлаад явж байгаа.

Бонд эзэмшигчид, зээлдэгчидтэйгээ гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлж байна. Зарчмын хувьд тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Мэдээж хоёр талаасаа зөвшилцөн, тодорхой нөхцөлүүдээ тохирсны дараа албан ёсоор зарлана. Ямар ч байсан хөрөнгө оруулагчид, зээлдэгчид маань бүгд “Энержи Ресурс”-ыг дэмжинэ, аль болохоор асуудлуудаа шийдэж тохиролцоно, цаашид үйл ажиллагаа тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлж өгнө гэж байгаад баяртай байгаа. Аль болох богино хугацаанд тохиролцоонд хүрэхийн төлөө ажиллаж байна.

Хонконгийн хөрөнгийн биржээс ч юм уу, тийм хугацаанд асуудлаа шийдвэрлэ гэж хугацаа зааж өгдөг үү?
Тийм хугацааны дотор шийдэх ёстой гэсэн нарийн заасан хугацаа байдаггүй. Хэн хэнийхээ зөвшөөрөхүйц хэмжээнд хүрч байж тохиролцоонд хүрнэ. Хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцож, хамтарч ажиллана гэдэг компанийн ур чадвар, нөгөө талаас хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг хэр их дааснаас хамаардаг.

“Энержи Ресурс”-д хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчидтайгаа сайн харилцаатай, итгэлийг нь алдахгүй байх чухал. Эргээд уулзах нүүртэй явах сайхан гэж монголчууд маань ярьдаг даа. Таван цаасыг нь аваад таг алга болчихоод байвал хэн монголчуудад итгэж хөрөнгө оруулах вэ. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчидтайгаа уулзаад явж байхад “Энержи Ресурс”-ын менежмент, үйл ажиллагаатай холбоотой ямар нэг гомдол байдаггүй. Зах зээлийн ийм хүнд нөхцөлд нягт хамтарч ажиллах нь чухал. Тэгж байж хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид ашгаа авна, компани ч зорилгодоо хүрнэ.

“Пибоди” 6-7 тэрбум ам.долларын зээлтэй гэлээ. Тэгвэл танай компани ямар хэмжээний зээлийн бүтцийг өөрчлөхөөр ярьж байгаа юм бэ?
Өнгөрсөн 12 дугаар сарын 31-нээр тайлангаа гаргасан. 600 сая долларын бонд, BNP Paribas болон Industrial and Commercial Bank of China-гийн 90 гаруй сая долларын зээл байгаа. Нийтдээ 700 орчим сая долларын багцыг шинэчлэхээр хэлэлцээр хийж байна. Шинэчилнэ гэдэг нь зээлийн нөхцөлүүдээ шинээр тохирно гэсэн үг.



“Энержи Ресурс” өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний ашиг олсон бэ?
Манай компанийн хувьд ашиг, орлогын хэмжээ нээлттэй байгаа. Би буруу санаагүй бол 2009 онд 10 сая орчим, 2010 онд 60 орчим сая, 2011 онд 120 орчим сая долларын ашигтай ажилласан. 2012 онд балансаа бариад, түүнээс хойш алдагдалтай явж ирсэн. Ингээд харахаар 2009-2011 онд ашигтай ажиллахдаа нийт 200 хүрэхгүй сая долларын цэвэр ашигтай байж. Ашгаасаа зээлийн эргэн төлөлт, санхүүжилтийн зардлаа төлөөд үлдсэнийг нь эргүүлээд хөрөнгө оруулалтад зарцуулсан. Энэ хугацаанд хийсэн хөрөнгө оруулалт маань тэрбум доллар. Тэрбум долларын хөрөнгө оруулалтыг нөхнө гэвэл чамгүй хугацаа шаардахаар байгаа биз? Хийсэн хөрөнгө оруулалт Монголдоо үлдэж байна. Говьд бүтээн байгуулалт болж байна. Эдийн засагт нөлөөгөө үзүүлж байна.

