Нүүрсний ашиглалт, хөрөнгө оруулалт хумигдаж эхлэв

2016-03-24 12:13



The Mongolian Mining Journal, 2 дугаар сар, /№ 002, 087/

Б.Төгсбилэгт

Дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч Хятад улсын нүүрсний импорт өнгөрсөн 2015 онд 30%-иар, хэрэглээ нь 3%-иар буурсан. Түүгээр ч зогсохгүй дэлхийн нүүрсний хэрэглээ сүүлийн 10 гаруй жилд анх удаагаа буурсан дүнтэй гарлаа. Нүүрсний импорт хэрэглээ буурсан,  мөн оны сүүлээр нүүрсний ирээдүйтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гарсан юм. Оны сүүлээр Францын Парис хотноо болж өнгөрсөн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн талуудын 21 дүгээр бага хурлыг угтаад нүүрснээс ангижиръя гэсэн зориг эрмэлзэл улс орны удирдагчдын дунд улам бүр хүчтэй түгсэн нь мэдэгдэж эхлэв. Уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлж буй гол буруутан нь хүлэмжийн хийн эх үүсвэрүүд бөгөөд тэр дундаа нүүрсхүчлийн хий ялгаруулж буй нүүрсний станцууд энэ дунд зүй ёсоор орно. Яг л манай өвлийн утааны гол буруутан нь гэр хорооллын айлуудын яндангаас гарч буй хорт хийн нэгдэл болдогтой адил гэсэн үг.

Уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал улс орнуудыг арга хэмжээ авахаас аргагүйд хүргэж буйгаас гадна нүүрс “бохир заваан” санагдаж, элит харагдахад нь саад болж буйг зарим улс, тэр дундаа хөгжингүй улс орнуудын шийдвэртэй алхам харуулж байна.

Голландын Парламент 11 дүгээр сарын 26-нд нүүрсний станцуудаасаа ангижрах арга хэмжээний төлөвлөгөө баталжээ. Нүүрсэнд дургүйгээ ингэж илэрхийлсэн ч Ерөнхий сайд Марк Рутте нь үүний эсрэг байсан юм. Үүнийгээ тэрбээр бид нүүрсний станцуудаа хаавал гадны хуучин технологи бүхий нүүрсний станцуудаас эрчим хүч импортолно гэж буруушаажээ. Голландад одоогоор 11 нүүрсний цахилгаан станц ажиллаж байгааг зогсоолоо гэхэд үүнийг илүү цэвэр хийн турбин бүхий станцуудаар солих боломжтой ажээ. Тус улс 2020 он гэхэд станцуудаа хаах төлөв дэвшүүлж буй ч 2030 он илүү бодитой гэсэн санааг тус улсын эрчим хүчний зарим компани мэдэгджээ. Ямар ч байсан Парламент нь нүүрснээс ангижрах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн тул Засгийн газар уг шийдвэрийн дагуу үндэслэлтэй төлөвлөгөө боловсруулах ажлаа эхлүүлээд байна.

Их Британи улсын Эрчим хүчний нарийн бичгийн дарга Амбэр Рудд 2025 он гэхэд тус улс одоо буй бүх нүүрсний станцаа хаах тухай мэдэгдсэн нь мөн л дэлхийд нүүрсний хэрэглээ хумигдах тухай томоохон дохио өгсөн үйл явдал болов. Энэ мэдэгдэл нь тус улсын эрчим хүчний бодлогод өөрчлөлт орсныг  илтгэсэн юм. Тэрбээр Их Британи шиг хөгжингүй улс 21 дүгээр зуунд бохирдуулагч, хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг 50 жилийн настай нүүрсний станцуудаас хамаарах нь сайхан зүйл биш гэж мэдэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаагаараа олноо танигдсан эрхэм болох АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Горе энэ мэдэгдлийг гойд сайн, урам төрүүлсэн жишиг боллоо гэж үнэлжээ.

Их Британи улс нүүрсний станцуудыг 2023 он гэхэд хязгаарлаж эхлэн, улмаар 2025 он гэхэд станцуудыг CCS технологи буюу ялгарч буй нүүрсхүчлийн хийг ангилан ялгах технологи суурилуулсан тохиолдолд ажиллах боломж олгох юм байна.