Ер нь яах гэж говьд тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн юм? Зүгээр л гадаадын хөрөнгө оруулалттай зарим компанитай адил сэндвичин барилга бариад ашгаа аваад явж байсан бол ийм байдалд орохгүй байсан юм биш үү?
Гадны хөрөнгө оруулалттай компаниудаас бид хайр нэхэх утгагүй. Гэхдээ гадны компаниудыг үзэн ядаж гоочилно гэж юу байхав. Хөрөнгө оруулалтаа, доллараа Монголд оруулж байгаа нь бидэнд хангалттай. Тэдний үндсэн зорилго нь ашиг. Дэлхий даяар л ийм байдаг. Африк, Хятад, Чили, Монгол хаана ч бай ашиг олох гээд явж байгаа хүмүүс. Тэд Монголд амьдарч, үр хүүхдүүд нь ч энд өсч амьдрахгүй. Тийм болохоор тэднээс хайр, сэтгэл нэхээд утгагүй юм. Гэтэл бид монголчууд. Энэ бол бидний эх орон. Бид, бидний үр хүүхдүүд энд амьдарна. Нийгэм маань хөгжөөсэй гэдэг бодол, зорилго бидэнд бий. Ямар ч бизнес ашгийн төлөө байна. Бид ч бас гадны компаниудын адил ашгийн төлөө яваа. Гэхдээ тэднээс ялгарах ялгаа бидэнд бий. “Энержи Ресурс” урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн хэмжээний уул уурхайн компани болох зорилготой. Ингэхийн тулд бүх талын оролцоо, ашиг сонирхлыг хангах ёстой. Монголчууд уул уурхайн төслийг дэлхийн хэмжээнд яаж хэрэгжүүлж чаддагийг харуулах том амбиц бидэнд бий.

Нөгөө талаас монгол хүний хувьд бид монголчууд маань юу хүсээд байгааг ойлгож чадна. Австрали, америкчууд ойлгохгүй. Манай компани дээр гадны том том компаниудын төлөөллүүд, удирдлагууд ирж л байсан. Та нар яагаад ингэж том хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм бэ, хувь нийлүүлэгчид чинь ингэж хамаагүй үргүй зардал гаргахыг зөвшөөрсөн юм уу гэж гайхдаг. Тэдний нүдэнд ашгаас хумсалж байгаа үргүй зардал гэж харагддаг. Бидний хувьд ирээдүйдээ, улс орныхоо хөгжилд хийж буй хөрөнгө оруулалт гэдгээр өөр нүдээр харагдаж байгаа юм. Тэгэхээр харийн хүмүүс буруутай, сэтгэлгүй гээд тавлаад байх шаардлагагүй л дээ.

Монголыг монголчууд л хөгжүүлнэ. Ганц үнэн энэ. Энэ зарчим дээр үндэслэн Монголынхоо хөрсөнд буусан, үлдэцтэй хөрөнгө оруулалт хийгээд явъя гэж боддог. Монголчууд маань Оюутолгойд Эрдэнэт шиг хот босгох ёстой гэж шүүмжилдэг. Тэгвэл бид говьд, Цогтцэций суманд тийм хот босох суурийг тавьсан. Цахилгаан станц барьж эрчим хүчний асуудлыг шийдсэн. 600 хүүхдийн сургууль, цэцэрлэг, 12 блок орон сууцны хороолол  бүгд   нийгмийн чанартай хөрөнгө оруулалт. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ суурь цаашаа хөгжөөд явна. Уурхайнхаа дэргэд ажилчид, орон нутгийн иргэдэд зориулж орон сууцны хороолол барьсан компани Эрдэнэт, манайх хоёроос өөр байхгүй.

УИХ-ын дарга З.Энхболд танайд Тавантолгойг өгчихсөн бол өдийд дампуураад өрөндөө Тавантолгойг өгөх байж гэсэн утга бүхий үг хэлсэн. Хэрвээ өнгөрсөн жилийн хавар танайх Тавантолгойн тендерт ялаад, гэрээгээ байгуулчихсан бол өдийд нөхцөл байдал ямар байх байсан бол? Дефолт зарлах байсан уу?

Гол нь “Энержи Ресурс” ямар байх байсан бол гэхээс илүү Монголын, Тавантолгойн нүүрсний өрсөлдөх чадвар ямар байх байсан бол гэж харах хэрэгтэй байх. Тавантолгойгоос экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдэх боломж байсан уу, байсан. Нэгжийн өртгөө бууруулах боломж байсан уу, байсан. Дэд бүтцийн асуудлаа шийдэх боломж байсан уу, байсан. Нэг тонн нүүрсээ 45 доллараар биш 55 доллараар зараад 10 доллар илүү олох боломж байсан уу, байсан. Тэр хэмжээгээр татварын орлого, валютын дотогшлох урсгал нэмэгдэх байсан уу гэвэл байсан. Зах зээлийн нөхцөл байдал хүнд байгаа ч үйл ажиллагаагаа тогтвортой хангаад явах боломж бүрдэх байсан. Төрийн болон хувийн хэвшлийн хоёр том компани хоорондоо өрсөлдөн, гадагшаа өрсөлдөх чадвараа алдахгүй байсан.

Ингээд харвал өнөөдрийн дүр зураг арай өөр байх байсан болов уу. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав. Нөхцөлд байдалдаа зохицоод ажиллахаас өөр сонголт байхгүй. Эцсийн том үр дүн нь монголчууд дотроо учраа олчих байсан юм. Үгүй бол бид бусдын өгөөш болоод байна. Монголчууд нэг талдаа гараад хамтрах шаардлага байна. Эцсийн дүндээ Монгол улсад л хэрэгтэй байх гэж бодох юм.

Ж.Оджаргал захирал “Бид Таван­толгойтой Тавантолгойгүй явдгаараа явна” гэж хэлсэн. Эндээс “Энержи Ресурс” Тавантолгойн сонирхлоо бүр орхиж байна гэж ойлгож болох уу?
Мэдээж хэрэг бидэнд Монголоо, үндэсний компаниудаа төлөөлөөд Тавантолгойн бүтээн байгуулалтад оролцох сонирхол байгаа. Бидэнд хийсэн зүйл байна, цаашид ч улам ихийг хийж чадна гэсэн итгэл байгаа учир хойш суухгүй. Гэхдээ энэ асуудал улс төр болоод гацаад шийдэгдэхгүй байвал, эсвэл төрийн өмчит компаниа бие дааж ажиллуулна гэсэн шийдвэр гаргавал бид тэр шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэр нөхцөлд тохируулаад үйл ажиллагаагаа явуулна. Бидний барьж байгаа зарчим бол Тавантолгойн асуудлыг шийдэх хүмүүс нь улстөрчид. Төр засаг тендерээ зарлаад саналаа өг гэсний дагуу бид “Шенхуа”, “Сумитомо”-той хамтраад саналаа өгсөн. Манайхыг сонгох эсэх нь төрийн мэдэх хэрэг. Тэр шийдвэрээ өөрсдөө гаргана. Төр ямар ч шийдвэр гаргасан, бид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлээд явна. Түүнээс биш хэдэн хүн муу хэлэнгүүт тэднээс айгаад, хулгай хийх гэж байгаад баригдчихсан юм шиг гэмтэй царайлаад бууж өгнө гэсэн үг биш. Харин хувийн хэвшлийг, хөрөнгө оруулагчдыг татаж оролцуулна гэвэл бидэнд оролцох сонирхол байна. Яагаад гэвэл тэр бүс нутагт арваад жил ажиллачихсан, туршлага хуримтлуулсан хамт олон. Ж.Оджаргал захирлын үгийг ингэж ойлгох нь зөв. Ямар сонголт хийж, яаж шийдэх нь төрийн эрх шүү дээ.

Зарим улсад том компани нь санхүүгийн асуудалд орвол Засгийн газар нь тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг. Үүнтэй адилхан “Энержи Ресурс”-ыг Засгийн газраас дэмжлэг авч, өрөө төлүүлэх гээд байна гэсэн хардлага байгаа?

Хувийн компанийн өрийг төр төлнө гэж  хаана байхав дээ. Энд нэг зүйлийг онцолж хэлье. “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани болохоор бүх мэдээллээ нийтэд зарладаг. Зээлийн эргэн төлөлт бэрхшээлтэй боллоо, зээлээ төлөөгүй болохоор дефолт зарлалаа гээд бүгдийг нээлттэй зарлаж байна. Ийм асуудалтай тулгарсан Монголын том компани олон бий. Зээлүүдээ хугацаанд нь төлж чадахгүй байгаа том компаниуд гэсэн үг. Хувийн, төрийн аль аль нь. Би нэрийг нь дурдаад яахав.
Тэд нээлттэй хувьцаат компани биш болохоор анхаарлын төвд орохгүй байгаа юм.