Гэхдээ одоогийн байдлаар CCS технологийн хөгжил дэлхийн хэмжээнд төдийлөн хурдацтай явагдахгүй байгаа бөгөөд зөвхөн ганц л ийм төсөл эдийн засгийн үр ашигтай байдлаар хэрэгжиж буй юм. Тус улс нүүрсний станцуудаа хааснаар оронд нь байгалийн хийн турбин бүхий цахилгаан станц, цөмийн эрчим хүчний станц барих замаар эрчим  хүчээ хангана гэж үзэж байгаа юм. Гэхдээ байгаль орчны хөдөлгөөнийхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах нь илүү цэвэр бөгөөд түлшинд мөнгө зарахгүй тул урт хугацаандаа хамгийн сайн хөрөнгө оруулалт болно гэж зөвлөж байна. Үүний хажуугаар тус улс сэргээгдэх эрчим хүчний салбарт олгодог татаасын хэмжээгээ танаж, далайн эрэгт байрлуулсан салхин турбины татаасыг цуцлахаар болсон. Гэхдээ зарим шинжээч ойрын арван жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбар татаасгүйгээр өрсөлдөх, улмаар нүүрснээс илүү хямд эрчим хүч үйлдвэрлэдэг болох төлөвтэйг хэлж буй. Энэтхэгийн Нүүрсний сайд Piyush Goyal твиттерт нарны эрчим хүч зарим талаараа нүүрснийхээс хямд гэж жиргэжээ.

Германы хувьд Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын ослоос хойш өөрийн нутагт буй цөмийн реакторуудыг хаах тухайгаа мэдэгдсэн. 2022 он гэхэд бүх цөмийн станцуудаа хаах төлөвтэй байгаа. Харин нүүрсний тухайд тус улс нэлээд хожуу буюу 2040 онд нүүрсээр галладаг станцуудаасаа бүрэн ангижрах бодлого баталж магадгүй байгаа юм.

Үнэндээ 2013 онд АНУ-ын Ерөнхийлөгч Обама АНУ гадаад оронд хэрэгжиж буй нүүрсний станцын төслүүдэд хөрөнгө оруулахгүй гэдгээ мэдэгдэж, бусад улс орон, олон улсын санхүүгийн байгууллагуудыг ч ийм жишигтэй болохыг уриалж байсан. Улмаар төд удалгүй Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон бусад банк нүүрсний станцын төслүүдэд хөрөнгө оруулахгүй гэдгээ шил дараалан мэдэгдсэн. Үүний зэрэгцээ Дани, Финланд, Исланд, Норвеги, Швед, Франц, Герман, Голланд, Их Британи ийм төрлийн төсөлд экспортын зээл олгохгүйгээ мөн ойлгуулсан билээ. Энэ бол Обамагийн  амжилт байсан гэж зарим шинжээч тайлбарладаг.

Тэгвэл яг үүнтэй адилаар нүүрсний хэрэглээг хязгаарлах дараагийн давлагаа 2015 оны 11 дүгээр сард өрнөсөн нь Голланд, Их Британийн нүүрсний станцуудаа хаах тухай мэдэгдлүүд байлаа. Бас болоогүй, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) гишүүн орнууд буюу хөгжингүй болон хөгжиж буй 34 улсын төлөөлөгчид нүүрсний станцын шинэ төслийг санхүүжүүлэхгүйгээр тогтов.

Гагцхүү хамгийн сүүлийн үеийн технологи бүхий шийдэлтэй эсвэл ядуу буурай оронд өөр эрчим хүчний сонголтгүй тохиолдолд 500 МВт-аас дээшгүй хүчин чадалтай нүүрсний станцыг санхүүжүүлж байхаар тохиролцсоноо өнгөрсөн 11 дүгээр сарын 17-нд мэдэгдэв. OECD 2007-2014 онд олон улсын нүүүрсний төслүүдэд нийт 40 тэрбум долларын санхүүжилт олгосны дийлэнх нь нүүрсний станцын төсөлд ногджээ. Гэхдээ үүнд ядуу буурай орныг гэрэл цахилгаантай болгох төсөл бараг байсангүй.

Он гарсаар Вьетнамын Ерөнхий сайд Нгүен Тан Зунг тус улс нүүрсний станц шинээр барихыг зогсоож, байгалийн хий, сэргээгдэх салбарыг эрчим хүчний хэрэглээндээ нэвтрүүлэхийг чухалчилна гэж мэдэгдсэн юм. Гэхдээ энэхүү мэдэгдэл нь тус улсын 2015 онд гаргасан эрчим хүчний төлөвлөгөөтэй зөрчилдөж байна. Тус төлөвлөгөөнд Вьетнамын эрчим хүчинд нүүрсний эзлэх хэмжээ 2030 он гэхэд одоогийн 36%-иас 56% болж өснө гэж тусгажээ.

Нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлж буй Хятад улсын дарга Си Жинпин ч мөн адил бодлого баримталж эхэлжээ. Си Жинпин өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-д айлчлах үеэр хоёр улсын хооронд гадаад болон дотоодод хүлэмжийн хийн өндөр ялгаруулалт бүхий бохир төслүүдэд санхүүжилт олгох явдалд хатуу хяналт тавьж ажиллах тухай харилцан тохиролцсон байна. Энэ нь Хятадын үүсгэн байгуулсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны бодлогод “дипломат дарамт үүсгэх” чухал ач холбогдолтойг хэвлэлүүд онцолжээ.

Хятад улс 2020 он гэхэд зөвхөн Бээжин орчмоос гадна  ихэнх хөдөө тосгодын нүүрсний хэрэглээг зогсоохоор зорьж байна. Тус улсын Байгаль хамгаалах газрын үзэж буйгаар агаарыг бохирдуулж буй утааны 60% нь нүүрсний шаталтаас эхтэй ажээ.

Дээрх нь нүүрсний хэрэглээг хумих санаачилгуудын зарим жишээ юм.

Нөгөө талд World Coal байгууллага хөгжиж буй болон ядуу буурай орнуудад нүүрс нь эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр өгч чадна хэмээн мэтгэж байна.

Парисын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хурлын дараа Австралийн эрдсийн зөвлөл ойрын хугацаанд Зүүн өмнөд Азид өндөр үр ашигтай, хийн ялгаруулалт багатай (HELE-high efficiency, low emission) цахилгаан станцууд олноор баригдах төлөвтэй бөгөөд энэ станцуудад яг таарсан сайн чанарын нүүрсийг Австрали нийлүүлж чадна. Улмаар тус бүсэд 2040 он гэхэд нүүрс газрын тосноос илүү байр суурьтай болсон байна... Дэлхийн банк нүүрсний төсөлд хөрөнгө оруулахгүй гэсэн шийдвэрээ эргэн харах хэрэгтэй гэж мэдэгдсэн нь нүүрсний ирээдүй урт хугацаандаа бат оршино гэдгийг тодруулж өгсөн юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн тогтоосноор одоо Ази тивд 670 ширхэг ялгаруулалт багатай HELE нүүрсний цахилгаан станц ажиллаж буй бөгөөд цаашид 1066 ширхэг ийм станц баригдах төлөвтэй байна. Ойрын таван жилийн хугацаанд Азид нийтдээ 70ГВт хүчин чадал бүхий станцууд ашиглалтад орох төлөвийг зарим нүүрсний компани онцолж буй юм.

Ерөнхий төлөвөөс харахад Азид нүүрсний станцууд хүчээ авсан хэвээр байх зураглал харагдаж байгаа бол АНУ, Европт нүүрсний станцын ирээдүй улам бүр бүрхэг болж эхэллээ. Гэхдээ нүүрс хүчгүйдэх давлагааг хэдхэн жилийн өмнө хэн ч ийм хүчтэйгээр ирнэ гэж таамаглахгүй байсан биз. Энэ давлагаа Ази руу түрж орохгүй гэх баталгааг бас хэн ч өгч чадахгүй.

Зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс гадна сэргээгдэх эрчим хүч, байгалийн хий, цөмийн эрчим хүч зэрэг шинээр хөгжиж буй салбаруудын өмнө өртгийн хувьд, эко шалгуурын хувьд нүүрс улам бүр хүчгүйдэж эхэлж буй нь сүүлийн жилүүдийн үйл явцаас тод ажиглагдаж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2019-07-19 17:15
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал ирүүлж буй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
  • 2019-07-19 11:28
    “Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус компани стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг хувийн хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг зорилготой ажиллаж ирсэн. Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани Монгол Улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн арав орчим хувийг хянадаг. Үүнд Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэсийн уурхай гол үүрэгтэй бөгөөд цаашид уран, алт зэрэг бусад эрдэс баялгийг ашиглахаар судалж байгаа юм.
  • 2019-07-16 14:21
    Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
  • 2019-07-16 10:08
    Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ. 
  • 2019-07-09 12:20
    Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  Австралийн “Golden Horde” компани Таван толгой ордод метаны нөөцийн судалгаа хийсэн байдаг. Урьдчилсан таамгаар зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон юм. Тэдний  судалгаагаар Тавантолгой уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ, хийн чанарын үзүүлэлт “маш сайн” гэж гарчээ.  Тиймээс Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ метан хийн асар их хэмжээний нөөцтэй байх магадлалтайг судлаачид тооцоолж байна.