Энэ бол манай эдийн засагт тулгарч байгаа том асуудал. Хувийн хэвшлийн онцлог нь эрсдэлээ өөрөө үүрнэ. Зээлдүүлэгчтэйгээ тохиролцчих гээд бор зүрхээрээ явдаг. Төрийн өмчит компани асуудалд орвол төр оролцож, шийдэж өгдөг.

Хятадад асуудалд орж байгаа уул уурхайн компаниуддаа туслах сан байгуулж байна. Америкт уул уурхайн гэлтгүй асуудалд орсон компаниуддаа дэмжлэг үзүүлэх эрсдэлийн сан байдаг. Монголд бол бүх юмыг улс төржүүлж хардаг болохоор тийм зүйл байхгүй биз дээ. Бас санхүүгийн боломж ч байхгүй. Төсөв нь ямар байгаа билээ гээд бодвол юун хувийн хэвшилд туслах манатай. Ийм үед Монголын хувийн хэвшил төр засагтаа найдна гэж байхгүй. Өөрөө өөртөө найдаад л цаашаа явна.

“Эрдэнэс Тавантолгой” компани хүндхэн байдалтай байгааг бүгд мэднэ. Нүүрсээ түүхийгээр нь уурхайн аман дээрээс хямд үнээр зарж байгаа. Танай угаах үйлдвэрийг ашиглаад угаасан нүүрсээ арай өндөр үнээр зарах талаар хэлэлцээр хийж байгаа гэж байсан ч таг болсон. Яагаад хэлэлцээр зогссон юм бэ? Танайх арай өндөр үнээр угаах санал тавиад байгаа юм уу?
2013 оны эхээр билүү, “Эрдэнэс Тавантолгой” манай компанитай хамтарч ажиллах талаар нэлээд яриа хэлцэл хийгдсэн юм. Я.Батсуурь захирал ч энэ талаар олон нийтэд зарлаж байсан. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэмжинэ гээд төрийн бодлого гарчихсан. Төр хувийн хэвшил хамтарч, хоорондоо өрсөлдөх биш нэгдсэн бодлогоор нүүрсний экспортыг үнэ цэнтэй болгох зайлшгүй шаардлагатай байлаа. “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” хоёр угаах үйлдвэрээ ашиглаад хамтдаа нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай нүүрс экспортлох нь гэсэн хүлээлт бидэнд байсан. Энэ чиглэлээр хамтарч ажиллах гэж их оролдсон. Яриа хэлэлцээр ч амжилттай болж, бараг гар хөлийн үсгээ зурсан байсан.

Яг энэ үед бид “Эрдэнэс Тавантолгой”-д хэлж байсан юм. Одоо   ашиг сонирхол нь хөндөгдсөн нөхөд   дундуур гүйнэ шүү. Манай хоёр компани хамтраад нүүрсээ угаагаад нэг цонхны бодлогоор зарна гэвэл танайхаас түүхий нүүрсийг 30 ам.доллараар авахгүй, үнэтэй байна гэдэг нөхдүүд гүйж ирээд түүхий нүүрсийг чинь 30-аас дээш ам.доллараар авъя гээд үймүүлнэ. Тэр үед та нар тэсээд гардаг юм шүү гээд зориуд захиж байсан. “Эрдэнэс Тавантолгой” ч, төр засгийнхан ч ойлголоо, тийм юм байхгүй гэж байснаа гэнэт л угааж зарах ашиггүй болчихлоо гээд эхэлсэн. Манай түүхий нүүрсийг 33 доллараар авъя гэж байна. Танайд угаалгаад 50 доллараар зарахаас ашигтай юм байна гэсэн. Яг л миний урьд нь сануулж байсан шиг юм болсон. Та нар богино хугацааны тоглолтод ороод байна гэж бид ятгахыг хэрэндээ оролдсон.

Үүнтэй зэрэгцээд манай компанид дарамт ирж байгаа юм. Хятадууд манай угаасан нүүрсийг авахгүй байх, Ганцмодны боомт дээр хятад жолооч нар бослого хөдөлгөөн гарган, манай баяжуулсан нүүрсний замыг хаах, Баяннуур аймгийнхан зөвхөн баяжуулсан нүүрсэн дээр 20 юань буюу 3 долларын татвар тусгайлан тавих гэх мэтчилэн өчнөөн юм болсон. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” баяжуулахгүйгээр түүхийгээр зарах нь ашигтай юм байна гээд яриа хэлэлцээр “будаа” болсон. Нөгөө тал маань буруу тийшээ хараад суучихаар бид яалтай билээ. Хүчээр нүүрсийг нь булааж аваад угаагаад тавилтай биш.

Гэтэл өнөө хятадууд нь авна, авна гэж өчнөөн юм болгочихоод, дараа сараас нь зах зээл муудчихлаа, 33 битгий хэл 30 доллараар ч авахгүй. Үнээ буулга гээд суучихаж байгаа юм. Дахиад манай хоёр компани хамтраад нүүрсээ угааж, борлуулалтын үнээ хамгаалсан нэг бодлогоор явъя гэж ярилцаад эхлэнгүүт хятадууд дахиад ороод ирдэг. Ийм цикл байнга давтагддаг.

Яагаад гэхээр хилийн цаана Баяннуур аймагт баяжуулах үйлдвэр барьчихсан “Винсвэй” зэрэг хэдэн компанийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа юм. Тэд эрх ашгаа хамгаалахын тулд бидний дунд тоглолт хийнэ. Тэр тоглолтод манайхан дандаа ороогдож, дэгээдүүлэн, занганд нь гүйгээд орчихдог. Тэнэг гэх үү, гэнэн гэх үү мэдэхгүй.

Гэтэл танай 600-гаад сая доллараар босгосон том хүчин чадалтай баяжуулах үйлдвэр бараг сул зогсож байдаг?
500 гаруй сая долларын хөрөнгө оруулалттай. Баяжуулах үйлдвэр дангаараа 300 гаруй сая доллар, цахилгаан станц, усан хангамжийн систем 200 орчим сая доллараар боссон. Хүмүүс энэ үйлдвэрийг “Энержи Ресурс”-ын үйлдвэр гэж хараад байдаг юм. Зарим нь бүр та нар яах гэж ийм их мөнгө гаргаж  үйлдвэр барьсан юм, хохь чинь гэдэг. Тэр хүмүүс юу гэж ойлгож, харах нь тэдний хэрэг. Бид энэ үйлдвэрийг Монголын баялаг гэж ойлгодог. Монголд байгаа, монголчуудын үйлдвэр. Монголын эрдэс баялгийг үнэ цэнд хүргэх үйлдвэр гэж хардаг.

Авто зам, тээвэрлэлтийн тал дээр танай хоёр компанийн хооронд бас асуудал байсан байх аа?
Авто зам дээр бас л дээрх шиг асуудал гарсан. Төмөр замын асуудал юу болж байсныг бүгд мэдэж байгаа. Төмөр замгүй бол ядаж авто зам барих ёстой гээд ЗТЯ-тай Концессын гэрээгээр зам барихаар болсон.

Тэгэхгүй бол говийн эмзэг хөрс ихээр сүйдэж байсан. Бид өөрсдөө хөрөнгөө гаргаад Монголын 10 гаруй аж ахуйн нэгжийн 1000 гаруй хүн ажиллан, маш богино хугацаанд 250 км хүнд даацын авто зам барьсан. Концессын гэрээний хүрээнд замын хураамж авахаар зохицуулагдсан байдаг юм.

Гэтэл нөгөө “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс татаж байсан хятадууд чинь мөнгө төлж явахгүй гээд суучихсан. Хятад компаниуд дандаа даац хэтрүүлж ачдаг. Даац хэтрүүлсэн бол зам дээр гаргахгүй гэхээр шороогоор давхичихдаг. Хувийн хэвшлийн компани нь хууль, дүрэм журмаа дагаад авто зам бариад, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ авто замаар зөөж байхад хажуугаар нь төрийн болон орон нутгийн өмчит компаниас нүүрс авсан баахан хятад жолооч даацаа хэтрүүлэн түүхий нүүрс шороогоор зөөдөг. Авто замын хураамж өндөр болохоор хураамж төлж чадахгүй гэдэг тайлбар хийдэг. Гэтэл бид өөрсдийнхөө хөрөнгөөр тэр замыг тавьж, холбогдох яамдтай нь тохиролцож, хураамжаа тогтоосон байдаг. Ийм дүр зураг 2-3 жил үргэлжилсэн. Сүүлдээ концессоор барьсан зам юм чинь төр ав. Тэгээд төрийн компанийн нүүрсээ үнэгүй явуулна уу, бага үнээр явуулна уу, өөрсдөө мэд гээд замаа шилжүүлсэн. Үгүй бол бид барьсан замаа эзэмшээд бусдыг боож хаагаад байгаа мэт ойлголт төрүүлдэг.

Ийм юм байнга гардаг. Үүнийг ярихаар зарим хүмүүс “Эрдэнэс Тавантолгой”-г муулаад гоочлоод байна гэдэг. Муулахдаа биш. Бодит байдлыг л хэлж байгаа юм. Үүнийг эмзгээр хүлээж авч, хоёр компанийн хэрүүл болгох гээд байх утгагүй зүйл.

“Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага өөрчлөгдсөн шүү дээ. Шинэ удирдлагатай энэ талаар ойлголцолд хүрч чадсан уу?
Монгол хүмүүс юм чинь ярилцаж ойлголцолгүй яах вэ. Аж ахуйн нэгжүүдийн ашиг гэхээсээ хэн нэгэн даргын таалалд нийцэх шийдвэр гаргах ёстой байдаг байх. Энэ утгаараа хэцүү байдаг шиг байна. Үүнийг хэллээ гээд буруудахгүй байх. Төрийн өмчит компанид улс төрчдийн шууд оролцоо маш өндөр шүү дээ. Компанийн засаглал ямар байх, захирал хэн байх сонин биш. Систем нь ийм болохоор яах ч аргагүй. Энэ системээ өөрчилнө гээд  яваад байгаа. Өөрчилж чадвал сайн байна.

Сүүлийн үеийн мэдээнүүдийг харахад Хятадын гангийн үйлдвэрлэл, нүүрсний импорт огцом буурч байна. Австрали, Индонезийн компаниуд зардлаа ихээр бууруулж байна. Шинжээчид нүүрсний ирээдүйг хэдэн жилдээ өөдлөхгүй гэж “зөгнөж” байгаа. Гэтэл та өөртөө итгэлтэй, асуудлаа шийдээд үйл ажиллагаагаа тогтвортой явуулна гэх юм. Боломж үнэхээр харагдаж байна уу? Ирэх жилүүдэд танайх тэсэх үү?

Өрсөлдөөнд ялахын төлөө явдаг болохоос бууж өгөхийн төлөө явдаггүй биз дээ.

Манай компанийн хувьд том хөрөнгө оруулалт хийгээд яг бүтээгдэхүүнээ борлуулж өгөөжийг нь хүртэж эхлэх үед үнэ унаж байгаа нь жаахан харамсалтай.

Өмнөх санхүүгийн тай­лан­гуудаа харвал манай компанийн санхүүжилтийн зардал маш том байсан нь асуудалд оруулж байсан. Хуваарьт зээлийн эргэн төлөлт рүү мөнгөн урсгалын гол хэсэг  явчихдаг. Үйл ажиллагааны боломжит бүх зардлаа танаж, бага түвшинд аваачсан. Төмөр замтай байсан бол зардал бүр л бага, өгөөжтэй байх байсан. Одоогийн түвшинд зардлаа хамгийн бага түвшинд бариад санхүүжилтийн зардлаа шийдэж, зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа хойшлуулчихвал бүтээгдэхүүн өөрийн өртгөө даагаад явчих боломжтой гэж харж итгэлтэй байгаа. Зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулбал үнэ 40-50 доллар байсан ч олборлолт, баяжуулалт, тээвэрлэлтийн зардлаа даачихна. Татвар хураамжаа төлчихнө. Гэхдээ энэ хугацаанд ашгийг мартана. Зардлын гол дарамт нь зээлийн хүүгийн эргэн төлөлт. Үүнийгээ хойшлуулаад шийдэж чадвал ямар ч байсан амьсгаа авах орон зай гарч ирнэ. Магадгүй зээлийн эргэн төлөлтөө 3 жилээр хойшлуулж чадвал 3 жилийн дараа төмөр зам нь ашиглалтад орчих байлгүй дээ. Тэр үед дахиад 10 доллараар зардлаа бууруулах орон зай гараад ирнэ. Тэгэхээр өнөөдөртөө шүд зууж, тэсч гарах нь чухал. Өнөөдөр амьд үлдэж байж маргаашийн нарыг харна биз дээ.

Төмөр замаа тойрч 7-8 жил маргалдсаны эцэст төмөр зам барих нь зөв гэдгийг эрхбиш бүгд ойлгосон байх. Хувийн хэвшил барих нь буруу юм бол төр нь өөрсдөө бариад өгөг. Төмөр зам ганцхан “Энержи Ресурс”-т хэрэгтэй юм биш. “Эрдэнэс Тавантолгой” компанид хэрэгтэй, Монголын нүүрсний салбарт хэрэгтэй юм. Оройтлоо гэхэд 3 жилийн дараа төмөр зам ашиглалтад орох байлгүй дээ. Тэр болтол бид амьсгаа авах хэрэгтэй байна. Төмөр зам ашиглалтад орчихвол Тавантолгойгоос гарч байгаа нүүрс Хятад, Орос, Америк, Австралийн нүүрстэй хангалттай өрсөлдөж чадна. Үүнийг бид олон жил ярьсан.

Танайд төмөр зам барих зөвшөөрлийг 2008 онд өгч байсан. 8 жилийн дараа төмөр зам лав алга. Гэтэл Сэлэнгэд хоёр ч компани уурхай руу төмөр зам барьчихлаа? Юу  бодогддог вэ?
2008 онд “Болд төмөр Ерөө гол”, “Энержи Ресурс”, МАК гуравт төмөр зам барих зөвшөөрөл өгч байсан. “Болд төмөр Ерөө гол”-ынхон 100 гаруй км гоё төмөр зам барьсан. Одоо ашиглаад, үйл ажиллагаанд нь нэмэртэй байгаа байх. Харин МАК, манай хоёрынх царигийн маргаанд ороогдоод сүүлдээ геополитикийн асуудал болоод зогссон. Тухайн үед “Энержи Ресурс”, “Эрдэнэс Монгол”, “Тавантолгой” ХК хамтраад Санамж бичиг байгуулж байсан юм. Хүмүүс мартчихсан байна лээ. “Эрдэнэс Тавантолгой” ч байгуулагдаагүй байсан үе. Тэр үед энэ төмөр замыг ганц “Энержи Ресурс” ашиглахгүй, Тавантолгойн ордод олборлолт явуулах бусад компанид хэрэгтэй учир бүгд нийлээд хувьцаа эзэмших бол эзэмшээд төмөр зам барья гэж тохирсон. Цаг хожих үүднээс арай хурдтай явж байснаараа “Энержи Ресурс” бүх зардлыг гаргаад ТЭЗҮ, зураг төслийг бэлдээд, санхүүжилтийг хөөцөлдсөн юм. Тухайн үед өртөг нь 750 сая ам.долларт багтчихна гээд IPO хийж хөрөнгө босгохоос гадна Азийн хөгжлийн банк санхүүжилт олгоё гэж байсан. Одоо тэгсэн МТЗ 1.3 тэрбум доллараар барина гээд хятадуудтай санхүүжилт босгох гээд явж байна гэсэн мэдээ саяхан гарсан байна лээ.

2008 онд зөвшөөрлөө авч, судалгаа тооцоогоо хийж, хөрөнгө санхүүгээ шийдчихээд байж байтал царигийн асуудал босч ирсэн. Кино хүртэл хийгээд геополитик яриад унасан. Ингээд гацаагаад, нийгэм хүлээж авахгүй байхаар,  тэгвэл өргөн царигаар барья гэсэн. Тээвэрлэлтийн зардал 3-4 доллараар илүү, хөрөнгө оруулалт нь нэмэгдэх байсан ч авто замаар зөөж байснаас дээр гээд 2012 оноос өргөн царигаар барихаар Концессын гэрээ байгуулаад ажлаа эхэлсэн. 51 хувийг нь 19 жилийн дараа төрд үнэгүй шилжүүлнэ. 600 сая долларын бонд гаргаад ЕСБХБ нэмж зээл өгөхөөр болоод байтал төр өмчлөх ёстой гээд дахиад болиулсан. Ингээд хоёр удаа оролдоод бараагүй. Гурав дахь удаагаа өнгөрсөн жил Тавантолгойн тендерт оролцохдоо төмөр замыг концессоор барья, 51 хувийг нь 30 жилийн дараа төрд үнэгүй шилжүүлье. Төр хүсвэл 49 хувийг нь тухайн үед үнэлгээ хийгээд худалдаж авч болохоор санал өгсөн. Нэг ёсондоо төмөр замыг төр 100 хувь эзэмших боломжтой байдлаар санал тавьсан. Ингэхэд бас л болиулсан. Тэр болгонд бид төрийн шийдвэрийг хүндэтгэж, дагаад явсан. Сүүлд хэвлэлээс харж байхад 49 хувийг “Шенхуа”-д бүрмөсөн эзэмшүүлэх хувилбар яригдаж байгаа юм шиг байна.

Оросууд “Нохойг зодмоор байгаа бол балбах мод олдоно” гэж ярьдаг. Нэг ийм л юм төмөр зам дээр болсон. Төмөр замын тухай хуульд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар төмөр зам барьж болно. Тодорхой хугацааны дараа тодорхой хувийг төрд шилжүүлнэ гэж байгаа. Энэ хуулийн заалтыг Сэлэнгэд барьсан төмөр зам дээр ашигласан мөртлөө Өмнөговьд барих төмөр зам дээр ашигладаггүй. Үзэмжээр шийдээд байдаг юм уу, ойлгохгүй байна. Уг нь хөгжлийн загвар, зарчмаа тохирчихоод түүнийгээ дагаад явмаар байгаа юм. Тэгэхгүй ингээд тохиолдол бүр дээр улстөрчдийн үзэмжээр шийдээд баймааргүй байна.


  • Монгол хүн (139.5.218.56)
    Яасан их тэвчээр ямар их зориг сэтгэл байна вэт
    2016 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.55.184.18)
    Жагсаалтаар гарцгаах хөг нь өнгөрсөн Одоо сонгуулиар дахиад л ард түмнийг автомат тоологч машинаар хулхидана шүү дээ Өөрсдөө гарахгүй бол бусдыгаа бас гаргахгүй гэж үзнэ Хэцүү ч юм аа даа Улайрсан бэрүүд гэдэг шиг
    2016 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин: 202.179.24.120-д (150.129.142.222)
    Наад хөлдүү бишээ хөлдүү юм шиг ааш авир гаргадаг нөхдүүд чинь ойлгохгүй ээ бид улс даяараа хохирч байна даа Төмөр замаа Энержи ресурсаар бариулчихсан бол хичнээн сайхан өдийд төмөр замаараа нүүрсээ зөөгөөд ашигаа олоод татвараа аваад улс орны эдийн засаг хямрахгүй байлаа Кноп дараад эзэлчих улс заавал төмөр зам барихаар нь танк ачсан цэргүүд орж ирэх үлгэрээс болоод хохироод сууж байдаг азгүй хүмүүс улс орноо
    2016 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.42.3)
    Маш сайхан ярилцлага бн Юмны учрыг мэдэхгүй байж амныхаө зоргоор бурдаг хүмүүс нэг уншаад үзээсэй
    2016 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.24.120)
    baliaar uls torchid ene songuuliar garaghgui dee gaigui
    2016 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (159.203.138.73)
    Монголчууд минь тамын тогооноосоо гарч дэлхийд өрсөлдөж байгаа ганц компани дэмждэггүй юм аа гэхэд унсан хойно нь дээрээс нь дэвсэхээ болих хэрэгтэйшдээ Яах аргагүй Монголын хамгийн том компаниудын нэгдэл юм Бид хөгжиж эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх үү эсвэл 2 хөршийнхөө түүхий эдийн бааз болох уу гэдэг асуудал яригдаад байна тэрнээс Женко Оджаргал 2 баяжих гээд байгаадаа ч биш
    2016 оны 05 сарын 09 | Хариулах
  • Заяа (203.194.118.25)
    Гоё ярилцлага бн
    2016 оны 05 сарын 09 | Хариулах